Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0860/3 |
Дугаар | 128/ШШ2022/0929 |
Огноо | 2022-12-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0929
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б*******,
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд,
Маргааны төрөл: Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б*******аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах” тухай гаргасан.
2.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолыг үндэслэн хүчингүй болгожээ.
3.Нэхэмжлэгч Д.Б*******ас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээ сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/ 719 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаар магадлалтай, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс татгалзсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолтой Д.Б*******, Р.Б***** нарт холбогдох хэргийн
Д.Б*****д холбогдох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг 1.4-т заасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн, яллах дүгнэлтэд байхгүй хуулийн зүйл хэсгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр Д.Б******* түүний өмгөөлөгчөөс шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг хянуулахаар шат шатны прокурорт гомдол гаргасан билээ.
2/Баянгол дүүргийн болон Нийслэлийн прокурорын өгсөн хариуг эс зөвшөөрч дээд шатны прокурор болох Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Б*******д гаргасан гомдлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/1121 тоот хариуг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорт Б.Ж*******д 2022 оны 09-р сарын 02-ны өдөр гомдол гаргасан юм.
Уг гомдлын хариуг гартал хугацаанд Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б*****-ын Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг шийдвэрлэхгүй байх талаар Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдад хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн.
3/Гэтэл Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд нь Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан “Нотариатч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэснийг зөрчиж, нотариатч Д.Б***** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг прокурорт гаргаж, Улсын Ерөнхий прокуророос уг хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалыг гаргасан нь үндэслэлгүй байна.
4/Түүнчлэн Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд нь тушаалын үндэслэлээ Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалт, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03-р сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолыг үндэслэн гэсэн нь хууль бус болно. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Б*******д холбогдох эрүүгийн хэргийн үйлдлийн талаар болон гэм буруугийн талаар хэлэлцэж, ямар нэг дүгнэлт, шийдэл гаргаагүй, Улсын Дээд Шүүх нь Д.Б*******д холбогдох хэргийн талаар огт хэлэлцээгүй болно.
5/Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоол нь Д.Б*******д холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс татгалзсан тогтоол байтал хариуцагч Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд нь уг тогтоолыг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон нь хууль бус захиргааны акт болохын илэрхийлэл юм.
6/Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Д. Б*****-ын Захиргааны ерөнхий хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангаагүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 15, 26, 28-р зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, гаргасан захиргааны актаа өөрт нь мэдэгдээгүй байдаг. Мөн түүнчлэн зөвхөн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн хяналтын шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолыг Д.Б*****-ын нотариатчийн эрхийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн хариуцагч нь Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Д.Б***** нь шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргаж, уг хүсэлт эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад болон мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар нотариатын сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн захиргааны акт гаргахаар хуульчилсныг зөрчсөн байдаг.
Мөн дээрх нөхцөл байдал байгаа талаар өөрт нь хүсэлт, гомдол гаргасан байхад Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаартай “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг илт хууль бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны актыг илт хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Хууль зүйн үндэслэлийн хувьд нэгдүгээрт: Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, мөн хуулийн 15, 26, 28, 32, 42.2.3-т заасныг болон Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Учир нь захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, түүнчлэн маргаан бүхий Хууль зүйн сайдын тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгөлгүйгээр Нотариатчидын танхимд шууд хүргүүлж, тус танхимаас нэхэмжлэгчийг тамга, тэмдгээ өгөхийг шаардсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь тамга, тэмдгээ хүлээлгэж өгсөн. Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн. Хоёрдугаарт: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцох боломжийг хангаагүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж заасныг мөн зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн. Маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүсэлт, гомдол хүргүүлсэн. Тус гомдолдоо “...Эрүүгийн шүүхийн 3 шатны шийдвэр гарсан ч гэсэн тухайн шийдвэрүүдэд гомдолтой байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Прокурорын байгууллагад хүсэлт гаргасан, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан 3 шатын шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн прокурорт хүсэлт гаргасан. Баянгол дүүргийн прокуророос хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас Нийслэлийн прокурорт мөн хүсэлт гаргасан. Нийслэлийн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг зөрчиж, Баянгол дүүргийн прокурорт хүсэлтийг шилжүүлсэн. Энэ үндэслэлээр Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан, үүний дагуу Улсын ерөнхий прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу хүсэлтийг мөн буцаасан учраас Улсын ерөнхий прокурор Б.Ж********д гомдол гаргасан. Уг гомдлын хариуг гартал хугацаанд Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг шийдвэрлэхгүй байх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан. Гэтэл тус өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас маргаан бүхий эрхийн актыг гаргасан. Тус актыг гаргахдаа өөрт нь хандаж хүсэлт гаргасаар байхад оролцогчийн эрхийг хангаагүй нь хууль зөрчсөн байна. Хоёрдугаарт: Тус акт гаргахдаа Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэж акт гаргасан. Улсын дээд шүүхийн тогтоолд хэргийг хянахаас татгалзах тухай агуулгатай тогтоол байдаг ба уг тогтоолоор хэргийг хянаагүй, гэм буруугийн талаар хэлэлцсэн шүүхийн шийдвэр биш гэж үзэж байна. Эрүүгийн шүүхийн 3 шатны тогтоол гарсан гэж тайлбарлаж байгаа боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал нь Улсын дээд шүүхийн хэргийг хянахаас татгалзсан тогтоолыг үндэслэж гарсан эрхийн акт юм. Энэ нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болохгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Эдгээр нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоол нь гэм буруугийн талаар хэлэлцсэн тогтоол биш гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дээрх үндэслэлээр захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт илт хууль бус захиргааны акт байна гэж заасан байдаг. Мөн хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг дээрх нөхцөл байдал байна. Илт хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан шинжийг агуулж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн 3 шатны шүүхийн тогтоолын үндэслээгүй, зөвхөн Улсын дээд шүүхийн гэм бурууг хэлэлцээгүй тогтоолыг үндэслэж захиргааны акт гаргасан үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргасан нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэж тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүхийн аль нэг шийдвэр болон тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход нөлөө үзүүлэхүйц шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрүүд биелэгдэхгүй хойшилдог эрх зүйн зарчим байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс прокурорын байгууллагуудад шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар гомдол гаргасан, энэ гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын ерөнхий прокурор хариу өгөөгүй, гомдол гаргасан гэдэг холбогдох нотлох баримтаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад илэрхийлсээр байхад маргаан бүхий актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Хоёрдугаарт: Илт хууль бус захиргааны актыг үндэслэж Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э****** татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Нотариатч Д.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон.
2/Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О*******гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана” гэж, мөн эцсийн шийдвэр байж, гомдол гаргах эрхгүй болохыг 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заажээ.
3/Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “нотариатч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” бол Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан хүрээнд Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.
4/Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэгт ажиллагаа хийлгүүлэх агуулгатай гомдлыг Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/1421 дугаартай хариу албан бичигт ...илт хууль бус бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталсан гэж дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэж, хуулийг илт буруу хэрэглэн нотариатчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн асуудал нь хэрэгт шинээр тогтоогдсон, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан баримт биш бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн байна гэж тодорхой дурдсан байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-т заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр, 28.1.2-т заасан нөхцөл байдлыг дүгнэж сонсох ажиллагааг хийлгүй, нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гарсан болно.
Иймд нэхэмжлэгч Д.Б*******аас “...нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/265 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотариатч Д.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоол гарч шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О*******ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана” гэж, мөн эцсийн шийдвэр байж, гомдол гаргах эрхгүй болохыг 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заажээ. Нэхэмжлэгч өмгөөлөгчөөс Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасныг үндэслэх ёсгүй байсан гэж тайлбарласан. Тус Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т "нотариатч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон" бол Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасны хүрээнд 2022 оны А/256 дугаар тогтоол гарсан учраас захиргааны актыг илт хууль бус гэж тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий акт нь хууль, эрх хэмжээний хүрээнд гарсан захиргааны акт учраас нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэл байхгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухайд хэрэгт ажиллагаа хийлгүүлэх агуулгатай гомдлыг УЕПГ-т гаргасан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/1421 дугаартай хариу албан бичигт “...илт хууль бус бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталсан гэж дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэж, хуулийг илт буруу хэрэглэн нотариатчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн асуудал нь хэрэгт шинээр тогтоогдсон, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан баримт биш бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн байна...” гэж тодорхой дурдсан байна. Тийм учраас тухайн хариуг аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-т заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр, 28.1.2-т заасан нөхцөл байдлыг дүгнэж сонсох ажиллагааг хийлгүйгээр, нотлох баримтуудыг үндэслэн маргаан бүхий А/265 дугаар тушаалыг гаргасан болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгчээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Хэргийн үйл баримтын тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.“Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 18.1.3.“нотариатч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тус тус заажээ.
3.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Б*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ДШМ/85 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:1.2.“давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан” гэж, мөн хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана”, мөн зүйлийн 5-д “Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх ба гомдол гаргахгүй” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ДШМ/85 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоол гарснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.“утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6.“иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3.“захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн байх ба дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан маргааны бүхий захиргааны акт нь утга агуулгын алдаатай, аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүй халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.Учир нь утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зоргыг бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгыг илэрхийлсэн байхыг ойлгох бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасанд нийцэхгүй байна.
6.Хэдийгээр нэхэмжлэгчээс “Улсын Ерөнхий прокурорт хандаж дээрх шийтгэх тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан, уг хүсэлтэд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан” гэж тайлбарлаж буй хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.
7.Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд гэнэт хүчин төгөлдөр болсон тохиолдолд аливаа иргэн, хуулийн этгээд түүний биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийн дагуу хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалыг гаргасныг буруутгах үндэслэлгүй.
8. Харин нэхэмжлэгчээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дээрх шийтгэх тогтоол, магадлалыг хянуулж, хүчингүй болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд ийнхүү хүсэлт гаргахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэжээ.
9.Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн оролцоог бүрэн хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл болохгүй,
10.Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу дахин акт гаргасан ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй тул захиргааны байгууллагын энэхүү алдааны улмаас актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*****-ын нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд холбогдуулан гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Д.Б*****-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ