Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж,

Улсын яллагч: М.Г

Шүүгдэгч: М.Д, Г.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М.Д, Жонгоор овогт Г.Шнарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А аймгийн Ц сум төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтэн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ихбулаг баг, Д хорооллын 1-3 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт М.Д,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сум төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, А аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газарт хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ихбулаг баг, Дэнж хорооллын 1-2 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт Г.Ш,

 

                                               Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Д, Г.Ш нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ц сумын И баг, Х-ын 100-01 тоот гэрийнхээ гадна байсан хохирогч О.П-тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, түүний биед халдаж, толгойн зүүн талд нь 3-5 удаа, баруун талын нүд рүү нь 1 удаа гараараа цохисны улмаас баруун зовхинд зулгаралт, цус хуралт, баруун хацар, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,

Г.Ш нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ц сумын И багийн Д хорооллын 01-03 тоот гэртээ байсан М.Д-тэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, түүний биед халдаж, зүүн гараараа баруун хацар хэсэгт цохиж, газарт унаган газарт унасан байхад зүүн нүд рүү баруун хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт хоёр удаа өшиглөх зэргээр зодож, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

                                                                                                                                                                                   Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ц сумын И баг, Х-ын 100-01 тоот гэрийнхээ гадна байсан хохирогч О.П-тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, түүний биед халдаж, толгойн зүүн талд нь 3-5 удаа, баруун талын нүд рүү нь 1 удаа гараараа цохисны улмаас баруун зовхинд зулгаралт, цус хуралт, баруун хацар, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч О.П-ын“...гэртээ найз Х-тэйсууж байхад М.Д, Г.Ш нар нь сэнгүр 2.5л хэмжээтэй пиво авч орж ирээд бид 4 хувааж уусан. Тэгээд бид бүгд гэрээс гарч дэлгүүр орж би 0.75 литрийн экс нэртэй архи аваад машинд хувааж уусан. Би гэрийнхээ гадаа буусан чинь М.Д хамт дагаад буусан. Бид 2 гэрийнхээ гадаа байж байхад Ш машинтайгаа эргэж ирээд дахиад нэг архи аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр орж “Ногоон экс” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи аваад найз Х-ийн гэрт очих гээд явж байтал Т-тай таараад уулзаж байхад Д машин дотроос надад хандаж “үзчих үү, гарчих уу” гээд томроод байхаар нь машинаас бууж ирээд намайг заамдаад авахаар нь би өргөж аваад шидсэн. Тэгээд Т, Ш нар больё гээд салгаад Л гэх хүнд Д-ийг өгөөд явуулсан. Тэгээд Т, Ш нартай хашааны гадаа машин дотор тамхи татаад сууж байтал Приус-20 машинтай М, Д, О нар ирээд Д манай хашааны хаалгыг саваад гэр лүү алхахаар нь чи яах гээд байгаа юм, би энд байна гээд орилсон чинь шууд над руу дайраад ...миний толгой руу 3-5 удаа цохисон. Тэгэхээр нь би боогоод унагачихсан тэгсэн чинь М ах намайг барьж аваад гараараа толгой руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь та яаж байгаа юм бэ гэтэл “чацга минь ална шүү” гээд дахиад өвдөглөсөн. Т боль гээд бид хоёрыг салгах гээд барьж байтал Д хажуугаас миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон... ...М ах миний зүүн талын хөмсөг дээр 1 удаа гараараа цохисон. Цээжин тус газар 1 удаа өвдөглөсөн... Би өөрийн машинд хийсэн бензиний мөнгө болон хоолонд орсон мөнгө, эмнэлэгт компьютер томографт үзүүлсэн мөнгө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуу, 18 дугаар хуу/, гэрч Л.М-ийн ...М.Дий эхнэр Д, надад М ахаа М.Д хүмүүстэй маргалдаад зодолдоод байна гэнэ, хоёулаа хамт очъё гэж хэлсэн. Тэгээд О.П-ын гэрийн гадаа ирэхэд гудамжинд М.Д, О.П хоёр нэг нэгнийгээ заамдаад зогсож байсан. Би машинаасаа бууж очоод боль гэж хэлээд салгах гээд О.П-ын хувцаснаас нь бариад автал О.П нь миний хамар хэсэгт гараараа нэг цохисон. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь сууж жаахан гоожуулж байтал тэр хоёр салаад О.П гэртээ ороод би М.Дийг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгчхөөд сумын эмнэлэгт очиж өөрийнхөө хамрыг үзүүлсэн. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний хамраас цус гарч байгаад зүгээр болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуу/, Гэрч Б.Тын ...2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед өндөр хүчдэлийн шонгийн хажууд Ш, Д, П нартай таарсан. Тэр 3 Ш-гийн машин дотор суугаад архи ууж байсан. Би өөрийнхөө машинаас буугаад машиных нь хажууд яваад очтол машин дотроос П, Д хоёр маргалдаад бууж ирсэн. Тэгэхээр нь Ш бид 2 дундуур нь орж салгасан. Тэр үед манай нутгийн Л ах машинтай замаар явж байгаад бидэн дээр ирж таарсан. Л ах Дийг машиндаа суулгаад аваад явсан. Ш П бид 3 Пын гэр лүү явсан. Тэгээд хашааных нь үүдэнд очиж зогсоод машин дотор бид 3 тамхи татаад байж байтал тэдний гадаа Приус-20 маркийн машин ирж зогссон. Машин дотроос Д, М, М ахын банди 3 бууж ирсэн. ...машинаасаа Ш, П бид 3 буугаад П би энд байна яасан гэж хэлсэн. Тэгтэл шууд Д хүрч ирээд П-ын толгой руу нь гараараа цохиод авсан. ...П, Д 2 барьцалдаж, зууралдаад Приус-20 машины хажуу руу унасан. Босоод иртэл нь М гүйж очоод П-ын толгойн тус газар гараараа 1 удаа цохиод цээж хэсэг рүү нь 1 удаа өвдөглөсөн. Тэгэхээр нь би дундуур нь ороод М, П хоёрын хоёулангийнх нь гарыг барьсан. Тэгтэл хажуу талаас Д орж ирээд Пын баруун нүдний орчим руу 3, 4 удаа гараараа цохисон. ...П хашааныхаа үүдэнд Дд баруун нүд орчимдоо 3, 4 удаа цохиулсны дараа баруун нүд нь хөхөрч хавдсан. Д-д бол ямар нэгэн гэмтэл учирсан зүйл харагдаагүй, зүгээр явсан. ...М нь П-ыг зүүн шанаа орчимд нь 1 удаа гараараа цохиод, 1 удаа цээжин тус газар нь өвдөглөсөн нь. Ямар гэмтэл учирсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуу/, Гэрч Л.М-ын “...М.Д машинаас буугаад О.П-тай маргалдаж хоорондоо барьцалдаад авсан. Тэр хоёр бие биеэ цохисон байх би сайн санахгүй байна. О.П, М.Д-ийг газарт унагаад зууралдаад салахгүй байхаар нь би О.П-ыг дундуур нь ороод тэвэрч салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуу/, Гэрч Б.Л-ын “...сумын зам дээр станцын хажууд машинтай 2 хүн нэг нэгнээ заамдчихсан байдалтай зогсож байсан. Тэгээд би очоод салгах үед М.Д, О.П 2 хоорондоо заамдалцсан байдалтай Г.Ш, Б.Т нар хажууд нь салгах гээд ноцолдоод хамт байж байсан. Би М.Д П хоёрыг салгаад М.Д-ийг өөрийнхөө машинд суулгаад тэндээс хөдөлж, Д-ий гэрийнх нь гадаа буулгаж өгсөн. ...М.Д, П нар нь ил харагдах шарх сорвигүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуу/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-ийн гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн АРХ0725/139 дугаартай “..О.П-ын биед баруун зовхинд зулгаралт, цус хуралт, баруун хацар, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хууд/, Хохирогч О.П-аас гаргаж өгсөн “А аймгийн Э сум явсан зардал гэх банкны дансны хуулга 1 хуудас болон эмнэлэгт үзүүлсэн зардлын 1 ширхэг баримт” гэх баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 96-98 дугаар хуу/, хохирогч О.П-ын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн “...Би эмнэлэгт компьютер томографт үзүүлсэн мөнгө болон сумаас аймгийн төв ороход гарсан эдгээр зардлыг төлчихвөл надад санал гомдол байхгүй. ...Би сэтгэцэд учирсан гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 127 дугаар хуу/, Яллагдагч М.Дий 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуу/, яллагдагч М.Д-өөс гаргаж өгсөн 1 хуудас 180,000 төгрөгийн шилжүүлгийн баримт гэх баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 148-150 дугаар хуу/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Г.Ш нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ц сумын И багийн Д хорооллын 01-03 тоот гэртээ байсан М.Дтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, түүний биед халдаж, зүүн гараараа баруун хацар хэсэгт цохиж, газарт унаган газарт унасан байхад зүүн нүд рүү баруун хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт хоёр удаа өшиглөх зэргээр зодож, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч М.Дий “...Би 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр О.П-тай маргалдсан. Удалгүй бид хэд тэндээс салсан. Л.Мөнх-Эрдэнэ ах М.О хоёр намайг дагуулаад сумын эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн. ...эмнэлэгт үзүүлчхээд гэртээ хариад байж байхад Г.Ш гаднаас манай гэрт орж ирээд манай дүү М.Оы хажууд намайг зүүн гараараа миний баруун хацар хэсэгт цохиж унагасан. Намайг газарт унасан байхад Г.Ш миний зүүн нүд рүү баруун хөлөөрөө өшиглөсөн, миний өмсөж байсан хар куртикний зүүн ханцуйг татаж урсан, нүүр хэсэгт хоёр удаа өшиглөж байхад М.О дүү Г.Шг надаас салгах гэж байхад миний нуруу хэсэгт дөрвөөс таван удаа өшиглөсөн. Би урдаас нь эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх- ийн 9-10 дугаар хуу/, Насанд хүрээгүй гэрч М.Оы “...Д ахтай тэдний гэрт байж байсан. Гаднаас Г.Ш ах согтуу Д ахын гэрт нь ороод ирсэн. М.Д ах унтаж байхад Г.Ш ах М.Д ахыг дуудаж сэрээгээд тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан. М.Д ахын хөл нь муу байсан тул тэнцвэр алдаад газарт уначихсан. Г.Ш ах М.Д ахын нүүр хэсэгт дөрвөөс таван удаа өшиглөж байсан. ...М.Д ах Г.Ш ахын хөлөөс нь тэвэрчихсэн байдалтай зууралдсан байсан. Г.Ш ах М.Д ахыг дээрээс нь дэвсээд байсан. Би тэр хоёрыг арай гэж салгаад гэрээс нь Г.Ш ахыг гаргасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуу/, Гэрч Б.Д-ын “...Г.Ш-г манай гэрээс гарсан хойгуур би гэртээ орсон. Тэгээд М.Дийг хартал нүд нь хавдчихсан байсан. М.О дүү Г.Ш ах М.Д ахын нүд рүү өшиглөсөн гэж надад хэлж байсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуу/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн АРХ0725/138 дугаартай “...М.Д-ий биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, цус хуралт, баруун шагай үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 63-64 дүгээр хуу/, яллагдагч Г.Ш-гийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй   өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуу/, хохирогч М.Д-ий 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дахин өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрч, урьдын адил хэвийн болсон. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 131 дүгээр хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Д нь хохирогч О.П-ын эрүүл мэндэд баруун зовхинд зулгаралт, цус хуралт, баруун хацар, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Ш нь хохирогч М.Дий эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ. 

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Д, Г.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр тус тус илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч М.Д, Г.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.П, М.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Д, Г.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч М.Д, Г.Ш нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                               ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч М овогт М.Д, Ж овогт Г.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д, Г.Ш нар нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д, Г.Ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шүүгдэгч М.Д, Г.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ш, М.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН