Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2023/0004

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ж

Хариуцагч:Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ж нь хариуцагч нарт тус тус холбогдуулан  шүүхэд анх “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгох (1), тус албан тушаалын тусгай шалгалтыг дахин зарлаж, (2),  тусгай шалгалтад бүртгэж, оролцох эрхээр хангахыг даалгах (3)” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад Н.Ж бүртгэхээс татгалзсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох (1), уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож (2), дахин зарлахыг даалгах (3)”-аар маргаж байна.

2. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын сул орон тоог нөхөх асуудлаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд /цаашид “салбар зөвлөл” гэх/  хандсанаар салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс байгуулж, 2022 оны 55 дугаартай албан бичгээр  сул орон тооны захиалгыг  Төрийн албаны зөвлөлд  өгч, Зөвлөл уг орон тоог нийтэд мэдээлжээ.

3. Нэхэмжлэгч Н.Ж нь тусгай шалгалтад бүртгүүлэх гэсэн боловч 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрийн албаны  тусгай шалгалт зохион байгуулах комиссоос түүнийг “албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй” гэж  үзэж, бүртгэхээс татгалзжээ. 

4. Уг шийдвэрт холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзсан байх ба энэ талаарх хариуг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02/557 дугаартай албан бичгээр өгснөөр нэхэмжлэгч   шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. Би 2005 онд бизнесийн удирдлагын мэргэжлээр, эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. 2014 онд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 4 жилийн хугацаатай авч, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс 2018 онд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүйгээр олгосон. Би аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

5.2. Дээрх сул орон тоонд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр цахимаар бүртгүүлсэн,  бүртгэлийн хугацаанд надаас өөр хүн бүртгүүлээгүй. Гэвч 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тусгай шалгалт эхлэхэд 2 хоног үлдэхэд  салбар зөвлөлөөс миний мэргэжлийг албан тушаалын тодорхойлолт заасан мэргэжлийн индексэд тохирохгүй гэж бүртгэлээс хассаныг мэдэгдсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн  хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт нь “нягтлан бодох бүртгэл”, “санхүү”, “даатгал”, “эдийн засаг”, “эрх зүй” гэж тусгасан, би мэргэжлийн болзлыг бүрэн хангаж байгаа. Учир нь миний мэргэжлийн дипломд “бизнесийн удирдлагын мэргэжил, эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг олгов” гэж тодорхой бичсэн. Эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй хүнийг эдийн засагч гэж нэрлэдэг.

5.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д  “мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг гэж маш тодорхой заасан.

5.4. Салбар зөвлөлд тухайн сул орон тооны захиалга ирүүлснээс хойш нэг жил болоход нийтэд дахин зарлаж, тусгай шалгалт явуулахгүй байна. Үүнээс болж би тусгай шалгалтад бүртгүүлэн оролцох эрх маань зөрчигдөж байна гэжээ.

            6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа:

6.1. Маргааны хувьд нэхэмжлэгчийг зөвхөн албан тушаалын тодорхойлолтын “мэргэжил” хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гэж үзсэн. Албан тушаалын тодорхойлолтод хэд хэдэн мэргэжлийг тодорхой нэг индексэд хамруулж, тухайн индексэд мэргэжил нь  таарсан хүнийг бүртгэхээр хариуцагч талаас тайлбарлаж байгаа ч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, албан тушаалын тодорхойлолтын маягт зэргээс харахад индекс тусгахаар заагаагүй.

6.2. Нэхэмжлэгч мэргэжлийн хувьд эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй мэргэшсэн нягтлан бодогч хүн.  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж заасан учраас тус байгууллагад тухайн чиглэлээр олон жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч  болох Н.Жанарбекийг шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалтад бүртгэхэд татгалзах үндэслэл байхгүй.

6.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "мэргэшсэн нягтлан бодогч" гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг” гэж тодорхой заасан.

Н.Ж нягтлан бодох бүртгэлийн мэргэжилгүй гэж үзэх нь  хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийг нягтлан бодогч биш гэж үзэх тохиолдол цаашид гарч болзошгүй тул  шүүхээс үүнийг таслан зогсоох ёстой.

Н.Жанарбекийн дипломыг нягтлан бодогч биш гэж үзвэл Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс мэргэшсэн нягтлан бодогч гэсэн гэрчилгээ олгохгүй байсан.

6.4. Мөн шүүхээс маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл шалгалт явуулж болохгүй гэсэн шийдвэр гаргаагүй байхад салбар зөвлөл сул орон тооны захиалга хүргүүлснээс хойш нэг жилийн хугацаанд тусгай шалгалт зохион байгуулаагүй, сул орон тоог нийтэд зарлаагүйгээс нэхэмжлэгчийн эрх ашиг нь  зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагч нараас гаргасан тайлбартаа:

            7.1. Тусгай шалгалт авах комиссоос  2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрийн захиргааны байгууллагын ахлах, дэс түшмэлийн  удирдах албан тушаалын 10 орон тоонд шалгалт зохион байгуулсан болно. Энэ удаагийн нийт зарлагдсан 10 ажлын байранд 22 иргэн бүртгүүлэхээр материал ирүүлж, 5 ажлын байранд 10 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн байна. Харин аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын албан тушаалд бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн Н.Ж мэргэжил нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, индексэд таараагүй тул бүртгээгүй.

               7.2. Нэхэмжлэгчийн бакалаврын дипломд мэргэжил “бизнесийн удирдлага”, мэргэжлийн индекс “....”, мэргэшил “санхүүгийн мэргэжилтэн” гэж бичигдсэн, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “нягтлан бодох бүртгэл .....”, “санхүү .....”, “даатгал ....”, “эдийн засаг ....”, “эрх зүй ...” гэж мэргэжлийн нарийвчилсан индекс заасанд нэхэмжлэгчийн мэргэжил хамаарахгүй байна.

7.3. Нэхэмжлэгчээс эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй хүнийг эдийн засагч гэж нэрлэдэг гэжээ. Эдийн засгийн ухааны бакалавр гэдэг нь боловсролын зэрэг болохоос мэргэжил биш. Н.Жанарбекийн “бизнесийн удирдлага”-ын  мэргэжил нь Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2014 оны “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалд “менежмент ба удирдахуй“ хэсэгт /0413/ дотор хамаарна.

7.4. Н.Ж нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүйгээр авсан байна. Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна”, 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж тус тус заасан.  Нэхэмжлэгчийн хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг дээд боловсролын бакалаврын дипломтой дүйцүүлэх боломжгүй.

7.5. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”,  26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй.

7.6. Тухайн үед Төрийн албаны зөвлөлд сул орон тооны талаар дахиж захиалга хүргүүлсэн боловч шүүхэд маргаан үүссэн тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хойшлогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад н.Ж бүртгэхээс татгалзсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох (1),  сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож (2), дахин зарлахыг даалгах (3)” тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батлахаар заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын  Дөрвийн 4.1-д “Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:”, 4.1.5-д “албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх;” гэж заажээ.

 

            3. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар "албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгох ба 23 дугаар зүйлийн 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж заасан.

4. Томилох эрх бүхий этгээдээс баталсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын албан тушаалын тодорхойлолтод зааснаар уг албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнд мэргэжлийн хувьд нягтлан бодох бүртгэл /041101/, санхүү /041201/, даатгал /041201/, эдийн засаг /031101/, эрх зүйч байх, мэргэшлийн хувьд төрийн албаны богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг тавьжээ.

 

5. Маргаан бүхий албан тушаалын тусгай шалгалтад  нэхэмжлэгч бүртгүүлэх гэсэн боловч хариуцагчаас “уг албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй”  гэж бүртгэхээс татгалзсан байх ба талуудын  хоорондын маргаан нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангах эсэхтэй холбоотой байна.

6.  Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

6.1.“Сэрүүлэг” дээд сургуулийг  2005 онд “бизнесийн удирдлагын мэргэжлээр, эдийн засгийн ухааны бакалаврын зэргээр суралцаж төгссөн, эдийн засгийн бакалавр зэрэгтэй  хүнийг эдийн засагч гэж үзнэ.

6.2. 2018 онд хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ авсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг ойлгохоор заасан тул  тухайн албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа гэжээ.

7. Нэхэмжлэгчийн маргаанд  хариуцагч талаас дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:

7.1. Эдийн засгийн ухааны бакалавр гэдэг нь боловсролын зэрэг болохоос мэргэжил биш юм.

7.2. Тухайн албан тушаалын тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “нягтлан бодох бүртгэл /041101/, санхүү /041201/, даатгал /041201/, эдийн засаг /031101/ гэж мэргэжлийн нарийвчилсан хөтөлбөрийн индекс заасан. Н.Ж бакалаврын дипломын хавсралтын “мэргэжил” хэсэгт “бизнесийн удирдлага”, “мэргэшил” хэсэгт “санхүүгийн менежмент” гэж байгаа нь  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалын мэргэжлийн индексэд “менежмент ба удирдахуй “/0413/ хэсэгт хамаарна.

7.3. Нэхэмжлэгчийн хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг дээд боловсролын бакалаврын дипломтой дүйцүүлэх боломжгүй гэжээ.

8. Талуудын маргаанд шүүхээс дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.Ж нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад хамаарах мэргэжлийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

8.1.Тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах хуульд заасан “мэргэжил” болон “мэргэшил”-ийн шаардлага нь өөр өөр ойлголтыг агуулах бөгөөд “мэргэжил” гэдгийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг, “мэргэшил” гэдгийг 4.1.5-д зааснаар тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг ойлгохоор байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Албан  тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын Гурвын 3.5.2-т “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн, албан тушаалын тодорхойлолтод тусгана.” гэж зааж, “мэргэшил” гэдэгт дипломын дараах гурван сараас дээш хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн сургалтад хамрагдаж төгссөн баримт бичигт болон мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг нотолно” гэж тайлбарлажээ.

            8.2. Нэхэмжлэгч н.Ж нь 2005 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг “бизнесийн удирдлага” мэргэжлээр суралцаж төгссөн бол ажил олгогчоос маргаан бүхий албан тушаалд мэргэжлийн хувьд  нягтлан бодох бүртгэл /041101/, санхүү /041201/, даатгал /041201/, эдийн засаг /031101/, эрх зүйч байх шаардлагыг тавьжээ.

            8.3. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 28.1.3-т “мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу дээрх сул орон тоог нийтэд зарлах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаартай “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс”-ээс үзэхэд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь 041101, санхүүчийн мэргэжил нь 041201, даатгалын мэргэжил 041202, эдийн засагчийн мэргэжил нь 031101, эрх зүйч мэргэжил нь 042101, бизнесийн удирдлагын мэргэжил нь 041301 индекс бүхий  нарийвчилсан чиглэлийн өөр өөр мэргэжил байна.

            Ингэснээр нэхэмжлэгчийн “бизнесийн удирдлага”-ын мэргэжил нь маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтод заасан нягтлан бодох бүртгэл, санхүү, даатгал, эдийн засаг, эрх зүйчийн мэргэжилд хамаарахгүй байх тул  энэ талаарх хариуцагч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

8.4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д  "мэргэшсэн нягтлан бодогч" гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг;” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд дараах шаардлагыг хангасан байна:” гэж, 24.1.1-д “их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх;”, 24.1.2-т “их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн програмыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх “ гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нэг дэх шатны шалгалтад тэнцсэн бол дөрвөн жилийн хугацаатай, хоёр дахь шатны шалгалтад тэнцсэн бол хугацаагүй олгоно.”  гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд мэргэжлийн хувьд нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжилтэй иргэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад оролцохоор байгаа ба мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийг хоёр дахь шалгалтад тэнцсэн иргэдэд олгохоор байна.

            Нэхэмжлэгч Н.Ж нь холбогдох шалгалтад тэнцсэнээр түүнд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс 2018 онд .... дугаар бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээ олгосныг “нягтлан бодогч”, “санхүүч”, “эдийн засагч”-ийн  мэргэжил эзэмшүүлсэн гэж үзэхгүй.

            Уг гэрчилгээ нь нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжилтэй иргэд энэхүү мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг буюу мэргэшсэн байдлыг тодорхойлох албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлагад хамаарах бичиг баримт юм.

            Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна”, 8  дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас  тус тус доошгүй байна.” гэж тус тус заасан.

            Нэхэмжлэгч 2018 онд мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх олгох шалгалтад оролцож тэнцсэнийг дээд боловсролын бакалаврын зэргийн сургалтад хамрагдсантай адилтгаж үзэхгүй.

 Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээ нь санхүү, эдийн засаг, нягтлан бодогчийн мэргэжлийг орлохгүй бөгөөд нэхэмжлэгч бизнесийн удирдлагын мэргэжилтэй байхад мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээг үндэслэж түүнийг маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтод заасан нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засагчийн мэргэжилтэй гэж ойлгохгүй.

 

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй байна.

8.5.  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”,  26.2-д “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэж заасан.  Дээрх байдлаар нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлээс өөр байгааг  нэхэмжлэгч тухайн албан тушаалд тавигдах хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр маргаан бүхий албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан нь   “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын  Дөрвийн 4.1-д “Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:”, 4.1.5-д “албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх” зохицуулалтад нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.”,  33 дугаар зүйлийн 33.4-т “Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна” гэж  тус тус заасан.

Хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн албаны тусгай шалгалт явуулсан тухай тайлан” бүхий баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд маргаан бүхий албан тушаалын тусгай шалгалтад бүртгүүлэхээр нэг хүн буюу нэхэмжлэгч Н.Ж нь салбар зөвлөлд материалаа ирүүлсэн, дээрх байдлаар түүнийг бүртгэхээс татгалзсанаар сул орон тоог нийтэд дахин мэдээлэх саналыг салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч нийтэд дахин мэдээлээгүй байна.

10.Энэ талаар хариуцагч салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий албан тушаалын тусгай шалгалтын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан маргааныг шийдвэрлэсний дараагаар уг орон тоог нийтэд дахин мэдээлэхээр болсон гэж тайлбарласан.

11. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь маргаан бүхий сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин зарлахыг даалгах тухай бөгөөд үндэслэлээ нэхэмжлэгчээс анх түүнийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан нь хууль бус байсан, уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаагаас тусгай шалгалтад оролцох эрх зөрчигдөж байна гэж тайлбарласан.

12. Маргаан бүхий сул орон тоо дээрх шалтгаанаар нөхөгдөөгүй тохиолдолд хуульд зааснаар уг ажлын байрыг Төрийн албаны зөвлөлөөс нийтэд мэдээлж, төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч энэхүү албан тушаалд тавигдсан мэргэжлийн шаардлагыг хангаагүй, түүнийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан хариуцагч төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын шийдвэр нь хууль зөрчөөгүй тохиолдолд Н.Ж нэхэмжлэлийн шаардлагаар шүүхээс уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийтэд дахин зарлахыг салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан.

Төрийн албаны зөвлөл /салбар зөвлөл/-өөс маргаан бүхий сул орон тоог нийтэд дахин зарлаагүй, тусгай шалгалтыг зохион байгуулаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин зарлахыг даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 33 дугаар 33.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад Н.Ж бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох, уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийтэд дахин зарлахыг салбар зөвлөлд даалгах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.РИЗА