2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Ц.***, түүний өмгөөлөгч О.*** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.***т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 07 дугаар сарын ***-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр 2 хүүхдийн хамт *** дүүрэг, 06 дугаар хороо, *** дүгээр байр, 2 дугаар орцны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага байгаагүй,

***  овогт ***гийн ***  (РД: ***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ц.*** *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн автобусны буудал дээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд Yutong маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.***ыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд

1. Шүүгдэгч Ц.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Би зорчигч тээврийн нэгтгэл 4 дүгээр баазын эзэмшлийн Yutong маркийн *** *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгсэлтэй *** дүүргийн *** хороо нисэхийн эцэст явж байгаад автобусны буудал руу тойрч орох гэж байгаад түгжрэл их байсан учраас орох хориотой тэмдгээр орсон тухайн үед өөдөөс нэг приус маркийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн тэр машинтай зөрөх үед явган зорчигч гэнэт гарч ирээд би автобусныхаа урд хэсгээр мөргөсөн тухайн эмэгтэй газар унасан. Тухайн эмэгтэйг аваад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Мөргүүлсэн иргэндээ би 3 сая төгрөг өгч хохиролгүй болгосон. Би орох хориотой тэмдгээр орсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна... Би жолоодох эрхтэй би 2012 онд жолооч болсон би жолоодох эрхийн B,C,D ангилалтай. Жолоодох эрх хүчинтэй байгаа… Би эрүүл байсан тухайн үед драгер багаж үлээлгэж шалгуулсан 0.00 хувь гарсан… Түгжрэл их байсан. Халтиргаа гулгаа байхгүй… Би тухайн үед 10 км цаг хурдтай явж байсан байх… Би явган зорчигчийг хараагүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08 дахь тал),

3. Хохирогч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад би *** дүүргийн *** нисэхийн эцэс дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд ганцаараа алхаж байсан орохыг хориглосон тэмдэг байсан баруун талд олон автобус зогсож байсан баруун талаас л машин орж ирнэ гэж бодоод тухайн зүг рүү хараад алхаж байсан тухайн автобусны буудал дээр зогсож байсан хүмүүс орилсон би зүүн тал руу хартал саарал өнгийн автобус миний биеийн зүүн талд мөргөсөн би газар үсээд унасан, унах үеджээ тохойгоороо газар унасан. Би босох гэтэл зүүн хөлөө даахгүй байсан тухайн автобусны буудал дээр байсан хүмүүс намайг өргөөд зорчих хэсгээс гаргаад эмнэлэг дуудсан. Түргэний машин ойролцоогоор 1 цагийн дараа ирээд үзээд явсан... Одоо миний толгой эргээд зүүн талын гуя, зүүн талаа даахгүй миний бие хөндүүртэй байгаа. Би жирийн хүн шиг алхаж чадахгүй хазгай алхаад гуяа сайн даахгүй байгаа… Миний биед гэмтэл бэртэл байгаагүй… Одоо миний биед учирсан эмчилгээний зардал, би ажилгүй байгаа өдрийн 120.000 мянган төгрөгөөр цалин авдаг би долоо хоногийн 4 өдөр ажилдаг ажилгүй байсан өдрийнхөө цалинг нэхэмжилж байна …” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дахь тал),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн жолоочоос 3,500,000 төгрөг авсан. Надад одоо гомдол, санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

6. “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 44 дэх тал),

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ЕГ0725/2449 дугаартай “1. Б.***ын биед зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх авто ослын үед үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

8. "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №45 дугаартай “1. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, өнгө үзэмжийн хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. 2. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй эд анги байхгүй. 3. Уг тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байхгүй. 4. Хийн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд, Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 12.63кН, баруун талдаа 14.12кН, зөрүү нь 11% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 20.74кН, баруун талдаа 20.42кН, зөрүү нь 2%, (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. 5. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 57500cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 50600cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 12500cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13700cd (стандарт 10000-225000cd) байна. Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Стандартын шаардлага хангаж байна. 6. Тээврийн хэрэгслийн аюулгүйн бүс бүрэн ажиллагаатай, хэвийн ажиллаж байна. 7. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн зүйлгүй… " гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-35 дахь тал),

9. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн №1141140346 дугаартай “...+ стандарт хангасан 0 стандарт хангаагүй...бага зэрэг гэмтэл зөрчилтэй...” гэх хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал),

10. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дахь тал),

11. Жижүүрийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал),

12. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 07-11 дахь тал),

13. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...A. Yutong маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.*** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын Хоёр хориглох тэмдэг 2.1 «Орох хориотой»-тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндэслэл тогтоогдож байна. Б. Явган зорчигч Б.*** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь осол хэргийн хэмжилтийн бүдүүвч зургаар тогтоогдож байна. В. /Оролцогч нараас тавьсан асуулт байхгүй/. Г. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГО725/2449 дугаартай дүгнэлтээр Б.***ын биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон…” гэх магадалгаа (хавтаст хэргийн 59 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх хуудас), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу чөлөөлүүлэх байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн 05, 14, 16, 17-18, 42, 48-49, 50-51, 57-59, 64, 73, 80 дахь талууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж оролцсон болно.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд: шүүгдэгч Ц.*** нь *** дүүргийн 0*** хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн автобусны буудал дээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд Yutong маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын Хоёр. хориглох тэмдэг 2.1-т “Орох хориотой-тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.***ыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан  болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.***ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ЕГ0725/2449 дугаартай дүгнэлт, жолоочийн нэгдсэн сан, "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №45 дугаартай дүгнэлт, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн №1141140346 дугаартай хуудас, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн магадалгаа, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.***ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 5*** зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

2.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 23*** тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг онцлогтой.

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.

Иймд шүүгдэгч Ц.***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.***ыг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.***ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн ба тэрээр баримт гаргаж ирүүлээгүй. Мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 108,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан байна.

   3.3. Хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой баримтуудаас үзвэл шүүгдэгч Ц.*** нь хохирогч Б.***д 3,500,000 төгрөгийг (хавтаст хэргийн 18 дахь тал) өгсөн байх ба Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 108,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан  байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Ц.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй...шүүгдэгч Ц.***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...шүүгдэгчид оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна...” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...анхны саналаа дэмжиж байна...” гэсэн саналыг,

Харин шүүгдэгч Ц.***аас тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг тус тус дурдав.

4.4. Шүүгдэгч Ц.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”, мөн зүйлийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн,...хохирол төлбөр төлсөн”, мөн зүйлийн 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасан заалтыг хохирогч зөрчсөн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

4.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ц.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хангагдсан байна гэж үзэн эрүүгийн хариуцлага оногдуулахаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

5.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5.2. Шүүгдэгч Ц.***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.***т оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.