| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2111000220043 |
| Дугаар | 2021/ДШМ/522 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/522
2021 5 25 2021/ДШМ/522
Ц.Э-От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Анармөнх,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Анармөнхийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Э-От холбогдох эрүүгийн 2111 00022 0043 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Цгийн Э-О, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ................. дүүргийн ... дугаар хороо, .......... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч эцэг, эх, хамтран амьдрагчийн хамт .............. дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар хорооллын ....... тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:.............................../;
Шүүгдэгч Ц.Э-О нь 2020 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 486а тоотод иргэн М.Мтэй “бусадтай хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Э-Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Цгийн Э-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э-О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Э-От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Анармөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Э-О нь 2020 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 486а тоотод иргэн М.Мтэй “бусадтай хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Ц.Э-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон. Анхан шатны шүүх торгох ял оногдуулахдаа уг ялыг 2 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон байх тул 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Анармөнхийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Э-О нь 2020 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 486а тоотод иргэн М.Мтэй “бусадтай хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Хохирогч М.Мгийн “...Ц.Э-О намайг барьж аваад миний нүүр рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Энэ үед нь газарт унасан. Босох гэтэл дахиад миний нүүр рүү 2 удаа цохисон бөгөөд миний хамраас цус гарсан. Дахиад босох гэтэл дахиад миний нүүр рүү цохисон ...Өглөө сэрээд Ц.Э-О бид хоёр дахиад маргалдсан. Тэгээд дахиад миний нүүр рүү 2 удаа цохисон, мөн 1 удаа алгадсан ...” /хх-15-16/,
гэрч Б.Бны “...М.М орилж чарлаад байхаар нь түүний нүүр рүү 2-3 удаа алгадаж шалан дээр унагаагаад дээрээс нь нэмж 2-3 удаа алгадаад байсан. ...тухайн үедээ сайн анзаараагүй. Хамраас нь цус гарч байгаа харагдсан. Харин маргааш өглөө нь харахад М.Мгийн зүүн шанаа бага зэрэг хавдсан харагдаж байсан...” /хх 19-20/,
шүүгдэгч Ц.Э-Оын “...би М.Мг 2-3 удаа алгадсан, 2-3 удаа цохисон. Түлхэж унагасан. ...бид хоёр маргалдаад ийм зүйл болчихлоо...” гэх /хх-З6, 92/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн №13361 тоот шинжээчийн дүгнэлт /хх 29-30/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээр нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Э-Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Ц.Э-От тухайн зүйл заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж, торгох ял биелүүлэх хугацааг 2 сар гэж багасгаж тогтоосон нь буруу байна.
Иймд энэ талаар прокурор Г.Анармөнхийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Прокурор Г.Анармөнхийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ