| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/1303/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1483 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
шүүгдэгч М.***, түүний өмгөөлөгч А.***,
шүүгдэгч Ш.***, түүний өмгөөлөгч Л.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.***, Ш.*** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 22-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** дүүргийн *** дугаар хорооны ***аар ажилладаг, ам бүл 1, *** дүүргийн *** дүгээр хороо *** хотхоны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт ***гийн *** (РД: ***),
Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *** дүүргийн *** дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, *** дүүргийн *** дугаар хорооны *** тоотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт ***ын *** (РД: ***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.***, М.*** нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 36-р хорооны нутаг дэвсгэр Алтан овооны автобусны эцсийн буудлын хажууд байх хашаагүй газрыг хохирогч П.***т үзүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, газрын гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгнө гэж хуурч хохирогч П.***өөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг Хаан банкны М.***гийн эзэмшлийн *** тоот дансаар, мөн кадастрын зураг гаргуулах нэрийдлээр 50,000 төгрөгийг бэлнээр авч нийт 3,050,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч М.***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй... Миний өмнө таньдаг байсан Ш.*** нь 2023 оны 01 дүгээр сард надтай уулзаад ахаа Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд 1 айлын газар байна зарах гэсэн юм. Та авах байвал хэлээд өгөөрэй гэхээр нь тухайн үед би за хэлээд Ш.***аар тухайн зарна гэсэн газрыг заалгуулж аваад салсан юм. Ингээд би 2023 оны 02 дугаар сард зүс таних П.***т тухайн газрыг санал болгоод очиж үзүүлсэн чинь П.*** нь тухайн газрыг авахаар болоод урьдчилгаанд нь 2023.02.03-ны өдөр 3.000.000 төгрөгийг миний *** дугаарын дансанд шилжүүлэхээр нь би 1.500.000 төгрөгийг АТМ-с нь бэлнээр авч Ш.***т өгсөн юм. Үлдсэн 1.500.000 төгрөгийг нь би хувьдаа үрсэн юм. Би хэд хоногийн дараа Ш.*** үлдэгдэл 1.500.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн юм... 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн ***өөс 3.000.000 төгрөг авсны дараа 7-8 хоногийн дараа өгсөн... Би тухайн үед хүнээс бэлэн мөнгө авсан одоо санахгүй байна... Би *** гэдэг хүн танихгүй... Би мэдэхгүй надад Ш.*** хэлэхдээ эзэнгүй хүнгүй газар гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 149 дэх тал),
мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Нийслэлийн газын албаны ахлах байцаагч *** гэх хүнтэй уулзсан чинь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоосон газар байна худалдан авах хүн байна уу? гэхээр нь би танил ***тэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар байна гэрчилгээ нь гараагүй *** гэрчилгээг нь гаргаж өгнө гэж байна гэсэн чинь *** авахаар болсон бөгөөд би ***өөс мөнгө аван Сонгинохайрхан дүүгийн газрын албан дээр кадастрын зураг хийлгэн ***т өгч энэ талаар ***т хэлэхэд нийт 6 сая төгрөг эхлээд 3 сая бичиг баримт гарсны дараагаар, 3 сая төгрөгийг нь авна *** нь би очиж уулзах завгүй байна та 3 сая төгрөгийг авчих гэхээр нь би ***өөс өөрийн *** тоот дансаар 3 саяыг шилжүүлэн аваад АТМ орж мөнгөө бэлнээр авч Баянбүрдийн тойрог хавьцаа ***тай уулзаад бэлнээр 3 сая төгрөгийг өгсөн чинь *** надад баярлалаа гээд зөрүүлээд 1 сая төгрөгийг нь өгсөн юм... Би өмнө танил Алтан*** гэх хүнээрээ дамжуулан *** /***, ***/ гэх хүнтэй танилцсан бөгөөд дотно харилцаа хамаарал байхгүй... Гэрчилгээгүй байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сард газрын гэрчилгээ гарна гэж *** хэлж байсан энэ талаар мөн ***т хэлсэн... *** надад газар олголт зогсоосон болохоор гарахгүй байгаа гэж хэлсэн... Газрыг нь зарж өгсөнд баярлалаа гээд өгсөн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Би тусгай дунд боловсролтой тул монгол хэлээр уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... Би 2019 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн *** хорооны 20-р дугаар хэсгийн ахлагчаар ажилладаг бөгөөд эхнэр, хүүхдүүд ачийн хамт
амьдардаг... Би П.***, Ш.*** гэх хүмүүсийг таньж мэднэ. П.***ийг би 2000 оноос хойш таньж мэддэг бөгөөд бид нар нэг гудамжинд байсан тул нэгнийгээ таньж мэддэг болсон. Ш.***тай 2023 онд танил дүү болох *** /***/ танилцуулж байсан бөгөөд тухайн үед танилцахад Ш.*** өөрийгөө Нийслэлийн газрын албанд газар зохион байгуулалтын мэргэжилтэн гэж танилцуулж байсан... Би Ш.***тай танилцсаны дараагаар надад Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны хүн оршуулдаг газрын ойролцоо 3 айлын хоосон газар байна та хэрэв тус газрыг авъя гэвэл би бичиг баримтыг нь зохицуулаад гаргаад өгч болно гэхээр нь 2023 оны 01 дүгээр сард *** бид хоёр тухайн газрыг очиж үзэхэд надад Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны хүн оршуулдаг газрын ойролцоо 3 айлын хоосон газар үзүүлсэн тус газрууд нь ямар нэгэн хашаагүй хоосон газар байсан мөн тухайн зарах гэж байгаа гэх газрынхаа байршил бүхий зургийг над руу явуулсан тухайн үед би мөнгөгүй байсан тул би өөрийн танил дүү болох ***ийн гэрт очиж ***ын үзүүлсэн газар болон тухайн газрын хоосон зураг мөн тухайн газрын кадастрын зургийг үзүүлж 6 саяар зарах гэж байгаа юм чи эхлээд урьдчилгаа 3 сая төгрөгөө өгчих дараа нь гэрчилгээ гарсны дараагаар үлдэгдэл 3 сая төгрөгийг өгчих гэхэд *** зөвшөөрч миний Хаан банкны *** тоот данс руу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 бэлнээр шилжүүлж бэлэн 50.000 төгрөг өгсөн юм... Би ***өөс газрын үнэ болох 3.000.000 төгрөг өөрийн *** тоот данс руу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 бэлнээр шилжүүлж бэлэн 50.000 төгрөг авч 50.000 төгрөгөөр нь ***ын зарах гэж байгаа газрыг кадастрын зураг хийлгэж, 1.500.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр АТМ-ээс авч өөрт байсан 500.000 төгрөгийг нэмээд ***тай Сонгинохайрхан дүүргийн гадаа уулзаж бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн юм. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг би тухайн үед ***аас зээлээд хэрэглэж байгаад 1 сарын дараа Баянбүрдийн тойргийн ойролцоо байх колонк дээр ***т өөрт нь өгсөн... *** нь өөрийгөө анх танилцуулахдаа нийслэлийн газрын албанд газрын мэргэжилтэн хийдэг гэж танилцуулж байсан мөн тэрний дараагаар Сонгинохайрхан дүүрэгт хоосон 3 айлын газар байгаа худалдан борлуулна гэрчилгээг нь би өөрөө гардаад гаргаж өгнө гэж хэлж байсан... *** нь анх надад Сонгинохайрхан дүүрэгт хоосон 3 газар үзүүлээд тус газраас Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-овооны автобусны буудлын тойрог хажууд байх хоосон газрыг бусдад зараад өг гэж хэлсэн тул тухайн газрын ***т үзүүлэхэд хүлээн зөвшөөр тус газрыг 6 саяар зарахаар болж урьдчилгаа 3 сая төгрөгийг би өөрийн дансаар авсан юм. Тус газрын гэрчилгээ гараагүй гэрчилгээг *** нь өөрөө гаргаж өгнө гэсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
мөн тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 04 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... Хаан банкны *** дугаартай данс бол миний ***ын ***гийн дансны дугаар байгаа юм... Тухайн үед миний танил дүү Ш.*** нь Нийслэлийн газрын албанд ажилладаг байсан юм. 2023 оны 01 дүгээр сард надтай Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Улаанчулуутын автобусны эцэс дээр Ш.*** утсаар дуудаж уулзаад ахаа дүүд нь 1 айлын 07-тай газар байна авах хүн байна уу? гэхээр нь би тухайн үед би за гэж хэлээд салсан. Ингээд би 2023 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна танил П.***т СХД-36 хорооны нутаг дэвсгэрт 1 айлын 07 той газар байна бичиг баримтыг нь найдвартай гаргаад өгнө 6.000.000 төгрөг гэж байгаа юм байна. Урьдчилгаа 3.000.000 төгрөг өгчихөө бичиг баримт нь нэр дээр чинь гарахаар үлдэгдэл 3.000.000 төгрөгийг авъя гэж хэлсэн чинь П.*** нөхрийнхөө хамт явж ***ын надад зааж өгсөн газрыг үзээд авахаар болсон юм. Тэгээд надад 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр П.*** урьдчилгаа 3.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн юм... Би П.***өөс газар авахаар шилжүүлэн өгсөн 3.000.000 төгрөгийг мөнгө шилжүүлэн өгсөн өдрийн маргааш нь өөрийнхөө данснаас бэлнээр аваад ***т СХД-27 дугаар хороо дүүргийн үүдэнд байхдаа 2.000.000 төгрөгийг 2 сая төгрөг өгснөөс хойш 6 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Тэс ШТС-ын ойролцоо байхдаа бэлнээр 1.000.000 төгрөгийг тус тус өгсөн юм. Би дундаас нь нэг ч төгрөг идээгүй ашиглаагүй ээ... Миний П.***өөс газрын урьдчилгаанд шилжүүлэн өгсөн 3.000.000 төгрөгийг өгснийг *** бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй... Надад бол П. ***т зарах газар байгаагүй *** нь надад тухайн газрыг зааж өгсний дагуу би П.***т жуулчлан 3.000.000 төгрөгийг Б.*** авч өгсөн Тухайн үед П.*** нь 2023 оны 05 дугаар сарын сүүлээр газрын бичиг баримт яасан бэ? гэж асуухаар нь ***тай *** дүүргийн засаг даргын тамгын газрын үүдэнд байхдаа хооронд нь уулзуулахад *** нь удахгүй газрын чинь гэрчилгээг нэр дээр чинь гаргаж өгнө Сонгууль таарчхаад байна гэж хэлээд явуулсан байдаг юм. Би тухайн П.***т зарах гэж байсан газрыг хэний газар байсныг мэдэхгүй мөн бичиг баримттай эсэхийг нь бас мэдэхгүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
2. Шүүгдэгч Ш.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй... Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй... Би П.***өөс бол 3.000.000 төгрөгийг аваагүй. М.***гээс 1.500.000 төгрөгийг зээл авсан 2023.02.03-ны өдөр авсан. Надад өөр яриад байх зүйл байхгүй... Би М.***гээс 1 удаа 1.500.000 төгрөг авсан өөр мөнгө аваагүй... Тухайн үед би М.***гээс 1.500.000 төгрөгийг зээл авсан... Би өмнө П.***тэй уулзаж байгаагүй өмнө харж байгаагүй... *** гэдэг хүн урьд өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байсан юм. Одоо хаана байгааг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал),
мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...Би Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2016 оноос хойш газар ***аар ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн юм. 2023 оны эхээр нь миний танил М.*** нь манай Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд хоосон газар байна эзэнтэй үгүйг шалгаад өгөөч гэхээр нь би тухайн таньдаг хүндээ хэлж байгаад нэгж талбарын дугаарыг нь шалгуулахад М.*** ахын надаас асуусан газрыг хүн аваагүй эзэнгүй байхаар нь М.*** ахад хэлсэн юм. Тэгсэн чинь М.*** авах надад энэ газрыг манай таньдаг дүү маань авах гэж байгаа юм. Хурдан бүтээгээд өгөөрэй гэхээр нь Нийслэлийн засаг даргын захирамжаар дүүргийн засаг дарга газар олгохыг зогсоосон байгаа энэ газар танай дүүгийн нэр дээр хэзээ шилжин очих нь тодорхойгүй шүү гэж хэлсэн чинь *** ах тэр хамаагүй чи аль болох л хурдан гаргаж өгөөрэй гэсэн юм. Ингээд 2023 оны 02 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Баянбүрдийн орчим байхад ирж уулзаад надад 1.500.000 төгрөгийг бэлнээр АТМ-с авч өгөхөөр нь би *** ахын өгсөн 1.500.000 төгрөгийг би аваад салаад явсан юм. Үүний дараагаас эхлэн *** ах Нийслэлийн засаг дарга хэзээ захирамжаа цуцлах вэ? Гэж байнга асуудаг байсан тэгэхээр нь би *** ахад болоогүй цуцлагдаагүй гэж хэлдэг байсан юм... Ингээд *** нь 2023 оны 06 дугаар сард санагдаж байна газрын мөнгө авсан дүү гэх эмэгтэйг дагуулан Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын гадна надтай уулзахаар нь Нийслэлийн засаг дарга захирамж цуцлагдаагүй дүүргийн засаг дарга иргэнд газар олгох эрх байхгүй Сонгуулийн дараа цуцлагдаж магадгүй гэж хэлээд ***, *** ахын дүү гэх эмэгтэй нарыг явуулсан юм.... Би тухайн үед эрүүл мэндийн шалтгаантай байсан болохоор ямар нэгэн албан тушаалд ажиллаж байгаагүй ээ... 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Баянбүрдийн орчим байхад ирж уулзаад надад 1.500.000 төгрөгийг бэлнээр АТМ-с авч өгсөн өөрөөр бол мөнгө өгөөгүй... Тухайн манай дүүгийн газрыг хурдан бүтээгээд өгөөрэй манай дүү байгаа юм гэж хэлээд өгсөн юм... Би тухайн үед ***гээс авсан 1.500.000 төгрөгийг өөрийнхээ хэрэглээнд зарцуулаад дууссан юм... Би ***гээс 1.500.000 төгрөг авсныхаа хариуд ***гийн дүү гэх ***ийн/ газрыг бүтээж өгсөн зүйл огт хийгээгүй.... Би ***гээс авсан 1.500.000 төгрөгийг буцааж өгөөгүй... *** ах тухайн газрын эргэлтийн цэгийн зургийг хувийн кадастрын компаниар хийлгээд 2023.02.03-ны өдөр 1.500.000 төгрөг өгдөг өдөр надад өгсөн юм. Би *** ахын хаана хийлгэснийг нь мэдэхгүй байна... Тухайн газар нь хэний ч эзэмшлийн газар биш байсан эзэнгүй газар гэхэд болно... Би *** ахаас 1.500.000 төгрөг авсан өөрөөр бол мөнгө аваагүй Сүүлд цагдаа дээр хохирогч нь өргөдөл өгсөн байна гэж утсаар ярихдаа *** ахаасаа чи 3.000.000 төгрөг авсан гээд хэлээрэй ах нь ***өөс 3.000.000 төгрөг авчихсан юм аа чамд хэлээгүй гээд ярьж байсан юм. Би удахгүй 1.500.000 төгрөгийг нь буцааж өгнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
3. Хохирогч П.***ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 11-12 дэх тал),
4. Хохирогч П.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 02 сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороонд хэсгийн ахлагч хийдэг М.*** гэх ах манай гэрт ирээд гар утсан дээрээс газрын зураг үзүүлээд урьдчилгаа 3 сая төгрөг өгчих, гэрчилгээ гарсны дараа дахин 3 сая төгрөг өгчих, гэрчилгээ нь 2023 оны 5 сарын дундуур гарна гээд тэр өдрөө надаас 50,000 төгрөг бэлнээр аваад Сонгинохайрхан дүүргийн 36-р хорооны нутаг дэвсгэр Алтан овооны автобусны эцсийн буудлын хажууд байх газрын кадастрын зураг хийлгэн авч ирээд өгөхөөр нь би этгээд эмээ Өлзийхутагаас 3 сая төгрөг зээлэн ***гийн хаан банкны *** тоот данс руу өөрийн *** тоот данснаас шилжүүлсэн чинь 3 хоногийн дараа газрын гэрчилгээ гаргадаг хүнд 3 сая төгрөгийг аваачиж өгсөн чинь надад 400,000 төгрөг өгч байна гэж хэлсэн, тэгээд 2023,2,15-ны өдөр эмээгээс 3 сая төгрөгийг өгөх гээд 360 Финанс ББСБ-аас сарын 3,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 3,500,000 төгрөг зээлээд 3 саяыг эмээд өгсөн бөгөөд 2023 оны 5 сар болох үед газрын гэрчилгээ гарахгүй байсан болохоор би ***гээс газрын гэрчилгээ юу болов гээд шаардаж эхэлсэн чинь Нийслэлийн газрын албанд ажилладаг газар гаргаж өгнө гэсэн хүнтэй уулзуулъя гээд 6 дугаар сард Чингэлтэй дүүрэг дээр очин дүүргээс нь *** гэх хүнийг *** ах дуудаж гаргаж ирээд гурвуулаа уулзах үед *** нь 2024 оны 5 дугаар сард газрын гэрчилгээ гарна гэж хэлсэн, мөн газрын бичиг баримтыг Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр *** гэдэг хүнд өгчихсөн байгаа, тэр газар дээр өөр бичиг баримт байхгүй гэж хэлсэн...М.*** нь надад газрын албанд таньдаг хүн байгаа урьдчилгаа мөнгө өгөх юм бол газрын гэрчилгээг бүтээж өгөх ба газрын гэрчилгээ гарсны дараагаар нэмээд 3 сая төгрөг өгөх хэрэгтэй гэж надаас М.*** өөрийн дансаар 3 сая төгрөгийг шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...М.*** нь Сонгинохайрхан дүүргийн *** хорооны хэсгийн ахлагчаар ажилладаг юм. Би М.*** ахыг манай хорооны хэсгийн ахлагч болохоор мэндтэй л явдаг юм аа 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр 2 дугаар сарын эхээр М.*** ахтай өөрийнхөө гэрийн үүдэн таарсан чинь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд зам дагуу байрлалтай 1 айлын газар байгаа 6.0000.000 төгрөгөөр зарна гэж хэлээд кадастрын зурагтай ижилхэн зураг харуулаад урьдчилгаа 3.000.000 төгрөг өгчих юм бол 2023 оны 05 дугаар сарын дундуур бичиг баримтыг нь гаргаад нь үлдэгдэл 3.000.000 төгрөгөө өгчих тэгэхээр нь нэр дээр чинь газрын гэрчилгээг шилжүүлэн өгнө гэж хэлэхээр нь би М.*** ах, нөхөр *** нарын хамт тухайн зарна гэсэн газрыг нь очиж үзсэн чинь үнэхээр зам дагуу боломжийн газар байхаар нь би зөвшөөрөөд таньдаг хүнээс зээлээд зээлээд 3.000.000 төгрөгийг зээлээд М.***гийн *** дугаартай данс руу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** 14-01 тоот өөрийн гэртээ байхдаа интернэт банкнаасаа шилжүүлсэн юм. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15-ны өдөр миний мөнгө зээлсэн хүн мөнгөө өг гэхээр нь би Банк бус байгууллагаас 3.500.000 төгрөгийг зээлээд 3.000.000 төгрөгийг нь газар авахдаа мөнгө зээлсэн хүндээ буцааж өгсөн юм. Надад одоо зээлийн гэрээ нь байгаа гаргаж өгч болно.Ингээд 2023 оны 05 дугаар сарын сүүлээр М.***тэй холбогдоод уулзаад таны хэлсэн газрын гэрчилгээ гаргах хугацаа хэтэрсэн байна юу? болсон юм бэ? гэж асуухад М.*** нь би чамаас авсан 3.000.000 төгрөгийг Нийслэлийн газрын албаны ажилтан ***т өгсөн байгаа чамайг дагуулж ***тай уулзуулна гэж хэлэхээр нь тухайн үед М.*** ахад за гэж хэлээд хэд хоногийн дараа дахиж М.*** ахтай уулзаад хамт яваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын эхээр нь Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын гадна ***, *** ах бид 3 уулзахад *** нь надад би чамд худлаа ярихгүй газрын гэрчилгээг чинь гаргаж өгнө сонгууль болох гээд ажил их байна гэж хэлээд сонгуулийн дараа газрын чинь гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлээд одоог болтол газрын гэрчилгээг гаргаж өгсөн зүйл байхгүй М.*** нь миний 3.000.000 төгрөгийг буцааж надад өгөөгүй байна...Тухайн үед М.*** нь надад энэ газрын бичиг баримт нь гараагүй байгаа Нийслэлийн газрын албанд ажилладаг *** гэдэг хүнд мөнгө өгөөд чиний нэр дээр газрын гэрчилгээг шууд гаргуулан өгнө санаа битгий зов гэж хэлсэн...Тухайн үед *** нь надаас авсан 3,000,000 төгрөгийг ***т бэлнээр нь өгсөн. Тэгсэн чинь надад *** 400,000 төгрөгийг *** буцааж өгсөн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
мөн түүний 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн ᠌᠌”...Намайг анх М.*** нь Ш.***тай 2023 оны 06 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа уулзуулахдаа Улаанчулуутын газрын авсан хүн чинь энэ гэж хэлээд намайг уулзуулахад Ш.*** нь өөрийгөө Нийслэлийн газрын албанд ажилладаг талаар хэлээд надад зарсан газрын Сонгинохайрхан дүүргийн газрын албаны *** гэдэг газар ***ид чиний материалыг чинь өгсөн байгаа сонгууль өнгөрөхийг жоохон хүлээчих Хотын даргын захирамж удахгүй цуцлах байх тэгэхээр нь газрын гэрчилгээ чинь гарчихна санаа зоволтгүй гэж хэлсэн...Тухайн үед би М.***гээс яагаад газрын бичиг баримт миний нэр дээр гарахгүй байгааг асуухад би чамайг Ш.***тай өөртэй нь уулзуулна гэж хэлээд намайг Чингэлтэй дүүргийн тамгын газрын гадаа уулзуулсан юм. Ш.Болбаатарыг М.*** дуудаж ирүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166 дахь тал),
5. Гэрч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Манай эхнэр П.*** нь 2023 оны 02 дугаар сард хорооны хэсгийн ахлагч ажилтай ***гээс Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 айлын 07 хэмжээтэй газрын кадастрын зургийг үзүүлээд 6,000,000 төгрөгөөр зарна урьдчилгаа 3,000,000 төгрөг өгчих 5 дугаар сар гэхэд энэ газрын гэрчилгээ нь чиний нэр дээр гарна гэж манай эхнэр П.***т хэлсэн. Тэгэхээр би манай эхнэр тухайн газрыг үзэхэд зам дагуу байршилтай дажгүй газар байсан. Ингээд урьдчилгаа 3,000,000 төгрөгийг эхнэр маань ***гийн дансанд шилжүүлэн өгсөн юм. Ингээд 2023 оны 05 дугаар сар болоход газрын бичих баримт гарахгүй байхаар нь эхнэр маань ***тэй уулзсан чинь би Нийслэлийн газрын албаны *** гэдэг хүнд 3,000,000 төгрөгийг чинь өгсөн талаар хэлж байсан юм. Тэгээд одоо болтол газрын гэрчилгээ гарахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад эхнэр маань хандсан юм аа...Манай эхнэр Д.*** Банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгө байсан юм... Тухайн үед эхнэрт маань зарсан газраа *** нь эзэнгүй газар гэж байсан юм... Би Нийслэлийн газрын албанд ажилладаг гэх *** гэдэг хүнтэй уулзаагүй харин манай эхнэр *** гэдэг хүнтэй уулзахад газрын чинь гэрчилгээ удахгүй гарна гэж хэлсэн талаар эхнэр маань надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
6. Хохирогч П.***ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн “...Хохирогч Пүрэвдоржийн ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны хуулганд 1 удаагийн 3.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд уг мөнгө шилжүүлэн орон дансыг Хаан банкны аппликейшн ашиглан шалгаж үзэхэд 3.000.000 төгрөгийг Хаан банкны *** дугаартай ***ын *** гэх хүний эзэмшлийн дансаар хүлээн авсан болох нь тогтоогдож байна. ...” гэх тэмдэглэл болон Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-32, 35 дахь тал),
7. “360 Файнанс” ББСБ-ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ-*** дугаартай “...3,500,000 төгрөгийг П.***т зээлдүүлсэн тухай...” зээлийн гэрээ (хавтаст хэргийн 36-38 дахь тал),
8. Иргэн П.***ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг (хавтаст хэргийн 39 дэх),
9. Арилжааны банкнуудаас Ш.***, М.*** нарын нэр дээр одоо ашиглагдаж байгаа болон хаагдсан харилцах, хадгаламж зээлийн дансны 2023 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх орлого, зарлагын хуулга, оршин суух холбогдох утасны дугаарын талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 41-43 дахь тал),
10. Шүүгдэгч М.***гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн “...Оролцогч М.***гийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны хуулганд 26 удаагийн 2.706.650 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд уг мөнгө шилжүүлэн 1 удаагийн 3.000.000 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдож байна Хаан банкны аппликейшн ашиглан шалгаж үзэхэд 3.000.000 төгрөгийн орлого орсон Хаан банкны *** дугаартай Пүрэвдоржийн *** гэх хүний эзэмшлийн дансаар хүлээн авсан болох нь тогтоогдож байна...” гэх тэмдэглэл болон дансны хуулга (хавтаст хэргийн 45-50, 53-55 дахь тал),
11. Шүүгдэгч Ш.***ын гар утсанд үзлэг хийсэн байдал болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 63-70 дахь тал),
12. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01-01/2211 дугаартай ᠌᠌”... ***гийн *** нь манай албанд 2016-2019 оны хооронд ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн” гэх албан бичиг, тушаалын хуулбар (хавтаст хэргийн 135-136 дахь тал),
13. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/602 дугаар захирамж болон холбогдох баримтууд (хавтаст хэргийн 100-133 дахь тал),
14. Гэрч Н.***ийн ᠌᠌ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”... Би 2022 оны 04-р сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд одоог хүртэл газар ***аар ажиллаж байна. Би М.***, П.*** нарыг таньж мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин Ш.*** 2016 оны 13 сараас 2017 оны 06 сарыг хүртэл Драгон төвийн нэг цэгийн үйлчилгээнд хамт ажиллаж байсан юм Тухайн үед Ш.*** нь манай ахлах мэргэжилтэн байсан юм. Надад М.***, Ш.*** нар нь П.*** гэх хүний газрын гэрчилгээг гаргуулахаар өргөдөл хүсэлт огт өгч байгаагүй ...миний харсан эргэлтийн цэг тогтоосон зураг нь кадастрын зураг биш надад харуулсан зургийг ямар ч тусгай зөвшөөрөлтэй компани иргэнд хийж өгч болно, албан ёсны газар эзэмших зөвшөөрөл болохгүй ...Тухайн үед Ш.*** Драгон төвийн газрын нэг цэгийн үйлчилгээний ахлахаар ажиллаж байгаад халагдсан гэж сонссон, өөрөөр түүнээс хойш дахин уулзаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 168-170 дахь тал),
15. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 184 дэх тал),
16. Нийслэлийн газрын албаны даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/70 дугаар “...Ш.***тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай..” тушаал болон холбогдох баримтууд (хавтаст хэргийн 136-141 дэх),
17. Шүүгдэгч Ш.***, М.*** нарыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нүүрэлдүүлж авсан “...1/. Шүүгдэгч М.***гээс ... Би хохирогч П.***өөс 3.000.000 төгрөгийг өөрийн дансаараа авсны дараа 1 удаа 2023 оны 06 дугаар сард 1 удаа Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын гадаа газар авна гээд мөнгө хүн маань уулзана гэж хэлээд Ш.***тай уулзуулсан юм... Тухайн үед П.***өөс шилжүүлэн өгсөн 3.000.000 төгрөгөөс Ш.***т 1.500.000 төгрөгийг бэлнээр аваад өөрт байсан 500.000 төгрөгийг нэмээд 2.000.000 төгрөг болгоод Сонгинохайрхан дүүргийн засаг даргын газрын хажууд бэлнээр өсгөн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг нь үрээд сүүлд нь бэлнээр 1.000.000 төгрөгийг өгсөн байгаа юм... Би хохирогч П.***өөс 3.000.000 төгрөгийг авсны дараа тухайн газарт эргэлтийн цэгийг хийлгээд Ш.***т холбогдох бичиг баримтын хамт өгсөн. Би Ш.***ыг хаана ямар газар ***ид газрын холбогдох материалыг өгснийг нь мэдэхгүй байна... Би Соёл эрдэнэ гэдэг хүнийг танихгүй...2/. Шүүгдэгч Ш.***аас... Би 2023 оны 06 дугаар сард М.*** нь надад газар хөөцөлдүүлж байгаа хүн гэж хэлээд 1 эмэгтэй хүнтэй уулзуулсан Надад 3.000.000 төгрөг өгсөн хүн гэж хэлээд уулзуулсан /хохирогч П.*** гэж хэлээгүй./... Би 2023 оны 02 дугаар сарын 03- өдөр М.***гээс 1.500.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын газрын хажууд байхдаа бэлнээр авсан. Өөр мөнгө авснаа санахгүй байна... Би М.***гээс П.***ийн газрын материалыг аваад холбогдох газарт нь өгөөгүй... Тухайн үед Нийслэлийн газар зохион байгуулалтад ажиллаж байсан. Тухайн үед эргэлтийн цэг хийлгэсэн газрыг эзэнтэй эзэнгүй нь асууж байсан болохоос өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Одоо би ***ийг хаана байгааг ямар мэдэхгүй, би ямар нэгэн харилцаагүй байгаа...Би авсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор М.***д буцааж мөнгийг нь өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 162-164 дэх тал),
18. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 171-175 дахь тал),
19. Нийслэлийн засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/867 дугаар “Хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” захирамж (хавтаст хэргийн 183 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
1. Шүүгдэгч М.***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд (хавтаст хэргийн 176-179 дэх тал),
2. Шүүгдэгч Ш.***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 87-90 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч М.***, Ш.*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах байр суурьтай...”, хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
Шүүгдэгч М.*** болон түүний өмгөөлөгч А.*** “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууртай...”, хавтаст хэргээс хэргийн 179 дэх тал, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 3 хуудас баримтуудыг,
Шүүгдэгч Ш.*** болон түүний өмгөөлөгч Л.*** “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууртай...”, хавтаст хэргээс хэргийн 162/, 139, 84-92, 27 дахь талууд, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нийт 7 хуудас баримтуудыг тус тус шинжлэн судалж оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.***, Ш.*** нар нь Сонгинохайрхан дүүргийн 36-р хорооны нутаг дэвсгэр Алтан овооны автобусны эцсийн буудлын хажууд байх хашаагүй газрыг хохирогч П.***т үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, шүүгдэгч М.*** нь хохирогчид Нийслэлийн газрын албанд ажилладаг хүн байгаа, газрын гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгнө гэж, харин шүүгдэгч Ш.*** ажлаасаа чөлөөлөгдсөн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 36-р хорооны нутаг дэвсгэр Алтан овооны автобусны эцсийн буудлын хажууд байх хашаагүй газрыг Нийслэлийн засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах тухай”...бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох...үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон А/867 дугаар захирамж хүчинтэй төгөлдөр байхад хохирогчийн нэр дээр газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж хуурч хохирогч П.***өөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр газрын төлбөрийн урьдчилгаа болгож 3,000,000 төгрөгийг шүүгдэгч М.*** нь өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч, тус мөнгийг Ш.***ын хамт хуваан авсан буюу бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч П.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.***, Н.*** нарын мэдүүлэг, хохирогч П.*** болон шүүгдэгч М.*** нарын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай албан бичиг, шүүгдэгч нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Нийслэлийн газрын албаны даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/70 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/867 дугаар “Хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” захирамж зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
2.4. Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж хуульчилсан.
Тухайлбал, шүүгдэгч М.***, Ш.*** нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч П.***ийн нэр дээр газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос 3,000,000 хуурч аван хохирол учруулсан ба 2,000,000 төгрөгийг Ш.***, 1,000,000 төгрөгийг М.*** нар тус тус хуваан авч зарцуулсан байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд залилах гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзнэ.
2.6. Иймд шүүгдэгч М.***, Ш.*** нар нь хохирогч П.***ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Нийслэлийн газрын албанд ажилладаг хүн байгаа, газрын гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгнө гэж хуурч, хохирогч П.***өөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр газрын төлбөрийн урьдчилгаа болгож, 3,000,000 төгрөгийг Хаан банк дахь М.***гийн эзэмшлийн *** тоот дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч П.***т 3,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.***, Ш.*** нар нь хохирогчид 3,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гарган төлж барагдуулсан болох нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч П.***ийн “Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо гомдолгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт болон шүүгдэгч М.***гээс гаргаж ирүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3.3. Хавтаст хэргийн 39 дэх талд кадастрын зураг авагдсан бөгөөд хохирогч П.***өөс 50,000 төгрөгийг зураг үйлдүүлэхээр авсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй болохыг дурдав.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч М.***, Ш.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 017.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруу маргаж байсан боловч шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон тул үүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөхгүй гэж үзэж байна. Тиймд шүүгдэгч нарыг таслан сэргийлэх арга хэмжээ бүрд нь 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялын 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна... Үйлдэл оролцоог ялгамжтай хандах ёстой гэж байна. Үйлдэл оролцооны тухайд ижил үйлдэл оролцоо байгаа гэж үзэж байна. Хэн аль нь итгэл төрүүлээд байдаг. Энэ 2 хүний үйлдэл оролцоо байдаг. Хохирогч 2 жил газартай болно гэж хүлээгээд өөр газар хайгаагүй байдаг. Энэ торгох ялын хэмжээ үйлдсэн үйлдэлд тохирч байна гэж үзэж байна...” саналыг,
Шүүгдэгч М.***, түүний өмгөөлөгч А.***гээс “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тохиолдлын гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдал байгааг харгалзан 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү... Анхны дүгнэлтээ дэмжиж байна...” гэсэн санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.***, түүний өмгөөлөгч Л.***гаас “...Тодорхой эрхэлсэн ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал байна. Одоо ч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд *** хийж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар санаатай 2 гэмт хэргийг гэж хүндрүүлэх асуудал яригдана... Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд диспозици маягаар хэрэглэх байх. Эрх олгосон зүйл биш. Нөгөө талаас нийгмийн аюулын шинж, хохирол хор уршиг бүрэн арилсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан үйлдэл оролцоог тусгаарлаж, ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзэж, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх ял шийтгэл оногдуулж өгнө үү... Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 429 дүгээр тогтоолд үйлдэл оролцоог, гэмт хэргийн талаар хэрхэн оролцсоныг заавал тогтооно. Яагаад гэвэл үүрэг оролцоог тогтоож, ялыг ялгамжтай оногдуулна гэж зааж өгсөн байгаа. Хоёулаа хамт оролцсон. Хоёулаа хувааж авсан гэдгийг тогтоож чадаагүй. Мөнгө авсан байна. Зохиомол байдал бий болгосон байна. Урьдчилан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ нэгдээд байна гэж байна. *** энэ газрыг мэдээд ***т очиж хэлээд байгаа юм. *** өөрийн мэдлэгийн хүрээнд газар эзэнгүй гэдгийг олж мэдсэн. Энэ хооронд үгсэн тохиролцсон, нэг санаа зорилго байгаагүй. Зөвхөн газрыг заръя гэсэн байна. Хохирогчтой 1 удаа л уулзсан. Хохирогчтой байнга уулзаад мөнгө авсан асуудал байхгүй. Уулзалтдаа Нямбаатарын захирамж хүчингүй болбол гэрчилгээ гарна гэж хэлсэн. Захирамж гараагүй. Ийм л асуудал байна. Тэр газрыг хэн анх ***т зарна гэж яваад байгаа. Тэр үйлдэл оролцоог ялгаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч М.***, Ш.*** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 /хохирлоо төлсөн/ дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “бүлэглэн” үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
4.4. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.***, Ш.*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүгдэгч нарт тус тус оногдуулсан 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж шүүх шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт авагдсан CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.***, Ш.*** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.***, Ш.*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баян-Өндөр овогт ***ын ***, *** овогт ***гийн *** нарыг “...бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.***, Ш.*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.***, Ш.*** нарт тус тус оногдуулсан 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.***, Ш.*** нарт сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт авагдсан CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.***, Ш.*** нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.***, Ш.*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.