2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, ***, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Б.***,

шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.***д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, *** оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүрээлэн буй орчны инженер мэргэжилтэй, ***, *** дүүргийн 1 дүгээр хороо *** 16-6 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ийн *** (РД:***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*** нь *** дүүргийн 15 дугаар хороо “***” эмнэлгийн хойд талын явган хүний гарц дээр 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 38 минутын орчимд Toyota Prius 30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”; мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.***г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд

1. Шүүгдэгч Г.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. “***” төвийн хойд хэсгийн автобусны буудал тэнд явган хүний гарц байсан. Тэгээд би хоёрдугаар эгнээнд явж байсан бөгөөд тухайн нэгдүгээр эгнээд автобус зогссон мөн нэг машин явж байсан. Хоёрдугаар эгнээнд зам чөлөөтэй байсан тэгэхэд явган зорчигч нь зогсож байсан автобусны хойгуур явж байсан машины урдуур гарч ирсэн тэгээд хараад л тоормос гишгэсэн боловч зогсоож чадаагүй. Тэгээд амжихгүй явган хүний гарц дээр тухайн хүнийг мөргөсөн. Тухайн хүнийг мөргөсний дараа 103 болон 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Тэрнээс хойш бүх эрүүл мэндийн бүхий л туслалцаа үзүүлсэн. Тухайн хүнтэй одоо хүртэл холбоотой байгаа. Тэгээд хуулийн дагуу бүх хохирол барагдуулсан… Явган хүний гарцаар хэдэн гарсныг мэдэхгүй байна. Тэр хүн хүмүүсээс Түрүүлж гарч ирсэн. Машины голоор гарч ирэхийг нь хараад тоормос гишгэсэн боловч амжаагүй мөргөсөн... Гэрлэн дохиогүй зохицуулагддаггүй явган хүний гарц байсан... Ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан… Одоо ***ний хэсэгт ажиллаж байгаа. 2020 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. Тогтвортой орлоготой байгаа… Нөхцөл байдлыг харгалзан үзэж хялбаршуулах журмаар шийдвэрлэж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй ..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...*** дүүргийн 15 дугаар хороо “***” эмнэлгийн хойд талын явган хүний гарц дээр 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 17 цаг 38 минутын орчимд Toyota prius *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Б.***г мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан...” гэх тэмдэглэл болон жижүүрийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны “...*** *** машинаар хүн мөргөчихлөө...” гэх хуудас (хавтаст хэргийн 04, 05 дахь тал),

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 06-12 дахь тал),

4. Хохирогч Б.***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад автобусанд суугаад *** дүүргийн “***” эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад автобусны араар буюу явган хүний гарцаар гарах гээд явж байтал нэг дүгээр эгнээнд нэг машин зогсож байсан. Тэгээд тэр машины урдуур гарцаар гараад явж байтал ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд би газар унасан ба түргэний машин ирээд гэмтэл аваад явсан. Би гэмтэл дээр очоод эмч намайг үзээд зураг авхуулсан тэгсэн чинь эгмийн яс хугарсан байна гэж хэлсэн ба эмнэлэгт хэвтэх шаардлага байхгүй, гам бариад хөдөлгөөнөө хориод бай гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр очсон... Би тухайн үед урдаасаа хойшоо явган хүний гарцаар гарч байсан. Мөн ослын үед толгой доргисон, эгэм хугарсан байсан. Одоо зүгээр байгаа ба эгэм арай эдгээгүй байгаа... Тухайн үед би ганцаараа явган хүний гарцаар гарч байсан. Тухайн жолооч ганцаараа явж байсан байх... Тухайн үед нэг машины гарцын өмнө зогсож байсан ба тухайн машины урдуур яваад гартал гэнэт ирээд мөргөсөн...Тухайн үед замын түгжрэл гайгүй, гэгээтэй байсан... Жолоочийн зүгээс надад бүх эмчилгээний зардал өгсөн байгаа... Надад жолооч 4,000,000 дансаар өгсөн байгаа. Баримт одоогоор байхгүй байна... Надад одоо ямар нэгэн гомдол санал болон сэтгэл санааны хохирол хийлгэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч Ж.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн ослын талаар мэдээгүй өнөөдөр өөрийн хүү ***гаас өөрөөс мэдсэн... Toyota Prius маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 онд хувь хүнээс худалдан авсан ба миний нэр дээр байдаг ба манай хүү *** хааяа бариад явдаг.Би хүүдээ барих зөвшөөрөл өгсөн ба даатгал дээр нэр байдаг...Миний Toyota Prius маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй зүгээр байсан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй..” .гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

6. Иргэний хариуцагч Ж.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Toyota Prius маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 онд хувь хүнээс худалдан авсан ба миний нэр дээр байдаг ба манай хүү *** хааяа бариад явдаг.Би хүүдээ барих зөвшөөрөл өгсөн ба даатгал дээр нэр байдаг... Ослын улмаас бусдад хохирол учирсан тохиолдолд барагдуулах талаар ойлгосон ба шаардлагатай бол нөхөн төлбөр өгөхөд татгалзах зүйл байхгүй... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

7. Гэрч Г.Жамъяншийрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2025 оны 01 дугаар сарын 15-ны 06 цагийн үед ажил дээр ирээд өөрийн эзэмшиж унаж явдаг Yutong ZK *** маркийн *** *** улсын дугаартай автобусыг бариад шугамдаа явж байсан ба өдөр 17 цагийн үед “Жапан” тауны автобусны буудал дээр ирсэн ба тухайн үед түгжрэлтэй байсан автобусны буудлын харалдаа хүмүүсийг буулгасан тэгээд хөдлөөд явж байтал автобусны араар гараад явган хүний гарцаар гарч байсан хүнийг саарал өнгийн машин ирээд мөргөсөн байсан тэгээд би хөдлөөд явсан… Би автобустайгаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явж байсан… Тухайн үед түгжрэлтэй ба автобусны дээр машин байсан тэгээд явж байсан нэг дүгээр эгнээнд хүнээ буулгасан... Тухайн үед би хөдлөөд явж байхад тухайн хүн мөргүүлж байсан ба тухайн хүн автобуснаас буусан талаар мэдэхгүй.... Тухайн мөргүүлсэн хүнийг биен байдлын талаар мэдэхгүй хараагүй явж байсан болохоор харагдаагүй…" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №ЕГ0725/2210 дугаартай “...1.Б.***гийн биед зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал, зулай, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хөмсөг, гуя, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3,4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй …” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-39 дэх тал),

9. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41131927 дугаартай шинжээчийн “…Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, хурдны хайрцгийн ажиллагаа, баруун зүүн гар талын хол ойрын Гэрлийн тусгалын чадал, экологийн үзүүлэлт, дуут дохио, тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн хээний гүн зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна… Уг авто тээврийн хэрэгслийн тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна… Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна, Зогсоолын тоормос зогсож байсан… Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ… Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна… Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрвэл дүгнэлтэд дурдаж болно…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-52 дахь тал),

10. “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн “…стандарт хангасан 0 стандарт хангаагүй… бага зэрэг гэмтэл зөрчилтэй..." гэх дүгнэлтийн хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал),

11. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэг эхлэхэд Улаанбаатарын цагаар 2025.01.15-ны өдрийн 17:30:14 цаг болж байх ба хяналтын камерт зорчих хэсэг тод харагдаж байна… 2025.01.15-ны өдрийн 17:30:18 цаг болж байх ба хяналтын камерт явган зорчигч ***ын *** явган хүний гарц буюу автобусны арын хэсгээр иргэдийн хамт гарч байгаа бөгөөд Toyota Prius 30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь гуравдугаар эгнээнд явган хүний гарц руу ойртон ирж байгаа нь харагдаж байна… 2025.01.15-ны өдрийн 17:30:37 цаг болж байх ба хяналтын камерт явган зорчигч ***ын *** явган хүний гарцын хэсэгт мөргүүлсэн байдалтай газарт хэвтэж байгаа нь харагдаж байна…” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81, 96 дахь хуудас), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах,

1.2. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай тус тус оролцсон болно.

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.*** нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 38 минутын орчимд *** дүүргийн 15 дугаар хороо “***” эмнэлгийн хойд талын явган хүний гарц дээр Toyota Prius 30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”; мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.***г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.***гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын №ЕГ0725/2210 дугаартай, Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №41131927 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Г.***гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

2.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

2.4. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гаргахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.***гийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.***гаас хохирогч Б.***д 4,000,000 төгрөгийг өгсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр,

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн тусламж, үйлчилгээ авсан нийт 246,300 төгрөгийн зардлыг шүүгдэгч Г.*** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, санхүү бүртгэлийн хэлтэс тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

3.3. Хохирогч Б.*** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй (хавтаст хэргийн 21, 24 дэх тал) тухайгаа илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.***г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Г.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 5000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа... Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Хохирогч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.*** “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 38 минутын орчимд тухайн үйл хэргийг би үйлдсэн нь үнэн зөв гэдгээ гэрчилж байна. Тус хэргийг үйлдсэндээ би маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Миний өмгөөлөгчөөс хэлсэн тухайн хуулийн заалтыг шүүхээс харж үзэн хэлэлцэж өгнө үү...” гэв.

4.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх буюу гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж, цагдаагийн байгууллагад хэргийн талаар мэдэгдсэн, учруулсан хохирлоо төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хангагдсан байна гэж үзэн эрүүгийн хариуцлага оногдуулахаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*** нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Г.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *** овогт ***ийн ***г Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, , мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.***д оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуусгавар болох хүртэл хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИ