2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1136

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

Улсын яллагч Н.Халиунаа,

Шүүгдэгч З.*** нарыг оролцуулан шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** хорооллын *** дугаар байрны 17 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овгийн ***ын *** (РД:***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч 3.*** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "дүрэм зөрчиж машинаа зогсоосон" гэх шалтгаанаар *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** захын урд талын зам дээр байрлуулж тавьсан хохирогч Б.***гийн эзэмшлийн *** УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Crown Athlete ser-2 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг чулуугаар цохиж хагалсны улмаас 1,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч З.***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би *** дүүргийн 27 дугаар хороо *** хороолол *** 17 тоотод амьдардаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ганцаараа 200 грамм хараа нэртэй архи уугаад ганцаараа *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** захын хажуугийн засмал зам дээр гарц дээр цагаан өнгийн машин тавьчихсан байхаар нь би газраас чулуу аваад уг тээврийн хэрэгслийн арын гэрлийг чулуугаар хоёр удаа цохиод хагалсан тэгээд машины эзэн гэх залуу гарч ирээд цагдаад дуудлага өгсөн би тухайн залууд явган хүний зам дээр битгий машин тавьж бай гэж хэлсэн би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна бусдад учруулсан хохирлоо барагдуулах зорилгоор тэтгэврийн зээл 3,000,000 төгрөг авсан өнөөдөр хохирлыг нь барагдуулж өгнө намайг хамгийн хөнгөнөөр нь торгож шийтгэж өгнө....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дахь тал),

2. Хохирогч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед өөрийн *** УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Athlete crown ser-2 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ *** дүүргийн 6 дугаар хороонд байрлах *** захын урд талын замын нэгдүгээр эгнээнд машинууд зогсчихсон байсан ба *** дүүргийн захын зогсоол дүүрсэн байсан тул би тухайн захын урд талын замын нэгдүгээр эгнээнд өөрийн *** УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Crown Athlete ser-2 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулчхаад зах руу орж юм авчхаад гараад иртэл миний машины ард нэг үл таних эмэгтэй байсан ба би яваад очиход тухайн эмэгтэй миний машины зүүн ард талын гэрлийг хагалчихсан байсан тэгээд би тэр эмэгтэйгээс "та яаж байгаа юм бэ" гэсэн чинь тэр эмэгтэй надад хандаж "битгий хуцаад бай чи ингэж машинаа тавьдаг юм уу чиний буруу” гэж хэлсэн ба тухайн эмэгтэйгээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага руу дуудлага мэдээлэл өгөх гэж байтал тухайн эмэгтэй зугтах гээд байхаар нь би барьж аваад цагдаа иртэл тухайн эмэгтэйг явуулахгүй байж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),

тэрээр дахин өгсөн “...Тухайн хохирогч надаас уучлалт гуйгаад миний *** дугаартай тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Надад өөр гомдол, санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),

3. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “...*** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** захын урд талын зам дээр байсан тээврийн хэрэгслийн зүүн ард талын гэрлийг үл таних эмэгтэй хагалсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

4. СХДЦГ ЦХ-2, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны “...нэг хүн машины цонх хагалсан...” гэх хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал),

5. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай “...Тоёота кровн атлете кровн сер-2 загварын зүүн хойд гэрэл 1,500,000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 13 дахь тал),

7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь *** УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн ATHLETE CROWN SER-2 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн гадна талд үзлэг хийхэд уг тээврийн хэрэгслийн зүүн ард талын гэрлийн гаднах гэр 2 хэсэг газарт 9см*11см, 7см*6см хэмжээтэй хагарсан мөн дотор талын гэрэл хагарсан байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг тээврийн хэрэгсэлд өөр хэрэгт ач холбогдол бүхий ул мөр байсангүй...” гэх тэмдэглэл болон гэрэл зураг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

8. Шүүгдэгч З.***гийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар (хавтаст хэргийн 27-30 дахь тал)  зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 17 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч З.*** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "дүрэм зөрчиж машинаа зогсоосон" гэх шалтгаанаар *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** захын урд талын зам дээр байрлуулж тавьсан хохирогч Б.***гийн эзэмшлийн *** УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Crown Athlete ser-2 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг чулуугаар цохиж хагалсны улмаас 1,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Б.***гийн мэдүүлэг, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн магадалгаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр Эрх зүйн дүгнэлт

2.1. Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.3. Хууль зүйн ойлголтоор бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.***гийн эзэмшлийн *** УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Crown Athlete ser-2 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг чулуугаар цохиж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байх ба бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн шинжийг хангасан улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

2.4. Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар эвдэрсэн эд зүйлийн хохирлыг 1,500,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

2.5. Шүүгдэгч З.*** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 2.6. Шүүгдэгч З.***гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ. 

3.3. Тус хэргийн улмаас хохирогч Б.***д 1,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид үнэлгээгээр тогтоогдсон 1,500,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан тул гомдол саналгүй (хавтаст хэргийн 08 дахь тал) талаарх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч З.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Түүнчлэн шүүгдэгч З.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

4.5. Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч З.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг *** дүүргийн 27 дугаар хорооноос гаргахгүй байх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэсэн саналыг гаргасан.

4.6. Шүүгдэгч З.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   4.7. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хохирогч хохирол төлбөрийг төлж барагдуулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан З.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хангагдсан байна гэж үзэн эрүүгийн хариуцлага оногдуулахаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч З.*** нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

5.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

5.2. Шүүгдэгч З.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.***д оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.