| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/02187/и |
| Дугаар | 101/ШШ2017/02168 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2017/02168
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2017/02168
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 00-р хороо Сурагчийн 00 тоотод оршин суух Б овогт Г Г /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 00-р хороо 00-р хороолол 0-р байр 6 тоотод оршин суух Д овогт Ж Б /РД:000/-д холбогдох,
Зээлийн гэрээний төлбөрт 7,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Б гуйлтаар 2013 оны 07-р сарын 18-ний өдөр 4,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан гэрээний хугацаа дуусахад нэг ч төгрөг төлөөгүй удахгүй бөөнөөр нь өгнө гэж хуурсаар өдийг хүрсэн.
Гэрээний 1 сарын хүү 280,000 төгрөг бөгөөд 4 сарын хүү 1,120,000 төгрөг болж байгаа, гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% ийн алданги тооцно гэсний дагуу алданги нь 2,560,000 төгрөг болж байна.
Иймд Ж.Б үндсэн зээл 4,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,120,000 төгрөг, 3 сар 10 хоногийн алданги 2,560,000 төгрөг нийт 7,680,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Б Г.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдан 4,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй мөн энэ хариуцагч олдохгүй шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж байсан. Нэхэмжлэгч хариуцагчид 2012 оны 07-р сарын 6-ний өдөр 3 сая төгрөгийг зээлж уг мөнгийг 2013 оны 07-р сарын 07-ний өдөр төлж дуусган 2013 оны 07 дугаар сарын 18-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулан 4 сая төгрөг зээлсэн. Иймд хариуцагчаас 7,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь Г.Г4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авч 2013, 2014 онуудад төлж дуусгасан бөгөөд төлбөрийг төлж зээлийн гэрээг хаасан баримт үйлдээгүйгээс болж төлсөн мөнгийг авахыг санаархаж байна.
Г.Г Хаан банкны 000, 000 Голомт банкны 000 тоот дансуудад үндсэн зээл болон хүүгийн хамт Ж.Б эхнэр А нэрээр шилжүүлж байсан. Ж.Б эхнэр А Солонгос улсад байгаа тул дансны хуулгыг авах боломжгүй байна. Хариуцагч Ж.Б нь 4,000,000 төгрөг зээлж аваад нийт 5,137,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ж.Б холбогдуулан 7,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ж.Б зээлсэн 4,000,000 төгрөгийг 2013,2014 онд төлж дуусгасан одоо төлөх төлбөр байхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2013 оны 07-р сарын 18-ний өдөр 4,000,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 18-ний өдрөөс 2013 оны 11-р сарын 18-ны өдрийг хүртэл сарын 7%-ийн хүүтэйгээр зээлж, зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүсжээ.
Хариуцагч Ж.Б нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г бэлнээр хүлээн авсан байна.
Хариуцагч Ж.Б нь үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,120,000 төгрөг, нийт 5,120,000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд 700,000 төгрөгийн хүү төлжээ.
Гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч Г.Г Хаан болон Голомт банкны дансанд нийт 5,137,000 төгрөгийг А болон А нэрээр шилжүүлжээ. Хариуцагч Ж.Б З.А нар нь гэр бүл болох нь тэдний гэрлэлтийн баталгааны хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч Ж.Б нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаандаа биелүүлээгүй боловч 2013 оны 07-р сарын 5-ний өдрөөс 2014 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлхи хугацаанд нийт 5,137,000 төгрөгийг Хаан болон Голомт банкаар шилжүүлэн төлсөн болох нь нэхэмжлэгч Г.Г Хаан болон Голомт банкны хуулгаар тогтоогдов.
Иймд хариуцагч Ж.Б үндсэн зээл, хүүгийн төлбөр 4,420,000 төгрөг, алданги 2,210,000 төгрөг, нийт 6,630,000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 5,137,000 төгрөгийг хасаж, 1,493,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,187,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ж.Б 1,493,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,187,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 137,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б 38,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ