| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1332 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
Улсын яллагч А.Марал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.***, түүний өмгөөлөгч Ч.***,
Шүүгдэгч М.***, түүний өмгөөлөгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус Тээврийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 10-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг, ***-*** *** тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
*** буйдан овогт ***ын *** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.*** нь *** дүүргийн *** дүгээр хороо *** Япон амортизаторын хойд замд 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 20 цаг 20 минутын орчимд Тоёота приус-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Х.***ыг мөргөж түүний амь насыг хохироосон хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч М.***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ бүгдийг мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр *** дүүргийн нутаг дэвсгэрт байдаг хүргэний гэрт байж байгаад хүргэний машиныг гуйж аваад орой 18 цагийн үед Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож *** дүүргийн нутаг дэвсгэр баруун салаа орж айлд ачаа өгчхөөд буцаад 20 цагийн үед Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урд чиглэлтэй Баянхошууны *** засмал замаар явж байсан. Тэгэхэд ертөнцийн зүгээр зам хойд тал буюу миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслийн зүүн гар талаас нэг явган зорчигч явган хүний гарцгүй газраас машины жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талаас гэнэт нэг хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийн тоормос гишгэсэн боловч машиныг зогсоож амжаагүй нөгөө явган зорчигчийг мөргөсөн. Тэгээд би замын хажууд машиндаа засвар хийж байсан хүн дээр очоод цагдаа болон түргэн дуудаад өгөөч гээд дуудуулсан… Би 57-58 км цагийн хурдтай явж байсан. Зорчих хэсэг гэрэлтүүлэг асаалтай байсан. Осол гарсан газрын нэг шонгийн гэрэл асахгүй байсан. Замын зорчих хэсэг ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Цаг агаарын нөхцөл байдал тогтуун ямар нэгэн бороо болон шороо шуураагүй байсан… Би тээврийн хэрэгслийг жолоодох үедээ нөгөө явган зорчигчийг хараад тоормос гишгэсэн боловч амаагүй нөгөө явган зорчигчийг мөргөсөн… Би тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ гар утас хэрэглээгүй. Явган зорчигч хараагүй урд явсан тээврийн хэрэгслийн араас гэнэт гүйгээд гараад ирсэн… Манай хүргэн дүүгийн нэр дээр байгаа… Toyota Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун урд гэрэл хагарсан эвдрэл гэмтэл байгаа… Би 2013 онд анх В ангилалтай жолооч болж байсан. 2013 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Энх-Орчлон сургууль төгссөн… Миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслээс ойрхон явж байсан хоорондын зай буюу метрийг мэдэхгүй байна… Миний урд явж байсан тээврийн хэрэгслийг харж байсан. Зорчих хэсэг дээр зогсож байсан хүнийг хараагүй. Миний урд машин явж байсан болохоор харах боломжгүй байсан. 2 дугаар эгнээд тээврийн хэрэгсэл байхгүй байсан… Би тухайн тээврийн хэрэгслийн анх удаа жолоодож байгаа. Өмнө жолоодож байгаагүй… Би осол болох үед тээврийн хэрэгслийн ойрын гэрэл муу асаж байсан гэдгийг мэдээгүй байсан. Осол болсон дараа би мэдсэн… Би тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байсан болохоор машины гэрлийг муу асаж байгааг мэдсэнгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал),
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирол төлбөрийн тухайд эмчилгээний зардал гарч байсан...Сүүлд эмчилгээнд байхдаа биеийн байдал сайжрахгүй байж байгаад 1 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан байгаа. маш их хохиролтой байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын талаар 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай ажлын газрын дарга *** над руу залгаад зам тээврийн осолд танай нөхөр орсон юм шиг байна. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үз гэж хэлсэн. Тэгээд би зам тээврийн осолд орсон байна гэж мэдсэн...тухайн авто машины жолоочид маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар 9,496,152 төгрөгийн зардал гарсан байгаа үүнийг нэхэмжилж авмаар байна. Улсын эмнэлгээс бүх арга хэмжээгээ авсан гээд эмнэлгээс гаргасан байгаа. Ер нь эмч нар ургамал болсон найдваргүй гэсэн оноштой байгаа... Манай нөхөр ямар нэгэн өвчингүй эрүүл саруул хүн байсан. Одоо ухаангүй маш хүнд байнгын асаргаатай хэвтэрт байгаа...” гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дахь тал),
3. Иргэний нэхэмжлэгч С.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. М.*** нь *** дүүргийн *** дүгээр хороо *** Япон амортизаторын хойд замд 2024 оны 08 дугаар сарын 29-ний 20 цаг 20 минутын орчимд Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Халзаны *** (РД: ***)-ийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас явган зорчигч Халзаны *** (РД: ***) эмчилгээ, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 10.442.040/ арван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга дөчин төгрөг/ гарсныг М.***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)
4. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед М.*** миний утасны дугаар луу залгаад би хүн мөргөсөн гэсэн. Тэгээд би зам тээврийн осол болсон тухай мэдсэн... Миний нэр байдаг тээврийн хэрэгсэл... Би Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.***д уг тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг би өгсөн... Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй... Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан. Урд копуд эвдрэл гэмтэлтэй байгаа... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33, 35 дахь тал),
5. Гэрч М.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би М.***тай төрсөн эгч дүүгийн харилцаа холбоотой.:.Манай дүү М.*** нь архи согтууруулах ундааны зүйл хааяа баяр ёслолоор хэрэглэдэг... өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал),
6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...*** дүүргийн *** дүгээр хороо Баянхошуунаас Хөтөл орох замд 2024 оны 08 дугаар сарын 29-ний 20 цаг 20 минутын орчимд Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Х.***ыг мөргөж гэмтээсэн...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
7. Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал)
8. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 4-10 дахь тал),
9. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Спиртийн агууламж 0.000 хувь...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн ***, 12 дахь тал),
10. Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 48-53 дахь тал),
***. Эд зүйлд үзлэг хийсэн “...*** дүүргийн *** дүгээр хороо *** Япон амортизаторын сервисийн ертөнцийн зүгээр баруун чиглэлийн авто замыг харуулсан хяналтын камерт дүрс бичлэгт харагдаж байв. Бичлэгийн бусад хэсэгт хэрэгт ямар нэгэн ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ***559 дугаартай шинжээчийн “...1. Х.***ын биед зүүн зулай яснаас хугарал 2 салаалан хугарлын нэг үзүүр урагш титэм заадас дайрч чамархай ясны урд хэсэг, дух ясны хажуу хэсгээр дамнан зүүн нүдний ухархайн гадна, ар ханыг хамарч доош суурь ясны их далавч, суурь яс руу үргэлжилсэн, хугарлын нөгөө үзүүр чамархайн ар хэсэг, хөхлөг сэртэнг дайрч суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины зүүн дух, зулайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун дух, зулай, чамархайг хамарсан хатуу хальсан доорх цус хуралт, баруун дух, зулай, чамархай, зүүн духны дэлбэн, таламус, дунд тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун 3,4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, зүүн дал ясны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан нийлмэл зөрүүтэй хугарал, баруун богтос ясны зөрүүгүй далд хугарал, дагзны хуйханд няцарсан шарх, цээж, нуруу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо…2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна… 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо… 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 123-127 дахь тал),
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 5006 дугаартай шинжээчийн “...ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь тогтоолд дурдсантай тохирч байна… Шинжилгээнд: "Х.***” гэж хаягласан "***” гэсэн дугаартай хуруу шилтэй 4 мл орчим хэмжээтэй цусны дээж ирүүлсэн байна… Шинжилгээнд ирүүлсэн цуснаас дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээг явуулж Unico-7200 спектрофотометр багаж дээр 590 нм долгионы уртад хэмжилтийг 3-н удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход "Х.***" гэж хаягласан цуснаас 1,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна. Шинжилгээний явц, үр дүнг үндэслэж дараах дүгнэлтийг өглөө…ДҮГНЭЛТ: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн "Х.***" гэж хаягласан "***" гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цуснаас 1,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна… 3. Цусан дахь 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал),
14. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын *** техникийн хяналтын төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн “...Урд буфер баруун талдаа 20см орчим урагдаж цуурсан, урд салхины шил баруун талдаа 80х90см орчим дотогш цөмөрч цацарсан, урд капуд 40х40см орчим хонхойсон, баруун талын урд их гэрлийн гадна бүрхүүл хагарч дотогш цөмөрсөн, хойд буфер зүүн талдаа сууринаасаа мултарсан, улсын дугаарын гэрэл асахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна… Уг авто тээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтэл нь шинэ хуучны аль нь болохыг тогтоох боломжгүй байна… Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,51кН баруун талдаа 2,97 кН, зөрүү нь 15% (стандарт <20%) хойд дугуйн тоормос зүүн талдаа 2,34кН баруун талдаа 2,20кН, зөрүү нь 6% (стандарт <20%) байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байгааг илтгэнэ. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай… Уг тээврийн хэрэгслийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн COSBER KZD-7 тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0,1мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна(стандарт +-0-5мм). Уг тээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJМикро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тос гоожилт байхгүй, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна… Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2-7мм буюу дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Дугуйнууд нь өвлийн M+S 195/80/R15 хэмжээтэй байна… Уг авто тээврийн хэрэгслийн их гэрэл нь төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6200cd, хол дээрээ 23700cd, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13100cd, хол дээрээ 0cd(стандарт 10000-с дээш) гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна…. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно…” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 138-142 дахь тал),
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3027 дугаартай шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн "1_01_R_20240829204831.mp4" нэртэй дүрс бичлэгийн файлын ХЭШ утгыг ирүүлээгүй тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй…2. Шинжилгээнд ирүүлсэн "1_01_R_20240829204831.mp4" нэртэй дүрс бичлэгийн файлыг тоглуулж үзэхэд тогтоолд дурдсан тээврийн хэрэгсэл нь тогтоолд дурдсан зам тээврийн осол гэх хүртэл дүрслэгдээгүй тул тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тогтоох боломжгүй… 3. Шинжилгээнд ирүүлсэн "1_01_R_20240829204831.mp4" нэртэй дүрс бичлэгийн файлын дэлгэцийн цагаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний 20 цаг 50 минут 04 секундээс 08 секунд хүртэл дүрслэгдсэн тээврийн хэрэгслийн зогсолтын дугуйн мөрийн уртаар тухайн тээврийн хэрэгслийн дундаж хурдыг Авто техникийн шинжилгээний лабораторид тогтоох боломжтой…” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 147-152 дахь тал),
16. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Бат-Эрдэнийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1708 дугаартай “...Жолооч: Тoyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.", "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна… Явган зорчигч: Х.*** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна; " гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна…” гэх магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 162 дахь тал),
17. Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн Халзаны *** /РД:***, 50 настай/ өвчтөний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 61-106 дахь тал),
18. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 181-234 дэх тал),
19. *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн ***0-***6 дахь тал),
20. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын ***-ний өдрийн 729 дугаартай шинжээчийн “...Хууль ёсны төлөөлөгч ***ын *** /РД:***/-гийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуу, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна…” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 68-70 дахь тал),
21. *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурор Г.***гийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал),
22. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0625/748 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн “....Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд авто ослын үед учирсан байх боломжтой байна... Амь хохирогч нь толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас хоёр уушгины зогсонгишлын хатгалгаа, амьсгалын гачаалт хам шинжээр хүндэрч нас баржээ..” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 77-92 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлэх байр суурьтай, 2 дугаар хавтаст хэргээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг тус тус шинжлэн судалж оролцсон болно.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд: шүүгдэгч М.*** нь *** дүүргийн *** дүгээр хороо *** Япон амортизаторын хойд замд 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 20 цаг 20 минутын орчимд Toyota Prius-30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.", "12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Х.***ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан улмаар 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр амь нас хохирсон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.***гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ***559, 5006, 3027, 729 зэрэг дугаартай дүгнэлтүүд, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын *** техникийн хяналтын төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Бат-Эрдэнийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1708 дугаартай магадалгаа, Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн өвчтөний түүхийн хуулбар, Нийслэлийн *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурор 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Прокурорын тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0625/748 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгч М.***ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Тодруулбал, улсын яллагч шүүгдэгч М.***д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу 60 хүртэлх хоногоор хойшлуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор прокурорт даалгаж шийдвэрлэсэн ба шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар хохирогч Х.*** нь дээрх гэмтлийн улмаас 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдлоо.
Хоёр: Эрх зүйн дүгнэлт
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
2.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг онцлогтой.
Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглосон байхад шүүгдэгч М.*** нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.***ыг мөргөж, амь насыг нь хохироосон буюу шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоо тогтоогдож байна.
2.5. Шүүгдэгч М.*** нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.
2.6. Иймд шүүгдэгч М.***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Х.***ыг мөргөж, амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.***ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор,
Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд шаардах, авах эрхтэйг, гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 510, 5*** дүгээр зүйлд тус тус зохицуулсан.
3.2. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
3.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар “хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, энэ хуулийн 5*** дүгээр зүйлийн 5***.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульчилсан.
Уг хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг дээрх хувилбарын аль алинаар тооцон үзвэл,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-т хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн О.***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ... үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Иймд амь хохирогч 51 настай байсан нөхцөлийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлах хувилбараар нь тооцон үзэх буюу 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлбэл 99,000,000 төгрөгөөр тогтож байгаа тул шүүхээс хохирогчид аль ашигтайгаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.
3.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*** хэрэгт авагдсан баримтаар нийт 48,533,639 төгрөгийг оршуулгын болон эмчилгээний зардалд нэхэмжилснээс шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13,600,000 төгрөгийг барагдуулсныг хасаж, 34,913,639 төгрөгийг шүүгдэгч М.***аас гаргуулахаар шийдвэрлэв.
3.5. иргэний нэхэмжлэгч С.***ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих бөгөөд нэхэмжлэгч гэж актив легитимац-материаллаг эрх зүйн үүднээс тухайн шаардах эрхийг эдлэх эрхтэй этгээдийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах зэрэг онцгой эрхийг эдэлдэг этгээдийг ойлгоно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж,
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.***э (1 дүгээр хавтас хэргийн 30 дахь тал)-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн буюу иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, хуулийн этгээд нь итгэмжлэлээр ямар эрхийг олгож байгааг тусгайлан зааж, тэрхүү итгэмжлэлийн үндсэн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдав.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу өсвөр насны шүүгдэгч М.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч М.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
4.4. Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 (найм) жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналтай байна...Анхны саналаа дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 1.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа… Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 (найм) жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...Шүүгдэгчид ямар ял оногдуулах нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Уучлалт гуйх гэж бараг 4, 5 удаа ирсэн гэж байна. Шүүгдэгч тэгж ирээгүй...Прокурорын саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгч “...Хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...Би хохирлыг барагдуулж өгнө...” гэв.
Шүүгдэгч М.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн "5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг хохирогч зөрчсөн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг флаш, 1 ширхэг компакт диск хураагдсаныг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
Шүүгдэгч М.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгч авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** буйдан овогт ***ын ***ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 5*** дүгээр зүйлийн 5***.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.***аас 133,913,639 (нэг зуун гучин гурван сая есөн зуун арван гурван мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.***д олгосугай.
- Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг, флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч М.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.