Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

 

 

 

    2025           07           01                                          2025/ШЦТ/130

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504001220099 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                        Б.Халиунгоо           

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн *******,******* тоот хашаанд оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 551 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг багтааж, *******ын биелчлэн эдлэх ялыг нийт 7 жил 1 сарын хорих ялаар тогтоосон,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон, ******* овгийн ******* ******* (РД:*******).

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Багануур дүүргийн *******, Жавхлант засварын урд байрлах зам дээр улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийг 2,84 хувийн согтолттой, согтуурсан үедээ,

2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн, Байдлаг хэсгийн голын замд  жолоодсон “*******” улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.82 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Багануур дүүргийн ******* тоотод нартай нэг шил архи хувааж уусан. Тэгээд Болд-Эрдэнэд өглөө эрт машин хэрэгтэй гэхээр нь “миний машиныг ав гээд машиндаа бензин” хийхээр , нарын хамт Багануур дүүргийн ******* тоот хашаанд очоод өөрийн эзэмшлийн улсын дугаартай ******* машинаа унаад Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Петровис” ШТС-д очоод бинзен аваад буцаад гэртээ харих гээд явж байтал Багануур дүүргийн ******* Жаргалант авто угаалгын газрын урд цагдаа зогсоож шалгуулаад баригдсан. Би 2023 оны 5 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байж байгаад 2024 оны 3 дугаар сард дахин цагдаад баригдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сар хасуулж, 1 жил 8 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. ...би 1990 онд Багануур дүүрэгт төрсөн, эцэг эхээс дөрвүүлээ. Айлын дунд хүүхэд. 1998-2008 онд Багануур дүүрэг 66 дугаар сургуульд 10 жилийн сургуульд суралцаж байгаад 2009-2010 оны хооронд Эрдэнэт “МСҮТ”-ийг гагнуурчин, цахилгаанчин мэргэжлээр төгссөн. Одоогоор тогтсон ажилгүй...” гэжээ. (хх-ийн 28-29)

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед Багануур дүүргийн ******* тоот өөрийн гэртээ байж байгаад өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Багануур дүүргийн ******* Их гүнд найз гийнд очсон. , , нартай цуг архи уусан. , нар Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тогос-Уул айлд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд машинаа бариад тухайн хоёр хүнтэй Тогос-Уулд очсон боловч тухайн айлд хүн байгаагүй. Тэгээд буцаад Багануур дүүргийн ******* Их гүн рүү архи ууж байсан айлдаа хүргэж өгөх гээд Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэн, Байдлагийн голын замаар доош уруудаад явж байтал Хэрлэн талын гудамжнаас саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд уулзвар дээр зогссон. Тэгэхээр нь би төв замын машинд зам тавьж өгч байгаа юм байна гэж бодоод явтал гэнэт урдуур ухасхийж орж ирээд мөргүүлсэн. ...би өөрөө сайн дураараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон...” гэжээ. (хх-ийн 100-101)

2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...******* (РД:*******) нь улсын дугаартай ******* 2 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2,84 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3),

Цагдаагийн албан хаагчийн “...Багануур дүүргийн *******, Жавхлант засварын урд зам дээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* гэгч нь 2,84 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлсэн, тээврийн хэрэгслийг түр саатуулав. ...” гэсэн илтгэх хуудас гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3),

Цагдаагийн албан хаагчийн “...Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн, Байдлаг хэсгийн голын замд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад ******* гэгч нь 1,82 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан байсан тул согтолтын зэргийг шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулав. ...” гэсэн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 84),

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/89 дугаартай “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүхээс шүүгдэгчид гэмт хэрэг тус бүрд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай...” гэсэн шийтгэх тогтоол (хх-ийн 51-55),

*******ын жолоочийн “...Эрх хасагдсан төлөвтэй, Багануур дүүрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 2 дугаар сарын 07-н өдрийг хүртэл эрх хасагдсан. Драгер 2,57 хувь...” гэсэн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 32)

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2025 оны 05 дугаар сарын 03-ны орой 19 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тогос-Уул хэсгээс Байдлаг орох гээд нөхөр Г.Хүдэрчулууны эзэмшлийн “Prius 20” маркын 60-25 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байгаад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн гэр хорооллын гудамжаар явж байгаад Байдлагийн гэр хорооллын гудамж руу орох гээд Хэрлэн, Байдлагийн голд байх засмал замаар нэвт хөндлөн гарах гэж байтал хойноос урагш чиглэлтэй цагаан өнгийн ******* загварын суудлын тэрэг шууд ирээд миний унаж явсан машины жолооч тал буюу буруу тал руу мөргөөд намайг зам хөндлөн эргүүлээд зогсоосон. ...тухайн үед би ганцаараа явж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй, харин машин эвдэрч гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35)

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 551 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг багтааж, *******ын биелчлэн эдлэх ялыг нийт 7 жил 1 сарын хорих ялаар тогтоосон,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай “...*******т холбогдох 2504000000119 дугаартай хэргийг 2504001220099 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэв...” гэсэн прокурорын тогтоол (хх-ийн 73-74)

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 35-55)

Ялын тооцооны хуудаст 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “...биеэр 18 хоногийн ял эдэлж, шагналын хоноггүй, бүгд 18 хоног, эдлээгүй 8 сар 19 хоногийн үлдэгдэлтэй байна...” гэжээ.

              Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Багануур дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтэст /хх-ийн 32-35/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол хор уршгийн тухайд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүйд тооцуулах…” гэсэн,

            Шүүгдэгчээс “...хувийн зан байдлаасаа болоод буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан. 

            Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгчийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Багануур дүүргийн *******, Жавхлант засварын урд байрлах зам дээр улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийг 2,84 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон,

            Мөн 2025 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэн, Байдлаг хэсгийн голын зам дээр улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийг 1.82 хувийн согтолттой, согтуурсан үедээ тус тус жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлүүддээ санаатай хандсан болох нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд *******ын хоёр удаагийн үйлдлийг өөр өөр цаг хугацаанд үргэлжилсэн гэж үзэхээр байна.  

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******т дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Энэ хэрэгт хохирол хор уршиг нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэргийн үйл баримт, хувийн байдал, мөн 3 удаагийн ял шийтгэлтэй байдал, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас оргон зайлсхийсэн гэх үндэслэлээр түүнд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд оногдуулсан эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн,

            Шүүгдэгчээс ”...торгуулийн ял оногдуулж өгөөч...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.   

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялуудаас хорих ялыг сонгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоожээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирамжаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан *******т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/-н сар 07 /долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, түүнд 9 /ес/-н сар 07 /долоо/ хоногийн хорих ял оногдуулсугай...” гэж шийдвэрлэсэн байна.

Ялын тооцооны хуудаст 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “...биеэр 18 хоногийн ял эдэлж, шагналын хоноггүй, бүгд 18 хоног, эдлээгүй 8 сар 19 хоногийн үлдэгдэлтэй байна...” гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т энэ тогтоолоор оногдуулсан нэг /1/ жилийн хорих ял дээр урьд шүүгчийн захирамжаар сольж оногдуулсан есөн (9) сар долоо (7) хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн /2025 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар/ найман /8/ сар арван найм /18/ хоногын хорих ялыг нэмж нэгтгэн нийт нэг /1/ жил найман /8/ сар арван найм /18/ хоногын хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, нэг /1/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т энэ тогтоолоор оногдуулсан нэг /1/ жилийн хорих ял дээр урьд шүүгчийн захирамжаар сольж оногдуулсан есөн (9) сар долоо (7) хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн найман /8/ сар арван найм /18/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт нэг /1/ жил найман /8/ сар арван найм /18/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ