Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийнПрокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.М-тхолбогдох 2512001540128 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А аймгийнИ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, А аймгийнИ сумын С ХХК-ийн малын их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн И сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.М нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн И сумын Т багийн З гэх газарт гэртээ хамтран амьдрагч Т.Б-гийг удаан гараас нь юм гардаггүй, эрт боссонгүй гэх үл ялих шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүр, толгой, хөл, гар луу гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь баруун зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Б.М нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн И сумын Т багийн З гэх газарт гэртээ хамтран амьдрагч Т.Б-гийг удаан гараас нь юм гардаггүй, эрт боссонгүй гэх үл ялих шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүр, толгой, хөл, гар луу гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь баруун зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            *Хохирогч Т.Б-ийнмэдүүлсэн “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр айлд золголт хийх байсан. Тэгсэн өглөө манай нөхөр 08 цагийн үед боссон би гэр дулаан орохоор босъё гээд 08 цаг 30 минутын үед боссон. Босоод хүүгийнхээ сүүг буцалгаад нүүрээ будаад 09 цаг 10 минут болж байхад манай нөхөр Б.М нь хэрүүл өдөөд намайг удаан гараас нь юм гардаггүй гэж хэлээд бараг 1 цаг нүүрээ будлаа гэсэн юм ярихаар нь би урдаас нь жаахан маргаад цагаан сар болж байхад маргалдаад яах вэ гэж бодоод больсон. Тэгсэн манай нөхөр орон дээр утсаа оролдоод хэвтээд өгсөн. Би тэр хооронд нь цай сүүгээ чанаад гэрийнхээ бүх ажлыг амжуулсан. Тэгсэн нөхөр босож ирээд 12 цагийн үед том охиныгоо “хоёулаа явъя” гэж хэлсэн чинь манай охин дээл өмсөхөөсөө жаахан дургүйцсэн, манай хүү унтах гээд уйлагнасан. Тэгсэн манай нөхөр “та хоёр явах юм уу” гэхээр нь би “чи охинтойгоо явчих хүү унтах гээд уйлагнаад байна” гэж хэлээд хүүгээ тэврээд сууж байсан чинь миний хажууд ирээд зүүн хөлийн зузаан гуя болон шилбэ рүү 2 удаа өшиглөөд миний өврөөс хүүгээ булааж аваад намайг гэрээс чирч гаргаад “зайл” гээд гэрээс хөөсөн тэгэхээр нь би хашаандаа байгаа аавынх руугаа орчон тэгээд хүү ханиадтай байгаа ханиад нь хүндэрчих байх гэж бодоод аавынхаас гараад хүүгээ авах гэсэн чинь манай нөхөр миний толгой руу 4-5 удаа, аймхай руу 1 удаа, хөл рүү 2-3 удаа өшиглөсөн тэгээд би хүүгээ аваад аавынх руугаа орсон чинь араас аавынд орж ирээд “чи гэртээ ороод идээ тавгаа хураа” гэхээр нь гэртээ оруулаад зодох байх гэж бодоод “чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр аавынхаас гараад явсан. ...17 цаг болж байсан гэтэл удаа ч үгүй манай нөхөр М аавынд орж ирэхдээ архи уучихсан согтуу орж ирээд “өөрийнхөө авч ирсэн авч ирсэн юмыг аваад яв” гэсэн тэгэхээр нь би “байж бай би өөрөө авчихна” гэсэн чинь “аваад зайл” гэхээр нь би “наад юмыг чинь хаана аваачих юм бэ шатаачих” гэсэн чинь М гарч яваад савтай бензин аваад ирсэн тэгснээ намайг хүүгээ тэврээд зуухны хажууд сууж байсан чинь миний толгой дээрээс доош нь дараад толгой руу 6-7 удаа цохисон. Тэгэхээр нь би галын хайч аваад өөрийгөө хамгаалж байхдаа Мын дал хавь руу 1 удаа цохисон тэгсэн галын хайч булааж аваад намайг цохисон гар арай оноогүй шүргээд өнгөрсөн. Манай охин аавынхаа утсыг оролдож байгаад сандал дээр тавьсан байхаар нь би утсыг нь аваад хадам ээж рүү залгаад “танай хүү чинь намайг зодоод байна.” гэсэн чинь утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа хадам аав Б, хадам ээж Ц манай нөхрийн дүү С, манай аав 4 гаднаас орж ирсэн. Тэгсэн хадам аав Б хүү рүүгээ “чамайг хурим найр хийхээс чинь өмнө таарч тохирохгүй юм байна сал гэж хэлсэн биз дээ” гэсэн чинь хадам ээж “аавынхаа үгэнд орохгүй яасан юм” гэж хэлсэн чинь манай нөхөр намайг “гуйлгачин, түүлгэчин” гээд янз бүрээр доромжилсон тэр үед манай аав гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байснаас “яасан гэнээ” гээд босоод ирэхэд нь манай нөхөр М манай аавын урдаас очсон. Би гэрийн хаалга руу очсон чинь манай нөхөр М сандал аваад над руу далайхад нь би баруун гараа өргөөд толгойгоо хаасан чинь миний баруун шуу хэсэг рүү цохисон. Тэгсэн дүү С нь М-ыг аваад гарсан чинь аав ээж 2 нь араас гараад явсан. Би хүүгээ аавд өгсөн чинь аав миний хүүг тэвэрснээ гэнэтхэн гараа харснаа “аавынх нь гар цус болчихсон байна” гэхээр нь гарыг нь харсан чинь зүүн гарын чигчий хурууны хойд хэсгээс нь цус гарч байхаар нь шалбарсан юм байлгүй гээд тоогоогүй. Тэгээд байж байтал хадам ээж орж ирээд надаас манай гэрийн түлхүүр цоожийг асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн гараад явахаар нь би араас нь гарсан чинь манай гэрийг цоожлоод явсан би хүүгийнхээ сүүг ч авч чадаагүй хадам ээж гэр цоожлоод яваад өгсөн. Манай нөхөр машинд суухдаа маргааш ирэхэд “гэр орноо аваад зайлсан байгаарай” гэж орилж хашхирч байгаад явсан. ...2024 оны 09 дүгээр сард зодохдоо манайд орж ирсэн хүнийг хүргэж өгөх гэж гараад алга болчихсон. Тэр үед манай хүү уйлаад, охин бас уйлаад тэгээд утас руу нь залгасан чинь “одоо очлоо” гэж хэлчхээд ирээгүй. Тэгснээ удаж, удаж ирэхээр нь би уурласан чинь “чи үхсэндээ уурлаад байгаа юм” гээд толгой руу 2 гараараа 6-7 удаа цохисон утсаа авах гэхээр утас өгөхгүй, компьютер дээр зургаа авах гэсэн чинь компьютер дээр дарчхаад зураг авхуулаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/

           *Хохирогч Т.Б-ийн“...Тухайн үед би хамт байсан, хутга барьсан хүн байгаагүй. Манай аав согтуу байсан учир хольж солиод буруу ярьсан байна. Манай нөхөр Б.М бид хоёр маргалдсан асуудлаас болж би хашаанд байх аавын гэрт орсон байсан. Манай нөхөр Б.М миний аав Ж.Т-ыг хутгалсан асуудал байхгүй.Гэсэн дахин мэдүүлэг/хх-ийн 68-69 хуу/,

            *Хохирогч Т.Б-ийн“...энэ хэрэг болохоос өмнө 2024 оны 09 дүгээр сард нэг удаа хэрүүл маргаан хийж байсан юм өөр зүйл бол байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан зүйл байхгүй тухайн үед нөхөр бид хоёр эв зүйгээ олсон юм гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 95 хуу/,

            *Хохирогч Ж.Т-ын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхдаа түлсэн юм. Энэ түлэгдэлт манай хүүхдүүдийн маргаантай хамаа байхгүй. Би гэртээ үхрийн шаар чанаж байгаад түлэгдсэн юм. ...Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Би гэртээ ганцаараа байсан. Манай хүргэн Б.М намайг хутгаар хатгаагүй би тухайн үед архи их уусан байсан. Миний гар сандлын хагархай хэсэгт зүсэгдсэн гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,

            *Гэрч Ж.С-ийн “...2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Х багаас миний охин дүү Я нөхөр Б-ын хамт ирж надтай золгочхоод ах Т-тайгаа золгох гэж Т-ынд очоод удаагүй манайд хүрээд ирсэн “яасан юу болсон" гэсэн чинь “Б 2 хүүхэдтэйгээ аавындаа байна, нүд нь хөхөрчихсөн, Т ах зүүн гараа барьчихсан сууж байна” гэхээр нь би дүү Тынхаа гэрт нь орсон чинь манай дүү Т зүүн гараа боогоод барьчихсан, Б хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би “яасан юу болсон” гэсэн чинь манай дүү Т, М, Бийг зодохоор нь би өмөөрсөн чинь миний гар луу хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Мын аав ээжийг хайгаад 2 айлаар ороод байхгүй болохоор нь буцаад Тынд очсон чинь Мын аав, ээж нь болох Б, Ц, Бгийн дүү эмнэлэгт ажилладаг С, Мын дүү С гэдэг банди бүгдээрээ ороод ирчихсэн байсан. Эмнэлэгт ажилладаг С нь манай дүү Тыг “чи өөрөө согтуу явж байгаад гараа юманд зүссэн юм биш үү, чи өдөр манайд орж ирэхэд чинь би гарыг чинь боож өгсөн биз дээ” гээд манай дүү рүү дайраад тэгснээ “энэ хоёрыг салгана, салгана” гээд орилоод байсан. Бийн хадам ээж Ц “чи миний аав дээр өглөө эрт ирээд золгож чадсангүй чи ёстой удаан ажилгүй хүүхэн” гэж хэлсэн чинь Б “та өөрөө бид хоёрын амьдрал руу дандаа орж ирдэг биз дээ, дандаа тэрийгээ ингэ, энийгээ ингэ гэдэг биз дээ” гэсэн чинь “чи ажил дээрээ нэр хүндгүй, гэртээ заваан хүүхэн хүүхдийнхээ горшоктой баасыг асгадаггүй биз дээ” гэхээр нь Б “танай хүүхэд хүүхдээ авдаггүй” гэсэн Б утсаа аваад нөхөр М луугаа залгаад утасныхаа спикерийг асаагаад “чи хүрээд ир” гэсэн чинь “чадахгүй юмаа аваад зайл” гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн Ц болон С нар “салгая салгая” гээд орилолдоод байсан. Тэгээд манайхан байшин руу нь ороод Бийн гэсэн юмнуудыг авах гээд байж байсан чинь манай дүү Булгантамирыг Мын аав Б бас цохиод авсан манай хүргэн ирсэн байсан. Тэгсэн Б “та нар юу юм яах гэж ирсэн юм бэ” гээд залуучуудыг загнаад байсан. Бийн гэсэн юмнуудыг аваад гарсан чинь байшингаа цоожлоод гараад явцгаасан. Бид нар Тын гэрийг машинд ачаад манай хашаанд буулгаж барьсан. ...Бийг зодоод хашааны араар үснээс нь зулгаагаад зодоод чирээд явахаар нь манай охин гар утасны гэрэл тусгаад “чи ямар аймаар юм бэ болиоч гэсэн чинь “танай нөхөр ингэж чадах юм уу” гээд “чи бичлэг хийгээд байгаа юм уу” гэснээ утсыг нь булааж аваад газар шидээд дээрээс нь дэвслээд хаясан гэсэн. Надад хэлж байсан зүйл байхгүй гэхдээ хурим найр хийхээсээ өмнө нэг удаа зодсон М бол аймар зоддог юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуу/,

            *Гэрч Ж.Б-ын мэдүүлсэн ...Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байсан чинь манай төрсөн эгч С-ийн охин над руу утсаар яриад та сумын төв рүү ороод ирээч Б нөхөр М-аасаа салж байгаа гэнэ М, Т ахын гар луу хатгаад Бийг зодсон байна гэхээр нь би сумын төв рүү орж ирээд шууд Т ахынд очсон чинь Т ах, Б 2 хүүхэдтэйгээ, Бийн дүү нар байсан би юу болсон талаар нь асуусан чинь М намайг өглөө эрт боссонгүй, цай цүү чанасангүй, золголт оройтууллаа гэдэг шалтгаанаар намайг зодсон гэж яриад байж байсан чинь Мын аав ээж болох Б, Ц, Б ахын дүү С гэдэг хүн, Мын дүү С гэдэг залуутай орж ирээд Б ах намайг хараад миний цээж рүү цохиод авахаар нь би яаж байгаа пиздагууд вэ гэж хэлсэн. Б, Ц, С нар салгана, салгана гэж орилоод манайхыг гуйлгачин, түүлгэчнээр дуудаад зайлаарай, удмаараа гуйлгачингууд минь гэж хараагаад байсан манай Т ах М миний зүүн гар луу хутгалсан гэж хэлсэн чинь Б ахын дүү С нь чи манайд орж ирэхдээ гараас чинь цус гарчихсан орж ирсэн биздээ би шархыг нь боож өгөөд гаргасан биздээ гээд байсан тэгснээ байшингийнхаа хаалгыг цоожлоод гараад явцгаасан Бийн дүү О ачааны машин авч ирээд Тын ахын гэрийг ачаад Сарангэрэл эгчийн хашаанд гэрийг нь буулгасан. Намайг Т ахынд ороход Бийн баруун талын нүд нь хөхөрсөн байсан, баруун талын гар даагдахгүй байж байгаад одоо овоо гайгүй болж байна сандлаар цохисон гэж ярьсан Т ах зүүн талынхаа гарын сарвууны арын хэсгээр цагаан маарлаар боосон байсан. Өмнө нь хэдэн онд гэдгийг нь санахгүй байна хурим найр хийхээсээ өмнө М нь архи уусан согтуу байх үедээ Т ах, Б 2-ыг хоёуланг нь зодсон байсан. Тэр үед нь манайхан нэг их юм яриагүй өнгөрсөн. М өөрөө уучлалт гуйгаад тэгээд эвлэрээд өнгөрсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/,

             *Шүүх шинжилгээний ерөнхий газар А аймгийнШүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/0107 дугаартай 1.Т.Б-ийнбиед баруун зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/,

            *Яллагдагч Б.Мын мэдүүлсэн ... Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би эхнэр Т.Бээс уучлалт гуйсан. Би буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М нь хохирогч Т.Б-ийнгэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

А аймгийнПрокурорын газраас шүүгдэгч Т.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Мөн прокуророос Эрүүл мэндийн даатгалын санд хохирол нэхэмжилсэн боловч 2024 оны 12 дугаар сарын 10-11 ний өдөр Т.Б-ийнэрүүл мэндийн даатгалаар авсан амбулаторийн 98,366 төгрөгийн тусламж үйлчилгээ нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан гэж баримтаар тогтоогдсонгүй. Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас төлөх төлбөр байгаа бол баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Мөн шүүгдэгч Б.Мт оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.М нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН