2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны ***йн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Г.Ариунзул,

хохирогч М.*** /цахимаар/,

шүүгдэгч М.***, түүний өмгөөлөгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 08-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, төрсөн эцэг, эх, 3 дүүгийн хамт *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай боловч *** дүүргийн *** дүгээр хороо *** тоотод оршин суудаг, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,

 *** овогт ***ийн *** (РД:***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.*** 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***” гэх зочид буудалд хохирогч М.***ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Хаан банкин дахь түүний виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар түүний эзэмшлийн *** тоот данснаас нийт 6,856,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч М.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 07 сарын 17-нд би *** гэх буудалд гадуур явж байгаад танилцсан залуутайгаа архи ууж байгаад нөгөө залуу маань явсан би тухайн өдөр би буудалдаа ганцаараа үлдээд тухайн буудлын ресейпшн охиныг хоёр залуу загнаад зогсож байхаар нь за залуучуудтай эмэгтэй хүнтэй ингэж болохгүй шүү гэж ярилцаж ойлголцоод өрөөндөө ороод байж байтал нөгөө хоёр залуу намайг ганцаараа байгааг мэдээд танилцъя гэж ирээд бид гурав архи ууцгаасан. Тэгээд нөгөө хоёр залуу надаас хэд ах байсан болохоор намайг дэлгүүр ороод ирээч гээд надад картаа өгсөн би захисан архи юмыг нь оруулж өгөөд цуг архи ууж байсан хоёр залуу нэлээн согтохоор нь би картыг аваад гарсан. Би архи нэлээн уусан байсан болохоор зарим юмаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь Баянгол дүүргийн өргөөгийн арын *** гэх буудлын трасан дээр виски ууж байсан тэгээд тухайн буудалдаа хоёр дуудлагын хүүхэн дуудаж удалгүй хоёр хүүхэн ирээд нэг мэдсэн би зодуулчихсан байсан бага зэрэг ухаан ортол өмдөндөө шээчихсэн байсан ба аав ***, ээж Сэндэнхүү нар ирж аваад гэр лүү авч явсан…Би архи их уусан байсан болохоор санахгүй байна. Тухайн мөнгийг архи буудалд зарцуулсан. Би нэлээн согтуу байсан болохоор хэдэн төгрөг авсан санахгүй байна ямар ч байсан мөнгө авч хэрэглэсэн…*** буудалд картын эзэнтэй цуг архи ууж байхад надад картаа өгөөд нууц дугаараа хэлээд дэлгүүр явуулсан тэгээд би картын нууц дугаарыг мэдсэн…Би хүний картаас мөнгө аваад ганцаараа хэрэглэсэн. Тухайн өдөр данснаас мөнгийг аваад картыг хаячихсан…Би согтуу картаас нь мөнгө аваад дэлгүүрт уншуулаад яваад байсан. Мөнгө авснаа бол санаж байна яаг хэдэн төгрөг авснаа санахгүй байна…Би нэлээн мөнгө аваад үрээд яваад байсан 6,856,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна…Би хохирол мөнгөө барагдуулаагүй байгаа…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

2. Хохирогч М.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өнөөдөр ***ын аав нь холбогдсон. Шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрийг барагдуулъя гэж хэлсэн. Одоогоор барагдуулсан зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өглөөний би *** гэх буудалд орсон. Ойр зуур гарж орохдоо *** гэх залуутай байнга таараад танилцсан байсан *** гэх залуутай хамт өрөөгөө томруулаад сууя гэж ярилцаад тэр үед ***-н өрөөний цаг дууссан байсан болохоор хамт сууя гэсэн тэгээд хамт сууж байгаад оройны 23 цагийн үед архи уухаар болсон ба *** би яваад ирье гэхэд би өөрийн *** гэх дансны дугаартай хаан банкны visa картаа өгч гаргасан. *** нь 10 минутын дараа архиа аваад ороод ирсэн тэгээд манай найз *** гэх залуутай хамт уугаад сууж байгаад архи талдаа ортол *** явлаа гээд гараад явсан. Би картаа авсан гээд бодсон байсан.2023 оны 07-дугаар сарын 19-ний өдөр өглөөний 10 цагийн орчимд утсаа асаагаад хартал данснаас мөнгө гарсан мэдээллүүд ирсэн байсан. Тэгээд банк руу ярьж дансаа хаалгаад цагдаа руу залгаж Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэст ирсэн... Би сайн танихгүй 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр танилцсан... Өглөө 10 цагт утсаа асаахад миний *** данснаас 19 цагт 10 минутад 47,700 төгрөгөөр *** Супермаркет гэх утгатай, 32,800 төгрөгөөр *** Дэлгүүр 34,250 төгрөгөөр СИ ЮҮ, 5000 төгрөгөөр *** ундраа, 17,000 *** ундраа, 1.000.000 төгрөгөөр АТМ-с 3.800.000-аар АТМ-с, 2.000.000-аар АТМ-с, нийт 6.994.727 *** төгрөг гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би сэтгэл санаанд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахгүй нэхэмжлэхгүй... 6,856,000 төгрөг тухайн үед миний картаас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

3. Гэрч Э.***ын мөрдөх шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз *** Сэлэнгэ аймгаас ирээд гадуур бааранд бид хоёр орж байж байгаад амрахаар Баянгол дүүргийн *** зочид буудалд 2023 оны 07 сарын 18-ны өглөө ороод 12 Цагийн орчим унтаж байгаад сэрэхэд манай найз *** байхгүй байхаар нь өрөөнөөс гартал хажуу өрөөний залуутай пиво уучихсан сууж байсан тэгээд би тухайн өрөөний эмэгтэй, эрэгтэй танилцаад байж байтал тухайн өрөөний цаг дуусаад буудлын хүн гараараа гэхэд танилцсан… *** гэх залуу мөнгө байхгүй байх шиг байхаар нь найз *** бид хоёр өрөөгөө 2 ортой өрөө болгоод *** гэх залууг найз эмэгтэйтэй нь оруултал эмэгтэй нь удалгүй яваад өгсөн. Тэгээд ***, *** бид 3 архи уухаар болоод *** банкны картаа өгөөд архинд явуулсан тэгээд авсан архиа уугаад сууж зайтал *** гэх залуу за ах нараа явлаа харихгүй бол болохгүй нь гээд 23 цагийн үед гараад явсан. Тэгээд маргааш өглөө *** босоод утсаа асаатал данснаас 6,000,000 төгрөг орчмын зарлага гарсан байна гээд бид хоёр цагдаагийн байгууллагад ирж бүртгүүлсэн.
Буудалд танилцсан *** гэх залууг архинд явуулаад *** картаа буцаан авахаа мартсан байсан… Тухайн эмэгтэй буудлаас нэлээн эрт гараад явсан. Тухайн хулгайн хэрэгт хамааралгүй *** гэх залуу ***ын картыг хулгайлсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

4. Таньж олуулах ажиллагаагаар хохирогч М.*** нь “...Би Б.***тай би *** зочид буудалд цуг архи уусан би харвал сайн танина. *** өндөр 173 см орчим өндөртэй, бор өнгийн царайтай, шаймий, дэлдэн чихтэй, буржгар дуу үстэй. Танигч М.*** нь эдгээр хүмүүсийн надтай уг архи ууж байгаад миний картыг авч явсан гэх залуу 1 дугаарын залуу туранхай өндөр залуу мөн байна гэж М.***ын зургийг зааж байна. ...Дахин зургуудын байрыг солиход танигч М.*** нь эдгээр хүмүүсийн надтай архи ууж байгаад миний картыг авч залуу нь 2 дугаарын залуу мөн байна ийм царайтай залуу байсныг сайн санаж гэж М.***ын зургийг дахин зааж байв. би царайгаар нь таньж байна... Бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-34 дэх тал),

5. Хаан банкин дахь М.***ын эзэмшлийн *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн “... 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03 цаг 17 минутаас 03 цагийн 21 минутын хооронд 6 удаагийн гүйлгээгээр нийт 6,856,250 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн..." тэмдэглэл (хавтаст хэргийн 16-23 дахь тал),

6. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 84-92 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах,

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...хэргийн зүйлчлэлд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлсэн болно.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.*** нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***” гэх зочид буудалд хохирогч М.***ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Хаан банкин дахь түүний виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар түүний эзэмшлийн *** тоот данснаас нийт 6,856,250 төгрөгийн хохирол учруулсан  болох нь хохирогч М.***ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.***ын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хаан банкин дахь М.***ын эзэмшлийн *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт

2.1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

2.3. Шүүгдэгч М.***ын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хохирогчийг харсаар байхад эд зүйлийг нь авч байгаа нь илээр, хохирогчийн биед халдаагүй байгаа нь хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдлээр бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж зориуд эд зүйлийг нь өөртөө авч байгаа нь хууль бусаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

“Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.

2.4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэргийг шийдвэрлэх бөгөөд прокуророос шүүгдэгч М.***ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр банкны картыг авч хор уршигт 6,856,250 төгрөгийг картаас авч хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Үндэсний системийн төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.25-д "цахим мөнгө" гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монгол банкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг” гэж заажээ.

Тодруулбал, хохирогч М.***ын эзэмшлийн картад агуулагдаж байгаа мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий буюу 6,856,250 төгрөг нь цахим мөнгө бөгөөд шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ цахим мөнгийг авсан гэж үзнэ.

2.5. Иймд шүүгдэгч М.***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Хохирогч М.***т цахим мөнгөний хохирол 6,856,250 төгрөг учирсан нь Хаан банкин дахь М.***ын эзэмшлийн *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч уг төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 40 дэх тал) байна.

Харин шүүгдэгч М.*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шилжүүлгийн баримт, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч М.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн урьд, өмнө ял шийтгэл эдэлж байсан, хохирол төлбөрийг төлж байгаа зэргийг харгалзан үзлээ. Энэ хэрэг нь 3 төрлийн сонгох санкцитай. М.*** нь өмнө нь Увс аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэл тогтоолоор хорих ял онгогдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Энэ албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэгдсэн М.*** нь дахин гэмт хэрэг үйлдсэн шалгагдаж байгаа бөгөөд бүртгэл хяналтад ороогүй байгаа гэх Үүнд 2024 оны 6 дугаар сарын 14 өдрийн 2/*** дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 76 дахь тал) авагдсан баримт бичгийг үндэслэж, (хяналтад ороогүй) үүргээ биелүүлээгүй 2 сар 8 хоногийн хугацааг нэмж нэгтгэх саналтай байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан мөн энэ хугацаанд 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хяналтад ороогүй байна. Шүүгдэгч М.***ын тэнсэх, үүрэг хүлээх хугацаа 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр (шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа) дуусахаар байсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтад ороогүй 2 сар 8 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 8 хоногийн хугацаагаар оногдуулах саналыг гаргаж байна. Мөн түүний цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна... Тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж хэлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээр ял шийтгэгдэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэг байна.    Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 6 дугаар сарын 2 өдөр дуусгавар болсон гэж байна. Та үүнийг ямар баримтаар нотлоод байгаа юм бэ. Аливаа ял заавал биелэгдэх ёстой. шүүгдэгч М.***ын тухайд өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй байна. өрөө мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Энэ хэрэг 2023 оны гэмт хэрэг өнөөдөр шийдэгдэж байна. иймд сар 8 хоногийг нэмж нэгтгэн нийт 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. түүний цагдан хоригдсон 27 хоногийг хасаж тооцох өмнөх саналаа дэмжиж байна...” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.***аас “...Тэнссэн гэх асуудалд прокурор үлдсэн хугацааг нэмж нэгтгэнэ гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар Увс аймгийн шүүхийн тогтоолоор хянан харгалзсан байна. 2025 оны 4 дүгээр сарны 30-ны өдөр дуусаж байна. Миний үйлчлүүлэгч тэнсэх хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн. Энэ үйлдэл 1 сарын зайтай үйлдэл байна. Тэнсэгдэх хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй. Тэнссэн хугацаандаа үүрэг биелүүлээгүй бол     ийм ажиллагаа хийлгээгүй. Хууль бус албан бичгээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд 2025 оны 4 дүгээр сарын  30 өдөр тэнсэх хянган харгалзах хугацаа дуусгавар болсон байгаа тул зөвхөн хулгайлах гэмт хэрэгтээ ял шийтгэл хүлээх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Тодорхой оршин суух хаягтай. Прокурор үүрэг хүлээсэн хугацаандаа зөрчил гаргасныг нотлох ёстой. …2 баримт бичиг байгаа. Прокурор нотлох баримт шаардлага хангахгүй баримт гаргаж ирсэн. Үүгээр хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй. Тэнссэн байх хугацаанд үүргээ зөрчсөн гэсэн нотлох баримт хаана байна вэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ял нэмж нэгтгэдэг байгууллага биш. Прокурор 4 дүгээр сарын 30-ны өдөр гэж байна. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуанлин хоногоор тооцож гаргаж  ирсэн. Энэ хооронд ямар үүрэг хүлээлгэх арга хэмжээг зөрчсөн бэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах юм бол шүүгдэгчийн эрх зүйн байдал бүүр доордоно. Тэнсэн харгалзах хугацаанд зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна. Түүнийг нотлох нотлох баримт байхгүй байна. 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Олон жил хэрэг шийдэгдээгүй гэж байна. Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлж болохгүй гэсэн байр суурьтай байна...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж,

Харин хохирогч болон шүүгдэгч нараас тусгайлан санал гаргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

4.4. Иймд шүүгдэгч М.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлөөгүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор М.***ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссэн бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04-Д/006778 алба бичиг[1]-т “...М.***ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд албадлагын арга хэмжээ авагдсан М.*** нь дахин гэмт хэрэг үйлдэн…байгаа тул бүртгэл хяналтад ороогүй 2 сар 08 хоногийн хугацааг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэнэ үү...” гэж дурджээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг шүүгдэгч М.*** нь зөрчсөний улмаар ял сольсон болон энэ талаар хэрэгт баримт ирүүлээгүй байх тул энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

Тодруулбал, улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.***ыг тэнссэн хугацаандаа шүүхээс хүлээлгэсэн үүрэг, албадлагын арга хэмжээг зөрчсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, оршин суух газраа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй зөрчсөн эсэх, мөн шүүхийн шийдвэр ямар хугацаанаас эхэлсэн, тэнссэн хугацааг хэрхэн тоолсон зэрэг баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Энэхүү шийдвэр нь шүүгдэгч М.***ын тэнссэн хугацааг хорих ялаар солиход саад болохгүйг дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ын цагдан хоригдсон нийт 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ыг 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссэн, энэ тогтоолоор оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.***д оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.***ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


[1] Хавтаст хэргийн 129 дэх тал,