Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгч Д.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Жид холбогдох эрүүгийн 25240000000070 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .............. суух хаягтай, ......................., ...................... регистрийн дугаартай М овогт Д Ж,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнийн  01 цагийн орчимд *******аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт согтуурсан үедээ улсын дугааргүй, улаан өнгийн “Dayun” загварын мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Шүүгдэгч Д.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнийн  01 цагийн орчимд *******аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт согтуурсан үедээ улсын дугааргүй, улаан өнгийн “Dayun” загварын мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн үйл баримт нь

Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *******аймгийн Их-Уул сумын замын цагдаагийн хяналтын постод ахлах ахлагч Б.Н хамт 24 цагаар хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёр шөнийн 01 цагийн үед Их-Уул сумын Баян-Ухаа ухаа багийн нутаг дэвсгэр буюу сумын төв дотроо хяналт шалгалт хийж байхад Өгөөмөр дэлгүүрийн урд ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү чиглэлтэй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг Д.Ж гэх хүн жолоодоод явж байхаар нь зогсоож шалгасан. Тухайн иргэний зогсоогоод шалгаж байхад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Уг хүнтэй ойртоод юм ярихад л үнэртэж байсан. Тухайн жолооч хамт явж байгаа хүнээ гэрт нь хүргэж өгөх гээд явж байна гэж хэлсэн. Жолооч Ж нь хамт яваа хүнтэйгээ гэртээ 0.75л хэмжээтэй 1 шил архи хувааж уусан гэж хэлсэн. Тухайн иргэний мотоцикл жолоодож байгаа үйлдлийг таслан зогсоож замын цагдаагийн хяналтын пост нь дээр аваачаад жолооч Жийг драгер багаж үлээлгэж согтолтыг нь шалгах 0.45 хувийн согтолттой байхаар нь жолоочийн согтуурал шалгах тэмдэглэл үйлдэж фото зургаар баримтжуулж авсан. Ж гэх иргэн нь 2025 оны 3 билүү 4 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан. Жолооч Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Утсаараа зураг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагаас 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг хүртэл *******аймгийн Их-Уул сумын Замын цагдаагийн хяналтын постод цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Гийн хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Бид хоёр шөнө буюу 05 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад байхаа Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад тус сумын Өгөөмөр дэлгүүрийн урд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд мотоциклтой хүн явж байхаар нь  зогсоож шалгахад мотоцикл жолоодож яваа хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн тэр хүний араас суусан хүн нь бас согтуу байсан. Тэр хүмүүс мотоцикл жолоодож байгаа хүний гэрт архи уучхаад араараа суусан хүнийгээ гэрт нь хүргэж өгөх гээд явж байна гэсэн. Ингээд уг хүнийг мотоциклийг саатуулаад жолоочийн согтуурлыг драгер багаж үлээлгэж шалгахад 0.45 хувийн согтолттой байсан. Ингээд дэд ахлагч Б.Г тухайн иргэний согтуурал шалгасан тэмдэглэл үйлдэж, драйгер багаж үлээлгэсэн зургийг нь өөрийнхөө гар утсаар авч хоногийн мэдээнд оруулсан. Тухайн иргэний регистрийн дугаарыг багажид хийж шалгахад Д.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******аймгийн ******* сумын сум дундын шүүхээр орж жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан. Ингээд тухайн иргэн жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундаа хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодсон тул гэмт хэргийн бүртгэлд оруулж шалгасан. Тухайн иргэн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикл жолоодсон байсан. Тухайн үед шөнө байсан учир жолоочоос цус аваагүй зөвхөн драйгер багаж үлээлгэсэн. Тухайн иргэн согтуу гэдэг нь илт мэдэгдэж байсан. Өөрөө  мөн хамт яваа хүнтэйгээ гэртээ 1 шил архи хувааж уусан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,

Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Мөн дүрмийн 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн жолооч Д.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дэх заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна...” гэсэн магадалгаа /хх 22-24/,

2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

*******аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай “...Зөрчилд холбогдогч Д.Жид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар /хх 8-10/,

“...Д.Жийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 0,45 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 03/

2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 06/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч Д.Ж“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

2. Прокуророос шүүгдэгч Д.Жид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч Д.Жийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа *******аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ улсын дугааргүй, улаан өнгийн “Dayun” загварын мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Д.Жийн үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Д.Жид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Марчин овогт Д Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/

сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Жид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай

  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор *******аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ