Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ шүүгдэгч Х.Сүхболд, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Сүхболдод холбогдох эрүүгийн 201721000109 дугаартай, 178/2017/0060/э/ индекстэй хэргийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  1987 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Жаргалант сумын Жаргалан багийн 3-24 айлын орон сууцны 18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй. Хэрэг хариуцах чадвартай, Баяжих овогт Халтарын Сүхболд /РД:ПЕ87121111/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Х.Сүхболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр “Минж” буудлын гадна талд 2017 оны 02 сарын 17-18-нд шилжих шөнө 74-34 УНН улсын дугаартай Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн копутны эвэр толь, зүүн хойд талын гэрлийн таг, баруун талын толь зэргийг санаатайгаар устгасан, зүүн талын толийг санаатайгаар гэмтээж хохирогч У.Уламбаярт 120 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн прокурорын газраас Х.Сүхболдын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр “Минж” буудлын гадна талд 74-34 УНН улсын дугаартай Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн копутны эвэр толь, зүүн хойд талын гэрлийн таг, баруун талын толь зэргийг санаатайгаар устгасан, зүүн талын толийг санаатайгаар гэмтээж хохирогч У.Уламбаярт 120 000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн, Х.Сүхболдын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийн санаатайгаар устгасан буюу гэмтээж бусдад 120 000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад ““бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж заасан, мөн хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан Эд зүйлийг үнэлсэн тухай тайланд Х.Сүхболдын эвдсэн эд зүйлийг 120 000 төгрөгөөр үнэлсэн байх тул Х.Сүхболд нь бусдын эд зүйлийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 300 000 төгрөгийн төгрөгөөс дээш хохирол учруулсан болох нь тогтоогоогүй тул түүний үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болжээ.

Иймд 2005 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Х.Сүхболдын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Сүхболд нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Сүхболд нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох үндэстэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. 2005 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ховд аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт Халтарын Сүхболдод холбогдох 201721000109 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Сүхболдыг цагаатгасугай.
  2. Х.Сүхболдын эзэмшлийн 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг битүүмжилж эхнэр П.Бямбасэржидэд хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.
  3. Х.Сүхболдод урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй:
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийн копутанд суурилуулсан нэмэлт эвэр толь 1 ширхгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Цэрэннадмидад даалгасугай.
  5. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг талууд гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БАЯСГАЛАН