Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0018

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В Д Ц*****,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******,

Маргааны төрөл: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлт хууль нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б*******, хариуцагч Г.Э******, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.В Д Ц*****гаас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******д холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.  

2.Нэхэмжлэгчээс анх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлэхээр /81.36 м2/ зохих маягтын дагуу өргөдөл гаргасан бөгөөд улмаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000235811 дугаар гэрчилгээг олгожээ.

3.Харин Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11-1328072 мэдүүлгээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгожээ.

4.Нэхэмжлэгчээс “тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан,  бүртгэл хуульд нийцсэн” гэж маргажээ.

5.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  

1/Эрхийн улсын Ү-22******* бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ, гудамж, 100 байрны ******* хаягт байрлалтай 81,36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц***** нь “Жон********” ХХК-иас худалдан авсан. Улмаар “Жон********” ХХК нь манай барилгын хойд талын өргөтгөлийн хэсгийг барьж өргөтгөж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц*****-д мөн худалдан борлуулж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь 99,50 м.кв болж өөрчлөгдөж, эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаартай гэрчилгээг нь олгосон байдаг.

2/Тухайн үед өргөтгөлийн хэсгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц***** нь худалдан авч байхад “Жон********” ХХК нь Баянзүрх дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт орших Саруул тэнгэр-2 хотхонд “Орон сууц" барих төслийг хэрэгжүүлж, иргэдэд орон сууцыг худалдан борлуулж байсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц***** нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оноос хойш үйлдвэр үйлчилгээний чиглэлээ ашиглаж, өмчилж ажлын байр бий болгож, ямар нэгэн маргаан асуудалгүй өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Гэтэл хөрш залгаа орших “М Ш******” ХХК-ийн захирал гэх иргэн Ц.Д*******нь өөрийн эзэмшлийн газар дээр зөвхөн дулаан хангамжийн үйлчилгээ авах зорилгоор “УБДС ТӨХК*******”-д хандаж хууль бус техникийн нөхцөл гаргуулж, В Д Ц*****гийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан өмчид халдаж, маргаан үүсгэж эхэлсэн, мөн манай хойд талд байрлах барилгын 200 гаруй оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд заналхийлж, “УБДС ТӨХК*******” Мэргэжлийн хяналт, Улсын бүртгэлийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар гэх мэт Төрийн холбогдох байгууллагад нөлөөлж, өнөөдрийг хүртэл хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

3/Гэвч “УБДС ТӨХК*******”-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07/2310  дугаар албан бичгээр иргэн Ц.Д******д олгосон "техникийн нөхцөл"-ийн асуудлаар “Дотоод хяналт явуулахад” Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”ийн 2,2, мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн иргэн Ц.Д*******-д олгосон “Техникийн нөхцөл”-ийн 3: 8.1, 8.2-т заасныг тус тус зөрчиж, тус газрын ажилтнууд ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг тогтоож, цаашид компанийн дотоод хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж, аливаа хууль бус зөрчил маргаантай Холбоотой асуудлыг илрүүлэхийн төлөө ажиллах болно гэх хариуг өгсөн, бодит байдал дээр манай болон хойд талын барилга байгууламжийн хоорондын цай нь 3 метр ч хүрэхгүй газар байгаа, мөн 12 давхар барилгын суурийг ухаж инженерийн шугам сүлжээ явуулах гэж ингэж улайран зүтгэж, хууль зөрчиж байгааг ойлгохгүй байна.

4/“М Ш******” ХХК-ийн захирал гэх Ц.Д*******нь хуулиар харьяалсан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст өргөдөл, гомдол гаргахгүй урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шууд дээд шатны байгууллага болох Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт гомдол гаргаж, тус байгууллагын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 552 дугаар дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ, гудамж, 100 байрны ******* хаягт байрлалтай, 99,50 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2018 оны өргөтгөлийн бүртгэлийг хүчингүй болгож, тус газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 7/613 дугаар албан бичгээр Д.Б****** надад мэдэгдсэн.

Миний зүгээс хяналтын улсын байцаагчийн 552 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Д.Д*******д гомдол гаргасан боловч тус газраас доод шатныхаа ажилчдын хууль бус шийдвэрийг хамгаалж, 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 7/2007 тоот дугаар "хариу өгөх тухай” шийдвэрийг өгсөн бөгөөд өмчлөгчийн зүгээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын хяналтын улсын байцаагч Г.Э******-ын2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Жон********” ХХК-аас “*******” ТӨХК гаргасан албан бичиг, “Саруул тэнгэр” 2” СӨХ-өөс “Жон********” ХХК-д гаргаж өгсөн 100  дугаар байрны 0*******ыг нураахад татгалзах зүйлгүй гэх албан бичиг, Гэвч “УБДС ТӨХК*******”-ний хариу мэдэгдэлд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо н.Д*******гийн авто засварын 2022 оны 6 дугаар сарын 02 өдрийн 0882021 дугаартай  хэрэглээний халуун усны техникийн нөхцөл нь Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Эрчим хүчний шугам сүлжээг  хамгаалах дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан газар дор байрласан 500 мм голчтой дулааны шугамын хамгаалалтын зурвас 5 метр байна гэж заасныг зөрчиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Цайз да хүрээ гудамжинд байрлах 100 дугаар байрны ******* хаягт байрлах 81.36 м.кв үл хөдлөх хөрөнгийг анх 2013 оны 02 дугаар сарын 01 өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц***** “Жон********” ХХК-аас худалдаж авсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 10 өдөр тухайн барилгын өргөтгөл хэсгийг худалдаж аваад Улсын бүртгэлийн хуульд заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.  Үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ 99.50 м.кв болж өөрчлөгдсөн. Иргэн В Д Ц***** нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч байхад. “Жон********” ХХК Саруул тэнгэр 2 хотхоныг худалдан борлуулж байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг 2013 оноос хойш үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ашиглаж, ажлын байр бий болгож өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Гэтэл хөрш залгаа “М Ш******” ХХК  Д******* Гэвч “УБДС ТӨХК*******” хандаж, хууль бус техникийн нөхцөл гаргуулж иргэн В Д Ц***** өөрийн хөрөнгөөр худалдаж авсан өмчлөлд халдаж маргаан үүсгэж эхэлсэн. Мөн Саруул тэнгэр 2 хотхонд оршин сууж буй 200 гаруй айлын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд заналхийлж байна.

Гэвч “УБДС ТӨХК*******” Мэргэжлийн хяналтын байгууллага,  Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг холбогдох байгууллагуудад нөлөөлж  хууль бус үйл ажиллагаа явуулсан. Гэвч “УБДС ТӨХК*******” 2021 оны 12 дугаар сарын 01 өдөр 07/2310 албан бичгээр иргэн Ц.Д*******д олгосон техникийн нөхцөлтэй холбоотойгоор дотоод хяналт шалгалт явуулсан. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Засгийн газрын 1996 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 02 өдрийн иргэн н.Д*******д олгосон техникийн нөхцөлийн 3 дах хэсэг, 8 дугаар хэсгийн 8.2.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Тухайн газрын эзэн ажилдаа хайхрамжгүй хандсан болохыг тогтоож, дотоод хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулж аливаа хууль зөрчсөн үйлдэл, маргаантай асуудлыг илрүүлэхийн төлөө ажиллах болно гэх нөхцөлийг тогтоосон.

Тухайн маргаан бүхий барилга, түүний өргөтгөлийн хэсэг, Саруул тэнгэр 2 хотхоны хоорондын зай 3 метр орчим байдаг. “М Ш******” ХХК захирал Ц.Д*******гэх хүн болон Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст өргөдөл өгсөн байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр дээд шатны захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар хандаж тус байгууллагын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А552 дугаар дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Цайз да хүрээ гудамж 100 дугаар байрны 0*******од байрлах 99.50 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг 2018 оны өргөтгөлийг бүртгэлийг хүчингүй болгож Улсын бүртгэлийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Г******* 2022 оны 01 дугаар сарын 21-ны өдрийн 7/613 дугаар албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*****д мэдэгдсэн байдаг. А522 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч В Д Ц***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б****** нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч тус газраас доод а;бан тушаалтныг гууль бус шийдвэрийг хамгаалж 2022 оны 07 дугаар сарын 09 өдөр 7/2007 дугаар хариу ирүүлэх албан бичгийг ирүүлсэн. Тус эд хөрөнгийг өмчлөгч В Д Ц***** болон Д. Б******* нар нь тус шийдвэрийг эс зөвшөөрч   Г.Э******-ын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А552 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

6.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Тус газарт иргэн Ц.Д******гээс “Миний бие Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Да хүрээ гудамж 20 тоот хаягт байрлах М Ш****** сэлбэгийн дэлгүүрийг ажиллуулдаг.

Дэлгүүрийн барилгаа Гэвч “УБДС ТӨХК*******”-ийн өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу төвлөрсөн дулаанд холбох ажлыг гүйцэтгэх явцад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц***** нь өөрийн өмчлөлийн барилгаа өргөтгөн барьсан өргөтгөлийн хэсэг саад болж байх бөгөөд уг өргөтгөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчин барьсан байна. Барилгын тухай хуулийг зөрчин барилгын гадна даацын хана цөмлөж барьсан, батлагдсан зургаараа уг хотхоны ногоон байгууламж барихаар төлөвлөгдсөн газарт өргөтгөл барьсан, тухайн өргөтгөл барьсан газар “Жон********” ХХК-ийн эзэмшлийн газар байх бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц***** тухайн газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй. Харин бид төвлөрсөн дулаанд холбох зөвшөөрлийг “Жон********” ХХК-аас авсан болно. Ийнхүү хууль зөрчин барьсан өргөтгөлийн барилгад танай байгууллага барилгын хэмжээ өөрчлөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосныг цуцалж өгнө үү” гэх гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулахад эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 100 байр ******* хаягт байршилтай, 81.36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Д Ц*****  2013 онд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан байсан.

2/Иргэн В Д Ц***** нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахдаа 81.36 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайг БНбД 31-03-03 нормын дагуу хэмжихэд нийт 109.1 м.кв болсон тул энэ хэмжээгээр гэрчилгээ олгож өгнө үү гэж дурдсан хэдий ч, мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтад тус үйлчилгээний талбайн өргөтгөлийн хэсгийг хамтад нь хэмжсэн "Б П****" ХХК-ийн зурсан 99.50 м.кв талбайтай план зургийн хэмжээгээр өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж олгосон байсан.

3/Мэдүүлэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана" 13.2.1, 13.2.2, 13.2.4-т заасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөнийг тусгаж баталгаажуулсан кадастрын зураг, зэрэг хуульд заасан нотлох баримтууд авагдаагүй болох нь тогтоогдсон.

4/Хяналтын улсын байцаагч Г.Э****** миний бие Ц.Д******ээс гаргасан гомдлын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг газар дээр нь очиж гэрэл зураг, бичлэг хийн баримтжуулан авч, В Д Ц*****-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******ийн 93021004 дугаарын утсаар холбогдож хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдэгдэн үйлчилгээний зориулалттай барилгыг орж үзэх шаардлагатай байгаа талаар хэлсэн боловч тухайн объект руу нэвтэрч чадаагүй.

5/Хяналт шалгалтын явцад нэхэмжлэл raprarч В Д Ц*****-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******ийн өмгөөлөгч Ц.Б******д Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахад эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 100 байр ******* хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсэгт газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, газар эзэмшигч Жон******** Хак уг өргөтгөлийн хэсгийг өмнө нь барьсан түүнийг нь худалдаж авсан гэх боловч Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2018 онд бүртгүүлэхдээ худалдаж авсан гэрээ хэлцлээ нотлох баримтаар өгөөгүй байсан.

6/Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5709 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаартай шийдвэрийг үндэслэн үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Жон********” ХХК-д олгосон байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж ******* хаягт байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1374.73 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр “Жон********” ХХК-ийг 2012 онд улсын бүртгэлд бүртгэхэд барилгын зураг тасалд өргөтгөлийн барилга тусгагдаагүй байсан.

Дээрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", 4.1.5-д "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" гэж, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно", Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг тул хяналтын улсын байцаагч 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 552 дугаартай дүгнэлтээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11-1328072 дугаар мэдүүлгээр бүртгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз да хүрээ гудамжинд байрлах үйлчилгээний зориулалттай 81.36 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр БНХАУ иргэн В Д Ц***** 2013 онд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 06 өдөр иргэн В Д Ц***** нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст “үйлчилгээний зориулалттай 81.36 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайг БНБД 3103 нормын дагуу хэмжилт хийхэд нийт 109.1 м.кв болсон тул энэ хэмжээгээр гэрчилгээ олгож өгнө үү?” гэх мэдүүлгийг гаргасан байдаг. Тухайн мэдүүлэгт хавсаргасан баримтуудад өргөтгөлийн хэсгийн талаар дурдаагүй. Хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад “Б п******” ХХК хэмжилт хийсэн зураг, холбогдох баримтууд авагдсан байсан.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт “Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана” гэж заасан байдаг. Мөн хуулийн 13.2.1.өргөдөл, 13.2.2 үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг; 13.2.4 барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг гэсэн хуульд заасан нотлох баримууд авагдаагүй байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн, эсхүл төрөөс хувьчилсан орон сууцны “ашигтай талбай”-гаар тооцсон хэмжээг нийт талбайн хэмжээгээр тооцон өөрчилж байгаа тохиолдолд барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар” хавсаргасан байх тул тухайн бүртгэлийг хийсэн гэж н.О****** тайлбар өгсөн байгаа.

Тодруулбал талбайн хэмжээ бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн бүртгэл биш, өргөтгөлийн барилгыг бүртгүүлэх бүртгэл байсан. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг 4.1.5 дэх хэсэгт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” болон мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дэх хэсэгт “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2., 13.2.4 дэх хэсэг, Газрын тухай хууль 34 дүгээр зүйлийн 34.10 хэсгийг тус тус зөрчсөн байх тул эрхийн улсын бүртгэлийн 2204460781 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ хөдлөх хөрөнгийг 2018/12/10м өдрийн 111328072 дугаарт  эрхийн улсын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэмжээ өөрчлөгдсөн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

“Жон********” ХХК нь 2013 онд нийт 5 блокноос бүрдэх 3 блок нь  11 давхар, 2 блок барилга нь үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг ашиглалтад оруулсан.  1 дүгээр блок буюу 3 давхар үйлчилгээний зориулалттай Цайз да хүрээ гудамжны 100 дугаар байрны 0******* барилгыг 2011 онд 95 хувийн гүйцэтгэлтэйгээр  “Жон********” ХХК өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “Жон********” ХХК 5 блок барилгын зураг, кадастрын зураг зэрэг авагдсан үүнд өргөтгөлийн зураг, төсөл багтаагүй байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 12 өдөр иргэн н.Д****** болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б****** болон н.Х****** нарыг оролцуулсан сонсох ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий газар хийгдсэн. Сонсох ажиллагааны явцад 2018 онд бүртгүүлсэн  өргөтгөлийг “Жон********” ХХК-аас худалдаж авсан гэж тайлбарлаж байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харвал тухайн өргөтгөлийг “Жон********” ХХК-аас авсыг нотлох худалдах худалдан авах гэрээ байдаггүй.

Сонсох ажиллагаа явуулсны дараа талуудаас нэмэлт нотлох баримт, нэмэлт тайлбар гаргах боломжтой талаар хэлсэн боловч нэмэлт тайлбар ирээгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       1.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******-ын2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11-1328072 мэдүүлгээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгожээ.

          2.Нэхэмжлэгчээс дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 7/2007 тоот албан бичгээр улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн тул таны гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлжээ.

          3.Нэхэмжлэгчээс “тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан,  бүртгэл хуульд нийцсэн” гэж, хариуцагчаас “бүрдүүлбэр дутуу байхад бүртгэсэн, хууль бусаар өргөтгөл барьсан, дүгнэлт хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

          4.Нэхэмжлэгчээс анх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлэхээр /81.36 м2/ зохих маягтын дагуу өргөдөл гаргажээ.

          5.Өргөдөлд гэрчилгээ хүссэн тухай бичгээр гаргасан өргөдөл, “Жон********” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 180 тоот тодорхойлолт, үйлчилгээний заал захиалгаар барих гэрээ, тойм болон фото, схем зургууд болон бусад баримтыг хавсаргажээ.

          6.Улмаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000235811 дугаар гэрчилгээг олгожээ.

          7.Харин нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УБ-01 маягтын дагуу талбайн хэмжээ өөрчлөгдсөн гэх /109.1 м2 / шалтгаанаар дахин өргөдөл гаргажээ.

          8.Өргөдөлд “Б п******”-ХХК-ийн хэмжилтийн тайлан, дүгнэлт, схем зураг болон бусад баримтыг хавсаргажээ.

          Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана” гээд 13.2.1-д “өргөдөл”, 13.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг”, 13.2.4-д “барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг”, 13.2.5-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад өөрчлөлтийг нотлох баримт” гэж, мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 8 дугаар зүйлийн 8.2-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2-т зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт дараахь нотлох баримтыг хавсаргана” гээд,  8.2.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн, эсхүл төрөөс хувьчилсан орон сууцны “ашигтай талбай”-гаар тооцсон хэмжээг нийт талбайн хэмжээгээр тооцон өөрчилж байгаа тохиолдолд барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар”, 8.2.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол зураг төсөл”, 8.2.4-д “үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдсөн бол хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр үнэ тогтоолгосон баримт бичиг” гэжээ.

          9.Дээрхээс дүгнэвэл улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

          10.Учир нь нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УБ-01 маягтын дагуу гаргасан мэдүүлгийг гаргахдаа дээрх хууль болон журамд заасан өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг, дөрвөн талаас нь харуулсан болон хэмжээ өөрчлөгдсөн зураг, барилгын зураг төсөл зэргийг хавсаргаагүй байна.

          11.Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн өргөтгөлийг “Жон********” ХХК-иас худалдаж авсан гэх боловч энэ нь “Жон********” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/109 тоот албан бичиг, гэрч М.Т*****гийн мэдүүлэг, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлэхээр хандсан мэдүүлэгт хавсарсан схем зураг зэргээр үгүйсгэгдэж байна.

12.Мөн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх өргөтгөлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгэсэн, маргаан бүхий бүртгэлийг хийлгэхдээ тухайн өргөтгөлийг оролцуулж хэмжилт хийлгэсэн байх тул уг үйлдлийг зөрчилд тооцон маргаан бүхий дүгнэлтээр хүчингүй болгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасантай нийцжээ.

Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******-ын2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1заасныг тус тус баримтлан В Д Ц***** нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******д холбогдох Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Г.Э******-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 552 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ