| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
2025 06 30 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4 дэх заалтад зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000540081 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Прокурор Б.Халиунгоо
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, “*******” ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт *******,******* хашаанд оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овгийн ******* (РД:)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн Шинэ төмрийн үйлдвэрийн хашааны гадна талаас “АС150” загварын 3100 метр урт хөнгөн цагаан шугамын утаснаас 433,54 см утсыг цэнхэр өнгийн тасдагч, улаан шөр өнгийн бахь ашиглан таслан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Toyota prius 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 3.675.552 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч *******ын өгсөн “...би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд ******* Их гүний 4-9 тоотод гэртээ байж байгаад ганцаараа өөрийн эзэмшлийн “Toyota prius 20” маркийн улсын дугаартай номин ногоон өнгийн машинтай гараад Багануур дүүргийн 3 дугаар хороо Төмөр замын шинэ төмрийн үйлдвэрийн хашааны баруун талд нь байсан анкер тулгуур багана дээр байсан хөнгөн цагаан шугамын утаснуудыг ногоон өнгийн таслагч хайчаар 14 удаа тасалж аваад бүгдийг нь машиныхаа ард ачаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, хэсэгт байрлах Булгаа гэх хүний хөнгөн цагаан утас авдаг цэгт аваачиж тушааж 670.000 төгрөг авсан. Тухайн үед 100 гаруй килограмм байсан. Тэгээд банкинд өртэй байсан, 600.000 төгрөгийг тушаасан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл банк бусын нэр дээр бүртгэлтэй. Нэр дээрээ шилжүүлж аваагүй, миний эзэмшлийн машин юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Би ойролцоогоор 600 метр орчим утас авсан байх. Мөнгөний шаардлага гараад хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 80 дугаар хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-12-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 13-15-р хуудас),
2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 31-33-р хуудас),
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “...би Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг шинэ төмрийн үйлдвэр “” ХХК-ийн менежерээр ажилладаг. 2025 оны 01 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд төмөр зам дагуулан агаарын шугам татах ажил хийгдэх байсан. Тухайн үед өндөр тулгуур төмөр нь дээр хөнгөн цагаан шугамыг өлгөж чангалгаа хийхэд бэлэн болгоод орхисон байсан. Зөвшөөрөл гарсны дараа шугамыг чангалж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд манай ажилчид утас таслаад авсан байна гэсэн. Тэгээд яваад очиход “АС150” маркийн 1800 метр урттай хөнгөн цагаан утас байхгүй болсон. Тэгээд би Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Булгаагийн хаягдал төмөр авах цэгт очиход манай байгууллагаас алга болсон утаснууд байсан тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан... Би гомдолтой байна. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),
Хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “...Манай үйлдвэрийн гадна талбайн хойд талд 3 төмөр тулгуур баганын хооронд нийт 3100 метр АС150 маркийн хөнгөн цагаан шугамын утсыг төмөр замын давуулга хийж чангалгаа хийхэд бэлэн болгосон байсан. Тухайн утаснаас 400 гаран метр утас тасалж алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 104-р хуудас),
Гэрч ийн өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өглөөний 09 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 24 тоотод гэртээ байхад зүс таних ******* нь ирээд хуйлсан хөнгөн цагаан утас өгөхөөр ирсэн. Тэгээд манай ажилтан Идэртөгс нь тухайн хөнгөн цагаан утсыг килограммыг үзээд авсан... Тэгээд би зүс таних залуу болох *******д хөнгөн цагаан утасны үнэ болох 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Тухайн залуу нь манай төмрийн цэгт хуйлсан хөнгөн цагаан утсыг 3 удаагийн давтамжтайгаар нийтдээ 15 ширхэг хуйлсан хөнгөн цагаан утас өгсөн. Нийтдээ 25,540 килограмм болж байсан... 1 килограммыг нь 4.000 төгрөгөөр худалдаж авдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-47-р хуудас),
Гэрч өгсөн “...******* нь миний төрсөн дүү. Төлөв даруу, нийтэч, хамт олондоо нэр хүндтэй, олон найз нөхөдтэй, тамхи татдаг, хааяа ганц хоёр архи уучихдаг. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Айлын дөрөв дэх хүүхэд. Багануур дүүргийн 66 дугаар сургуулийг 10 дугаар анги дүүргэж, улмаар Дархан-Уул аймгийн ШУТИС-д өндөрийн цахилгаан инженер мэргэжилээр 4 жил суралцаж төгссөн. ...Багануур дүүрэгт мэргэжлээрээ Цахилгаан Түгээх Сүлжээ компанид ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас),
Гэрч ийн өгсөн “...Би мэдүүлэг өгнө. Миний нөхөр ******* нь их л дөлгөөн хүндээ. Хамт олондоо нэр хүндтэй, ажилдаа сайн. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, тамхи татдаг. Би нөхөртэйгөө 2016 онд танилцсан, дундаасаа хоёр хүүхэдтэй. Цэргийн алба хаагаагүй. ...2018 онд Багануур дүүргийн Цахилгаан түгээхэд ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Манай гэрт аас өөр ажил хийдэг хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53 дугаар хуудас),
Гэрч ын өгсөн “...би 2008 онд Дархан-Уул аймгийн Техникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжилээр суралцаж төгссөн. Одоо “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” *******-ийн Зүүн Бүсийн салбарт хангамжийн мэргэжилтэн ажилтай. АС150 маркийн шугамын утсыг тасарсан тохиолдолд дахин ашиглах боломжтой, РАС-150 /турбо холбох арматур төмөр/ ашиглан холболт хийж дахин ашиглах боломжтой. АС/150 маркын шугамын утсыг залгаж ашигласан тохиолдолд эдэлгээний хувьд эсрдэл үүсэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 150-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний эрх бүхий “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №54 дугаартай “... АС150 маркийн хөнгөн цагаан шугамын утас ...3100 метр ...1м – 8478 нийт 26.281.800...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 56-р хуудас),
“” ХХК-ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн “Хөрөнгө хасах тухай” тушаал, хурлын тэмдэглэл (хх-ийн 63-66-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн “...Хулгайд алдагдсан гэх хөнгөн цагаан утас нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, н 3 дугаар гудамжны 24 тоот хашаанд хуйлж давхарлаж хураасан байх ба ...тухайн хөнгөн цагаан утсыг дэлгэж үзэхэд нийтдээ 17 хэсэг утас байв. Хөнгөн цагаан утаснуудыг тус бүрээр метр тавьж хэмжиж үзэхэд 6 ширхэг хэсэг утас нь тус бүр нь ижилхэн хэмжээтэй буюу 33.70 см, 5 ширхэг хэсэг утас нь тус бүр нь 25.80 см, 2 ширхэг хэсэг утас нь тус бүр нь 19.78 см, 2 ширхэг хэсэг утас нь 16.50 см, үлдсэн хоёр ширхэг хэсэг утас нь 14.28 см, 15.50 см урттай байх нийтдээ 433,54 см урттай байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 105-109-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний эрх бүхий “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №84 дугаартай “...АС150 маркийн хөнгөн цагаан шугамын утас ...433,54 метр ...1м – 8478 нийт 3.675.552...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 111 дүгээр хуудас)
Эд хөрөнгө битүүмжлэх тухай “...эрүүгийн 2504000540081 дугаартай хэрэгт яллагдагч *******ын эзэмшлийн Toyota prius 20 маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******, Их гүн гудамжны 4-9 тоот хашаанд битүүмжилсүгэй...” гэсэн прокурорын тогтоол (хх-ийн 135-136-р хуудас)
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл “...Toyota prius 20 маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хуучин, үнэлгээ 18.000.000...” гэсэн (хх-ийн 137-138 дугаар хуудас)
Авто машин, техникийн үнэлгээ “...Toyota prius 20 марк, улсын дугаартай цайван ногоон, автомат, Монгол улсад орж ирсэн 2024, хабрид, эзэмшигч нь “Бэрс финанс” ББСБ, үнэлгээ 18.000.000 төгрөг...” гэжээ. (хх-ийн 140-р хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “...Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтолын хуулбар (хх-ийн 82, 85-86-р хуудас)
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Total industrial гэх бичигтэй улаан шар өнгийн бариултай бахь 1 ширхэг, Total industrial гэх бичигтэй улаан шар өнгийн бариултай, бариул хэсэг нь эмтэрсэн бахь 1 ширхэг, Total гэсэн бичигтэй цайвар ногоон өнгийн бариултай, бариул хэсэг нь халцарч будаг нь хууларсан таслагч багаж 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн мөрдөгчийн тогтоол (хх-ийн 31-р хуудас)
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32-33-р хуудас)
Иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хорооны Засаг даргын тодорхололт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас “” ХХК-д 3.675.552 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хор уршигт 22.606.248 төгрөг буюу нийт 26.281.800 шүүгдэгч *******аас гаргуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******* тус гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг гаргаж байна…” гэсэн дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө нь хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтэд шинжээчийн дүгнэлт тухайн утсыг цаашид залгаад ашиглахад эрсдэл үүсэх эсэх, залгаад дахин ашиглах боломжтой эсэх тал дээр дүгнэлт гаргуулмаар гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ нь хэд хэдэн баримттай холбож дурдаж байгаа. Гэрч мэдүүлэг гэж хэлээд байгаа юм. Гэтэл гэрч гэдэг маань өөрөө тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэдэг. Тэгэхээр нь өөрөө гэрчийн байр суурьнаас оролцох хүн мөн үү, биш үү, тусгай мэдлэгтэй мэргэжилтэн байсан уу. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яаж хяналт тавиад, яаж оруулж ирсэн бэ. Тухайн гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан нотлох баримт гэж үзэх боломжтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна гэж харж байгаа. Тухайн гэрчийн мэдүүлэгтэй холбоотойгоор шүүгдэгчээс асууж тодруулсан. Турбааг арматур төмрөөр холбоод ашиглаж болно гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл нь яриад байгаа үйл баримт өөрөө тухайн үйлдвэрт ашиглагдах гээд байгаа хэрэгцээнд нь нийцэх юм уу, нийцэхгүй юм уу гэдэгт зайлшгүй дүгнэлт гаргуулах шаардлагатай. Ингэж байж хор уршиг нь энэ зүйлд нөлөөлөөд байна гэж үзнэ. Тухайн цахилгааны утсыг чангалахад бэлэн болгоод газардуулчихсан байсан. Энэ эд хөрөнгийг устгаж, гэмтээгээд утсыг нь тасдаж хулгайлсан. Энэ нь өөрөө давхар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэргийн шинж байна уу гэдэг дээр ажиллагаа хийх шаардлагатай байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Тухайн утасны тулгуур хоорондын зай хэд байдаг вэ? гэж байна. Тухайн тулгуур хоорондын зайг хэмжиж, хулгайд алдагдсан 3100 метр утас энэ ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байсан эсэх тал дээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. “Энх өглөө” компаниар ажил гүйцэтгүүлж байгаа гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. “Энх өглөө” компанийн зүгээс энэ утас техникийн шаардлагатай хангахгүй гэдэг албан бичиг өгсөн байгаа. Энэ тасалсан утсаар ажил гүйцэтгэхгүй боломжгүй гээд шинэ утас аваад ажил гүйцэтгэсэн нөхцөл байдал байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. “Энх өглөө” компанийн зүгээс ямар техникийн шаардлагад үндэслээд энийг цаашид ашиглах боломжгүй гэж байгааг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. “Энх өглөө” компани нь ажлыг гүйцэтгэхдээ ажилчдын цалин, материалтай нь гүйцэтгээд байна, гэтэл яагаад “” компани хохирогчоор тогтоогдоод хохирол нэхэмжлээд байгаа юм бэ? гэдэг агуулгыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэлж байх шиг байна. Энийг тухайн гэрээтэй холбоотой асуудлаар “Энх өглөө” компаниас тодруулах шаардлагатай байна. Энэ ажил нь гэрээний дагуу хийгдэж байгаа ажил юм уу?, аль компаниас зардал нь гараад байгааг тодруулахаар байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байгаа учраас хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Хөрөнгө хасах тушаалын талаар ярьж байх шиг байна. Намайг цагдаагийн газар мэдүүлэг өгөөд явж байхад 3100 метрийн утаснаас үлдсэн утас нь манай компанийн хөрөнгөд байгаа хэдий ч ашиглахгүй болохоор хөрөнгөөс хасаж байж хохирлоо нэхэмжлэх юм гэж тооцоолсон. Тухайн үед байсан ханшаар тооцож хохирлоо гаргасан. Улсын комисс хүлээж авахад төмрөөр холбож болохгүй гэсэн шаардлагатай байдаг учраас “Энх өглөө” компаниас холбож болохгүй гэсэн зүйлийг хэлээд байгаа юм...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаагүй. Хохирол, гэм хорын асуудлаар хэлэх зүйлүүд байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд үндэслэл болоод тогтоогдоод ирсэн хохирол, гэм хорыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллах дүгнэлтэд “Сэлэнгэ эстимэйт” компанийн гаргасан үнэлгээг алдагдсан 400 гаруй метр утас, нийт дамарт байсан гэх 3100 метр утасны үнэлгээг гаргасан. Энэ үнэлгээ дээр үндэслэх хэсэгтээ хохирогчийн тайлбарыг үндэслэж хохирлыг гаргав гэж бичсэн. Гэтэл улсын яллагчийн зүгээс энэ дээр ямар нэгэн хууль дүрэм зөрчсөн асуудал байхгүй гэдэг асуудал хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын яллагч хохирогч талын эрх ашгийг давхар харгалзан хамгаалах байр суурийг ойлгож байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дугаар хэсэгт хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглосон заалт байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн үнэлгээ хийх зарчим буюу 4.4, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн. 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тооцож тодорхойлно гэж заасан. Мөн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тогтоосон үнэ цэнэ үндэслэл бүхий байна гэж дурдсан. Энэ хэрэг дээр үнэлгээ дүгнэлт гаргасан “Сэлэнгэ эстимэйт” компани бусад хэрэг дээр үнэлгээ гаргахдаа стандартчилал, дүрэм журам, хуулийн заалтаа баримтлаад хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо өртгийн хандлага, зах зээлийн хандлага, орлогын хандлагаа харьцуулаад бүгдийг нь тайлбарлаад дурдаж байгаад олон улсын үнэлгээний стандарт, Монгол улсад дагаж мөрдөж байгаа үнэлгээний дүрэм журмаа баримталж байгаад гаргадаг компани. Гэтэл энэ дээр хохирогчийн тайлбарыг үндэслэж үнэлгээ гаргав гэсэн байгаа. Хэрэв шүүх ямар нэгэн байдлаар хохирол төлбөрийн асуудлыг гаргуулахаар бол Онцгой үнэлгээний компанийн гаргасан үнэлгээ илүү үндэслэлтэй байна гэдгийг хэлмээр байна. Энэ байдлаар яллах дүгнэлтийн хохирлын хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хор уршиг 3100 метр цахилгаан утасны үнийг гаргуулах нь үндэслэлгүй байна. Тасалсан цахилгаан утсыг дахин ашиглах боломжтой байна. Тээврийн хэрэгслийн тухайд “Бэрс финанс” ББСБ-аас шүүгдэгчийн эзэмшлийнх, гэрээ дууссан гэдгийг албан бичгээр ирүүлсэн. Эд хөрөнгө ямар үед яаж хэнд шилжих талаар Иргэний хуульд зохицуулсан байдаг. Иргэний хуульд хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг эзэмшилд шилжсэнээр өмчлөх эрхэд шилжинэ гэж тодорхой дурдсан байдаг. “Бэрс финанс” ББСБ-ын гэрээ дуусгавар болсон нь *******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн гэдгийг тодорхойлж өгч байгаа. Ямар нэгэн байдлаар мөнгөн дүн гаргуулах нь зохисгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “..хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирлын асуудал дээр 433,54 метрийг авсан. Шугам гэмтээж тэр утсыг нь аваагүй. Шугам татагдсан байж байхад илүү гараад голдоо хуйларчихсан байсан хэсгээс нь авсан. Шугам хоорондын зай 180-250 метр байдаг...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн Шинэ төмрийн үйлдвэрийн хашааны гадна талаас “АС150” загварын 3100 метр урт хөнгөн цагаан шугамын утаснаас 433,54 см утсыг цэнхэр өнгийн тасдагч, улаан шөр өнгийн бахь ашиглан таслан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Toyota prius 20” маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 3.675.552 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд шинжээчийн дүнэлтүүд зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хулгайн үйлдэлдээ санаатай хандсан болох нь “433,54 см хөнгөн цагаан шугамын утаснуудыг ногоон өнгийн таслагч хайчаар 14 удаа тасалж авсан” үйлдлээр нь тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авсан хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“” ХХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн менежер албан тушаалтай Дашцэрэн овогтой Уламбатыг томилжээ. Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 37.001.800 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч *******аас 3.676.000 төгрөгийг хохирогч байгууллага болох “” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч байгууллагын нэхэмжлэлээс үлдэх 33.325.800 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, нотлох баримт дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч *******д 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Total industrial гэх бичигтэй улаан шар өнгийн бариултай бахь 1 ширхэг, Total industrial гэх бичигтэй улаан шар өнгийн бариултай, бариул хэсэг нь эмтэрсэн бахь 1 ширхэг, Total гэсэн бичигтэй цайвар ногоон өнгийн бариултай, бариул хэсэг нь халцарч будаг нь хууларсан таслагч багаж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаан завсарласны дараа мэдэгдээгүй зүйлийг хэлсэн. Энэ нь хавтаст хэрэг дээр авагдсан баримтад анх 1200 метр утас алдагдсан гэж тайлбар өгсөн. Үүнийг хурлын тэмдэглэл дээрээ гаргаж ирсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс 400 гаруй метр утас олдсон, бусад нь олдохгүй байна, та мэдүүлгээ өөрчлөөд өгөөч ээ гээд мэдүүлгээ өөрчилсөн. Мэдүүлэг өөрчлөгдсөнөөс болоод өнөөдрийн байдлаар алдагдсан утас 433,54 метр утас алдагдсан гэж яриад байгаа. Тэгэхээр шүүгдэгч хэдэн метр утас авч яваад хаана тушааснаа мэдэж байгаа байх. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хохирлыг тооцчихсон учраас иргэний журмаар холбогдох баримтаа бүрдүүлээд нэхэмжлээд явах бодолтой байгаа. Эрүүгийн хариуцлагын хүрээнд прокурорын саналыг дэмжиж байна...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлэн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сэжигтэн, яллагдагч, мөн шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг шалгахад ямар нэгэн саад учруулсан зүйлгүй. Учруулсан хохирлыг шүүхээс тогтоосон мөнгөн дүнгээр төлж барагдуулсан. Бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шүүх дурдаж шийдвэрлэсэн. Хувийн байдлын тухайд бага насны 2 хүүхэдтэй, мөн гэрч Доржлхагва, Мандахчимэг нарын мэдүүлгээр зан төлөвийн хувьд дөлгөөхөн, хамт олондоо нэр хүндтэй, ажилд сайн, 2 хүүхэдтэй, 2018 оноос хойш одоог хүртэл цахилгаан түгээх сүлжээнд ажиллаж байгаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тус зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ялыг оногдуулах байдлаар эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна...” гэсэн,
Шүүгдэгчээс ”...Өөрийн гэм бурууг ойлгож байгаа. Би бага насны 2 хүүхэдтэй, эхнэр маань ажил хийдэггүй. Намайг байхгүйд ар гэр маань хэцүү байдалтай байна байх. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *******д хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж нэг /1/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн Total industrial гэх бичигтэй улаан шар өнгийн бариултай бахь 1 ширхэг, Total industrial гэх бичигтэй улаан шар өнгийн бариултай, бариул хэсэг нь эмтэрсэн бахь 1 ширхэг, Total гэсэн бичигтэй цайвар ногоон өнгийн бариултай, бариул хэсэг нь халцарч будаг нь хууларсан таславч багаж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius 20” маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* нь “Бэрс Финанс” ББСБ-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг буцаан ******* нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлэг, Бэрс Финанс” ББСБ-ын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17/139 албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Багануур дүүргийн прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota prius 20” маркийн улсын дугаартай, 18.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулахыг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* д хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж нэг /1/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3.676.000 төгрөгийг хохирогч байгууллага болох “” ХХК-д төлсөн болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллагын нэхэмжлэлээс үлдэх 33.325.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Багануур дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Toyota prius 20” маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 18.000.000 (арван найман) сая төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулахыг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн улаан шар өнгийн бариултай бахь 1 ширхэг, улаан шар өнгийн бариултай, бариул хэсэг нь эмтэрсэн бахь 1 ширхэг, цайвар ногоон өнгийн бариултай, бариул хэсэг нь халцарч будаг нь хууларсан таславч багаж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ