| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0260/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/307 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0260/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************д холбогдох эрүүгийн 2518000000331 дугаартай хэргийг 2025 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************ /РД: /, 2005 оны 12 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 айлын орчимд баригдаж байгаа барилгад туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ************ийг 2025 оны 04 сарын 07-ны 21:00 цагийн үед согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн баруун талд ************тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, цаасны хутгаар хөмсгийг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, хоёр нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ************гийн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ************тай багын найзууд бөгөөд түүнээс уучлалт гуйсан. Тоглож байгаад ************ өөрөө уурлаад муудалцах болсон. Тэгээд түүний хөмсгийг цаасны хутгаар зүссэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлнө гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Хохирогч ************ын: ...************ “машиныхаа гэрлийг сольё” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл ************ машины гэрэл гуйгаад маргалдаж эхэлсэн. Сүүлдээ ************ ууж байгаа архиндаа согтоод ярьж байгаа зүйлээ өөрөө ойлгохоо больсон. Тэгэхээр нь би түүнтэй яриа нийлэхгүй юм байна гээд явах гэтэл ************ намайг барьж аваад миний цээж, мөр, хэвлий орчимд гараараа хэд хэдэн удаа цохисон. Үүний дараа ************ халааснаасаа жижиг цаасны хутга гаргаж ирээд ирээд над руу дөхөхөөр нь түүний 2 гарыг нь бариад “одоо боль” гэхэд хажуугаас н. салгахаар нь би машиндаа ороод суусан. Тэгээд н.г машинд суухыг хүлээгээд сууж байхад ************ ирээд машины хаалгыг онгойлгоод цаасны хутгаа бариад над руу дайрахад цаасны хутга нь миний зүүн хөмсөгт хүрч зүссэн. Тухайн үед би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад очиж үзүүлснээс өөр эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, эмчилгээ хийлгээгүй учраас ************гээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5, 41/,
Гэрч ************ийн: ...Тэгээд 01 дүгээр сургуулийн ойролцоо очиход цагдаа нар ирчихсэн ************ын нүүрээс нь цус гоожчихсон байдалтай, н. хамт байж байсан. Юу болсон талаар асуухад н. “************ сая ************ыг зодчихлоо, машины гэрэл солих талаар ярьж байгаад маргалдсан” гэж хэлсэн. Тухайн үед ************ байхгүй байсан бөгөөд цагдаа нар ирэхээс өмнө явчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч ************гийн: ...удалгүй хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь машины толинд хартал ************ нэг залуутай заамдалцаад нөгөө залуугаа цохиод байгаа харагдахаар нь би машинаас буугаад очсон. Тэгтэл ************ халааснаасаа цаасны хутга гаргаж ирэхээр нь би булааж аваад ************г машиндаа суулгаад Улаанбаатар хот руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн дугаартай: ************ын биед зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, хоёр нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүдийн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хоёр нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,
“...зүүн хөмсөг орчимд зүсэгдсэн ил шархтай” гэх хохирогч ************ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь 2025 оны 04 сарын 07-ны 21:00 цагийн үед согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн баруун талд ************тай машины гэрэл солих талаар маргалдаж түүний нүүр, мөр, цээж, хэвлий хэсэгт хэд хэдэн удаа цохиж, цаасны хутгаар зүүн хөмсгийг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, хоёр нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ************гийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ************ын эрүүл мэндэд зүүн зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, хоёр нүдний зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийн зардал гарчээ.
Хохирогч нь ************ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ************ нь хохирогч ************ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 28,350 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч ************гээс 28,350 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгож, хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ************ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Улаанбаатар хотод Хангай хотхоны барилгын ажилд туслах ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 600 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг Сүхбаатар дүүргийн хот тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас илүүгүйгээр тогтоох санал гаргасан ба шүүгдэгч нь уурхайд ажилд орохоор хүсэлт явуулчихсан байгаа, торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ************ээс 28,350 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР