2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

Улсын яллагч Н.Халиунаа,

Хохирогч Н.Ц***,

Шүүгдэгч М.Б***, түүний өмгөөлөгч Т.М*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт М.Б***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *** аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д борлуулагч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ын Б*** (РД:***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б*** нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Д.Т***ын эзэмшлийн *** дүүргийн 11 дүгээр хороо, ***ын 20-7а тоотод байрлах *** гараашинд 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *** *** улсын дугаартай ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг 3 хоногийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан урьдчилгаа 1,000,000, төгрөг, 3 хоногийн түрээсийн 1,050,000 төгрөгийг шилжүүлэн авч явсан ба улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 34-н гүүрний ойролцоо байрлах гараашинд Н.Ц***тай уулзаж “алт ухна” манай дүүгийн машин гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Ц***аас 37,100,000 төгрөгийг өөрийн *** дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу нийт 117,100,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шинжлэн судлуулахаар болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч М.Б***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...нэмж мэдүүлэх зүйлгүй...алт ухна гээд машиныг барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын үеэр танил найзтайгаа Ховд аймагт улт ухахаар ярьж тохиролцоод багаж, тоног төхөөрөмж хэрэг болсон юм. Тухайн үед би мөнгөгүй байсан тул мөнгө олох хэрэгцээ шаардлага гарсан юм, тэгээд хүнээс түрээсээр машин аваад, өөр хүнд барьцаанд үлдээгээд мөнгө авч болдог гэж сонссон болохоор үүнийхээ дагуу тухайн үед түрээслэх машин хайж байсан юм... Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би фейсбүүк зараас түрээсээр машин өгдөг газар луу залгаад ярьж тохиролцоод *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-ын тойргийн тэнд байдаг авто гарааш дээр очиж уулзаад хар өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг түрээсээр авахаар болж түрээсийн гэрээ хийсэн, барьцаа 1.000.000 төгрөг өгөөд, өдрийн түрээс 350.000 төгрөг өгөөд машинаа авч явсан юм, тэгээд шууд тухайн өдрөө танил Ц*** руу ярьж байгаад байгаа газар нь очиж уулзахаар болоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, хороогийн мэдэхгүй байна, 34-н гүүрний тэнд Ц***тай очиж уулзаад энэ Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд авах хүн байна уу, 30-40 саяын хооронд, манай дүүгийн машин байгаа юм, би Ховд аймаг руу яаралтай алт ухах ажил хийх гэж байгаа юм, багаж, тоног төхөөрөмж авах хэрэг болоод гээд хэлсэн чинь Ц*** би зөвшөөрөөд 16.500.000 төгрөг хийгээд, маргааш нь над руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Би тухайн үед мөнгөө аваад шууд онлайн покер тоглож мөнгийг нь алдаад дууссан. Би Ц***аас дахиж мөнгө асуухад над руу 18.000.000 төгрөг шилжүүлсэн ба уг мөнгийг бүгдийг нь цахим онлайн покер тоглож алдсан юм... Би бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Цаашид барагдуулахаа илэрхийлж байна... Би мөнгөө өсгөчих санаатай л тоглоод бүгдийг нь алдчихсан.... Би бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа, цаашид барагдуулахаа илэрхийлж байна... Намайг хэн нэгэн мөрдөгч дарамталж, зодож, эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал),

мөн түүний шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын үеэр найзтайгаа алт ухъя гэж ярьж тохиролцоод, багаж худалдаж авах хэрэгтэй болсон юм, тухайн үед би мөнгөгүй байсан учир мөнгө олох арга хайж байгаад хүнээс түрээсийн машин аваад, өөр хүнд барьцаанд үлдээгээд мөнгө авч болдог гэж сонссон болохоор би тухайн үед түрээслэх машин хайж байсан юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би фейсбүүк зараас түрээсээр машин өгдөг газар луу залгаад ярьж тохиролцож байгаад Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл түрээслэхээр болоод 32-ын тойргийн тэнд байдаг гараашнаас очиж түрээсэлж байсан хүнтэй нь түрээсийн гэрээ хийгээд, барьцаа 1.000.000 төгрөг, өдрийн 350.000 төгрөг бас өгсөн юм. Тэгээд би тухайн үед машинаа авч яваад мөнгө хэрэгтэй болоод танил Н.Ц***аас машин барьцаанд авчих хүн байна уу, Ланд Круйзер- 200 маркийн тээврийн хэрэгсэл 30-40 саяын хооронд барьцаанд тавимаар байна гэхэд би хүнээс асууж өгье гэж байсан ба удалгүй Ц*** над руу яриад энд мөнгөтэй хүн байна, түрээслэх юм уу гэхэд би зөвшөөрөөд 1-р хорооллын ард талд байдаг 64-н гүүрний тэнд гарааш дээр нь уулзсан юм, тухайн үед уулзахдаа би алт ухах ажил хийх гээд мөнгөгүй болчихсон байна, багаж хэрэгсэл авах хэрэгтэй болоод, 20.000.000 төгрөг хэрэгтэй болоод гэж хэлээд машинаа гарааш дээр нь үлдээгээд миний *** тоот хаан банкны данс руу Ц*** над руу 16.500.000 төгрөг шилжүүлсэн ба маргааш мөнгө шилжүүлье гээд машинаа үлдээгээд яваад өгцгөөсӨН. Ц*** маргааш нь над руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би мөнгөө аваад багаж хэрэгслээ авахгүйгээр мөнгөө өсгөчихье гэж бодоод ганцаараа онлайн покер тоглоод бүгдийг нь алдчихсан ба Н.Ц***аас дахин мөнгө асуухад над руу 18.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн мөнгийг нь өсгөчихье гэж бодоод ганцаараа дахиж онлайн покер тоглоод алдчихсан юм... Би утсаар танил залуутайгаа холбогдоод Ховд, Баян-Өлгийн зааг дээр алт гараад байна, хүмүүс хайгчаар алт хайгаад яваад байна гэхээр нь л надад гоё санагдаад зөвшөөрсөн юм... Би алт ухахаар нь аль нэг газар луу явсан удаа байхгүй... Ц***ыг Хархорин зах дээр зогсдог байхаас нь эхлээд мэддэг юм. Б.*** гэх хүнийг танихгүй... Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авч нэрийг нь мэдэхгүй байна, холбогдож байгаад 32-ын тойргийн тэндээс түрээсийн гэрээ хийгээд авч явсан. Би тухайн үед алт ухах хэрэгтэй болоод машин хэрэг болох гээд авсан ба бас мөнгө хэрэг болоод хүнээс машин түрээсээр аваад барьцаанд үлдээгээд мөнгө авч болдог гэж байсан тул машин түрээсээр авсан юм... Би тухайн Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд үлдээхдээ алт ухахаар явна, багаж хэрэгсэл авах хэрэгтэй болчхоод гэж хэлж л барьцаанд үлдээсэн юм... Би Н.Ц***аас авсан мөнгөө бүгдийг нь онлайн покер тоглоод алдчихсан, уг нь өсгөчихье гэсэн санаатай байсан юм... Би бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Цаашдаа барагдуулахаа илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

2. Хохирогч Н.Ц***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Б***тэй 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөнгөний хэрэг гарсан хөдөө алт ухахаар явах гэсэн юм, дүүгийнхээ машиныг хэд хоногийн хугацаанд барьцаанд тавьчихъя гээд тавьсан. Тэгээд яах вэ бид нар гэр бүлийн найзууд болохоор өмнө нь зөндөө удаа мөнгө төгрөг хоорондоо өгөлцөж, авалцдаг байсан болохоор итгээд өгөөд явуулчихсан. Тэгээд барьцаанд авсан машиныг дүүгийн машин гэсэн боловч биш байсныг нь тухайн үед би анзаараагүй. Тэгээд машины хүмүүс нь ирээд машинаа авъя нэхэхэд л мэдсэн. Түүнээс би бол өргөдөл, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөөгүй. Өөр гомдол санал байхгүй. Түүний хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна  ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр орой 20 цаг өнгөрч байхад М.Б*** над руу залгаад хаана байна гэхээр нь гарааш дээрээ байна гэсэн чинь салгаад удахгүй хүрээд ирсэн юм. Тухайн үед би 1-р хорооллын дагуу ард талд 34-н гүүрний тэнд байдаг авто гарааш дээр өөрийнхөө машиныг байршуулах гээд байж байсан юм. М.Б*** хүрч ирээд мэнд ус мэдэлцсэн ба тухайн үедээ *** *** улсын дугаартай хар өнгийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл уначихсан ирсэн ба надад хэлэхдээ манай дүүгийн машин байгаа юм, дүү маань Баян-Өлгий рүү алт ухах гээд явж байна, 10 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, машинаа оронд нь барьцаанд үлдээчихье, 10 хоночхоод ирээд авъя гэхээр нь хэдэн төгрөг зээлэх юм гэхэд 20.000.000 төгрөг хэрэгтэй байна, 10 хувийн хүү өгнө гэхээр нь би зөвшөөрөөд тухайн үед өөрийн *** тоот данснаас М.Б***ийн *** тоот данс руу 16.000.000 төгрөг шилжүүлээд, маргааш нь үлдэгдэл 3.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд машиныг нь 1 дүгээр хорооллын тэнд байрлах гарааш нь даа байршуулж үлдээгээд, түлхүүрийг нь авч үлдсэн ба М.Б*** 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр над руу залгаад дахиад мөнгө хэрэг болж байна, 20.000.000 төгрөг болохоор байна, тэсэлгээний бодис авах гэсэн юм гээд хэлэхээр нь би зөвшөөрсөн ба өмнөх 20.000.000 төгрөгийн 10 хувийн хүү 2.000.000 төгрөгөө авч үлдээд 18.000.000 төгрөг шилжүүлчих гээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн юм. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад тухайн машиныг гараашнаас баруун салаанд байрлах гэртээ аваачиж хашааны гадаа тавьсан юм. Тэгсэн одоо өдрийг нь санахгүй байна, 13 цагийн үед танихгүй залуу ирээд машинаа авъя гээд байсан ба ямар учиртай болох талаар асуухад би машин түрээсэлдэг юм, М.Б*** гэх залуу миний машиныг түрээсээр аваад явсан гээд түрээсийн гэрээ үзүүлэхээр нь би М.Б***ийн хүүгийнх нь машин биш гэдгийг мэдсэн...Би хохирлын мөнгөө барагдуулж авах хүсэлтэй байна, мөнгөө авчихвал өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дахь тал),

мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...М.Б***тэй гэр бүлийн найзууд гэж хэлж болно. М.***ийн эхнэр ***тэй нэг ангийн найзууд ба найзууд болохоор бие биеийнхээрээ их орж гардаг болоод ойр дотно болсон юм... Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр орой 20 цаг өнгөрч байхад М.Б*** над руу залгаад хаана байна гэхээр нь гарааш дээрээ байна гэсэн чинь утсаа салгаад удалгүй хүрээд ирсэн юм. Тухайн үед би 1-р хорооллын ард талд 34-н гүүрний тэнд байдаг авто гарааш дээр өөрийнхөө машиныг байршуулах гээд байж байсан юм. М.Б*** хүрч ирээд мэнд ус мэдэлцсэн ба тухайн үедээ *** *** улсын дугаартай хар өнгийн Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл уначихсан ирсэн ба надад хэлэхдээ манай дүүгийн машин байгаа юм, дүү маань Баян-Өлгий рүү алт ухах гээд явж байна, 10 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, машинаа оронд нь барьцаанд үлдээчихье, 10 хоночхоод ирээд авъя гэхээр нь хэдэн төгрөг зээлэх юм гэхэд 20.000.000 төгрөг хэрэгтэй байна, 10 хувийн хүү өгнө гэхээр нь би зөвшөөрөөд тухайн үедээ өөрийн *** тоот данснаас М.***ийн *** тоот данс руу 16.000.000 төгрөг шилжүүлээд, маргааш нь үлдэгдэл 3.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд машиныг нь 1-р хорооллын тэнд байрлах гарааш нь даа байршуулж үлдээгээд, түлхүүрийг нь авч үлдсэн ба М.***э өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр над руу залгаад дахиад мөнгө хэрэг болж байна, 20.000.000 төгрөг, тэсэлгээний бодис авах гэсэн юм гээд хэлэхээр нь би зөвшөөрсөн ба өмнөх ба 20.000.000 төгрөгийн 10 хувийн хүү 2.000.000 төгрөгөө өөрөө авч үлдээд 18.000.000 төгрөг шилжүүлчих гээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн юм. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад өнөөдөр нь тухайн машиныг нь гараашнаас аваад Баруун салаанд байрлах гэртээ аваачаад хашааны гадаа тавьсан юм. Тэгсэн өдөр 13 цагийн үед танихгүй залуу ирээд машинаа авъя гээд байсан ба ямар учиртай болох талаар асуухад би машин түрээсэлдэг юм, М.Б*** гэх залуу миний машиныг түрээсээр аваад явсан гээд түрээсийн гэрээ гээд үзүүлэхээр нь би М.Б***ийн дүүгийн машин биш юм байна гэж ойлгоод мөнгө авч байж өгнө гээд машиныг нь өгөөгүй юм. Тэгсэн тухайн залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... адад энэ талаар хэлээгүй. Манай дүүгийн машин л гэж байсан юм... Надад нийт 38.000.000 төгрөгийн хохирол учирсан байгаа... Би алдсан мөнгө болох 38.000.000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна. Мөнгөө авчихвал өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би тухайн машиныг хариуцаж, зарж, үрэгдүүлэхгүй, захиран зарцуулах эрхийг бусдыг шилжүүлэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

3. Хохирогч Д.Т***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Би хувиараа *** нэртэй авто засварын газар ажиллуулдаг ба мөн хажуугаар *** ахтай хамт машин түрээсэнд явуулдаг. Гэхдээ би энэ ажилд нь нэг их оролцоод байдаггүй. *** ах л явуулдаг юм...*** ах надад хэлэхдээ түрээсийн гэрээгээр нэг хүнд өгч явуулсан л гэж байсан...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

4. Гэрч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би хувиараа найз Т***тай хамтарч машин түрээсээр явуулдаг юм. Бид хоёр нийлээд нийт 3 машин явуулдаг ба Үнэгүй.мн сайт дээр зараа байршуулдаг юм. Тэгээд үүний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *** дугаарын утаснаас миний *** дугаарын утас руу залгаад “машин түрээсэлье, ланд круйзер 200-г түрээсэлье” гэхээр нь зөвшөөрөөд тухайн өдрөө *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-н тойргийн *** авто гарааш дээр М.Б*** гэх залуу ирээд, машиныг маань үзэж харж байгаад түрээсийн гэрээ хийгээд авч явахаар болоод урьдчилгаа 1,000,000 төгрөг өгөөд 1 хоногийн түрээсийн 350,000 төгрөг өгөөд авч явсан ба 1 хоногийн хугацаанд авч явна гэсэн юм. Тэгээд маргаашаас бас сунгалт хийгээд нийт 2 хоногийн 700,000 төгрөг шилжүүлээд нийт 3 хоног авч явсан ба өчигдөр орой 17:00 цаг гэхэд хугацаа нь дуусаад дахиж сунгана гээд байхаар нь би сунгахгүй гэсэн юм. Учир нь машиндаа GPS төхөөрөмжтэй хаана байгааг нь тогтмол харж байсан ба нэг газраа 4 хоносон болохоор нь машинаа шалгая гээд өнөөдөр GPS-н дагуу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны тэндээс хайж олсон юм. Тэгтэл айлын хашааны гадаа байсан ба тухайн айлын хүмүүстэй уулзахад нэг залуу гарч ирээд М.Б*** гэдэг хүн надаас 40,000,000 төгрөг зээлээд барьцаанд машинаа үлдээгээд яваад өгсөн юм гэж байсан юм. Тэгэхээр нь би машинаа авъя гэхэд “өгөх ямар ч бололцоогүй, М.Б***эс мөнгө авч байж өгнө“ гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм...Тухайн *** *** улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл нь найз Т***ын нэр дээр байдаг. Т***ын эзэмшлийн машин байгаа юм. Би хамт л ажиллаж түрээсийн гэрээг нь хариуцдаг юм...Би Б***тэй түрээсийн гэрээ хийсэн, Эрүүгийн хуулийн хувь нь байгаа...Надад Б***д мөнгө зээлээд барьцаанд машин авч үлдсэн хүн хэлэхдээ 40,000,000 төгрөгт л барьцаанд тавьсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Миний санаж байгаагаар 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз Мөнхбаяр над руу залгаад “танай гараашинд нэг машин хэд хонуулчихъя” гэхээр нь би зөвшөөрөөд хашаан дотроо гараашинд байршуулсан юм. Тухайн үед би буяны ажилтай гадуур явж байсан тул ямар хүн авч ирж тавьсан талаар мэдэхгүй байна, найз Мөнхбаяр надад хэлэхдээ Цогоо гэдэг хүн л аваачиж тавих байх гэсэн юм. Тэгээд тухайн өдрөөс хойш манай хашаанд байгаа ба *** *** улсын дугаартай хар өнгийн тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр түрээсээр машин өгч явуулсан боловч өөр хүнээс мөнгө зээлээд машин барьцаанд тавиад явсан байна...” гэх тэмдэглэл болон шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03-04 дэх тал),

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт өөр ач холбогдолтой ул мөр илрээгүй...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-07 дахь тал),

7. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай хөрөнгийн үнийн “...тоёота ланд круйзер 200 загварын автомашин 80,000,000 төгрөг...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

8. 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Автомашин түрээслэх гэрээ” (хавтаст хэргийн 35-38 дахь тал),

9. Ланд круйзер ланд-200 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн “...Өмчлөгч...Д.Т***...” гэх гэрчилгээ (хавтаст хэргийн 45 дахь тал),

10. Хохирогч Н.Ц***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

11. Шүүгдэгч М.Б***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 47-58 дахь тал),

12. Шүүгдэгч М.Б***ийн дансанд үзлэг хийсэн “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *** тоот данснаас 5015271977 тоот данс руу 16,500,000 төгрөгийн орлого Ц***аас гэх утгатай,...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийн орлого Ц***аас гэх утгатай,....20025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийн орлого зээл гэх утгатай,... 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18,000,000 төгрөгийн орлого Ланд-200 машины үнэ 98001929 гэх утгатай” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 59-63 дахь тал),

13. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 67-77 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99, 128 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт М.Б***ийг гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.М***гаас “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж, зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн 5, 8-11, 17-18, 30, 35, 64, 67, 85 болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.Б*** нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Д.Т***ын эзэмшлийн *** дүүргийн 11 дүгээр хороо, ***ын 20-7а тоотод байрлах *** гараашинд 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *** *** улсын дугаартай ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг 3 хоногийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан урьдчилгаа 1,000,000, төгрөг, 3 хоногийн түрээсийн 1,050,000 төгрөгийг шилжүүлэн авч явсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 34-н гүүрний ойролцоо байрлах гараашинд Н.Ц***тай уулзаж “алт ухна” манай дүүгийн машин гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Ц***аас 37,100,000 төгрөгийг өөрийн *** дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу нийт 117,100,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Т***ын мэдүүлэг, гэрч Б.***ийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай хөрөнгийн үнийн магадалгаа, 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Автомашин түрээслэх гэрээ”, Н.Ц***ын Хаан банкны *** дугаартай дансны хуулга, М.Б***ийн Хаан банкны *** дугаартай дансны хуулга, шүүгдэгч М.Б***ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Ц***ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Б***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт.

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

2.4. Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Тодруулбал, шүүгдэгч М.Б*** нь хохирогч Д.Т***ын эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн *** *** улсын дугаартай 80,000,000 төгрөгийн үнэ бүхийн тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ байгуулсны үндсэн дээр авсан үйл баримт тогтоогддог.

Гэвч хохирогч Д.Т***, шүүгдэгч М.Б*** нарын хооронд байгуулсан автомашин түрээсийн гэрээний “Нэг. Нийтлэг үндэслэл...1.4. Түрээсийн автомашиныг дамжуулан түрээслэх буюу бусад этгээдэд ашиглуулах, зориулалтын бусаар ашиглах,....хууль бус зүйл хийхэд ашиглахыг хориглоно.”, “Тав. Түрээслэгчийн эрх, үүрэг...5.2. Түрээслэгч дараах үүрэгтэй...5.2.4. Түрээсийн автомашиныг бусад этгээдэд дамжуулахгүй, ашиглуулахгүй байх,” гэж тус тус заасан ба энэхүү гэрээг хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор байгуулсан байна.

Дээрхээс үзвэл, шүүгдэгч М.Б*** нь хохирогч Д.Т***ын Ланд круйзер 200 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг автомашин түрээсийн гэрээгээр шилжүүлэн авч улмаар бусдын эд хөрөнгийг барьцаанд тавьсан буюу үргэлжилсэн үйлдлээр Н.Ц***тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан үйлдэл уг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж бусдад их хэмжээний хохирол учруулсан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэхээр гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд прокуророос хэргийн үйл баримт буюу хохирлын хэмжээг зөв тогтоосон, зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б***ийн “...алт ухна гээд машиныг барьцаанд тавьсан...”,

яллагдагчаар өгсөн “...манай дүүгийн машин байгаа юм, би Ховд аймаг руу яаралтай алт ухах ажил хийх гэж байгаа юм, багаж, тоног төхөөрөмж авах хэрэг болоод гээд хэлсэн чинь Ц*** би зөвшөөрөөд 16.500.000 төгрөг хийгээд, маргааш нь над руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн юм...”,

сэжигтнээр өгсөн “...Ц*** над руу яриад энд мөнгөтэй хүн байна, түрээслэх юм уу гэхэд би зөвшөөрөөд 1-р хорооллын ард талд байдаг 64-н гүүрний тэнд гарааш дээр нь уулзсан юм, тухайн үед уулзахдаа би алт ухах ажил хийх гээд мөнгөгүй болчихсон байна, багаж хэрэгсэл авах хэрэгтэй болоод, 20.000.000 төгрөг хэрэгтэй болоод гэж хэлээд машинаа гарааш дээр нь үлдээгээд миний *** тоот хаан банкны данс руу Ц*** над руу 16.500.000 төгрөг шилжүүлсэн...”,

хохирогч Н.Ц***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М.Б***тэй 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөнгөний хэрэг гарсан хөдөө алт ухахаар явах гэсэн юм, дүүгийнхээ машиныг хэд хоногийн хугацаанд барьцаанд тавьчихъя гээд тавьсан. Тэгээд яах вэ бид нар гэр бүлийн найзууд болохоор өмнө нь зөндөө удаа мөнгө төгрөг хоорондоо өгөлцөж, авалцдаг байсан болохоор итгээд өгөөд явуулчихсан...”, гэсэн мэдүүлэг авагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг дурдав.

2.5. Иймд шүүгдэгч М.Б*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц***д 37,100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.Б*** нь хохирогчид 40,000,000 төгрөгийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч Н.Ц***ын “Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо гомдолгүй” гэх тэмдэглэлээр тогтоогдож байна. Түүнчлэн, хохирогч Д.Т***ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг буцаан олгосон тул шүүгдэгч М.Б***ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4..1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч М.Б***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч М.Б***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Энэ гэмт хэрэг нь 10.000 (арван мянга) нэгжээс 40.000 (дөчин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцтайгаар хуульчлагдсан. Шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогчид учирсан хор уршиг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжээр торгох ялын саналыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч Т***д буцаан олгуулах, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна... Шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Иймд өмнөх саналаа дэмжиж байна...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М***гаас “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэлээр зүйлчилсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад заасан хамгийн багаар буюу 10.000.000 төгрөгөөр торгож, төлөх хугацааг 1 жилээр тогтоож шийдвэрлэж өгнө үү. Энэ хүн тодорхой тогтсон ажилтай. Үүнийг найз нөхөд нь мэднэ... Хүний хувийн амьдралыг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ хүн *** ХХК-д 2010 оноос хойш ажиллаж байгаа. Цаана нь хүний амьдрал явдаг. Иймд хамгийн багаар шийдвэрлэж өгнө үү...” санал, дүгнэлтийг,

Хохирогч Н.Ц***аас “...Хамгийн багаар торгож өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгчээс “...Надад хамгийн бага хэмжээгээр торгох ялыг оногдуулж өгнө үү. Хэрэв шүүхээс бага хэмжээгээр торгох ялыг оногдуулж өгвөл би нэг жилийн хугацаанд төлж барагдуулж дуусгах болно...” санал, тайлбарыг тус тус шүүх бүрэлдэхүүнд гаргасан болохыг дурдав.

4.4. Шүүгдэгч М.Б***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад /хохирлоо бүрэн төлсөн/ тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Б***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б***д сануулж шүүх шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн 25-14 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Д.Т***д буцаан олгож,

шүүгдэгч М.Б***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овгийн ***ын Б***ийг “...үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Б***д оногдуулсан 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б***д сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн 25-14 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Д.Т***д буцаан олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.