Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ шүүгдэгч Т.Ариунболд, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ариунболдод холбогдох эрүүгийн 201721000110 дугаартай, 178/2017/0059/э/ индекстэй хэргийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  1981 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү, зээгийн хамт хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5-р хороо, Гандан уул 4 гудамж 3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй. Хэрэг хариуцах чадвартай, Хасаг овогт Тэрбишийн Ариунболд /РД:ПЙ81082971/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Т.Ариунболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт  2017 оны 03 сарын 29-ны өдөр хохирогч Б.Эрдэнэбаатарын эзэмшлийн 05-33 ХОА улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн хойд талын гэрэл  зэргийг санаатайгаар гэмтээж хохирогч Б.Эрдэнэбаатарт 105 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн прокурорын газраас Т.Ариунболдын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн  нутаг дэвсгэр 05-33 ХОА улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн хойд талын гэрэл  зэргийг санаатайгаар гэмтээж хохирогч Б.Эрдэнэбаатарт 105 000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн, Т.Ариунболдын бусдын эд хөрөнгийн санаатайгаар устгасан буюу гэмтээж бусдад 105 000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж заасан, мөн хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан Эд зүйлийг үнэлсэн тухай тайланд Т.Ариунболдын эвдсэн эд зүйлийг 105 000 төгрөгөөр үнэлсэн байх тул Т.Аринболд нь бусдын эд зүйлийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 300 000 төгрөгийн төгрөгөөс дээш хохирол учруулсан болох нь тогтоогоогүй тул түүний үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болжээ.

Иймд 2005 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Т.Аринболдын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Аринболд нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Аринболд нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох үндэстэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. 2005 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ховд аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасаг овогт Тэрбишийн Ариунболд холбогдох 201721000110 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Ариунболдыг цагаатгасугай.
  2. Т.Ариунболдйн эзэмшлийн 42 инчийн 390 000 /гурван зуун ерин мянга/ төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн Лед зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 сарын 17-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.
  3. Т.Ариунболдод урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй:
  4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг талууд гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН