Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 794

 

 

 

 

 

О.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул  даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00556 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, олох байсан ашигт 40 000 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч О.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Э-ыг өмнө нь таньдаг байсан бөгөөд Ж.Э-т надад хөөрөг хийж, ашиг олох боломжтой, хөрөнгө оруулаач гэж хамтран ажиллах санал тавьсан. Уг саналыг би зөвшөөрсний үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хоорондох гэрээг бичгээр байгуулан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн. Дээрх гэрээний дагуу би 30.000.000 төгрөгийг Ж.Э-ын дансанд шилжүүлсэний дараа уг мөнгөөр чулуу авсан гэж Ж.Э намайг дуудан үзүүлж, энэ чулуугаар гуч орчим хөөрөг хийх боломжтой, ойролцоогоор 60.000.000 төгрөгийн ашиг олно гэж танилцуулсан. Үүний дараа намайг гадаадад байхад холбогдон ажиллах хүч, бусад зардалд мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу би 10.000.000 төгрөгийг гурав хувааж шилжүүлсэн. Удахгүй хөөрөг бэлэн чиний оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан өгч хийсэн хөөргөө худалдан борлуулж ашигаа хувааж авна гэсэн болвч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулсан мөнгө болон ашгаа олж авч чадахгүй хохирсоор байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 3, гэрээний нэмэлт нөхцөлийн дагуу олох ашгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон төлбөр тооцоог бүрэн дуусгавар болгохоор тохиролцсон боловч энэ хугацаанд өгөөгүй болно. Хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний оруулсан 40.000.000 төгрөгийг 80.000.000 төгрөг болгож төлөх талаар тодорхойлолт бичиж өгсөн тул уг төлбөрийг нэхэмжилж байгаа. О.Б нь хөөрөг хийдэг хүн биш учраас одоо хариуцагчийн хэлээд байгаа хөөрөгнүүдийн буцаан өгнө, мөнгийг өгөх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хөөрөг авна гэсэн хүсэл зориг байхгүй учраас 80 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаад байгаа зүйл биш, үр дагаврыг шаардаж байгаа гэжээ.

 Хариуцагч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Б бид хоёр эртний танилууд бөгөөд 2017 оны 11 сарын эхээр надад 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санал тавьсны дагуу 10.000.000 төгрөгөөр нь шаардагдах багаж хэрэгсэл, 40.000.000 төгрөгөөр нь хөөрөгний чулуу авахаар болсон. Улмаар тус гэрээний дагуу О.Б нь 40.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Анх О.Б-тай ярилцахад борлуулалтыг би хийнэ гэсний дагуу түүнд хийсэн хөөрөгнүүдээ өгч байсан бөгөөд сүүлдээ би зарж чадахгүй юм байна, та өөрөө зараад надтай тооцоо хий гэж хэлсэн. Цагаан сарын үеэр зарагдахгүй болсон тул бид ярилцаад дараа жил үргэлжлүүлэхээр болсон. Гэтэл О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажил дээр ирээд найздаа нэг баталгаа бичээд өг, арбитрын шүүхэд өгөх хэрэгтэй байна, бараа хил дээр саатаад байна гэсний дагуу тодорхойлолтыг О.Б-ны гуйлт, шахалтын улмаас бичиж өгсөн бөгөөд ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэх боломжгүй. О.Б-д 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөгөөр бодож 3 ширхэг хөөрөг өгсөн, бэлэн болсон 4 хөөрөг, хөөрөгний бэлдэц 25 ширхэг, 20 орчим хөөрөгний чулуу байгаа тул эдгээрийг буцаан өгөх хүсэлттэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.2, 477.3, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн авсан 7.500.000 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг хөөрөгийг тооцож, хариуцагч Арш овогт Ж.Э /ЙС75112418/-аас 31.800.000 төгрөгний үнэ бүхий 25 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц буюу чулуу, 700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Есүүд овогт О.Б /ЧА71040210/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.000.000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б.ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-с 357.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан "Хамтран ажиллах гэрээ" байгуулагдсан байна гэж эргэлзээгүй дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх үүрэгтэй бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой. Ж.Э-ын зүгээс хөөрөгний чулуугаар хураамж оруулаагүй, харин хөөрөгний чулууг бусдаас худалдаж авахдаа О.Б-с мөнгө авч уг мөнгөөрөө худалдан авсан тул энэ тохиолдолд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байхад шүүхээс хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Бодит байдалд Ж.Э нь хөөрөгний бизнес хийдэг бөгөөд бусдад байгаа чулууг бусдаар хөрөнгө гаргуулан худалдан авч улмаар хүн хөлслөн худалдаж авсан чулуугаараа хөөрөг хийлгэн худалдан борлуулж ашиг олдог этгээд байхад хөөрөгний чулуугаар хөрөнгө оруулалт хийсэн гэж үзсэн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байдал, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус хариуцагчийн татгалзалын үндэслэл болсон хөөрөг буцааж өгөх агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь илтэд ашиг сонирхолын зөрчилтэй. Хавтаст хэрэгт Ж.Э-ийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр надад бичиж өгсөн надаас авсан 40.000.000 төгрөгийг 80.000.000  төгрөг болгож төлөх тодорхойлолт авагдсан бөгөөд надаас авсан мөнгийг ашгийн хамт буцаан төлөхөө өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт баримтаар нотлогддог. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагч нь О.Б-ны гуйлтаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тайлбар бичиж өгсөн бөгөөд энэ нь бидний харилцан тохиролцсон гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй гэж маргаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны одор байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тухайн зохицуулсан зүйл байхгүй, уг гэрээ нь 6 хүртэл дугаарлагдсан гэрээ баих байх тул Ж.Э гэж гарын үсэг зурсан баримтыг хариуцагч бичсэн талаар маргаагүй боловч 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй байна..." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, олох ёстой байсан ашигт 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болдог.

 

Гэтэл анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дах нүүрэнд энэ хэргийн бус өөр хэргийн тэмдэглэл тусгагдсан байх тул шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, дарааллын дагуу явагдсан  гэж үзэх үндэслэлгүй болжээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг албадан ирүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэхдээ дараагийн шүүх хурлыг товлоогүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн 72/

 

Гэтэл шүүх 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хурлын товыг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                              ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                      Н.БАТЗОРИГ