| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/01118/И |
| Дугаар | 101/ШШ2022/03585 |
| Огноо | 2022-08-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2022/03585
| 2022 оны 08 сары19 өдөр | 101/ШШ2022/03585 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
К дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А” ХХК -д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 4,213,950 төгрөг, нэмэлт ажлын хөлс 1,575,000 төгрөг, нийт 5,788,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б
хариуцагчийн төлөөлөгч: Ж.Б
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани “С” ХХК-тай 2020 оны 09 сарын 21-ний өдөр 05/20 тоот “Э” ХХК-ийн К амины орон сууцны 611 дүгээр барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний хавсралт 2-т заасан ажлыг гэрээний 4.1-т заасны дагуу нийт 19,265,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлаас нийт 6,194,500 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн ба “Э” ХХК нь 1,980,550 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4,213,950 төгрөгийг төлөөгүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Урьдчилгаа төлбөрт хана ба таазны ротбанд шаврын ажил бүрэн хийгдэж дууссаны дараа 20 хувь буюу 3,853,000 төгрөгийг олгохоор, мөн 4.3-т “Заслын ажлын дундын санхүүжилтийг үе шатны ажлууд дарааллын дагуу хийгдэж, цагаан замаск 2 үе татаж, зүлгүүр бүрэн хийгдэж дууссаны дараа захиалагчийн инженерийн шалгалтаар орж, акт бичигдэж баталгаажсанаар 40 хувь буюу 7,706,000 төгрөг олгоно” гэж тус тус заасан. Манай компани нь гэрээт ажлуудаас хананд ротбанд тэгшилгээ хийх, цонхны амлагаа шавар хийх, ханын цагаан замаск 2 үе хийх, хананд грунт хийх, залгаас чигжээс хийх, заагч наагч хийх ажлуудыг дараах тоо хэмжээгээр хийж гүйцэтгэсэн. Үүнд: 385 м.кв хананд ротбанд тэгшилгээг нэгж үнэ 11,000 төгрөгөөр тооцож 4,235,000 төгрөг, 11 метр урттай амлагаа шавар цонх хийх ажлыг нэгж үнэ 4,000 төгрөгөөр тооцож 44,000 төгрөг, 115 м.кв ханын цагаан замаск 2 үе татах ажлыг нэгж үнэ 5,500 төгрөгөөр тооцож 632,500 төгрөг, 405 м.кв хананд грунт хийх ажлыг нэгж үнэ 1,000 төгрөгөөр тооцож 405,000 төгрөг, 164 м.кв залгаас чигжээс гипс хийх ажлыг нэгж үнэ 1,000 төгрөгөөр тооцож 164,000 төгрөг, 164 м.кв зааг наагч хийх ажлыг нэгж үнэ 1,000 төгрөгөөр тооцож 164,000 төгрөг, багаж, ХАБЭА-н зардал 550,000 төгрөг, нийт дүн 6,194,500 төгрөг. Манай компани нь гэрээний хавсралт 2-т заасан хананд ротбанд тэгшилгээ хийх ажлыг 2020 оны 09 сарын 21-ний өдрөөс хийж гүйцэтгэн 11 сарын 04-ний өдөр “Заслын ажил гүйцэтгэсэн акт”-аар хүлээлгэн өгч, 2020 оны 11 сарын 06-ны өдөр 3,853,000 төгрөгийн нэхэмжлэхийг “А” ХХК-д хүргүүлсэн. Улмаар 2 дугаар шатны ажил болох цонхны амлагаа шавар хийх, ханын цагаан замаск 2 үе хийх, хананд грунт хийх, залгаас чигжээс хийх /гипс/, заагч наагч хийх ажлуудыг эхлүүлж, дээр дурдсан тоо хэмжээгээр гүйцэтгэж байсан. Гэтэл хариуцагч “А О” ХХК нь гэрээний дагуу 3,853,000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байтал ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр бүрэн олголгүй, 7 хоног хугацаа хэтрүүлэн 2020 оны 11 сарын 13-ны өдөр 1,980,550 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлыг урьдчилгаа төлбөргүйгээр эхэлсэн бөгөөд ажилтнуудын ажлын хөлс, заслын ажилд ашиглагдах багаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгслийг өөрөөсөө урьдчилан гаргасан байсан. Мөн хариуцагч “А” ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, ажлын байраар хангаагүй. Гэрэлтүүлэг байхгүй, халаалтгүй, цонх нь онгорхой барилга байсан. Монгол улсын норм дүрмээр тэгшилгээ, шаврын ажлыг +5 градусаас дээш температурт гүйцэтгэдэг, гэтэл тухайн үед цас, бороо орж хүйтэн болсон, бид ийм асуудал байгаа гэдгийг албан бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Тухайн үед 2 инженерийн шаардлагын дагуу ажлаа хийсэн, инженерүүд дунд нь ажлаасаа гарч явсан. Сүүлд орж ирсэн Батсуурь гэдэг инженерээс өөр инженер байгаагүй, даамал байсан боловч мэргэжлийн бус хүн байсан. Ажлыг хийх урьдчилсан бэлтгэлийг зохион байгуулаагүй, заслын ажил гүйцэтгэх үе шатны ажлын мэдээлэл буюу заслын ажлын зураг, ажлын гүйцэтгэлийн дараалал, технологийн даалгавар өгөөгүйгээс сул зогсож, хагас өдрөөр ажилласан. Түүнчлэн барилгын дотор заслын эхний ажил болох хана, тааз, шатны ротбанд шаврын ажил хийгдэх явцад тухайн ажлын өмнөх ажил буюу ханын бетон цутгалтын ажил нь барилгын норм дүрэм зөрчиж, доголдолтой хийгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал 176 м.кв ажлыг буюу 1,936,000 төгрөгийн ажлыг нэмэлтээр хийсэн. Бид тэгшилгээг Монгол улсын норм дүрмийн дагуу 2 сантиметр зузаантай хийгдэхээр үнийн саналаа өгсөн. Гэтэл ханын зузаан нь хүлцэх талдаа 15 мм буюу 1,5 сантиметр байх ёстой байтал 3-10 сантиметр далий хана байсан. Тэгшлэх ажлыг үечилж 3 үе хийх ёстой. Бид хамгийн багадаа 3-7 сантиметр хийх шаардлага гарсан, уусгаад 2 сантиметр нормоо бариад хийсэн, завсраар нь цаас чихэж үзсэн. Далий чигээр нь 2 сантиметр нормоо бариад тэгшлэхээр 4 сантиметр хана 6 сантиметр болсон учраас бид албан бичгээр мэдэгдсэн. Тэгшилгээ зузаан хийгдэж байна, ингэж хийж болох уу гэхэд ингэж хийхгүй бол хүлээж авахгүй гэсэн хариу хэлсэн. Бид урьдчилгаа мөнгөө аваагүй ажлаа эхэлсэн учраас норм дүрмийг зөрчиж хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Зардал 2 дахин нугарч 4 сая гаруй төгрөг болсон. 200 м.кв талбайд зузаан орсон газруудаа тооцоод 2 давхарласан гэж үзэх юм бол 385 м.кв талбайд тэгшилгээ хийсэн байгаа. Ажил эхэлсэн цагаас хойш өөрийн компанийн ажилчдын хэн хэдэн хоног ажилласан бэ гэдэг бүртгэлийг хийсэн, мөн яагаад ажил зогссон бэ гэдэг тэмдэглэлээ бичсэн байгаа. Усгүй зогссон, тог тасарсан, халаалтгүй байсан гэх мэт ажиллах нөхцөлөөр хангаж өгөөгүй өдрүүдэд ажилтнуудаа ажилд нь ирүүлсэн боловч үр бүтээлгүй тал өдрөөр ажиллуулсан. Ажил үр бүтээлгүй байсан нь ажилдаа ирсэн ажилчдын буруу биш учраас бүтэн цалинг нь өгсөн. Мөн гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд гэрээгээр тохиролцоогүй ажлууд буюу үйлчлэгчийн өрөө, гонх, В1 гараж, 1 давхарын 00 өрөөний хананд молдок хийсэн, 2 давхрын өрөө, мастер ариун цэврийн өрөө, гонх, ариун цэврийн өрөөний гипсний шруп дутуу хийгдсэнийг чангалах ажлуудыг гүйцэтгэж 1,575,000 төгрөгийн нэмэлт ажлын хөлс гарсан. Хана нь тэгшхэн биш учраас нураах, өмнө нь ажил хийсэн хүмүүс гипсэн шруп дутуу хийсэн байсан учраас зассан. Туслах ажилчдын цалин болон гэрээнд заагдаагүй ажлуудыг тооцоод 900,000 төгрөгийн цалин, хагас өдөр ажилласан цалин 472,500 төгрөг, гэрээнд заагдаагүй ажил болох хана, гараашийг буулгасан туслах ажилчдын цалин 145,000 төгрөг, гипсэн шруп дутуу чангалсан байсныг дахиж хийсэн ажил 67,500 төгрөг, нийт 1,575,000 төгрөг болсон. Хариуцагч буюу захиалагч компаниас ажлын хөлсийг дутуу олгож, түүнчлэн Засгийн газар, улсын онцгой комиссоос Ковид-19-тэй холбоотой хөл хорио тогтоосон тул барилгын ажил зогссон. Захиалагч талаас ажлаа хийдэггүй гэсэн тайлбар гарсан тул гэрээ цуцалж байна гэж үзээд хийсэн ажлын хөлсийг шаардсан боловч хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс 4,213,950 төгрөг, нэмэлт ажлын хөлс хохирол 1,575,000 төгрөг, нийт 5,788,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А” ХХК нь “Э” ХХК-тай Д.Б дүүрэгт байрлах К амины орон сууцны төслийн барилгын дотор засал, чимэглэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Төслийн барилгын талбайд манай компанитай зэрэгцэн 5, 6 компани олон хаус хуваагаад авчихсан учраас бригадууд оруулах хэрэгтэй болсон. Төслийн амины орон сууцны 2 давхар барилга болох 611 дүгээр барилга нь манай гүйцэтгэж буй бусад барилгын нэгэн адил гадна хана, даацын ханууд хучилтын хамт бүрэн цутгамал, төмөр бетон хийцтэй, дотор өрөө хуваах хануудыг профиль төмөр рамтай 2 давхар хавтан угсарч хийдэг, хожим задалж өөрчилж болдог хийцтэй ханууд байдаг. Энэ барилгын үндсэн бүрэн цутгамал төмөр бетон хийцийг өөр компаниуд гүйцэтгээд дотор заслын ажил руу бид орж гүйцэтгэдэг. Бид заслын ажил гүйцэтгэхээр барилга нэмж авахдаа барилгуудын бетон хийцийн алдааг захиалагчийн бетон хийц хариуцаж хийлгэсэн угсралтын инженер, заслын ажил хариуцах инженерүүдийн хамт байлцаж шалгаж хүлээж авдаг. Бид нэг ч удаа захиалагчийн талаас хүлээлгэн өгч байгаа барилгаас норм дүрэм зөрчиж хүлцэх алдаанаас их хазайлттай барилга шалгаж таарч байгаагүйг хатуу хэлье. Барилгын үе шатны ажил бүр дээр захиалагч “Э” ХХК-ийн инженерийн баг хяналт хийж ажилладаг. Нэхэмжлэгчийн барилга алдаатай байснаас хохирол учирсан, барилгын норм дүрэм зөрчсөн барилга байсан гэх тайлбар нь ямар ч үндэслэлгүй, захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийг гүтгэсэн, хувийн зан харилцааны доголдол, компанийн удирдлага зохион байгуулалт, зөв төлөвлөгөө гарган ажиллаж чадаагүй, өөрийн мэргэжлийн бус үнэлэмжээс үүссэн хувийн бодол гэж үзэж байна. Барилгын дотор даацын ханууд дээгүүр, доогуураа хэв цүлхийсэн, хэмжээнээс бага зэрэг савсан тохиолдол гардаг. Үүнийг засахын тулд үйлдвэрт савлагдсан тусгай зориулалтын өндөр чанартай бэлэн хуурай хольц болох кнауф брэндийн ротбандыг устай зохих харьцаагаар хольж зуураад шавардаж тэгшилж алдааг засаж, хана таазны гадаргуун тэгш хэмт байдлыг хангадаг. Энэ ажил барилгын заслын ажлын норм дүрэмд ч дурдагдсан байдаг. Төслийн 611 дүгээр барилгын дотор заслын ажилд өмнө нь ажиллаж байсан бригадын ахлагч ганцаараа үлдэн ажиллаж байгаад хүн хүчгүйгээс ажлын төлөвлөгөөт хугацаагаар биднийг хохироож, элдэв янзын зовлон хэлж гэрээний урьдчилгааг аваад ажил хаяж явсан ба хийгдэх ажил нь дутуу байсан. Манай компанийн өөр барилгад ажиллаж байсан хүмүүсээс 3 хүн 611 дүгээр барилгад ажил үргэлжлүүлж байсан ч өөрсдийн авсан үндсэн барилгаа хийх хугацаа алдаж байсан тул бид цахим орчинд зар тавьж заслын бригад хайж эхэлсэн. “С” ХХК-ийн захирал Т.Э 2020 оны 09 сарын 16-ны өдөр утсаар ярьж барилгын талбайд ирж барилга үзээд манай заслын ажлын нэгж үнийн саналын задаргаануудыг сонсоод явсан. Бидэн рүү заслын хэд хэдэн бригад утсаар холбогдож ирж барилга үзэж байсан хэдий ч Т.Э би урьд нь барилгын томоохон төсөл дээр төслийн удирдагч хийж байсан, хамтраад юм хийлцээд явдаг олон хүн, бригадууд хангалттай бий, компаниа саяхан байгуулсан ч бригадаар ажлууд хийж байсан туршлагатай гэж танилцуулсан тул тухайн компаниар гэрээ хийж ажил гүйцэтгүүлэхээр болсон. Т.Э 2020 оны 09 сарын 21-ний өдөр барилгын талбайд багаж, заслын хувин саваа хүргэж тавиад, гэрээ хийнэ гэж “А” ХХК-ийн төв оффист ирэхэд захирал Б би гэрээний нөхцөлөө хэлж, тухайн хүний хэлсэн нөхцөлийг харилцан тохиролцож зөвшилцсөний үндсэн дээр түүний саналаар гэрээнд заагдах нэгж үнийг өсгөх, гэрээний хугацааг өөрчлөх ажлуудыг хийж гэрээг баталгаажуулсан. Гэрээнд өөрчлөлт тусгахдаа өөрийнх нь төлөвлөсөн гэх экселийн файлаас харж хэмжих хэрэгслийн элэгдэл хорогдол, түргэн элэгддэг гар багаж хэрэгслийн үнийг тооцож оруулаад заслын ажлын нэгж үнээ өмнөх гэрээний үнүүдээс эрс өсгөсөн болно. Дахин багаж хэрэгслийг ерөнхий гүйцэтгэгчээс нэхэхгүй, туслан гүйцэтгэгч ханган ажиллахаар болсон. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэгслийн үнийг тусад нь нэмж өгөөч гэж тусгуулсан. “С” ХХК нь шинэ байгуулагдсан, барилгын тусгай зөвшөөрөл авч амжаагүй, хөөцөлдөж байгаа гэсэн тул бид тусгай зөвшөөрөлтэй ерөнхий гүйцэтгэгчийн хувьд бүх шатанд өөрсдөө хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Гэрээнд зааснаар ажил хийж гүйцэтгэсний дараа бүрэн гүйцэт хийгдсэн тооцно гэсэн байгаа. Гэтэл дутуу ажил дээрээ акт үйлдсэн байна. Манай компанийн 3 инженер очиж ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг байсан. Захирал Т.Э худал хэлж ажил аваад ажилтангүй, нөхрийн хамт өөрсдөө заслын ажил хийж байна гээд чанаргүй буруу зөрүү зүйл хийж эхэлсэн. Өдөр бүр зараар заслын ажилчид дуудаж барилга дээр 1-2 хоног ажиллуулаад голоод явуулж байна, барилгаар тоглож байна, юу ч хийж чадахгүй байна гэж манай төслийн багийнхан надад хэлж, би утсаар ярьж ажлын шаардлага тавихад өөдөөс танай барилгын хана алдаа ихтэй, ажилчид голоод орж ажиллахгүй яваад байна гэж ярьсан. Улмаар би талбайд очиж ажил байдалтай танилцаад заавар зөвлөгөө өгч шаардлага тавьсан. “Э” ХХК-ийн зүгээс барилгын түр халаалтыг тосолоор халаах цахилгаан тогоогоор шийдэж өгөх хүртэл 10 орчим хоног өдрийн нарны тусгалтай цагаар ажиллаж өнгөрөөж байсан ч манай бусад барилга болон өөр компанийн барилгууд асуудалгүй ажиллаж байсан. Ямар ч үндэслэлгүй, худал зүйл бичиж байсан болохоор албан бичгээр хариу өгөхийг хүсээгүй, газар дээр нь очиж ярилцахад хүн олдохгүй байна гэж өөр тайлбар хэлж байсан. Барилгын ажлаа дуусгаж өгөх хугацаа дөхөж байхад янз бүрийн үндэслэлгүй зүйл ярьж хэл ам маргаан гаргаж байгаад явсан. Нэхэмжилж буй мөнгө нь ямар ч үндэслэлгүй, өөрийнх нь зохион байгуулалт, ажил төлөвлөлтийн ур чадваргүй байдлаас үүссэн хувийн шинжтэй зардал гэж үзэж байна. Тэд ажил хаяж явахдаа ажил хүлээлцээгүй ба өмнө нь ямар ч ажил хүлээлцэх акт үйлдээгүй болно. Манай компанийн инженер Д.Б, Г.Б, “С” ХХК-ийн захирал Т.Э, түүний нөхөр байлцаж хэмжилт хийсэн бөгөөд гэрээнд заагдсан ротбандын хэмжээ 209 м.кв-аас илүү 220 м.кв байна гэж тооцсон. Зөвхөн ротбанд тэгшилгээ шавардлага хийгдэх гадаргууд хөрсжүүлэгч буюу грунт хийгдэх тул ротбанд хийгдсэн ажлын хэмжилт тохиролцсон тоо хэмжээгээр грунтын ажлын тоо хэмжээг гаргах боломжтой. Таазны ажил руу орж хийгээгүй, бусад ажил өмнө хийгдсэн байсан дээр нэмэгдэж нийт хэмжээгээр 20 м.кв хүрэхгүй талбайд энд тэнд цоохорлож хийх гэж оролдсон боловч гологдоод цааш хийлгүй орхиж явсан. Далд ажил бүрэн хийгдээгүй, үнэлэх түвшинд хүрээгүй. Хийсэн ажлыг тооцвол хананд ротбанд тэгшилгээ хийх ажлыг 220 м.кв-ыг нэгж үнэ 11,000 төгрөгөөр тооцож 2,420,000 төгрөг, хананд грунт хийх ажлыг 220 м.кв-ыг нэгж үнэ 1,000 төгрөгөөр тооцож 220,000 төгрөг, нийт 2,640,000 төгрөг, ажлын 13,7 хувь хийгдсэн гэж үзэн ХАБ-ын зардалд 75,350 төгрөг, нийт 2,715,350 төгрөг болсон. “С” ХХК хоолоо өөрсдөө даахаар болсон ч манай “” ХХК-ийн нэр дээр хооллосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4 сая төгрөгөөс 38 хүний хоолны мөнгө 407,000 төгрөг, 4 ажлын хувцас, инженерийн хүрмийн мөнгө 327,800 төгрөг хасагдах ёстой. Хоёр компанийн хийсэн гэрээнд ажлын урьдчилгааг хана, тааз, цонхны амлагаа бүрэн хийгдэж дууссаны дараа 3,853,000 төгрөг өгнө гэж заасан. Гэрээнд зааснаас өөр нэмэлт ажил хийлгээгүй, хийсэн ажлаа бид нэмэлт ажил хийсэн гэж тайлбар хэлж байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа сул зогссон цаг ямар ч үндэслэл байхгүй, үүнийг Номин компанийн инженер, тухайн үед манай компанид ажиллаж байсан инженер батална. Тухайн үед халаалтаа авч амжаагүй байсан, төвийн шугамд холбох гэж байсан, халаагуур тавиад байж байсан, манай бусад өөр барилга зэрэгцээд явж байсан, ямар ч хазгай муруй стандарт бус барилга баригдаагүй. “С” ХХК-ийн дараа өөр компани ажил хийхээр орсон, Номин компаниас торгоод 33 сая төгрөгийн алданги хүлээгээд ажлыг дуусгаад хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Манай компани хийсэн ажилд нь тохируулаад мөнгийг нь ямар ч хохиролгүй өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна” гэв.
Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх1-ийн 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-ийн 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-ийн 5/, 2020.09.21-ний ГД05/20 дугаартай “Э” ХХК-ийн К амины орон сууцны 611 дүгээр барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх1-ийн 6-9/, “С” ХХК-ийн 2020.09.30-ны 00022020 дугаартай албан бичиг /хх1-ийн 11/, “С” ХХК-ийн 2020.10.12-ны 00032020 дугаартай албан бичиг /хх1-ийн 12-13/, “С” ХХК-ийн 2020.11.08-ны 00042020 дугаартай албан бичиг /хх1-ийн 14-18/, Хаан банкны 5429101836 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх1-ийн 19-22, 55-58/, С” ХХК-ийн 2020.11.10-ны 00042020 дугаартай мэдэгдэл /хх1-ийн 23/, заслын ажлын зураг /хх1-ийн 24-54/, 2020.11.04-ний Заслын ажил гүйцэтгэсэн акт /хх1-ийн 59/, нэхэмжлэх /хх1-ийн 60/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх1-ийн 61/, итгэмжлэл /хх1-ийн 66/, зарлагын баримтууд /хх1-ийн 68-80/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-ийн 116/, Хас банкны 5000694487 дугаартай дансны хуулга /хх1-ийн 123-127/, цалин тооцоо /хх1-ийн 128/, гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт /хх1-ийн 213/, 611 дүгээр барилгын заслын ажлын үнийн санал /хх1-ийн 214/,
Хариуцагч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-ийн 85/, нэхэмжлэх /хх1-ийн 142/, хоолны тооцооны баримтууд /хх1-ийн 143-150/, фото зургууд /хх1-ийн 152-192/, хариу тайлбар /хх1-ийн 193-200/, фото зургууд /хх2-ын 3-25/,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Д.Б-н мэдүүлэг /2021.06.18-ны өдрийн дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл/ /хх1-ийн 226-229/, Д.Б-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх2-ын 38/, Д.Б дүүргийн Засаг даргын тодорхойлолт /хх2-ын 40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.06.15-ны өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх2-ын 45-52/.
| г |
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 4,213,950 төгрөг, гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгэж хохирсон үндэслэлээр нэмэлт ажлын хөлс 1,575,000 төгрөг, нийт 5,788,950 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
“А” ХХК болон “С” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 05/20 дугаартай “Э” ХХК-ийн К амины орон сууцны 611 дүгээр барилгын 374,5 м.кв талбайтай дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид уг гэрээг байгуулсан талаар шүүхэд маргаагүй. /хх1-ийн 6-9/
Тус гэрээгээр гүйцэтгэгч “С” ХХК нь хананд 209 м.кв ротбанд тэгшилгээ хийх, хаалга, цонхны 31 у/м амлагаа шавар хийх, 229 м.кв залгааны гипс чигжээс хийх, 229 м.кв зааг наагч хийх, 821 м.кв ханын цагаан замаска 2 үе хийх, 821 м.кв зүлгүүр хийх, 1030 м.кв грунт хийх, 522 м.кв обой наах, таазанд 134 м.кв залгааны гипс чигжээс хийх, 316 м.кв грунт хийх, 134 м.кв зааг наагч хийх, 316 м.кв таазны цагаан замаска 2 үе хийх, 316 м.кв таазанд зүлгүүр хийх, 316 м.кв таазны эмульс 2 үе хийх, 395 м.кв таазны хүрээ хийх ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч “А” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын хөлс 19,265,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээр дурдсан гэрээ нь “А” ХХК, “Э” ХХК-тай Д.Б дүүрэгт байрлах К амины орон сууцны төслийн барилгын дотор засал, чимэглэлийн ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээнд заасан ажлын хүрээнд байгуулагдсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тус гэрээний гүйцэтгэгч “С” ХХК нь өөрийн хийж гүйцэтгэх гэрээт ажлын хүрээнд барилгын дотор заслын ажлыг туслан гүйцэтгэгч “С” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.
“” ХХК нь үндсэн захиалагч “Э” ХХК-тай тохирсон гэрээт ажлыг “С” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, “” ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг ерөнхий захиалагчийн өмнө хариуцах үүргийг хүлээсэн байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн, хариуцагч “” ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсөнд 1,980,550 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар, төлбөл зохих ажлын хөлсний хэмжээний талаар маргаж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний дагуу 611 дүгээр барилгын 374,5 м.кв талбайтай дотор заслын ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэн дуусгаагүй болох нь, хариуцагч “” ХХК нь барилгын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж ерөнхий захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 05/20 дугаартай гэрээний 2.3-т “Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, урьдчилан төлсөн төлбөр, учирсан зардал, хохирлоо нэхэмжлэн авах эрхтэй”, 2.4-т “Ажлыг хүлээн авах үед эсвэл гомдлын шаардлага гаргах хугацаанд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл дутагдалтай, холбогдох чанарын шаардлага хангахгүй, доголдол илэрсэн гэж захиалагч үзвэл гүйцэтгэгчид хугацаа тогтоон өгч, гүйцэтгэлийг өөрийн зардлаар засах буюу шинээр дахин гүйцэтгэхийг шаардах” эрхтэй гэж захиалагчийн эрх, үүргийг тодорхойлжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т заасны дагуу захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Зохигчдын хооронд гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй боловч гэрээт ажлыг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл байдлаас гэрээг цуцалсан тохиолдолд гэрээгээр бий болсон ажлын үр дүнгийн хэмжээгээр ажлын хөлсийг төлөх үүрэг үүснэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч талаас ажиллах нөхцөл боломжийг зохих норм дүрэм, шаардлагын дагуу бүрдүүлж өгөөгүйгээс ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр огноолсон “Заслын ажил гүйцэтгэсэн акт”-д дурдсанаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлж ажлын хөлсийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “С” ХХК нь 611 дүгээр барилгын хана, таазны ажлыг гэрээнд заасан тоо хэмжээгээр хийх ёстой байсан боловч таазны ажлыг хийгээгүй, хананы заслын ажлаас 220 м.кв ротбанд тэгшилгээ, 220 м.кв грунт хийж гүйцэтгэсэн, бусад ажил нь хүлээж авах хэмжээнд чанартай хийгдээгүй тул үнэлэх боломжгүй байсан гэж маргаж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр огноолсон “Заслын ажил гүйцэтгэсэн акт”-д гүйцэтгэгч “С” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг ротбанд тэгшилгээ 384,52 м.кв, грунт түрхлэг 405 м.кв, шипсний залгаас чигжээс 164 м.кв, амлагаа шавар /цонх/ 11 м.кв, кнауф чигжээс замаска 115 м.кв, гипсний зааг нагч 134 м.кв гэсэн байх бөгөөд тус баримтад барилгын инженер Д.Б, даамал Т.Э гэсэн гарын үсэг зурагдсан байна. /хх1-ийн 59/
Хариуцагч нь тус компанид барилгын инженерээр ажиллаж байсан Д.Б ийм баримтад гарын үсэг зураагүй, компаниас дээр дурдсан баримтыг үйлдээгүй гэж маргасан бөгөөд “” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байсан Д.Батсуурийг гэрчээр оролцуулж мэдүүлэг авахад тэрээр дээр дурдсан актад гарын үсэг зураагүй, түүний гарын үсэг биш гэх мэдүүлгийг өгсөн. /хх1-ийн 226-229/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1873 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Заслын ажил гүйцэтгэсэн акт”-д зурсан гарын үсэг нь Д.Б-н гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. /хх2-ийн 45-52/
Хариуцагч нь “С” ХХК нэхэмжлэлд дурдсан тоо хэмжээний ажлыг хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд захиалагч нь гэрээт ажлын ажилбар бүрийг шалгаж хүлээж авах, захиалагчийн инженер хэмжилт хийж фото зургийн хамт акт үйлдсэнээр ажил дуусгавар болохоор заасан байх боловч “” ХХК нь гэрээт ажлын захиалагчийн хувьд гэрээнд заасны дагуу дээрх ажиллагаануудыг хийж байсан талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийг гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд захиалагч “” ХХК-ийг төлөөлөн барилгын инженер Д.Б захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байсан, тэрээр гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар шалгаж хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд “С” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Заслын ажил гүйцэтгэсэн акт” гэх баримтад дурдсан хэмжээгээр тооцвол 385 м.кв хананд ротбанд тэгшилгээг нэгж үнэ 11,000 төгрөгөөр тооцож 4,235,000 төгрөг, 11 метр урттай амлагаа шавар хийх ажлыг нэгж үнэ 4,000 төгрөгөөр тооцож 44,000 төгрөг, 115 м.кв ханын цагаан замаск 2 үе татах ажлыг нэгж үнэ 5,500 төгрөгөөр тооцож 632,500 төгрөг, 405 м.кв хананд грунт хийх ажлыг нэгж үнэ 1,000 төгрөгөөр тооцож 405,000 төгрөг, 164 м.кв залгаас чигжээс гипс хийх ажлыг нэгж үнэ 1,000 төгрөгөөр тооцож 164,000 төгрөг, 134 м.кв зааг наагч хийх ажлыг нэгж үнэ 1,000 төгрөгөөр тооцож 134,000 төгрөг, нийт 5,614,500 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэжээ.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан багаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувцас хэрэгслийн үнэ 550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба тус үнийн дүн нь гэрээгээр тохирсон нийт 19,265,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдох зардлын дүн байх бөгөөд нэхэмжлэгч нь 5,614,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн буюу нийт ажлын 29 хувийг хийж гүйцэтгэсэн байх тул багаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувцас хэрэгслийн үнэ 550,000 төгрөгийн 29 хувьд ногдох 159,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь барилгын дотор заслын эхний ажил болох хана, тааз, шатны ротбанд шаврын ажил хийгдэх явцад тухайн ажлын өмнөх ажил буюу ханын бетон цутгалтын ажил нь барилгын норм дүрэм зөрчиж, доголдолтой хийгдсэнтэй холбоотойгоор
385 м.кв талбайд тэгшилгээ хийсэн, мөн гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд гэрээгээр тохиролцоогүй ажлууд буюу үйлчлэгчийн өрөө, гонх, В1 гараж, 1 давхарын 00 өрөөний хананд молдок хийсэн, 2 давхрын өрөө, мастер ариун цэврийн өрөө, гонх, ариун цэврийн өрөөний гипсний шруп дутуу хийгдсэнийг чангалах ажлуудыг гүйцэтгэж нэмэлт зардал гарч хохирсон гэх үндэслэлээр нэмэлт ажлын хөлс 1,575,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бараа материал худалдан авсан зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч хэрэгт авагдсан тухайн баримтуудаар гэрээт ажлаас өөр нэмэлт ажил хийж 1,575,000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, тухайн зарлагын баримтуудад дурдсан бараа материалуудыг гэрээт ажилд зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс “С” ХХК-ийн нэр дээр хооллосон хоолны мөнгө 407,000 төгрөг, ажлын хувцас, инженерийн хүрмийн мөнгө 327,800 төгрөгийг хасаж тооцох ёстой гэх тайлбарыг гаргаж байх боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тусгаагүй, эдгээр зардлыг нэхэмжлэгч хариуцах үүргийг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 5,774,000 /ажлын хөлсний үлдэгдэл 5,614,500 + багаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувцас хэрэгслийн үнэ 159,500/ төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас ажлын хөлсөнд төлсөн 1,980,550 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 3,793,450 төгрөгийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,995,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 75,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан, хариуцагч “А” ХХК-аас 3,793,450 /гурван сая долоон зуун ерэн гурван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,995,500 /нэг сая есөн зуун ерэн таван мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 75,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР