Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Н*******,

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яам,

Маргааны төрөл: Хан Хөхий дээд сургуулийг D******* дугаартай бакалаврын дипломтой төгссөн бүртгэлийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н*******, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******, гэрч Д.А*****, Б.Т****** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Т.Н*******ээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдуулан “Хан Хөхий дээд сургуулийг D******* дугаартай бакалаврын дипломтой төгссөн бүртгэлийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах”  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчээс Хан хөхий дээд сургуулийг бакалавр зэрэгтэйгээр D******* дугаартай дипломтой төгссөн тухай бүртгэлийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд  бүртгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэдээлэл, технологи, статистикийн хэлтэст хандан өргөдөл гаргасан.

3.Улмаар Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/165 дугаар албан бичгээр “нэхэмжлэгчийн мэдээлэл бүртгэлгүй тул бүртгэх боломжгүй” хариуг нэхэмжлэгчид өгчээ.

4.Нэхэмжлэгч Т.Н*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “ Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, мөн хуулийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно." гэж, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан оргодол, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.” гэж тус тус заасан.

1/Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/2121 тоот албан бичгээр мэдэгдсэн “мэдээллийн системд бүртгэх боломжгүй” гэх татгалзсан үйлдэл нь нэхэмжлэгч миний хувьд сурч боловсрох эрхийг маань хязгаарласан сөрөг үйлчлэл бүхий шийдвэр юм. Улмаар дээд шатны захиргааны байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандахад миний 2022 оны 10 сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд албан ёсоор хариу өгөөгүй. Энэ нь миний Хан Хөхий дээд сургуулийг бакалавр зэрэгтэйгээр төгссөн тухай бүртгэлийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй юм.

2/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/265 дугаар тушаалын хавсралтаар Боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг баталсан бөгөөд тус журмын 2.2-т “Мэдээллийн санг дараах байгууллага бүрдүүлнэ” гээд 2.2.1-т Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “яам” гэх/, 2.2.9-д Бүх шатны боловсролын сургалтын байгууллага гэж, 3.7-д "Яам дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гээд, 3.7.1-д "Мэдээллийн санг бүрдүүлэх, нэгтгэх, хадгалах, мэдээллийг байршуулах, нийтэд хүртээмжтэй болгох үйл ажиллагаанд Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийг баримтлан ажиллах” гэж заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яам нь нэхэмжлэгч миний Хан Хөхий дээд сургуулийг төгссөн талаарх бүртгэлийг мэдээллийн системд бүртгэх эрх бүхий субъект мөн.

3/Гэтэл дээрх журамд заасан эрх бүхий субъект нь миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцааж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамны нэхэмжлэгч миний бакалаврын дипломыг бүртгэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь дараах байдлаар хууль бус бөгөөд нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

 4/Боловсролын тухай хуулийн 9.1-т “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.” гэж заасны дагуу төгсөлтийн шалгалтын комиссын 1998 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр надад олгосон “Сэтгэл зүйч” мэргэжлийн бакалаврын зэргийн D******* дугаартай Бакалаврын диплом нь миний бакалаврын боловсролыг гэрчилж буй албан ёсны баталгаа юм.

Гэтэл нэхэмжлэгч надад эх хувиараа байгаа D******* дугаартай Бакалаврын дипломыг Боловсролын мэдээллийн сан, тэр дундаа дээд боловсролын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа үйлдэл нь захиргааны байгууллага өөрт хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйлдэл байна.

5/Нэхэмжлэгч миний 1994 онд элсэж, 1998 онд төгссөн сэтгэл зүйн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байсан Хан Хөхий дээд сургууль нь мэдээллийн сангийн журам батлагдан гарахаас өмнө татан буугдсан. Тус сургуулийг 1994 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Сэтгэл судлал"-ын тэнхимийг үүсгэн байгуулагч, нэрт сэтгэл судлаач Д.С***** доктор үүсгэн байгуулсан. Манай 1998 оны төгсөлтөөр 20 оюутан тус сургуулийн анхны төгсөлт болон төгссөн бөгөөд төгсөлтийн монтаж хэвлэгдсэн.

6/Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 4.6-д “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон сургууль нь нийт төгссөн оюутны диплом болон түүний хавсралтыг олгосон тухай мэдээг “Төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгосон тухай маягт-2”-ын дагуу бичгээр болон электрон хэлбэрээр гаргаж, захирлын тушаалын хамт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тов байгууллага, боловсролын улсын хяналтын алба, улсын архивт тус тус хүлээлгэн огно" гэж, 4.7-д "Татан буугдсан сургуулийн дээд боловсролын дипломыг нөхөн бичих асуудлыг боловсролын улсын хяналтын алба судлан хянаж шийдвэрлэнэ.” гэж, 5.1-д "Сургууль нь "Их сургууль, коллеж төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгосон тухай нэгдсэн бүртгэл маягт-2"-ийг жил бүрийн 7 дугаар сарын 15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тов байгууллагад бичгээр болон электрон хэлбэрээр ирүүлнэ.” гэж, 5.2-т “Сургуулиудаас ирүүлсэн мэдээллийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 11-р сарын 1-ний дотор багтаан улсын нэгдсэн дүнг гаргана.” гэж тус тус зааснаас үзвэл төгсөгчийн мэдээлэл, дипломын хуулбар, диплом олгосон тушаал, шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өгөх, улмаар тус мэдээллийг архивлах үйл ажиллагаа нь тухай сургуулийн болоод Боловсрол, шинжлэх ухааны яамны чиг үүрэг юм.

Гэтэл Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр тус хуульд нэмэлтээр орсон бөгөөд дээрх “Дээд боловсролын диплом олгох журам” батлагдаж, хэрэгжиж эхлэхээс өмнө надад бакалаврын зэрэг олгосон Хан хөхий дээд сургууль татан буугдсан. Улмаар аливаа байдлаар мэдээллийн санд мэдээлэл оруулах боломжгүй нөхцөл үүссэн байна.

Боловсролын тухай хуулийн 27.1-т "Боловсролын удирдлагын тогтолцоо нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагаас бүрдэнэ.” гэж, 28.1-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 28.1.1-т “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах” гэж тус тус зааснаас үзвэл Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцах, холбогдох арга хэмжээ авах чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь хариуцагчаар тодорхойлсон Боловсрол, шинжлэх ухааны яам мөн юм.

Иймд нэгэнт Хан Хөхий дээд сургууль нь татан буугдсан бөгөөд нэхэмжлэгч миний дипломын хуулбарыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хийгээд Үндэсний архивын газарт өгөөгүй үйл баримттай байх тул дээрх “Боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”-д заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам нь мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага тул Хан Хөхий дээд сургууль нь төгсөгчдийн мэдээлэл, дипломын хуулбарыг хүлээлгэн өгсөн эсэхээс үл хамааран нэхэмжлэгч миний D******* дугаартай бакалаврын дипломын эх хувийг үндэслэн бүртгэлийг Боловсролын салбарын мэдээллийн сан, тэр дундаа дээд боловсролын салбарын мэдээллийн санд нөхөн бүртгэх үүрэгтэй.

Дээр дурдсанчлан, миний бие архивын чиглэлээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлээр боловсролын зэргээ дээшлүүлэн суралцах хүсэлтэй. Гэтэл дээд боловсролын программын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нэхэмжлэгч миний суралцах эрхийг зөрчиж, миний бие боловсролын зэргээ дээшлүүлэхээр суралцах боломжгүй болж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Т*****-ын Н****** гэдэг. 1975 онд төрсөн. 1994-1998 онд Хан хөхий сэтгэл судлалын дээд сургууль төгссөн. Тухайн үеийн сургууль маань одоогоор татан буугдсан байна. Тухайн үеийн бүртгэл нь Боловсролын яамд холбогдох материал байхгүй гээд программд бүртгэхгүй байгаа. Бүртгүүлэх болсон шалтгаан нь 20 жилийн дараа бакалаврын боловсролоо үндэслээд магистр сурахаар хүсэлт өгс тухайн сургуульд бүртгүүлсэн боловч Боловсролын яам нь бүртгэж авч байж магистрт бүртгүүлэх үндэслэлтэй болно гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор асуудал үүсэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүх хуралдаанд оролцож байна. Бакалаврын боловсролын бүртгэлийг албан ёсны бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй байгаа. Үүнийг нотлох гээд өөрийн диплом, монтаж, ангийнхаа 2 хүүхэдтэй цуг ирсэн байна” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т****** шүүхэд бичгээр гаргасан татгалзлаа тайлбарлахдаа:

Иргэн Т.Н*******ийн Хан Хөхий дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй D******* дугаартай дипломыг бүртгэхгүй байгаа талаар:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/286 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар "Боловсролын баримт бичгийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох журам”-ыг батлан ажиллаж байна. Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт "2018 оноос өмнөх онуудын боловсролын баримт бичгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сургалтын байгууллага, Архивын ерөнхий газрын мэдээлэлд тус тус үндэслэн мэдээллийн системд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын статистик, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн нэгж хянасны үндсэн дээр оруулна. ..." гэж зохицуулсан байдаг. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад заасны дагуу байгууллагын архивд баримт бичиг хадгалах хугацаа дуусаж Төрийн архив буюу Архивын ерөнхий газарт шилжсэнтэй холбоотойгоор тус сургуулийн төгсөгчдийн мэдээллийг хянан үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр иргэн Т.Н*******ийн боловсролын баримт бичгийг боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэх боломжгүй байна.

Харин иргэн Т.Н******* нь Хан-Хөхий дээд сургуулийг 1998 онд төгссөн тухайгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хэргээ шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэх боломжтой байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Н*******ийн нэхэмжлэлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох Хан хөхий дээд сургуулийн Иргэн Т.Н*******ийн нэхэмжлэлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох Хан Хөхий дээд сургуулийг бакалавр зэрэгтэйгээр D******* дугаартай дипломтой төгссөн тухай бүртгэлийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Т.Н*******ийн D******* дугаартай бакалаврын дипломын бүртгэлийг дээд боловсролын байгууллагуудын мэдээллийн санд бүртгэж оруулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Т.Н*******ийн Хан Хөхий дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй D******* дугаартай дипломыг бүртгэхгүй байгаа талаар гэвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/286 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Боловсролын баримт бичгийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох журмыг батлан ажиллаж байна. Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт 2018 оноос өмнөх онуудын боловсролын баримт бичгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сургалтын байгууллага, Архивын ерөнхий газрын мэдээлэлд тус тус үндэслэн мэдээллийн системд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын статистик, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн нэгж хянасны үндсэн дээр оруулна гэж зохицуулсан байдаг. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад заасны дагуу байгууллагын архивд баримт бичиг хадгалах хугацаа дуусаж Төрийн архив буюу Архивын ерөнхий газарт шилжсэнтэй холбоотойгоор тус сургуулийн төгсөгчдийн мэдээллийг хянан үзэх боломжгүй байна. Дээрх үндэслэлээр иргэн Т.Н*******ийн боловсролын баримт бичгийг боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэх боломжгүй байна. Харин иргэн Т.Н******* нь Хан-Хөхий дээд сургуулийг 1998 онд төгссөн тухайгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хэргээ шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэх боломжтой байна. Т.Н******* нь иргэний шүүхэд хандсан байна. Гэвч харьяалал буруу гээд хэрэг үүсгээгүй буцаасан байна. Манайд тухайн сургуультай холбоотой төгсөгчдийн мэдээлэл байхгүй. Дипломын дугаар олгоно. Өгсөн дугаараа төгсөгчдийн хамгийн сүүлийн дугаарыг манайд ирүүлээд түүнийг архивд өгөөд Мэргэжлийн хяналтын газар өгөх ёстой. Энэ ажлууд огт хийгдээгүй. Яам мэдээлэл байхгүй учраас бүртгэж чадахгүй байна. Тухайн дипломыг үнэн худлыг тогтоох боломжгүй байна” гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1.Нэхэмжлэгчээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэдээлэл, технологи, статистикийн хэлтэст хандан өргөдөл гаргасныг Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/165 дугаар албан бичгээр “нэхэмжлэгчийн мэдээлэл бүртгэлгүй тул бүртгэх боломжгүй” хариуг өгчээ.

2.Мөн Архивын ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 460 дугаар тодорхойлолтоор “Хан Хөхий дээд сургуулийн баримт бичиг шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй” гэж, Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/2121 тоот албан бичгээр “төгсөлтийн архивын баримт бичиг олдоогүй тул дээд боловсролын мэдээллийн системд бүртгэх боломжгүй” хариуг тус тус нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гээд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/286 дугаар тушаалаар баталсан “Боловсролын баримт бичгийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д “2018 оноос өмнө олгогдсон боловсролын баримт бичгийг архивын ерөнхий газар болон сургалтын байгууллагын архивын мэдээлэл, статистикийн мэдээлэлд тус тус үндэслэн мэдээллийн системд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын статистик, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж хянасны үндсэн дээр оруулна....”гэжээ.  

3.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

4.Учир нь Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д “Татан буугдcан дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулах хугацаандаа гаргасан тушаал шийдвэр, суралцагчдын нэрс, төгсөгчдийн дипломын хуулбар, сургалтын төлөвлөгөө зэрэг сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбогдох баримт бичгийг татан буугдах шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Үндэсний төв архивт хүлээлгэн өгнө” гэж заасан бөгөөд дээрх баримт бичгийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөөгүйгээс бүртгэл хийх боломжгүйд хүрчээ.

5.Хэдийгээр тус сургуулийн захиргаа дээрх баримт бичгийг хүлээлгэн өгөөгүйд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй хэдий ч бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх ёстой.

6.Мөн нэхэмжлэгчийн D******* дугаартай бакалаврын дипломын дугаар Боловсрол, шинжлэх ухааны яамд бүртгэлтэй, гэрч нар хамт суралцаж төгссөн гэдгээ гэрчилж буй хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

7.Учир нь тус шүүх үйл баримт тогтоохгүй тул нэхэмжлэгч нь ердийн харьяаллын буй иргэний хэргийн анхан шатны шүүхээр эхлээд тус сургуульд суралцаж төгссөн болохоо тогтоолгох нь зүйтэй.

8.Нэхэмжлэгч нь иргэний хэргийн анхан шатны шүүхээр тус сургуульд суралцаж төгссөн болохоо тогтоолгосны дараа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж бүртгэл хийлгэхэд уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.8-д заасныг тус тус баримтлан Ш.Н-ийн нэхэмжлэлтэй Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдох Хан Хөхий дээд сургуулийг D******* дугаартай бакалаврын дипломтой төгссөн бүртгэлийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ