Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 795

 

 

 

 

 

Д.Э-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул  даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/00169 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-т холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 102 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам                    нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 62 дугаар байрны 28 тоотод өөрийн том ах Баярбат болон түүний эхнэр хүүхдүүдийн хамт ам бүл 9 хүн амьдарч байсан. Гэтэл миний талийгаач эгч Д.Дулмаабаатар уг байрыг зээлийн барьцаанд тавьж бизнес хийж байгаад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байхдаа нас барсан учраас би эцгээс өвлөж ирсэн байраа алдахгүйн тулд арга буюу мөнгө хүүлэгчээс 35.000.000 төгрөг зээлж уг орон сууцаа чөлөөлүүлсэн. Гэтэл мөнгө хүүлэгч нар 35.000.000 төгрөгөө өдрийн хүүгээр тооцож 14 хоногийн дараа надаас 60.500.000 төгрөг болгон нэхэж, намайг залилангийн хэргээр цагдаад гомдол гаргасан. Уг байрыг миний төрсөн ахын том хүү Б.А миний адил өөрийн аавын гал голомтыг бусдад алдахгүй чөлөөлөөд би авъя гэхэд би зөвшөөрсөн. Б.А байрыг нэр дээрээ шилжүүлж авангуут 160.000.000 төгрөгөөр худалдсан. Байраа барьцаанаас чөлөөлж зараад Б.А-с авсан 58.000.000 төгрөгийг хүү 2.000.000 төрөг, 60.000.000 төгрөгийг өгч, Я.Гансүхэд өгөх 35.000.000 төгрөгийг Б.А байр зараад хохирогчид өөрөө өгөхөөр болж Б.А 95.000.000 төгрөгийг авч, би үлдэх мөнгөөр миний байранд амьдарч байсан хамаатны маань хүмүүс болон надад байр авч өгөхөөр тохиролцсон. Б.А нь миний байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш 23 хоногийн дараа байрыг Н.Жаргалсайхан гэдэг хүнд 160.000.000 төгрөгөөр худалдсан боловч тохиролцсоноороо миний цагдаа дээр шалгагдаж байсан өр болон үлдэх мөнгийг өгөөгүй. Мөн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хийсэн худалдах-худалдан авах гэрээг Б.А нь надтай байгуулахдаа өөрийн хэлцлийг хийсэн боловч анхнаасаа надад нэг ч төгрөг өгөх зорилгогүй намайг хууран мэхэлж байсан. Иймд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийгч талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Б.А-с 102.000.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.А 2011 оны 01 дүгээр сард Англи улсад ажиллаж амьдарч байсан. Түүний авга ах Д.Э, түүний эхнэр С.Аянахан, ээж Г.Ариунаа нартай тохиролцож улмаар Б.А-тай Англи улс руу холбоо барин Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 62 дугаар байрны 28 тоотод оршин 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон байдаг. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улс дахь Б.А-ын дансанд байсан 23.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э бэлнээр авсан. Үүний дараа 2013 оны 8 дугаар сард Д.Э нь дахин байраа зарна шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хураалгах гээд байна гэж нэмж 35.000.000 төгрөг авсан ба тухайн үед тус байрыг Б.А-т 65.000.000 төгрөгөөр худалдана гэж тохиролцон гэрээ байгуулсан. Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийн дүн 65.000.000 төгрөг бөгөөд үүнээс 2011 онд 23.200.000 төгрөг, 2013 онд 35.000.000 төгрөгийг хариуцагч нь хүлээж авсан тухайгаа нэхэмжлэлд дурдсан ба гэрээний үлдэгдэл 6.700.000 төгрөгийг төлөх ёстой. Үүнд: нэхэмжлэгч Д.Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байх үед хариуцагч Б.А өмгөөлөгчөөр нь дамжуулан 3.000.000 төгрөг, Нийслэлийн Прокурорын газарт нэхэмжлэгчид 1.000.000 төгрөг, Д.Э-тэй хамт амьдарч байсан ах Д.Баярбатын гэр бүлд бэлнээр 3.000.000 төгрөг өгч байсан. Үүнээс гадна өдөр тутмын хэрэглээ, байр орон сууцны хэрэглээний зардал гэх мэт байдлаар Д.Э болон түүнтэй хамт амьдарч байсан ах Д.Баярбатын гэр бүлийнхэн нь хариуцагч Б.А-с 3.000.000 гаруй төгрөг авч байсан.

Хариуцагч, иргэн Б.Батцэнгэлтэй байгуулсан хамтын гэрээ нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж чадахгүй, хамтын гэрээнд Д.Э оролцоогүй, хэрэв дээрх гэрээний дагуу орон сууцны төлбөрөөс хариуцагч Б.А нь иргэн Б.Батцэнгэлд тодорхой хэмжээний төлбөр төлөх үүрэг хүлээх ёстой гэвэл түүнийг нэхэмжлэгч Д.Э бус иргэн Б.Батцэнгэл нэхэмжлэх ёстой. Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, илтэд хууль бус шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 102,000,000 төгрөгийг хариуцагч Б.А-с гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667.950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нийт 35.000.000 төгрөгийн төлбөртэй байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 дахь албадан дуудлага худалдаа болсон байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн н.Гансүхээс мөнгө залилсан хэргээр шалгагдаж байсан. Д.Э, Б.Б, Б.А нар 2013 оны 08 сарын 05-ны өдөр хэлцэл хийж байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас чөлөөлж бусдад худалдаж бүх асуудлаас гарахаар төлөвлөсөн. Бусдад худалдахад уг үл хөдлөх эд хөрөнгө Д.Э-ийн нэр дээр байвал цагдаад хориг тавигдаж хоригтой байгаа эд хөрөнгийг өөр хүн худалдан авах боломжгүй байсан тул Д.Э, Б.А нарын хооронд дүр үзүүлсэн хэлцэл хийхээр тохиролцсон. Гэрчилгээг авсны дараа нотариат дээр очиж үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Б.А нь 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байрыг н.Жаргалсайхан гэх хүнд 160.000.000 төгрөгөөр байрыг худалдан борлуулсан боловч 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хэлцэлд заасны дагуу мөнгийг өгөөгүй талаар тайлбарласан байдаг. Хариуцагч Б.А нь Д.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт 2014 оны 02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд 2 удаа гэрчээр байцаагдсан байдаг. Б.А-ын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Д.Э нь Б.А-т өөрийн 28 тоот байрыг 65.000.000 төгрөгөөр худалдан борлуулах зорилгогүй, дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн болох нь нотлогдож байхад хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоо, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлэлгүй дүгнэлт гаргасан нь буруу юм. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нь дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу байрны зах зээлийн үнэ 160.000.000 төгрөг байсан тул зөрүү төлбөрийг шаардах эрхтэй болно. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад тодруулаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.А-т холбогдуулж 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 102 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдэж уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Э-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 62 дугаар байрны 28 тоотод орших, 33 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Б.А-т 65 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, орон сууцны өмчлөх эрх хариуцагч Б.А-ын нэр дээр шилжсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дээрх 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ хийгдэхээс өмнөх нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.А, гэрч Б.Батцэнгэл нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “хамтын гэрээ” гэх нэртэй хэлцлийг хийсэн ба уг хэлцлийг халхавчлах зорилгоор Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлж байгаа тохиолдолд хамтын гэрээ гэх нэртэй хэлцэлд оролцогч  талуудыг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулснаар халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцлийн талаар дүгнэлт хийх учиртай.

 

Гэтэл шүүх “...гэрч Б.Батцэнгэл үлдэх мөнгийг авахаар тохиролцсон хэлцлийг хийжээ... гэрч Б.Батцэнгэл нарт өгөөгүй талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч, гэрчийн тус тайлбарыг үгүйсгээгүй...” гэх зэргээр Д.Э,  Б.А, Б.Батцэнгэл нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн хэлцлийн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй болсноос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт нийцээгүй байна.

 

Хэдийгээр шүүх санаачилгаараа гуравдагч этгээдийг татан оролцуулахгүй боловч хамтын гэрээний тохиролцоо агуулгын талаар талуудаас тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчихгүй юм.

 

            Хэлцэл хүчин төгөлдөр эсэхт маргаан үүсгэж байгаа тохиолдолд тухайн хэлцлийн оролцогчид энэ талаар мэдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй ба тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд бүрэн оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нөгөө талаар, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэснийг үндэслэн 102 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа хариуцагчийн бусадтай байгуулсан гэрээний үнийг баримталжээ.

            Хэрэгт маргааны зүйл болж байгаа орон сууцны тухайн үеийн болон өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлсон баримт авагдаагүй тохиолдолд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэхийг дүгнэх боломжгүй юм.

            Иймд шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, дүгнэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/00169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/03348 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Э давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                              ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                      Н.БАТЗОРИГ