Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0241/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***********д холбогдох эрүүгийн 2518000000283 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *********** /РД: ***********/, 1991 оны 04 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомеханикийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 11 дүгээр хороолол, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 11 сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялд 01 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 03 жил 03 сарын хугацаагаар тогтоож, 2014 оны 07 сарын 31-ний өдөр хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

          Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***********ийг 2025 оны 03 сарын 13-ны 22:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн  тоотод “гэртээ харьсангүй” гэх шалтгаанаар өөрийн эхнэр ***********тэй хэрүүл маргаан үүсгэж байгааг болиулахаар шаардлага тавьсан хохирогч ***********ы толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацар, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ***********ийн: Тухайн өдөр 21:00 цагийн үед эхнэртэйгээ утсаар ярихад нэлээн согтсон байсан. Тэгэхээр нь би “одоо болсон байна, гэртээ харь” гэж хэлэхэд цаанаас нь нэг эмэгтэй “ямар сүртэй юм бэ? жоохон сууж байгаад харина”  гэж хэлээд утас нь тасарсан. Тэгээд би эхнэрээ очиж авахаар Сэлэнгээс гараад ***********ыд очсон. Гэрт нь ороод үүдэнд нь зогсож байхад  гэх найз нь “яасан бэ?” гэхээр нь би “эхнэрийгээ явъя” гэсэн. Тэгтэл *********** болон  нар босож ирээд хэсэг хэрүүл маргаан болсон. Хохирогч ***********ыг цохиход миний бөгжинд хөмсөг нь зүсэгдсэн байх. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлнө. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлсөн гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

          Хохирогч ***********ы: 2025 оны 03 сарын 13-ны өдөр би найз н.ын гэрт очиж 2 шил архи уучхаад 21:00 цагийн орчимд гэртээ ороход манай эхнэр нь хоёр найзтайгаа болон найзынх нь 2 хүүхэд, манай хоёр хүүхэдтэй байж байсан. Эхнэрийн найз болох ***********ийн утсанд дуудлага ирээд “манай нөхөр ирчихсэн байна” гээд манай эхнэрийг дагуулаад гарсан. Удалгүй “нөхөртөө зодуулсан” гээд манай эхнэртэй хамт орж ирсэн чинь араас нь ***********ийн нөхөр болох *********** манай гэрт орж ирсэн. Тэгээд эхнэрээ зодоод байхаар нь би салгах санаатай “чи одоо болиоч” гээд араас татахад “чи хэн юм” гээд миний зүүн нүд рүү болон баруун талын хацар орчимд хүчтэй цохихоор нь би шууд гэрээсээ түлхэж гаргаад хаалгаа хааж цагдаад дуудлага өгсөн. *********** нь цагдаа нар ирэхэд зугтаагаад явчихсан байсан. Би цагдаа нарыг ирээд явсны дараа Нэгдсэн эмнэлэгт очиж хөмсөг хэсэгтээ оёдол тавиулсан. Миний бие ажилгүй байсан үеийн цалин 3,109,492 төгрөг, томографын шинжилгээний төлбөрийн 86,000 төгрөгийг нийгмийн даатгалаас хөнгөлж, би 37,200 төгрөг төлсөн, эмийн сангаас 24,000, 12,000 төгрөгөөр эм авсан. Нийт хохиролд 3,271,309 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11/,

          Гэрч ын: ...Гэтэл 21:40 минутын орчим байх ***********ийн нөхөр *********** гэх залуу манай байрны гадаа ирчихлээ гээд залгасан. Тэгсэн манай найз намайг гаргаад өгөөч гэхээр нь би гаргаж өгтөл орцны үүд хэсэг рүү гараад иртэл манай найзын нөхөр машинаас гарч ирээд эхнэр ийгээ газар унагааж чирсэн. Тухайн үед би болиулах гээд салгах гэж ноцолдож байгаад найзыгаа зугтаарай гэсэн чинь манай гэр лүү гүйгээд орсон. Манай гэр 1 давхарт байдаг болохоор *********** араас нь гүйж ороод би араас нь гүйж ортол манай найз *********** манай гэрийн жижиг өрөөнд орсон байсан. Нөхөр нь жижиг өрөөнөөс манай найзыг чирээд гараад ирсэн. Тухайн үед манай найз , манай нөхөр хоёр ***********д “болиоч ээ яаж байгаа юм бэ” гэтэл *********** манай нөхрийг гар утас барьсан гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиод авахаар нь ***********ийг гэрээсээ хөөж гаргаад цагдаад дуудлага өгсөн ийм л асуудал болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

          Гэрч ийн: ...Тэгээд цагийг нь санахгүй байна *********** “гадаа ирчихлээ, гараад ир” гээд эхнэр *********** лүү залгаад гарах гэхэд нь  “гаргаж өгчхөөд ирье” гээд гарсан. *********** бид 2 гэрт нь үлдсэн, удалгүй *********** ганцаараа гэрт орж ирээд бид нарын сууж байсан жижиг өрөөний буланд очоод суучихсан. Яг араас нь нөхөр нь гаднаас орж ирээд гэрийн үүдний хаалганы ойролцоо зогсчихсон их ууртайгаар “н.Урнаа явъя” гээд орилоод байхаар нь би босож очоод “юу болов, яасан” гээд асуутал юм дуугараагүй. Гэтэл хажуугаас  араас нь гэрт орж ирээд “гадаа бөөн юм боллоо, *********** уурлаад ***********ийг угзраад чирээд байна” гэж хэлсэн. Тухайн үед би гадаа болсон асуудлыг мэдэхгүй байсан тул гайхаад зогсож байтал *********** нь эхнэрээ дуудаад үүдний хэсгээс жижиг өрөө рүү урагшаа алхтал *********** жижиг өрөөнөөс “яагаад байгаа юм бэ? Хөгшөөн” гээд гараад иртэл *********** ***********ы нүүр хэсэгт нь 1 удаа алгадсан. Тэгээд ***********ийг гэрээс гаргаад ***********ыг хартал баруун талын хөмсөгнөөс нь цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

          Гэрч ***********ийн: ... бид 2 тэдний гэрээс гараад нөхөр ***********тэй уулзаад  манай нөхөрт хандаж “арай болоогүй байна аа жоохон сууж байгаад ийг явуулчихъя” гэхэд манай нөхөр уурлаад намайг “гэртээ харья” гээд миний гадуур хүрмээс татахад миний гар утас халааснаас унасан. Тухайн үед манай нөхөр газар луу тонгойж миний гар утсыг авах үед манай найз намайг “зугтаарай” гэхээр нь би гэрт нь ороод жижиг өрөөнд ороод сууж байтал манай нөхөр араас орж ирээд жаахан ууртай хэд хэдэн удаа “гэртээ харья” гэж хэлэхэд жижиг өрөөнд сууж байсан  гараад араас нь *********** гарсан. Би жижиг өрөөнд байсан болохоор өрөөнөөс гараагүй. Тэгээд удалгүй нөгөө хэд орилохоор нь жижиг өрөөнөөс гартал манай нөхөр гараад явчихсан *********** нүүрээ дараад зогсож байсан. ***********ы нүүр хэсгээс цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

          Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн дугаартай: ***********ы биед зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацар, нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

          “Huawei Y90 загварын гар утас нь хэвийн ажиллагаатай, гар утсанд үүссэн ямар нэгэн гэмтэлгүй, хэрэглээний сэвгүй, жаахан хуучирсан гар утас байв...” гэх шүүгдэгч ***********ийн гар утсан үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72/,

          Хохирогч ***********ы Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн тодосгогчгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 76/,

          “...зүүн дээд зовхи 1.5 сантиметр орчим шархтай, хөхөрсөн, баруун хацар хавдсан эмзэглэлтэй” гэх хохирогч ***********ы Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 77/,

          Хохирогч ***********ы цохиулсан байдлын гэрэл зураг /хх-ийн 78/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *********** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. 2025 оны 03 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн  тоот хохирогч ***********ы гэрт шүүгдэгч нь эхнэр ***********ийг авахаар очиход “явуулсангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар ***********ы биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол учрахыг мэдсээр байж хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

          Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2025 оны 03 сарын 13-ны 22:00 цагийн үед эхнэр ***********ийг авахаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн  тоотод очоод эхнэр ***********ийг “гэртээ харья” гэж маргаж байгааг болиулахаар шаардлага тавьсан ***********ы нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацар, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ***********ийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***********ы эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацар, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 347,354 төгрөгийн зардал гарчээ.

          Шүүгдэгч нь шүүх хуралдаанаас өмнө Эрүүл мэндийн даатгалын санд 347,354 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

          Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ ажилгүй байсан үеийн цалин 3,109,492 төгрөг, томографын шинжилгээний төлбөрт төлсөн 37,200 төгрөг, эмийн сангаас 24,000 төгрөгөөр, 12,000 төгрөгөөр тус тус эм авсан гэж, нийт хохиролд 3,271,309 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байна.

          Хохирогчийн нэхэмжлэлийн нийлбэр дүн 3,182,692 төгрөг байх тул түүний нэхэмжлэлийг 3,182,692 төгрөгийн хүрээнд шийдвэрлэлээ.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

          Иймд шүүгдэгчээс 3,182,692 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч *********** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан саналтай холбоотой тусгайлан тайлбар, санал гаргаагүй болно.

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

          Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд сар бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 3,182,692 /гурван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн  тоотод оршин суух /РД:, утас:, эхнэр-99400331/-д олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР