Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/464

 

Ж.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Дагвадорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Дагвадоржийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ж.Э-д холбогдох эрүүгийн 2011 01897 1174 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ын Э, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Ж. ... нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны гудамжинд “Тоёота Приус” загварын хх-хх УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хууль сахиулагч буюу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа Ч.А-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг нь хүч хэрэглэн эсэргүүцэж, Ч.А-ыгУ тухайн тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас нь татаж, хаалгыг нээх үед тээврийн хэрэгслийг хөдөлгөн замын хөдөлгөөнд оролцож, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Ж.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Ж-ын Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Дагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дахь заалтыг зөрчсөн, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Ж.Э нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 найзын хамт нэг шил дарс хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад цагдаа зогсоохоор дохиход нь зогссон бөгөөд цагдаа хаалга онгойлгоход нь хаалгаа хааж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд цагдаа хаалганы бариулд гараа хавчуулсан байсныг Ж.Э мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй байсан. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа Ч.А-ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн ямар нэг идэвхтэй үйлдэл гаргаагүй, айлган сүрдүүлэх зорилгоор үгээр илэрхийлж, сэтгэл санааны хүчирхийллийг гаргаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж байгаа нийгмийн харилцаа нь зарим талаараа ижил төстэй, ойролцоо боловч агуулга, хамрах хүрээ, нийгмийн үнэлэмжээрээ ялгагдана. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хохирогчийн биед энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулаагүй хөнгөн зэргийн гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байхад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэхдээ “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлгүй. Хохирогч өөрөө хаалганы бариулд гараа хавчуулж гэмтэл авсан талаар мэдүүлэг өгсөн, Ж.Э нь цагдаагийн ажилтны гарыг гэмтээх санаа зорилго байгаагүй, хаалганы бариулд гараа хавчуулсан байсныг мэдээгүй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй байгаа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулиар ял оногдуулахад гэм буруугийн зарчим хэрэгждэг бол зөрчилд шийтгэл хүлээлгэхэд гэм буруугийн асуудал хамаарахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан байна. Иймд Ж.Э 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан тул Зөрчлийн тухай хуулиар торгох болон автомашин жолоодох эрхээ хасуулсан, 52 настай, цэргийн өндөр насны тэтгэвэрт байгаа зэрэг хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Бичиг баримт, согтуурлын зэргийг шалгах үйл ажиллагаа дуусаагүй байхад шүүгдэгч цонхоо онгойлгохгүйгээр хөдлөөд явж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл хийсэн болохыг нотолж байдаг. Хохирогчийн үйлдлийн эсрэг хийгдэж байгаа үйлдэл нь хохирогчийн үйлдлийг таслан зогсоохын тулд хийгдэж байгаа үйлдэл юм. Шалгалтын ажил дуусаагүй гэдгийг шүүгдэгч өөрөө ойлгож мэдэж байсан. Шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан. Нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн. Санаатай хөнгөн гэмтэл учруулаад байгаа үйлдэл нь өөрөө хууль сахиулагчийн эсрэг үйлдэгдэж байгаа учраас давхар зүйлчилсэн. Зүйлчлэл зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны гудамжинд “Тоёота приус” загварын хх-хх УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа Ч.А-ыг тухайн тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас татаж, хаалгыг нээх үед тээврийн хэрэгслийг хөдөлгөн замын хөдөлгөөнд оролцож, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.А-ын мэдүүлэг /хх 7/, шүүгдэгч Ж.Э-ын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх 18/, хохирогч Ч.А-ын эрүүл мэндэд зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12321 дугаартай дүгнэлт /хх 12-13/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсгүүдэд зааснаар торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх болсон санаа зорилго, цагдаагийн алба хаагч руу чиглэсэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн ямар үйлдэл гаргасан зэрэг тухайн гэмт хэргийн объектив болон субъектив шинжүүд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх “хохирогч нь хууль сахиулагч байсан”, “хохирогч гэмтсэн” гэсэн объектив шалгуураар хандаж, Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг бол шүүгдэгч Ж.Э-ын үйлдэлд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай буюу хохирогчийг гэмтээх гэсэн зорилгоор хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож шалгах эрхтэй, тодруулбал, уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгах бүрэн эрх хуулиар олгогджээ.

Харин, аливаа тээврийн хэрэгслийг жолоодон явж буй этгээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах, зохицуулагч, цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зогсох дохио өгвөл тээврийн хэрэгслээ зогсоож, холбогдох бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл, тээж яваа ачаа, бусад зүйлийг зохих журмын дагуу шалгуулах үүрэгтэй.

Шүүгдэгч Ж.Э нь тухайн цаг мөчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд олон нийтийн цагдаа Ч.А-ы автомашиныг нь зогсоож шалгах гэсэн үйлдлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэн эсэргүүцэх санаа зорилго байгаагүй, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ мэдэгдүүлэхгүй, улмаар хуульд заасан захиргааны хариуцлага хүлээхгүй байх санаа зорилгоор олон нийтийн цагдаа Ч.А-ыг жолоодон явсан тээврийн хэрэгслийнх нь хаалгыг татан онгойлгох үед зугтсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн зүйлчлэлээр давхар зүйлчлэх шаардлагагүй байна. Харин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэсэн нь түүнийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй болохыг энэхүү магадлалд дурдав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулсан. ...” гэж дурдсаныг  хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь болгоомжгүй гэмт хэргийн шинж болох Эрүүгийн хуульд заасан хөнгөмсгөөр найдах, эсхүл хайхрамжгүй хандсаны улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах шинжийг гэмт хэргийн шууд бус санаатай үйлдлээс ялган зүйлчлэхдээ гэм буруутай этгээдийн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан санаа зорилго, хандлагыг анхаарч үзэх учиртай.

Шууд бус санааны хүсэл зоригийн шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Ж.Э-ын хувьд зөвхөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хууль сахиулагчид мэдэгдүүлэхгүй гэсэн санаа зорилгоор зугтах үйлдэл хийхдээ түүний эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсээгүй боловч тээврийн хэрэгслийнх нь хаалганы бариулд Ч.А-ын гар хавчуулагдсан байхад нь тээврийн хэрэгслээ хөдөлгөн явсан үйлдлээрээ зориуд хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Ц.Дагвадоржийн гаргасан гомдлын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан хэсэг, ялыг нэмж нэгтгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолын:

         тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг тогтоох хэсгийн 3 дахь заалтын хамт хүчингүй болгосугай.

2. Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...6 сарын хугацаанд...” гэсэн хэсгийг “...90 /ер/ хоногийн хугацаанд...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ