Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/01395

 

\

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/01395

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алдангид 29 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: ................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Н.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н  миний бие 2014 оны 01 дүгээр сард “Х ” ХХК-тай 12/02/14 дугаартай “орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч тал нь захиалагч талд Сонгинохайрхан дүүргийн ........... 126 айлын орон сууцны 14 дүгээр давхарт 115 тоот 50.77 м.кв талбайтай 2 өрөө байрыг нийт 60 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээний дагуу төлбөрийн 90 хувь болох 55 000 000 төгрөгийг 2013 оны эхээр, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2015 оны 5  дугаар сард тус тус төлсөн байдаг. Тухайн үед тус компаний захирал С.Эрдэнэ нь гүйцэтгэж буй барилгаа 2013 онд багтаан дуусгана гэж ярьж гэрэээгээр тохирсон боловч барилга нь ашиглалтанд оролгүй байсаар өнгөрсөн. 2016 оны 10 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Ийнхүү захиалагч Н.Н  миний бие байраа хүлээж авах гэтэл “Хүлээж бай, удахгүй” гэсэн боловч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадалгүй 5 сар өнгөрч, миний эд хөрөнгө өмчлөх эрх бусад хууль ёсны эрх ашиг зөрчигдөж  хохироод байна. Иймд нэхэмжлэгч Н.Н  намайг тус “Эрхэс” 126 айлын орон сууцны 14 давхрын 115 тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, “Хадан ус” ХХК-тай байгуулсан 12/02/14 дугаартай “Орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дэх хэсэгт заасны дагуу орон сууц ашиглалтанд оруулах хугацаа 45 хоногоос дээш хугацаагаар хойшлогдсон буюу 2014 оны 02 дугаар сарын 01–ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 970 хоногийн алданги 29 100 000 төгрөгийг тус “Х ” ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Н  нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алдангид 29 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Х ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ нэхэмжлэлийн хувийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй.

   

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сард 12/02/14 тоот “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч “Х ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно Эрхэс 126 айлын орон сууцны барилгын нэхэмжлэгч Н.Н ын захиалсан 115 тоот 50.77 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаанд чанартай барьж хүлээлгэн өгөх, захиалагч тал нь 60 000 000 төгрөгийг хугацаанд нь саадгүй төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Хариуцагч “Х ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд “...60 сая төгрөгийг төлсөн асуудлаар маргахгүй. Анх гэрээ байгуулаад бид хоёрын дунд зөрчил гарсан тул гэрээгээ цуцалсан. Уг байр дахиад өөр хүний нэр дээр гэрээ байгуулагдаад, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан тул одоо орон сууцны үнэ 60 сая төгрөгийг төлөх асуудал байгаа” гэж тайлбарласан. Түүний дээрх тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь 60 000 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. 

 

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч уг байрыг “...өөр этгээдийн өмчлөлд шилжсэн” гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж буй эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн “...зөрчил үүссэний улмаас гэрээг цуцалсан” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “...Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй гэж үзнэ. Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасны дагуу Н.Н ын эзэмшил үүссэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1, 4.3-т заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцож төлбөр авагч талд төлөхөөр тохирсон тохиролцооны дагуу хэтрүүлсэн хугацааны хоног тутам алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.   

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Н.Н ыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Эрхэс 126 айлын орон сууцны 115 тоот 50.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, алдангийг нэхэмжлэгчийн шаардсан 970 хоногоор тооцож /970х30000/ 29 100 000 төгрөгийг хариуцагч “Х ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.Н ад олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 373 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

 Хариуцагч “Х ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ шүүх хуралдааны товыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н ыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Эрхэс 126 айлын орон сууцны 115 тоот 50.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “Х ” ХХК-иас алданги 29 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н ад олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК-иас 373 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хулийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНГӨНТУУЛ