Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/1010/З |
Дугаар | 128/ШШ2022/0909 |
Огноо | 2022-12-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2022/0909
2022 12 05 128/ШШ2022/0909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч Н.Б*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М************************ТББ
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
Гуравдагч этгээд: Д****************************************ТӨҮГ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А***********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б***********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт процессын түүхийн талаар:
1. Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь БНКУ-ын элчин сайдын яам, М************************ТББ, Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байгаа барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Д******** байгууллагуудын үйлчилгээ эрхлэх, аж ахуйн газарт шилжүүлж, барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг даалгасан,
2. Мөн Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор “... барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М************************ТББ хорооны өмч болох нь нотлогдож байна” гэж дүгнээд тус хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгож,
3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор “...үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус өмчийн этгээдэд хууль бусаар шилжүүлсэн” гэж дүгнээд тус хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.
Гурав. Талуудын маргаж буй үндэслэл:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “М************************ТББ анх 1975 онд байгуулагдсан, монголын соёл урлагийн байгууллагын ажилтнуудыг эгнээндээ нэгтгэсэн, сайн дурын, төрийн бус байгууллага, 44 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагын хувьд урлагийн мэргэжлийн 1300 гаруй гишүүдтэй, олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, олон нийтийн ажлыг тогтмол явуулж ирсний хувьд төрөөс 1990 оны эхээр дэмжлэг үзүүлэн одоогийн Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, *** дугаар байр хаягт байрлах * давхар байшинг эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэн өгсөн. Дээрх хугацаанаас хойш ашиглаж ирсний хувьд 2001 онд энэхүү байраа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу өөрийн өмчлөлдөө авч, улсын бүртгэлийн *********** дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон билээ. Ийнхүү бүртгүүлэхэд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаартай тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд энэ тогтоолоор төр энэхүү хөрөнгө нь М************************ТББ-ын хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрсөн явдал гэж үздэг.
Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай тогтоолоороо дээр дурдсан М************************ТББ хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрсөн баримтын нэг болох Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дугаар сарын 27-ны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон нь М************************ТББ -ын өмчлөх эрхэд халдсан, хууль зөрчсөн үйл явдал болсон.
Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоол гарахдаа Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн шилжүүлсэн. Гэтэл 1996 оны 03 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн өмчид эд хөрөнгө олж авах үндэслэлийг “хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчид байсан эд хөрөнгө” гэж заасан. 1996 оны 06 дугаар сард энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед энэ барилга төрийн өмчид байгаагүй.
Анх Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайд нарын хамтарсан 1989 оны Б/398/392 тоот тушаал, Соёлын яамны коллеж болон М************************ТББ нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 12/16 тоот тогтоол, Захиргаа үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 09 тоот тушаал, барилга хүлээлцсэн актуудаар нэхэмжлэгч М************************ТББ -д шилжүүлэн өгснийг батална. Нэхэмжлэгч М************************ТББ нь өнөөдрийн байдлаар Газрын тухай Монгол Улсын хуульд зааснаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний үндсэн дээр газар эзэмшиж байгаа хуулийн этгээд бөгөөд хуульд зааснаар газрын төлбөрийг бүрэн төлж, үүргээ биелүүлсээр ирсэн. Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ баталгаажуулсан, улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй өмчлөгч билээ. Нэхэмжлэгч нь газар эзэмшигч, барилгын өмчлөгчийн хувьд өөрийнхөө эрхийн хүрээнд газар дээрээ шинээр үл хөдлөх хөрөнгө барихаар бусад этгээдтэй харилцан тохиролцож хөрөнгө оруулалт хийж, эхний хэсгийн барилга баригдаад байна. Ийнхүү барилга барихтай холбоотой шаардагдах зөвшөөрөл, нөхцөлийг төрийн эрх бүхий байгууллагууд зохих ёсоор өгч, үйл ажиллагаа үргэлжилж байгаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай тогтоолд “М************************ТББ эзэмшиж байгаа барилга нь тус холбооны өмч болох нь нотлогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан” гэдэг. Гэтэл Төрийн өмчийн хорооны **** дугаар тогтоолын үндэслэх хэсгээс харвал дээр дурдсан төрийн эрх бүхий байгууллагуудаас шилжүүлсэн, хүлээлцсэн баримтууд нь М************************ТББ-ын өмч болох нь нотлогдож байна гэсэн үндэслэлийг үгүйсгэхдээ тодорхой хуульд үндэслээгүй.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны ***дугаар тогтоол нь үндэслэлгүй, нотлох баримтгүй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үгүйсгэж, өмчлөгчийн эрхэд халдаж, шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах” гэсэн зарчмуудыг баримтлаагүй, 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн хууль бус акт гэж үзэж байна.” гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “2000 оны *** дугаар тогтоол буюу 19 жил хэрэгжиж байсан тогтоолыг хүчингүй болгосон байна. Хугацааны хувьд анхаарах ёстой гэж үзэж байгаа. 142 дугаар тогтоолыг гаргахдаа хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэд хэдэн зарчим, тусгайлан заасан ажиллагааг хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар хуульд үндэслэсэн байх зарчмыг баримталж ажиллаагүй байна. 500 дугаартай тогтоол бол нэхэмжлэгчид эерэг нөлөөтэй акт байгаа юм. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэсэн заалт үндэслэл болгосон нь хууль бус байна. Нөхцөл байдлыг тогтоогоод, талуудад мэдэгдээд шийдвэр гаргах ёстой. 2001 онд улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлснийг хариуцагч байгууллага мэдэхгүй байх боломжгүй. Төрийн байгууллага өөрийн өмчлөлд хамаарахгүй бусдын өмчлөлийн талаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн ноцтой асуудал.” гэв.
3. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож Сүхбаатар дүүргийн ** дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэстний гудамж **** дугаар байрыг Д*********************** ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг.
Уг барилга нь төрийн тусгай хэрэгцээний байр байсан бөгөөд БНКУ-ын Элчин сайдын яам 1968 оноос энэхүү 8 айлын сууцыг эзэмшиж байгаад 1986 онд шинэ байранд шилжсэн боловч уг байр нь ашиглалт үйлчилгээний хувьд Элчин сайдын яамны шаардлагад тохирохгүй болсноор БНКУ-ын Элчин сайдын яам хуучин байрандаа эргэж орох хүсэлтийг Засгийн газарт тавьсан байдаг. Засгийн газар БНКУ-ын Элчин сайдын яамны хүсэлтийг хүлээн авч 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар байрыг нь Элчин сайдын яаманд эргүүлж олгохоор шийдвэрлэсэн.
Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын дэд ерөнхийлөгч Р.Г*********** Ю.Ц******** даргын амьдарч байсан байрыг өгч, Р.Г******** даргын амьдарч байсан Сүхбаатар дүүргийн**** дугаар хорооны ****дугаар байрыг буюу БНКУ-ын Элчин сайдын яамны байрыг М************************ТББ холбоонд түр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот тушаал, М*********************** нарийн бичгийн даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр томилогдсон хоёр талын комиссууд барилгыг хүлээлцсэн байдаг. Энэ үеэр 2 давхар тус барилгын баруун жигүүрийг БНКУ-ын Элчин сайдын яам, зүүн жигүүрийн М************************ТББ эзэмшиж, ашиглах болсон.
Энэ байр 1986 он хүртэл Гадаад харилцааны яамны дэргэдэх Д*************************, аж ахуйн газрын тайлан тэнцэлд байсан боловч Элчин сайдын яам өөр байранд шилжсэнээс хойш хэсэг хугацаанд төр засгийн газрын удирдлагыг оруулахаар завсар хийгдэж, дэд ерөнхийлөгчийнх амьдарч байсан, нөгөө талаар М************************ТББ түр орсон зэргээс шалтгаалан төр засгийн аль ч байгууллагын тайлан тэнцэлд тусгагдаагүй явж ирсэн байдаг.
Иймд Төрийн өмчийн хорооны 1997 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор уг барилгын ашиглалтыг сайжруулах үүднээс Гадаад харилцааны яамны дэргэдэх Д************************ мэдэлд шилжүүлэн Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшүүлж, тус газрын тайлан тэнцэлд тусгуулахаар шийдвэрлэсэн.
Гэтэл Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор уг байр нь М************************-ны өмч болох нь тогтоогдож байна гээд 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байдаг, энэ үеэс байрын өмчлөл, эзэмшлийн маргаан үргэлжилсээр өнөөдрийг хүрсэн юм.
Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоол нь ямар нэгэн хууль тогтоомж үндэслээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө төрийн өмч байна” гэж заасан. БНКУ-ын Элчин сайдын яамны байрыг М************************түр эзэмшүүлэхээр Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот тушаал, М************************ хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр томилогдсон хоёр талын комиссын акт үйлдэн барилга хүлээлцсэн, түүнээс хойл Засгийн газрын ямар нэгэн шийдвэрээр уг байрыг Монголын урлагийн ажилтны холбоонд бүр мөсөн шилжүүлсэн шийдвэр байхгүй байхад М***************** хорооны өмч гэж хүлээн зөвшөөрсөн нь хууль бус юм.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно.” гэснийг зөрчиж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус байгууллагын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны даргын 2001 оны 500 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэстний гудамжны ** дугаар байр /хуучнаар БНКУ-ын Элчин сайдн яам байрлаж байсан/-ыг Д****************** ТӨҮГ-ын эзэмшил хэвээр үлдээхээр шийдвэрлэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар тогтоолыг гаргасан юм.
1975 онд байгуулагдсан М****************** нийгэмлэг гэдэг байгууллагын албан ёсны эрх залгамжлагч нь М************************ТББ гэсэн тушаал шийдвэр байхгүй учраас 1991 онд хүлээлгэж өгсөн 8 айлын орон сууцны барилгыг эрх залгамжлан төрөөс шаардах эрх нь залгамжлагдаж ирээгүй байна гэж үзсэн.
Томилогдсон комисс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн актаар Засгийн газрын үйлчилгээ аж ахуй эрхлэх газрын мэдэлд байсан 573910 төгрөгийн үнэ бүхий 8 айлын орон сууцыг хүлээлцэхэд М************************ шилжүүлэх тухай дээд байгууллагын албан ёсны шийдвэр гарах хүртэл хугацаанд түр эзэмшүүлэх ашиглуулах гэдэг байдлаар хүлээлгэж өгсөн нь харагддаг, ямар нэгэн байдлаар өмчийг шилжүүлэх шийдвэр гараагүй, М************************ төрийн бус байгууллагад шилжүүлж өгөх, худалдах, хувьчлах, бэлэглэх ямар нэгэн замаар өмчлөлд шилжүүлэх эдийн засгийн үр дагавартай шийдвэр байхгүй.
500 дугаартай тогтоолыг төрийн байгууллагын эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн, эрхэд халдсан сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр байна гэж үзээд хуулиар олгогдсон эрхийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан 142 дугаар тогтоолыг гаргасан. 500 дугаар тогтоолын үндэслэлүүд нь өөрөө хууль бус байсан юм гэдгийг Төрийн өмчийн хорооны 16 дугаар хуралдааны тэмдэглэлээс харагдана. 500 дугаар тогтоол яагаад хууль бус байсан бэ гэхээр Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын 1989 оны Б398/390 тоот тушаал, М************************ хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн 1990 оны 12/16 тоот тогтоолоор томилсон комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Үйлчилгээ аж ахуй хэлтсийн даргын 1991 оны 06 тоот тушаал энэ зүйлүүдийг баримтлаад М************************ТББ хорооны өмч болох нь нотлогдож байгаа гэж 2001 онд үзээд байгаа юм. 2001 онд төрийн өмчийн асуудал 1996 оны Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдана. 1990 он хүртэл түүнээс хойш гарсан хэрэгт авагдсан баримтуудаар төрийн өөрийн өмч бөгөөд төрийн байгууллагын эзэмшил, ашиглалтад байсан нь тогтоогдсоор байтал 2001 онд хуулиас давсан эрх мэдлийг хэрэгжүүлээд 1989-1990 оны барилга хүлээлцсэн актуудыг үндэслээд төрийн бус байгууллагын өмч болохыг тогтоож байгаа нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр болжээ. 500 дугаар тогтоолын үндэслэл нь өмчийн талаар баримтлах хууль тогтоомжийн зохицуулалтыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч байгууллага нь 3 регистртэй байгаа. 2005 онд ********* регистр, 2004 онд ********* регистрийн дугаар авсан. Сүүлд 2005 онд ********* регистрийн дугаартай болсон нь өнөөдрийн маргаан бүхий объект болох 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн гэрчилгээ дээр бичигдсэн ********* регистрийн дугаартай байгууллага байна гэж тайлбарлаад байгаа юм. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн этгээдийн гэрчилгээ нь шинэчлэгдээд 2 гишүүнтэй болж өөрчлөгдөөд регистрийн дугаар нь ************* дугаар болоод ******** регистрийн дугаар нь Зууны манлай гэдэг байгууллагынх болж бүртгэгдсэн байна. Гэтэл ******** регистрийн дугаараар нэхэмжлэгч байгууллага бүртгэгдсэн. Регистрийн дугаар ганц байх ёстой. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна.
500 дугаар тогтоол М************************ хорооны өмч болох нь тогтоогдоно гэж яриад байдаг. Тус байгууллага нь 1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тухайн нэрээр бүртгэлтэй байсан, 2005 онд М************************ нэртэй болсон. Тэгэхээр 1997-2005 онд улсын бүртгэл дээр нэр өөрчлөгдсөн талаар хуулийн этгээдийн хувийн хэрэгт авагдаагүй байгаа учраас эрх залгамжлагч мөн эсэх асуудлууд хөндөгдөж байна. 1997 оны 09 дүгээр сарын 11-ний Хууль зүйн яамнаас олгосон төрийн бус байгууллагын гэрчилгээ байдаг. Энэ хоёр гэрчилгээний аль гэрчилгээгээр М************************ бүртгэлтэй вэ гэдэг нь тогтоогдохгүй байгаа.
Төрийн өмчийн хорооны өөрийнх нь баримтлах ёстой 1997 оны төрийн өмчийн эд хөрөнгийг бүртгэлээс хасах, блансаас бланс руу шилжүүлэх, хасалт хийх журмыг баримтлаагүй. 142 дугаар тогтоол М************************ТББ ямар эрх ашгийг хөндсөн гэхээр “өмчлөх эрх хөндөгдсөн” гэдэг. 500 дугаар тогтоолыг үндэслээд өмчлөх эрх нь үүссэн байгаа юм. Түүнээс өмнө өмчлөх эрхийн асуудал бол яригдахгүй. 1990 оны 12 дугаар сарын Засгийн газрын 16 дугаар тэмдэглэлээр Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байрыг Гадаад явдлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн энэ тогтоолоор энэ байрны өмчлөлийг шийдсэн. Гэтэл Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн газрын даргын болон М************************ комисс 1991 онд Засгийн газрын тогтоолыг зөрчөөд үйл ажиллагаа явуулаад байгаа нь өөрөө хууль бус юм. Энэ шийдвэрийн эсрэг үйл ажиллагаа явагдаад байна. Энэ байгууллагад албан ёсоор өмчлөх зориулалтаар хүлээлгэж өгсөн шийдвэр тогтоол байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *** дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж өгнө үү.” гэв.
4. Гуравдагч этгээд тайлбартаа: "1/. Сүхбаатар дүүрэг,* дугаар хороо, Нэгдсэн Үндэстний гудамж, ** дугаар байрны өмчлөл, ашиглалтын талаар. Тус газар нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын Төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд Монгол Улсаас харилцаа тогтоосон улстай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг эцэслэн гадаад улсын ЭСЯ-ыг байрлах байр, орон сууцаар хангах олон улсын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй билээ.
Манай улс нь Бүгд Найрамдах Куба Улстай 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр харилцаа тогтоож, хоёр улсын Гадаад явдлын яам хооронд 1981 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан протоколд "... ЭСЯ-ны хэрэгцээнд ажлын гараагаа хэрэгцээг бүрэн хангах багтаамжтай, 3-4 автомашины гарааштай, амралт, хүүхдийн өрөө, жижиг заалтай, ажилчдын орон сууц нь 2-3 өрөө бүхий албан болон орон сууцыг харилцан адил байх зарчмын үндсэн дээр, түрээсгүйгээр ашиглуулах үүргийг харилцан хүлээх" гэж заажээ. БНКУ-ын ЭСЯ нь Нэгдсэн үндэстний гудамж ***хаягт байрлах байранд анх 1970 орж, түүнээс хойш 1985 онд одоогийн БНСУ-ын ЭСЯ-ны байранд шилжин байрлаж байсан ба 1990 оноос дахин байрлаж, 37 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан.
Төрийн өмчийн хороо БНКУ-ын ЭСЯ-ны байрны эзэмшлийг баталгаажуулан 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган ЭСЯ байрлуулах зориулалтаар эзэмшихийг ГХЯ-ын байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газарт даалгаж шийдвэрлэсэн байна. Гадаад улсын элчин сайдын яам байрлах байр, сууцны хомсдолтой байдал тулгамдсан асуудлын нэг бөгөөд Монгол Улс харилцан адил байх зарчмын үндсэн дээр түрээсийн гэрээний үндсэн дээр гадаад улсын Элчин сайдын яам, консулын газар байршуулах төрийн өмчит үл хөдлөх хөрөнгө нэн чухал ач холбогдолтой юм. Дээрх эзэмшил, ашиглалтаас үзэхэд уг барилга нь М************************ТББ байр бус, ДБҮЭГ-ын балансад бүртгэлтэй, Бүгд Найрамдах Куба улсын Элчин сайдын яам байрлан, үйл ажиллагаагаа явуулж байсан онцгой улсын объект болно.
2/ М************************ ТББ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолын талаар. Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол гарч, гадаад улсын элчин сайдын яам байршиж байсан түүхэн барилга, байгууламжийн тодорхой хэсгийг төрийн өмчийн бус, төрийн бус байгууллагад шилжүүлсэн нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон. М************************ТББ нь дээрх хууль бус шийдвэрт үндэслэн 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг гаргуулан авсан ба төрийн байгууллагын хууль бус шийдвэрийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэл хүчингүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь төрийн өмчийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан цагаас хойш дураар авирлан, уг үл хөдлөх эд хөрөнгийн хаалгыг эвдэж, цоожийг солих, мөн нурааж шинээр барилга барихаар төлөвлөх зэргээр дураар авирлах явдал газар авсан ба улмаар уг байранд гадаад улсын элчин сайдын яам хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг баримтлаагүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус тогтоол юм.
Монгол улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар "БНКУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яамны байрлаж байсан Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байшинг /одоогийн 18 дугаар байр/ Франц улсын Элчин сайдын яаманд олгохоор бодож уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 1-ний дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэх" гэж шийдвэрлэсэн. Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 09 дүгээр тушаалд "У********** уг барилга байгууламж, аж ахуйг анх хүлээлгэн өгсөн протокол бусад материалын дагуу бүрэн хүлээн авч ажлын нарийвчилсан акт үйлдэхийг комисс /н.Б**********/-д даалгасугай" гэж тусган уг байрыг Урлагийн ажилтны холбооноос хүлээн авсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйл /2001 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан, нэмэлт өөрчлөлт ороогүй заалт/ 30.2-д "Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлж болно." гэж заажээ.
Монгол улсын Засгийн газраас Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Нэгдсэн Үндэсний гудамж, *** дугаар байрыг М************************ТББ -д шилжүүлэх ямар нэг шийдвэр гараагүй, зөвшөөрөл олгоогүй байхад төрийн өмчийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол нь хууль бус шийдвэр байсан.
Төрийн өмчийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэргүй, төрийн өмчийн бус хуулийн этгээдийн өмчлөлд дуудлага худалдаа болон бусад хэлбэрээр хариу төлбөргүйгээр шилжүүлэх нь хууль ёс хийгээд шударга ёсонд үл нийцэх үйлдэл бөгөөд төрийн өмчийг хууль бусаар төрийн бус байгууллагад шилжүүлсэн үйлдлийг залруулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэсний гудамжны ***-р байр /хуучнаар Бүгд Найрамдах Куб Улсын Элчин сайдын яам байрлаж байсан байр/-ыг "Д***************" ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тогтоол юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуульд нийцсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “1990 онд анх энэхүү байрыг анхнаасаа Элчин яамны зориулалтаар Гадаад харилцааны мэдэлд олгож шийдвэрлэж Засгийн газрын тогтоол гарч байсан.
500 дугаар тогтоолд нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн акт гаргаагүй. 294 дүгээр тогтоолоор манай өмчлөх эрх яаж дуусгавар болохыг тусгайлан заасан. Засгийн газрын тогтоол гарсан тохиолдолд танай өмчлөх эрх дуусгавар болно. Иргэний хуульд зааснаар өмч гэдгийг дүгнээд байгаа юм. Гэтэл Иргэний шүүхээр өмчлөлд тогтоосон зүйл байхгүй. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн ямар нэгэн шийдвэр гараагүй. Маргаан бүхий байр нь Кубын элчин сайдын яам байрлаж байгаа. Засгийн газрын тогтоолоор хувьчилж үл болох байрнуудын жагсаалтад элчин сайдын яамны байрыг заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж үзвэл хувьчилж үл болох хөрөнгийн жагсаалтад багтаасан Засгийн газрын тогтоолын биелэлт хангагдахгүй. Засгийн газрын тогтоолоор баталсан хувьчилж үл болох жагсаалтад 2001 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгчийн өмч гэж үзээд байгаа нь үндэслэлгүй юм. 500 дугаар тогтоолд өмчид шилжүүлсэн үйл баримт байхгүй. Өмчлөх эрхийн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдэхгүй. Нэхэмжлэгч 1997 оны 294 дүгээр тушаалтай огт маргаагүй. 500 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт заасан шилжүүлж авсан гээд байгаа баримт нь н.Ц****** даргын байр юм. 500 дугаар тогтоолоор өмч гэж үзэх дүгнэлт гаргах эрх нь Төрийн өмчийн хороонд байхгүй. Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, сэргэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэв.
6. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Төрийн өмчийн хорооны тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Маргаж буй үндэслэлүүд.
1. Нэхэмжлэгчээс "142 дугаар тогтоол нь “зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, өмчлөх эрхийг зөрчсөн" гэж,
2. Хариуцагчаас "...уг үл хөдлөх хөрөнгө нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдахаас өмнө улсын өмчид байсан, М************************ эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гараагүй, төрийн өмчөөс хасаагүй тул төрийн өмчийн бус этгээдэд төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзээд алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөсөн, 1991 онд барилгыг түр шилжүүлэн авсан этгээдийн эрх залгамжлагчаар нэхэмжлэгчийг тогтоосон шийдвэр байхгүй, өөр регистрийн дугаартай тул нэг этгээд гэж үзэхгүй" гэж,
3. Гуравдагч этгээдээс "2001 оны 500 дугаартай тогтоол хууль бус байсан, барилга Д************* ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, элчин сайдын яамны байрыг хувьчилж үл болох хөрөнгийн жагсаалтад бүртгэсэн, уг барилгыг элчин сайдын яамны зориулалтаар үлдээхгүй бол Засгийн газрын хоорондын хэлэлцээр болон хувьчилж үл болох хөрөнгийн жагсаалтад бүртгэсэн Засгийн газрын тогтоол хэрэгжих боломжгүйд хүрнэ" гэж тус тус маргажээ.
Хоёр. Маргаанд хамаарах байр нь Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, *** тоот хаягт байрлах, 1950 онд ашиглалтад орсон гэх, 2 давхар тоосгон хийцтэй, 8 айлын орон сууцны зориулалттай байр бөгөөд уг байрны эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой дараах үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
1. Гадаад харилцааны яамны дэргэдэх Д*************** тайлан тэнцэлд 1986 он хүртэл байсан, БНКУ-ын Элчин сайдын яам байрлаж байгаад 1986 онд өөр байранд шилжиж, дэд ерөнхийлөгчийнх амьдарч байсан[1], 1990 оноос БНКУ-ын Элчин сайдын яам байрлаж байсан.
2. Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай байр /1 дүгээр сургуулийн баруун талд байрлах/-ыг Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын хамтарсан 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/398/342 дугаар тушаалаар Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж, улмаар Соёлын яамны коллеги, М************************ нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/16 дугаар тогтоолоор М************************ хороонд хүлээлцсэн[2],
3. Засгийн газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 /уг тушаалын дугаар барилга хүлээлцсэн 1 тоот актад “29” гэж, 2 тоот актад “09” гэж бичигдсэн байдаг/ дүгээр тушаалаар дэд ерөнхийлөгчийн шинээр орох өвлийн сууц, хуучин амьдарч байсан байрыг хүлээлцэх комисс томилогдож, мөн М************************ хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр У********** “*********” байрыг дэд ерөнхийлөгчийн байр болгох, түүний байрлаж байгаа барилгыг У******** байр болгохоор Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэх комисс томилогдож, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 тоот актаар Засгийн газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн мэдэлд байсан энэ маргаанд хамаарах Нэгдсэн Үндэстний гудамж дахь 8 айлын сууцны барилгыг М************************ хүлээлгэн өгч, мөн өдрийн 2 тоот актаар М************************ хорооны мэдэлд байсан байрыг данснаас дансанд болон нэхэмжлэлээр шилжүүлсэн санхүүгийн бусад баримт материалд тулгуурлан Их тэнгэр цогцолборт хүлээлгэн өгсөн[3] байдаг.
4. Улмаар Төрийн өмчийн хороо 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор[4] Нэгдсэн үндэстний гудамж дахь БНКУ-ын Элчин сайдын яам, М************************, Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байгаа барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Д*****************яам байрлуулах зориулалтаар эзэмшүүлж,
5. 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор “... барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М************************ өмч болох нь нотлогдож байна” гэж дүгнээд өмнөх 1997 оны 294 дүгээр тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэснээр,
6. Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаартай уг тогтоолыг хавсарган гаргасан М************************ хүсэлтээр нийслэлийн Засаг даргын 2002 оны 101 дүгээр захирамжаар маргаанд хамаарах барилгын доорх болон орчны газрыг нэгж талбарын **************** дугаартай 3944 м.кв хэмжээгээр тус байгууллагад ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2010 оны 415 дугаар захирамжаар талбайн хэмжээг 3770 м.кв болгон конторын зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны А/548 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамжаар зориулалтыг өөрчлөн орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар 3767 м.кв хэмжээгээр /шинэчилсэн бүртгэлээр нэгж талбарын ************ дугаартай/ эзэмшүүлж[5],
7. Мөн уг тогтоолыг болон 1991 онд уг барилгыг хүлээж авсан бусад холбогдох баримтуудыг хавсарган гаргасан М*********************** мэдүүлгээр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Нэгдсэн үндэстний гудамжид байрлах 7915 м.кв талбай бүхий *** дугаар байр /8 айлын орон сууцны зориулалттай/-ыг М************************ТББ-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2********** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулж[6],
8. Улмаар Сүхбаатар дүүргийн * дугаар хороо Нэгдсэн үндэстний гудамж, ** дугаар байр хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, 11,048,100 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчөөр татварын мэдээллийн санд М*************** холбоо 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээгээр, татвар төлөгчийн Т******** дугаараар албан татвар төлөгчөөр бүртгэгдэн, энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлж иржээ[7].
9. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байцаагч “барилгыг цаашид ашиглах боломжгүй” гэх дүгнэлт гарснаар барилгыг буулгаж дахин барилгажуулахаар ГБМ3Х2019/10-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, дээр дурдсанчлан газрын эзэмших зориулалтыг өөрчлүүлэн эзэмшиж, холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөлийг авснаар эзэмшил газрын зарим хэсэгт барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь Соёлын яамны шийдвэрээр балансад нь шилжүүлсэн байраар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын шийдвэрээр сольж авсан байрыг Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор эзэмшилд нь шилжүүлснээр эрх бүхий этгээдэд зохих хүсэлт гарган газрыг нь эзэмшиж, эрхийн улсын бүртгэлд байрны өмчлөх эрхээ бүртгүүлэн баталгаажуулж, газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлж ирсэний дээр уг барилгыг буулгаж дахин барилгажуулахаар эрх бүхий байгууллагаар төлөвлөлт хийлгэж, хөрөнгө оруулалт хийсэн зэрэг эрх зүйн болоод эдийн засгийн тодорхой үр дагаврууд 2019 онд маргаан бүхий акт гарах үед үүссэн байжээ.
Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, *** дугаар маргаанд хамаарах энэ байранд М************************ТББ, БНКУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ, Жендерийн үндэсний хороо байрлаж байсан цаг хугацаа энэ маргаанд хамаарахгүй.
Түүнчлэн Гадаад хэргийн яамыг төлөөлж Д***************** дэд захирал болон М************************ТББ, барилгын А*************** групп ХХК-тай маргаанд хамаарах ** дугаар байрыг буулгаж дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр, ингэхдээ Гадаад хэргийн яам болон М************************ шинээр баригдах барилгаас тус бүр 500 м.кв талбай, зоорийн давхарт 2 болон 3 автомашины зогсоол өмчлөлдөө авахаар тохиролцсон хамтран ажиллах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулж[8], Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэрээг баталсан байдаг, үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд талуудын хувьд барилгын өмчлөл, эзэмшлийн асуудлаар тухайн үед маргаангүй байсан гэж дүгнэхээр байна.
Гурав. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
Соёлын яамны сайдын 1970 оны 142 дугаар тушаалаар урлагийн (театр, дуурь, балет, цирк, хөгжим, дуу, бүжиг) зүтгэлтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр М************************ хороог анх байгуулж, МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1975 оны 178 дугаар тогтоолоор товыг тогтоосноор 1975 оны 07 дугаар сард анхдугаар их хурлаа хийж, дүрмээ батлан М************************ байгуулагдсан байх[9] бөгөөд энэ хугацаанд тус холбоо нь орон нутгийн театрын, радио телевиз-эстрадын, циркийн, хөгжмийн, судлал шүүмжийн, бүжгийн, киноны, театрын, дуулаачийн мэргэжлийн зөвлөлүүдтэй үйл ажиллагаа явуулж[10] ирсэн, нийгэмд үйлчилдэг энэхүү төрийн бус байгууллага нь 1994 онд М******************* нийгэмлэгийн холбоо нэрээр ****** регистрийн дугаараар бүртгүүлсэн ба Төрийн бус байгууллагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шинэчилсэн бүртгэлд 1997 онд бүртгүүлэхэд ******* регистрийн дугаараар бүртгэж, нэрээ өөрчилж М************************ТББ болж 2005 онд бүртгүүлсэн, мөн регистрийн дугаар өөрчлөгдөж 2018 онд ****** регистрийн дугаартайгаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй[11] байна.
М************************ нэртэй, ********* регистрийн дугаартай байх үедээ үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр 2002 онд бүртгүүлсэн байдаг.
Ийнхүү тус байгууллагын нэр болон регистрийн дугаар өөрчлөгдсөн ч хуулийн этгээдийн хувьд нэг байгууллага болох нь 1975 онд тус холбооны анхдугаар их хурлаас нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, 1981-2005 он хүртэл орон тооны нарийн бичгийн дарга, орлогч даргаар ажиллаж, 2005 оноос хойш зөвлөхөөр ажиллаж байгаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.З******* гэрчээр өгсөн мэдүүлэг[12], хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, тайлбараар тогтоогдож байх тул 1989, 1991 оны холбогдох шийдвэрүүдээр байрыг хүлээж авсан байгууллага болон Төрийн өмчийн хорооны 1997, 2001, 2019 оны шийдвэрүүдэд дурдагдсан байгууллага нь нэг бөгөөд эрхийн улсын бүртгэлд уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн газар эзэмшигч болох нь тогтоогдож байна.
Дөрөв. Маргаанд хамаарах барилгын хэмжээний талаар мөн дүгнэх нь зүйтэй байна.
Нэгдсэн Үндэстний гудамж дахь 8 айлын сууцны барилгыг М************************ хүлээлгэн өгсөн 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот актаар мөн барилга байгууламжийн 30 хуудас зураг хүлээлгэн өгсөн байх бөгөөд уг зургийг хэрэгт нэхэмжлэгчээс эх хувиар ирүүлсэн нь Үндэсний төв архиваас шүүхэд хуулбарлан ирүүлсэн барилгын зураг мөн болохыг, нэхэмжлэгчид эх хувийг буцаасныг дурьдах нь зүйтэй.
Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолын танилцуулгад дурдсанаар[13] уг тогтоолоор шийдвэрлэсэн барилга нь 8 айлын орон сууцны зориулалттай, 2 давхар барилга бүхэлдээ бөгөөд 2001 оны 500 дугаар тогтоолоор дээрх 294 дүгээр тогтоолоо хүчингүй болгож, улмаар 2019 оны 142 дугаар тогтоолоор 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон, өөрөөр хэлбэл эдгээр шийдвэрээр барилгын аль нэг давхар, хэсэг гэж тухайлан тодорхойлоогүй, эзэмшлийн асуудлаар уг байрыг бүхэлд нь шийдвэрлэжээ.
Үндэсний төв архиваас ирүүлсэн барилгын зураг дахь ерөнхий төлөвлөгөөгөөр маргаанд хамаарах байр нь 5 дугаартай “тусгай объектын байр-1” барилга бөгөөд барилгын зургаас үзвэл “барилга архитектур БА-6” дугаар хуудсанд авагдсан 1 дүгээр давхрын технологийн байгуулалтын зургаар барилгын урт 33.3 м, өргөн 10.96 м буюу 1 дүгээр давхрын талбайн хэмжээ 364.96 м.кв, нийт 2 давхар барилга 729.9 м.кв хэмжээгээр баригдахаар төлөвлөгдсөн[14] байх бөгөөд тус шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлт дэх барилгын гадна ханын хэмжилтээр урт 45.38 м, өргөн 12.38 м, доторх хэмжилтээр 1 дүгээр давхар нь 430.1 м.кв, 2 дугаар давхар нь 425.16 м.кв буюу нийт талбай 855.26 м.кв байх[15] тул уг байр Төрийн өмчийн хорооны 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18/242 дугаар албан бичигт дурдсанчлан 1684.12 кв.м талбайтай байх боломжгүй байна.
Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт **** дугаар байр нь ****давхар 791.5 м.кв талбайгаар бүртгэгдсэнээс үзвэл М************************ТББ-ын өмчлөлд уг барилга бүхэлдээ бүртгэгджээ. Барилгыг гадна эсхүл дотор хананаас хэмжих болон дундын эзэмшлийн хонгил, шатны хэсэг, гонх зэрэг ашиггүй талбайг хасаж тооцох зэргээс талбайн хэмжээний зөрүү гарахыг шинжээч дүгнэлтдээ дурджээ.
Тав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор өмнө гаргасан 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон бөгөөд гуравдагч этгээд Д*************ТӨҮГ-аас “Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаж байх тул шүүх “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар энэ хэргийг шийдвэрлэхэд 500 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй, маргаан бүхий актын хувьд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн эсэх хүрээнд дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь Соёлын яамны шийдвэрээр балансад нь шилжүүлсэн байраар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын шийдвэрээр маргаанд хамаарах байрыг сольж авсан, уг байрыг Д*************** эзэмшүүлсэн 1997 оны 294 дүгээр тогтоолоо Төрийн өмчийн хороо 2001 оны 500 дугаар тогтоолоор хүчингүй болгосноор эрх бүхий этгээдэд зохих хүсэлт гарган газрыг нь эзэмшиж, эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэн баталгаажуулж, газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлж ирсний дээр уг барилгыг буулгаж дахин барилгажуулахаар эрх бүхий байгууллагаар төлөвлөлт хийлгэж, хөрөнгө оруулалт хийсэн зэрэг эрх зүйн болоод эдийн засгийн тодорхой үр дагаврууд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн маргаан бүхий акт болох 142 дугаар тогтоолоор дээрх 2001 оны 500 дугаар тогтоолоо хүчингүй болсонд тооцох үед хэдийн үүссэн байж.
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор уг байрыг ““Соёлын яамны шийдвэрээр балансад нь шилжүүлсэн байраар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын шийдвэрээр маргаанд хамаарах байрыг сольж авсан”-ыг тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М************************ өмч болох нь нотлогдсон” хэмээн дүгнэж, уг байрыг Д ******************** эзэмшүүлсэн өмнөх 1997 оны 294 дүгээр тогтоолоо хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь газрын хувьд эзэмшигчийн, барилгын хувьд өмчлөгчийн эрхийг олж авсан байна.
Нэхэмжлэгчийн дээрх эрхийг хөндсөн хариуцагчийн маргаан бүхий акт нь шийдвэр гаргах процессын хувьд болон актын хууль зүйн үндэслэлийн хувьд дараах байдлаар хууль бус болжээ.
1/ Захиргааны байгууллага үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхэд халдах шийдвэр гаргах бол зайлшгүй хуульд үндэслэх ёстой, учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар “төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" хэмээн өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр баталгаажих бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлахаар бол гагцхүү хуульд заасан үндэслэл байх ёстой аж.
Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 142 дугаар тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг буюу “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” талаар хэрэгжүүлэх тус газрын бүрэн эрхийн заалтыг баримталсан нь өмчлөгчийн эрхэд халдах, өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болох заалт биш байна. Мөн уг тогтоолд баримталсан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зохицуулалт нь өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэлд хамаарахгүй.
2/ Маргаан бүхий тогтоолд баримталсан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь захиргааны байгууллага өмнө гаргасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актаа түүнд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран хүчингүй болгож болох заалт бөгөөд ийнхүү хүчингүй болсонд тооцсон 2001 оны 500 дугаар тогтоол нь Д **************** газрын хувьд сөрөг нөлөөлөл бүхий байх ч, М************************ТББ хувьд энэ тогтоол нь эерэг нөлөөлөл бүхий байна.
Тэгвэл эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гарсан гэж захиргааны байгууллага үзвэл 5 жилийн дотор хүчингүй болгож болох “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэсэн үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т хуульчилсан. Хариуцагч нь 500 дугаартай тогтоолыг хууль бус гэж эдгээр үндэслэлээр үзээгүйн дээр 2001 оноос хойш 18 жилийн дараа энэ шийдвэрийг гаргах хууль зүйн хувьд боломжгүй.
3/ Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр бол тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зайлшгүй баримтлах ёстой, хэрхэн хэрэгжүүлэхийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тодорхой хуульчилсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 10 дугаартай тэмдэглэлд “... 2 дугаар сарын 22-ны өдөр М************************, Д******************* ТӨҮГ-аас байлцуулж удаан ярилцсан, энэ өмч нь төрийн өмч, баталгаажуулсан шийдвэр гаргана гэдгийг М************************ хэлсэн” хэмээн тусгасан ч энэ талаар баримт ирүүлээгүй тул сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй байна. Харин шийдвэр гаргасны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А-1/1291 тоот албан бичгээр тогтоолыг хүргүүлсэн байдаг.
4/ Захиргааны байгууллагын гаргаж буй шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх учиртай.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор “..үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус өмчийн этгээдэд хууль бусаар шилжүүлсэн” гэж дүгнээд тус хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон бөгөөд мөн өдрийн хуралдааны тэмдэглэлд “ ... ажлын хэсэг 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан” хэмээн тусгасан ч ажлын хэсгийн дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй, энэ талаар баримтаар нотлон мэтгэлцээгүй тул хариуцагч шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж дүгнэх нь өрөөсгөл болно. Мөн уг тэмдэглэлд М************************ТББ газрын эзэмшигч, барилгын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар дурдсан байдаг ч хуулиар тогтоосон үндэслэл заахгүйгээр өмчлөгчийн эрхэд халдсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдах өмчлөгчийн эрхийг зөрчсөн, зөвхөн хуульд заасан үндэслэлээр халдаж болох хязгаарлалтыг давсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч М************************ өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Д********************* ТӨҮГ-аас 2012 онд тус шүүхэд нэхэмжлэл гарган хандсан байдаг ч шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Д********************ТӨҮГ-аас дахин маргаагүй бөгөөд, энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл болон газрын эзэмших эрх олгосон шийдвэртэй маргаж, захиргааны өөр хэргүүд тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд, дээр дурдсанчлан 500 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
5/ Соёлын яам Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас балансаар шилжүүлэн авсан 1 дүгээр сургуулийн баруун талд байрлах барилгыг 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/16 дугаар тогтоолоор М************************ мэдэлд шилжүүлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсээс томилсон ажлын хэсэг М************************ мэдэлд байсан дээрх байраар сольж маргаанд хамаарах 18 дугаар байрыг актаар хүлээлгэн өгсний дээр 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдан мөрдөгдсөнөөс хойш 2001 онд 500 дугаартай тогтоолоор Төрийн өмчийн хороо уг байрыг тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М************************ шилжүүлсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн “эзэмшилд нь шилжүүлсэн шийдвэр байхгүй, түр шилжүүлсэн" гэх тайлбар няцаагдаж байна.
6/ Монгол Улсын Үндсэн хуулиар 1992 онд нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр “уг хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгийг төрийн өмчид олж авах”-аар заасан тул 1975 онд байгуулагдсан мэргэжлийн урлагийн бүхий л төрлүүдийн уран бүтээлчдийг нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь зориулж 1989, 1991 онд тухайн үеийн эрх бүхий байгууллагаас маргаанд хамаарах барилгыг шилжүүлсэн шийдвэрийг 2019 онд үгүйсэх, төрийн өмч байсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.
7/ Төрийн өмчийн хороо уг байрыг 2001 онд 500 дугаартай тогтоолоор тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М************************ шилжүүлсэн болохыг хүлээн зөвшөөрсний дараа 2002 оноос эрх бүхий этгээдээс олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмшиж, газрын төлбөр төлж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлж, дахин барилгажуулахаар эрх зүйн болоод эдийн засгийн үр дагавар үүссэний дараа газар эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчид эерэг үйлчлэл үзүүлсэн актыг өөр этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий гэх агуулгаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн хойно хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актыг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Энэ шийдвэр Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаартай тогтоол болон барилгын өмчлөлийн асуудлаар аливаа этгээдийн маргах эрхийг хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.
Зургаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул энэ хэрэгт тус шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолоор томилсон шинжээчийн зардал 1,026,000 төгрөг буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3.1-д заасан шинжээчийн зардлыг мөн хуулийн 47.1-д зааснаар хариуцагчаас гаргуулан шинжээчид төлөх нь зүйтэй байна.
Долоо. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “хариуцагчийн тайлбар үндэслэлтэй” гэх дүгнэлтэд хууль зүйн үндэслэл дурдагдаагүй, мөн энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М************************ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 1,026,000 төгрөгийг гаргуулж, шинжээчээр ажилласан Б********** ХХК д тус тус олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 186 дугаар талын ард
[2] Хэргийн 3 дугаар хавтсын 49-50 дугаар хуудас
[3] Хэргийн 3 дугаар хавтсын 43, 47, 40-42 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 188 дугаар хуудас
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 163-172, 191-234 дүгээр хуудас
[6] Хэргийн 3 дугаар хавтсын 20-62 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 10, 2 дугаар хавтсын 184 дүгээр хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 11-16, 174-175 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 214-219 дүгээр хуудас
[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 216-219
[11] Хэргийн 2 дугаар хавтсын 178-179 дугаар хуудас
[12] Хэргийн 2 дугаар хавтсын 24, 35-37 дугаар хуудас
[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 188 дугаар хуудсын ар тал
[14] Хэргийн 3 дугаар хавтсын 233-243, 4 дүгээр хавтсын 111-114 дүгээр хуудас
[15] Хэргийн 4 дүгээр хавтсын 200-204 дүгээр хуудас