| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/00295/И |
| Дугаар | 183/ШШ2017/00746 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2017/00746
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2017/00746 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, Доржсүрэнгийн Дорждэрэм/рд:ШВ71092311/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 45 хаягт байрлах, Монголын Иргэний Агаарын Тээвэр ХК/рд:2613247/-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, Д.Лхагвабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дорждэрэмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь мэргэжлийнхээ дагуу МИАТ ХК-д 22 жил ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сард ХБНГУ-ын Берлин хотод төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр томилогдсон. Томилогдсон 4 жил гаруйн хугацаанд ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ямар нэгэн зөрчил, доголдолгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл МИАТ ХК гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/803 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсгийг үндэслэж ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн харилцаанд тухайлан заасан ноцтой зөрчил буюу талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаа 2 өдөр буюу түүнээс дээш өдөр тасалсан гэсэн заалт юм. Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйл нь ноцтой зөрчлүүдийг тооцож заасан заалтаас харахад 2 өдөр ажил дээрээ байгаагүй л бол ноцтой зөрчил болно гэсэн ойлголт биш, гэрээг ийм ойлголтоор тохиролцоогүй. Д.Дорждэрэм хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгээ өөрийн хүүхдээ эмчлүүлэхээр явсан гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Доржсүрэн овогтой Ананддорж нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эцэг, эхийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоор нотлогдоно. 2016 оны 12 дугаар сарын 12-ны компаниас нь төлөөлөгч очоод утастаж холбоо барьсаных нь дагуу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүргэлгүй 2 хоногоор эмчилгээгээ зохицуулж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөө ирсэн байдаг. Эмнэлэг дээр нь эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох мэдээлэл нь байдаг юм билээ. Гэвч түүнийг гадагш гаргадаггүй, хуулбарлуулдаггүй, зүгээр эмчийн тодорхойлолт хийж өгдөг гэсэн стандарт мөрдөгддөг юм тул эмч л тодорхойлолт хийж өгсөн гэж тайлбарладаг. Харин и-мэйлээр эмчийн тодорхойлолт явуулсан байсныг эх хувийг нь шаардаж авч, сүүлд хэргийн материалд өгсөн. Тэгэхээр өвчтэй хүүхдээ эмчлүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж зайлшгүй үзэх ёстой. Тушаалын агуулгаас харахад төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн байдаг боловч яаж алдагдуулсан гэдгийг нотлоогүй. Эмчилгээ хийлгэх гээд асуудлаа ажилтнууддаа танилцуулаад ажлаа зохицуулаад явсан 2 өдрийн хугацаанд төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд ямар нэгэн зөрчил гажуудал гараагүй. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А778 дугаар тушаалын бичилтээс гарахад Д.Дорждэрэмийг ажлаас халах тушаал нь ажил тасалсан гэх энэ 2 өдөртэй ч холбоотой биш, өмнө нь шийдэгдсэн байсан асуудал шиг харагдаж байгаа юм. Учир нь энэ тушаалд компанийн бүтэц, зохион байгуулалт шинээр батлагдсантай холбогдуулан ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Дорждэрэмийн ажлын гүйцэтгэл, тайлантай танилцаж, ажил үүргийг хүлээлцэх ажлаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөнийг томилолтоор ажиллуулсугай гэсэн байна. Нэг нам сонгуульд ялаад засаг төрийг удирдах эрх өөр намд шилжихээр хүмүүсийг хоморголон халж, өөрсдийнхөө хүмүүсийг ажилд авдаг тохиолдол хэрэгжсэн. Түүнээс биш Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл бол гол асуудал биш юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд МИАТ ХК нь Д.Дорждэрэмийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж халах нь хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зөрчиж гаргасан гэдэг нь тогтоогдож байна. Улсын дээд шүүхийн хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэх тухай 2006 оны 33 дугаар тогтоол, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн тайлбаруудаас харахад ямар тохиолдлыг ноцтой зөрчил тооцох тухай харилцан тохиролцож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн нэрлэн заахыг шаардана гэсэн. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим журмыг ажилтан нь ноцтой байдлаар зөрчсөн тухай актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж үзэх боломжгүй гэж байгаа юм. Чөлөө авах журмыг зөрчсөн гэж үзэх юм бол гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтад заасан байх ёстой. Гэтэл гэрээнийхээ заалтад зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор ажилласан гэдэг заалт байгаа. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүйгээр халсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа гэв.
Хариуцагч Монголын Иргэний Агаарын Тээвэр Хувьцаат Компани шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, Д.Лхагвабаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МИАТ ХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ХБНГУ-ын Берлин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хугацаанд тус төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Дорждэрэм нь ажлын байран дээрээ байхгүй байсан. Д.Дорждэрэмтэй утсаар холбоо барихад ажлын байрандаа байхгүй байна, орхин явсан шалтгааныг нь тодруулж, ажилдаа ирэх шаардлага тавьсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилолтын хугацаанд ажилдаа ирээгүй. Нислэгийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангаж, төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй ерөнхий менежер нь компанийн удирдлага, захиргаанд урьдчилан чөлөө авах хүсэлт гаргаж, зохих зөвшөөрлөө авалгүйгээр дур мэдэн ажлын байраа орхиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. МИАТ ХК-ийн ажилтнуудад чөлөө олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ажилтан чөлөө авах хүсэлтээ ажлын 2 хоногийн өмнө захиргаа, хүний нөөцийн хэлтэст хандсан байх ёстой. Мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт 1 өдрөөс дээш хугацааны чөлөөний хүсэлтийг зөвхөн бичгээр гаргана гэж, 2.13-т чөлөө олгох хугацаа, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан чөлөө олгох шийдвэр гаргах талаар зааж өгсөн байгаа. Үүнд ажлын 2-5 өдрийн чөлөөг захиргааны захирал чөлөө олгох хуудсаар олгох журамтай. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан тул Д.Дорждэрэмтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан явдал нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээг хоёр тал тохиролцож байгуулдаг. Д.Дорждэрэмтэй харилцан тохиролцож, тодорхой нөхцөл зааж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн хугацаатай гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байсан. Дуусч байгаатай холбоотойгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөн ажлын тайлан, биелэлттэй танилцах, мөн Д.Дорждэрэм нь өөрөө ажил үүрэгтэй холбогдолтойгоор эрүүгийн хэрэгт холбогдон хариу тайлбар өгөх, гэрчийн мэдүүлэг өгөх ажлаар илтгэх хуудас дээр тодорхой тусгагдсан. Мөрдөн байцаах албаны байцаагч тайлбар авахаар бас албан томилолтоор очсон. Эдгээр ажлуудын үүднээс хэвийн үйл ажиллагааг доголдуулсан гэдэг нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь дуусч байгаа хүний ажлын биелэлттэй танилцах, эрүүгийн цагдаагийн байцаагч тайлбар авахаар явж байсан. Өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг, тайлбар өгөх ёстой хүн маань өөрөө ажлын байран дээрээ байгаагүй гэдгийг ноцтой зөрчил гаргасан гэж МИАТ ХК үзсэн. Өөрөө ажил дээрээ 2 хоног байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хүүхдэд эмчилгээ шаардлагатай гэсэн бичиг нь өөрөө хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь хариуцагч МИАТ ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Д.Дорждэрэм нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана гэж заасны дагуу Д.Дорждэрэм нь МИАТ ХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/803 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалд гомдлоо 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь МИАТ ХК-ийн гүйцэтгэх захиралын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1166 тоот тушаалаар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр томилогдсон байх бөгөөд талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 04-3/46 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талаар зохигчид маргаагүй. /хх22-25, 77/
Зохигчид дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байна. Иймд уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна гэж үзэв.
МИАТ ХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/803 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай тушаалаар Д.Дорждэрэмийг компанийн захиргаанд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд ажил тасалж, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг доголдуулан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх34/
Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын 2 өдөр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. Түүнчлэн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдсан тус компанийн Ажилтнуудад чөлөө олгох журам-ын 2.13-т ...ажлын 2 өдрөөс 5 өдөр захиргаа, эрх зүйн газрын захирал чөлөөний хуудсаар чөлөө олгохоор тусгажээ. /хх80/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч Д.Дорждэрэм хүүхдээ эмчлүүлэхээр явсан байсан бөгөөд энэ нь эцэг, эхийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоор нотлогдоно гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан тодорхойлолт гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна ...өвчтөн Доржсүрэн овогтой Ананддорж гэснээс үзэхэд нэхэмжлэгч Д.Дорждэрэмийн хүүхэд мөн эсэх нь тодорхойгүй байна.
Ийнхүү нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь тус компанийн Ажилтнуудад чөлөө олгох журам-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас чөлөөний хуудсаар чөлөө авснаа нотлоогүй, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу өвчний улмаас хүүхдээ эмчлүүлэхээр өөр хотод байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5-д тухайлан заасан зөрчил байх тул МИАТ ХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/803 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай МИАТ ХК-д холбогдуулан гаргасан Д.Дорждэрэмийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар МИАТ ХК-д холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ