2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Э.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, Дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, “МИАТ” ХХК-д суудал захиалагч ажилтай, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Коёо тауны 54-1 дүгээр байрны 708 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,

*** овогт ***ийн *** (РД: ***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.*** нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” эмнэлгийн 8 давхарт хохирогч Д.***той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Э.***гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Манай эхнэр бид хоёрын голоор манай эхнэрийн гэрийнхэн их ордог. Тэгээд эхнэрийн умайн хүзүүний хорт хавдрыг надаас болсон гэж дандаа хэлж ярьдаг. Бид хоёрын тусдаа байгаа шалтгаан нь архинаас болоогүй, түүний ээжээс болдог. Тэгээд гадаад явчхаад ирээд эмчилгээгүй болчихлоо гэхэд чамаас болж өвдсөн гэж байнга хэлж байсан. Тэгээд би эхнэрээсээ хол байгаа болохоор эмнэлэг нь ажилтай ойр ажлын урд талд байдаг болохоор нь би эхнэрийгээ санаад ганц тэвэрчхээд явъя гэж бодоод хажуугаар ороод хэвтэхэд намайг дүү нь татаж чангаагаад л ер нь бол надад их дургүй, таарамж муутай байдаг. Тэгээд намайг хүүхэдтэй маань уулзуулахгүй гэдэг миний хүүхэд надтай хамт байдаг. Гэвч эхнэрийн эгч нь өөр дээрээ авна гэдэг, дүү нь чамтай уулзуулахгүй, шүүхээр шидүүлнэ л гэдэг. Ер нь бол иймэрхүү хувийн таарамжгүй асуудлууд байгаа. Бусдаар бол хийсэн үйлдэлдээ маргаж байгаа зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тогтоолтой танилцсан. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Миний бие тухайн шөнө эхнэртэй уулзах зорилготой *** эмнэлэгт очсон. Эхнэрийн хажууд очоод тэвэрч үнсээд гарах гэтэл хүргэн дүү *** бос гээд заамдаж авсан. Хоёулаа гаръя гээд байсан. Үүнээс болоод миний дургүй хүрээд ***ийг нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж авсан. Өмнө нь эмнэлэгт хэвтэхэд би асардаг байсан тул хаана хэвтсэнийг мэдэж байсан. Эмнэлгийн зүгээс сувилагч болон асрагч намайг таньдаг байсан. Надад сайн байсан. Тийм учраас би өөрөө яваад очсон. Манай хүргэн дүү надад их өс хонзонтой юм шиг байна лээ. Надаас болж өвчин туссан гээд надтай одоо хүүхэд болон эхнэрийг уулзуулахгүй гэрт оруулахгүй байгаа. Утасыг шүүрч аваад яриулахгүй, мессеж бичээд байгаа... Ганцаараа 0.5 л шил архи уусан байсан. Өдөр нь уусан... Барагдуулсан зүйл байхгүй. Уулзахгүй, гэрт нь очихоор гэр лүгээ оруулахгүй байгаа... Надад бол байхгүй. Дүүд л бодоод байгаа юм байх шиг байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Тухайн өдөр *** эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эхнэр болох Д.***тай уулзаж нэг үнсэхээр очсон. очиход тухайн эмнэлэг манай эхнэрийн сахиураар *** гэх төрсөн дүү нь унтаж байсан. Дүү нь сэрэх үед би эхнэрээ тэвэртэл бос гар, яг одоо гар писда гэх зэргээр хэлээд намайг орноос татаж унагаасан. Анх өрөө рүү орохдоо би гадуур өмссөн куртик болон гутлаа тайлаад өрөө рүү орсон байсан. Цамцтай байхад намайг зах хэсгээс заамдаж аваад гарч байгаад учраа олно гаръя гэх зэргээр чирээд гарах гэж үзсэн. Тэр үед нь миний уур хүрээд тэр өрөөндөө л бид харилцан зодолцсон. Би тэр дүү болох ***ийн нүүрэн хэсэг рүү нь 3-4 удаа цохисон. Тэр зөрүүлээд намайг бас цохиод байсан юм. Өрөөнд нь нэг хэвтэн эмчлүүлж байгаа хүн сэрэх үед нэг сувилагч орж ирсэн. Тэгээд биднийг боль гэж хэлээд бид зодолдохоо больсон. Сувилагч салгаж байхад тэрхүү дүү нь миний нүүрэн тус газар буюу нүд рүү 2-3 удаа цохисон. Зүүн гар дээшээ өргөж болохгүй буюу нугалахад өвдөлттэй байна. Мөн баруун нүд хөхрөлттэй хавдалттай байна... *** эмнэлгийн 8 давхарт эхнэрийн хэвтэж байсан өрөөнд эхнэрийн сахиур хийж байсан ***ид зодуулж, цохиулсан... Эхнэртэйгээ баталгаагүй. Дундаасаа нэг охинтой. Одоо 4 настай... Одоо 5 жил болж байна. Одоогоор харилцаа хэвийн байгаа. Дүүтэй нь муудалцсан болохоор жаахан надад гомдсон л байгаа байх... Найзуудтайгаа гадуур уусан байсан. Согтолтын зэрэг бага байсан... Надад л өс хонзон санадаг юм шиг байна лээ. Хадам талаас хэтэрхий амьдралд оролцоод байдаг юм. Эхнэрийн хорт хавдар надаас болж туссан гэх зэргээр гэр бүлээрээ л надад хэлж байсан тул өс хонзонгийн асуудал энэхүү гэр бүлийнхэнд… Би шүүх эмнэлэгт үзүүлнэ… Тухайн шөнө *** гэх дүү нь хаалгаа онгойлго. Одоо чамайг орж ална. Маргааш нь хаана байгаа юм, байгаа газар чинь очиж чамайг хачин болгон гэх зэргээр ярьж заналхийлдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

2. Хохирогч Д.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эгч Д.*** умайн хүзүүний хорт хавдартай Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах *** эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд би эгчийгээ сахиад хамт байсан юм. 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 02 цагийн үед манай эгчийн нөхөр Э.*** согтуу ирээд эгчийн хэвтэж байсан өрөөнд орж ирээд эгчийн орон дээр хэвтэж байхаар нь орноос нь бос гэж хэлсэн чинь намайг хоёулаа гаръя гэж хэлэнгүүтээ өрөөн дотор хэд хэдэн удаа нүүр рүү цохиод орон дээр хэвтүүлж байгаад дээрээс дараад хоолой боогоод байсан тэгээд намайг тавингуут нь би цагдаад дуудлага өгсөн... Хүргэн ах *** цагдаа нар ирэхээс өмнө зугтаагаад яваад өгсөн. Манай эгч *** хорт хавдрын 4 дүгээр шатанд орчихсон эмчилгээгүй болчихсон байгаа юм хүргэн байнга архи ууж эгчийг дарамтлаад байдаг байсан болохоор манай эгч хүргэн ахаас салаад тусдаа сүүлийн 3 сар манайд амьдарч байгаа юм тэгээд манай гэрийнхэн хүргэн ахад маш их дургүй хандаж байсан тэрэнд өс санаж намайг зодсон байх өөр шалтгаан байхгүй... Миний баруун болон зүүн нүд рүү цохиод хавдаж юм сайн харахгүй байна. Миний доод уруулын дотор тал язарч гэмтсэн байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж хохирлын зэргээ тогтоолгоно маш их гомдолтой байна... манай эгч ***, хамт хэвтэж байсан нэрийг нь мэдэхгүй байна 2 эгч байсан мөн эмнэлгийн сувилагч байсан... Манай хүргэн ах ***д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү мөн эгчээсээ болон гэр бүлээсээ хол байлгамаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

3. Гэрч Д.***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би ***ыг танина. Миний нөхөр. Би нөхөртэйгөө гэрлэлтийн баталгаа байхгүй. 5-6 жил хамт амьдарсан...Дундаасаа 1 хүүхэдтэй 4 настай охин байгаа... Тухайн шөнө 02 цагийн үед *** гэж хүн миний хэвтэж байсан 8 давхрын тасагт шууд ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж ирээд миний хажуугаар хэвтсэн. Миний зүгээс би, чи гар эмнэлэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирлээ гэхэд гарсан. Хэсэг хугацаанд гарч яваад буцаж ирээд хажуугаар хэвтсэн. 2 дахь орон дээр нь дүү болох *** и бос гар гэхэд *** дүүг шууд үсдэж аваад цохиод эхэлсэн. 20 орчим минут зодолдсон. Хажууд хэвтэж байсан эгч салгах гэж үзсэн. Сувилагч орж ирээд бас салгасан. Салгасны дараагаар дүү түрүүлж гараад *** хэсэг сууж байгаад явсан, тухайн ***ыг эмнэлгийн жижүүр болон жижүүрийн сувилагч гаргасан. Эмнэлэг бол шөнө 21 цагт хаалгаа барьдаг байж байгаад тэр өдөр нээлттэй байсан. *** дүүгийн нүүрэн тус газарт буюу нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Чихийг нь хазсан, үснээс нь зулгаасан, багалзуурдсан. Хэсэг дүү гарч явж байгаад буцаад ирсэн. Цагдаа дүү дуудаад цагдаа ч ирсэн. Дүү цагдаатай цагдаагийн хэсэг рүү явсан. *** болохоор гэр лүүгээ орсон юм шиг байна лээ... Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Уусны дараа гадуур л их асуудалд ороод ирдэг. Өмнө нь найзынхаа хавиргыг хугалсан гээд ял авсан. Тэр нь тэнсэнтэй байгаа гэсэн байх. Бусдаар надад гар хүрдэггүй... Эрүүлдээ гэр бүлсэг хүн, уучихаараа их дээрэлхүү хүн. Гэхдээ энэ зангаа эрэгтэй хүн л гаргадаг. Би асуухад дүү чинь надтай муухай харьцсан. Бид хэсэг тусдаа амьдарсан уулзах гээд очтол шууд бос гэх зэргээр бүдүүлэг харьцсанд болсон гэж хэлсэн...Ойр ойрхон архи уугаад байдагт, мөн миний бие өвдсөн болохоор л тэд уурлаж байгаа юм. Бусдаар бас өс хонзонгийн асуудал байхгүй. Өдөр нь надтай уулзсан. Охинтойгоо тэгээд хүргэж өгчхөөд орой шөнө санаад гээд орж ирсэн гэсэн. Гараад ир гадаа учраа олъё гэхэд шууд *** үснээс нь зулгааж эхэлсэн. Цохиж зодсон юм...Миний биед халдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

4. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан ЕГ0725/3445 дугаартай “...1. Д.***ийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

5. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ЕГ0725/3491 дугаартай “...1.Э.***-н биед баруун зовхинд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

6. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** эмнэлгийн 8 давхарт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүргэн ах ***д зодуулж гэмтсэн...” тэмдэглэл болон хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 04 дэх тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг тус тус дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.*** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 18-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” эмнэлгийн 8 дугаар давхарт хэвтэн эмчлүүлж байсан эхнэр Д.***гийн төрсөн дүү болох хохирогч Д.***той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.***, гэрч Д.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Э.***ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан ЕГ0725/3445 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн тэмдэглэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт.

2.1. НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

2.4. Шүүгдэгч Э.*** нь хохирогч Д.***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.*** нь хохирогч Д.***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*** нь хохирол хор уршигтай холбоотой баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн хохирогч нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” (хавтаст хэргийн 78 дахь тал) тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.***гоос хохиролд төлбөр гаргуулах боломжгүй тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.***ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Э.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Э.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуу мянга) төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна...” гэсэн саналыг гаргаж,

Харин шүүгдэгч Э.***гоос тусгайлан санал, тайлбарыг гаргаагүй болохыг тус тус дурдав.

4.4. Шүүгдэгч Э.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***д оногдуулсан 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***д оногдуулсан 1,200,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.***д сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.*** нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.*** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.