Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар  2021/ДШМ/523

 

 

 

 

 

     2021          5              25                                       2021/ДШМ/523                              

 

 

Э.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

хохирогч Э.Х, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, 

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 475 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Э.Эт холбогдох эрүүгийн 2003 00000 0317 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овогт Эын Э, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ...................... хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, .................... гудамж, ...... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Дарь-Эх явах шинэ замд “Toyota 4-Runner” загварын 03-33 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Э.Хыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг судалж үзээд Э.Эт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1. “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.4. “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5. “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно. Үүнд:

Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад “...Хохирогч Э.Х нь эмчилгээний зардалд 1.317.213 төгрөгийг, бусад зардалд 1.483.428 төгрөгийг, эд хөрөнгийн хохиролд 471.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд яллагдагч Э.Энхтшиг нь 1.145.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...” талаар дурджээ.

Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар болон хохирогч, шүүгдэгч талаас гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудаас харахад хохирогч Э.Хд тухайн гэмт хэргийн улмаас бодитоор хэчнээн төгрөгийн хохирол учирсан болон шүүгдэгч Э.Эийн зүгээс хохирогчид хэчнээн төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бэ гэдэг нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын тооцоо гаргахдаа нэг баримтад тусгагдсан мөнгөн дүнг давхардуулан бичсэн, шүүгдэгч Э.Эээс хохирол төлсөн талаар баримт хавсаргасан байхад төлөөгүй мэтээр хохирол тооцож бодсон, мөн хохирогчийн зүгээс өмнө нь 500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан талаар тайлбарлаж, тухайн мөнгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотолсон буюу тогтоосон баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн шатанд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0283321 дугаартай шийдвэрээр хохирогч Э.Х нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алданги /групп/ тогтоолгосон талаарх баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсан зүйл байхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нэг мөр нотлох зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд ингэснээр шүүх хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон эсэх, цаашлаад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, нөгөөтэйгүүр шүүхээс шүүгдэгчийг тус зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд оногдуулах ял шийтгэлийн хувьд хуульд заасан ялгамжтай нөхцөл байдал үүсэх юм. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Энхтүвшигт урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Э.Эийн үйлдсэн хэрэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд нь мөрдөн шалгах ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдсон бөгөөд яллагдагч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байр суурьнаас шүүх хуралдаанд оролцсон болно. Шүүх хурлын явцад гагцхүү иргэний нэхэмжлэлийн талаар хэлэлцүүлэг явагдсан. Хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар хохирогч Э.Х нь эмчилгээний зардалд 1.317.213 төгрөг, бусад зардалд 1.483.428 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 471.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд яллагдагч Э.Э нь 1.145.000 төгрөгийн хохирол төлсөн талаар баримтууд хэрэгт авагдсан байсан. Харин яллагдагч нэмж мөнгөөр төлсөн болон эд материал хэлбэрээр төлсөн төлбөрийн баримтуудаа, мөн хохирогч нь төлбөр хүлээж авсан зарцуулалтын баримт болон цаашид нэхэмжилж байгаа баримтуудаа тус тус шүүхийн шатанд нэмж гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Э.Э нь нийт 6.600.000 төгрөгийг дансаар төлсөн, 1.676.000 төгрөгийн эмчилгээний болон бусад эд зүйлийн тусламж үзүүлсэн, хохирогч мөнгө болон бусад эм тарианы 7.411.470 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан, үүнийгээ баримттай, баримтгүйгээр эмчилгээндээ зарцуулаад дууссан, баримт авч чадсан зүйлүүдээ хэрэгт хавсаргуулсан байгаа, цаашид өмгөөлөгчийн хөлс, ээжийн цалин орлого, сургалтын төлбөр зэргээ нэхэмжилж байна гээд холбогдох баримтуудаа гаргаж ирүүлсэн талаар шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн бөгөөд дээр дурдсанаар холбогдох баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгсөн. Мөн хохирогч Э.Х нь хэрэг шүүхэд шилжсэний дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, хурлаас түүнийг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэсэн шийдвэр гарсан нотлох баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгсөн байхад шүүх энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа этгээд бөгөөд хэрэг шүүхэд шилжсэний дараа ч өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй /хор уршиг нь арилаагүй учраас нэмэгдэх боломжтой/ бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээн дэх иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтын шаардлага мөн адил тавигдана. Иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин шүүх нотлох баримт шаардлага хангаагүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг дурдаж шийдвэрлэх боломжтой юм.

Түүнчлэн иргэний нэхэмжлэлийн асуудал, түүний нотлох баримттай холбоотой асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх асуудалд хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаах үндэслэл болно. Гэтэл анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид заасан үндэслэл нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байгаа төдийгүй хэргийг буцааснаар ямар ажиллагааг хийлгэх нь тодорхой бус ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Хын биед гавлын баруун чамархай ясны далд хугарал, аарцагийн баруун талын сүүжний дэлбээ яс, баруун суудал ясны доод салаа, зүүн умдаг ясны дээд салаа, зүүн суудал ясны доод салааны далд хугарал /Мальген хэлбэрийн хугарал/, баруун гарын атгаал ясны далд хугарал, тархи доргилт, зулай, дагзны хуйх, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Мөн хохирогчийн осолд орсны дараах эрүүл мэнд болоод биеийн байдлын талаарх Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх зэрэг баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт хавсаргасан. Түүнчлэн хохирогч эрүүл мэндээрээ хохирсны улмаас хийлгэсэн эмчилгээ, эм тарианы зардалтай холбоотой болон бусад зардалтай холбоотой баримтуудын жагсаалтыг баримтын хамт мөрдөн байцаалтын шатанд гаргаж хэрэгт хавсаргасан. Хэрэг шүүхэд шилжсэний дараа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарснаар 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар группд орсон байдаг. Энэ талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн нь нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ баримттай холбоотой юуг тодруулах шаардлагатай болох нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ”, мөн хэсгийн 5.4 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох”-оор заасан байхад хохиролтой холбоотойгоор хэргийг прокурорт буцаасан нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан байхад хэрэгт хавсаргасан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан. Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтыг хангаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 475 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 475 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү .” гэв.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурор Ж.Энхжаргалын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар хангалттай шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЗ/475 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ 

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ