Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Г,

Хохирогч Т.М,

Шүүгдэгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Бт  холбогдох эрүүгийн *******дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .............., ...................... регистрийн дугаар Д овогт Л Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны ............... байрлах өөрийн эзэмшлийн гэрт согтуурсан үедээ, хохирогч Т.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд зүүн 3, 4, 5, 7, 8-р хавчиргуудын зөрүүгүй хугарал, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун шанааны төвгөр, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Л.Бын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр .................. байрлах өөрийн эзэмшлийн гэрт согтуурсан үедээ, хохирогч Т.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд зүүн 3, 4, 5, 7, 8-р хавчиргуудын зөрүүгүй хугарал, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун шанааны төвгөр, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Бын гэрт бид нар архи уугаад сууж байгаад Б, Б, Б нартай маргалдсан. Тэгсэн Б нь эхлээд миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан Б, Б нар нь босож ирээд намайг араас барьж аваад гэрээс гарсан. Тэр үед Бтэй барьцалдаж авсан байхад хажуугаас Б нь намайг цохиод цээжин дээр дараад газар унасан. Тухайн үед би ухаан балартаад газар хэвтэж байхад миний цээж рүү хүн өшиглөөд байсан. Нэг ухаан ороод харахад Б нь намайг цохиж байгаа харагдсан. Тэр үед Б, Б нар нь намайг цохисон уу аль эсвэл салгаж байсан уу ямар ч байсан тэнд байсан. Тэгээд би босож ирээд зугтаж байгаад газар нэг банз байхаар нь Быг нэг удаа цохисон. Тэгсэн А, А нар ирээд салгаад бид нар гэрт орсон. Тэгсэн А нь намайг чи яаж байна гээд хэд хэдэн удаа алгадаж авсан. Тэгээд би хэсэг сууж байгаад гэрээс зугтаад явсан. ...Эхлээд Б нь гараараа нүүрэнд нэг удаа цохисон тэр үед хамар хугарсан. Өөр бол хамар хугарахаар цохисон хүн байхгүй. Харин хавиргыг гадаа гараад Бтэй барьцалдсан байхад Б нь хажуугаас цохиод газар унахад цээжин дээр дарж унасан болон цээж рүү Б нь өшиглөхөд үүссэн. Өөр хавирга хугарахаар цохиж зодсон хүн байхгүй. ...Би тухайн үед архи уусан байсан ба тэнд Б, Б, Б нартай маргалдаад Бт цохиулж байхад Б, Б нар тэнд байсан болохоор тэр хоёр намайг ганц нэг цохисон байх гэж бодоод тухайн үед тийм мэдүүлэг өгсөн байх. ...Намайг зодсон гэх Б нь надтай уулзсан. Тэгээд эмчилгээний зардал болон бусад зардалд 6 сая төгрөг өгөхөөр болсон. Тэр мөнгөө 6 болон 7 дугаар сард өгнө гэсэн. Өөр надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

Гэрч Ө.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд М бид хоёр Х нэртэй караокед уулзсан. Энд байж байхад гаднаас Л.Б, Т.Б, Ц.Б, Л.Б, Л.А нар орж ирсэн. М бид хоёр дөрөв дөрвөн лааз пиво уучихсан байсан. Нөгөө хэд бас жаахан халамцуу байцгаасан. Тэр караокены тог нь тасарчихсан байсан учраас бид нар такси аваад сумын төвийн ар талын Цагаан шартын энгэрт очиж 0.750 граммын хэмжээтэй нэг шил виски архи, хэдэн пиво хувааж ууцгаасан. Эндээсээ бид нар Дархан-Уул багийн Хийморийн 21-202 тоотод Бын гэрт очсон. Бынд очоод бас нэг виски архи задлаад ууж байхдаа Б, М хоёр хоорондоо маргалдаад унасан, яг юунаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Би өөрөө нэлээн архи уугаад согтчихсон байсан. Б, М хоёр хоорондоо зодолдсон, Б Мийн нүүрэн тус газар нь цохиж харагдсан. Яг хаана нь хэдэн удаа яаж цохисныг бол би үнэхээр сайн санахгүй байна. Би ер удаагүй, найз Б утсаар дуудаад яваад өгсөн. Тэд нар үлдэцгээсэн. ...Намайг байж байхад Б, М хоёр муудалцсан. Энэ хоёр гэрээс орж гараад байсан. Би бол гэрт нь байсан. Намайг байхад Мийн өөр хүн цохиж зодоогүй. Энэ гэмтлүүдийг хэн яаж учруулсныг мэдэхгүй байна. ....Над руу хэн нэгэн нь дайрч халдсан зүйл байхгүй учраас миний гэмтэл бэртэл учраагүй. Надад санал хүсэлт байхгүй. ...М, Б хоёр яг юунаас бол маргалдсаныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/,

Гэрч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Солонготын даваа руу замын үзлэгт Б, Б, Ц.Б, Ш.Б нарын хамт яваад буцахдаа 1 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи хувааж уусан. Тэгээд Тосонцэнгэл суманд орж ирээд Х караоке орж суух гэж байснаа болиод хойшоо хазгай хороо руу явсан. Х караокеноос М түүний найз А нар бид нартай нийлсэн. Бид нар замаасаа дахин 1 шил архи авсан. Ямар нэртэй архи авсныг сайн санахгүй байна. Би нээх архи уудаггүй болохоороо амарсан согтсон. Бид нар хазгай хорооны зүүн талд хээр архи ууцгаасан. Тухайн үед гадаа их сэрүүхэн байхаар нь Бын гэрт очиж уухаар болоод тэдний гэр рүү явсан. Бын гэрт М, Б, Ц.Б бид хэд очсон шиг санаж байна. Харин бусад нь очсон үгүйг нь бол санахгүй байна. Би Б гэр бараг нэлээн согтуу очсон болохоор зарим үйл явдлыг санахгүй байна. Би тэдний гэрт очоод тасраад унтсан байсан. Нэг сэрэхэд Б Мийг гоожуур эвдсэн гээд байхаар нь би очоод гоожуурыг янзлах гэхэд янзлагдахааргүй байхаар нь Мийг наадхаа орхичих маргааш ах нь янзлаад өгье гэсэн. Тухайн үед Ц.Б эхнэр Э түүнийг авах гээд гадаа ирсэн байхаар нь Ц. Б бид хоёр түүний эхнэрийн машинд би гэр рүүгээ харьсан. ....Б тэр хоёр л ямар байсан маргалдсан байсан. Би хээр ууж байгаад Бын гэр рүү явж байхдаа тасарсан болохоор би юу ч санахгүй байна. ...Би тухайн үед Т.Мийн биед ил харагдах ямар шарх гэмтэл байсныг одоо санахгүй байна. Дараа нь бид хоёр хальт тааралдаад яасан юу болсон гэхэд Б миний нүүр рүү цохисон цохисон түүнээс болоод хамар сонин болсон байна гэхээр нь болгоомжтой байхгүй гээд би явсан. Тухайн үед бид хоёр хоёулаа машинтай явж байсан болохоор тухтай юм ярьж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 76-77/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн Т.Мийн рентген зургийн үзүүлэлт, эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт /хх 84-88/, “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 95-96/,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 224 дугаартай “...Т.Мийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн 3, 4, 5, 7, 8-р хавчиргуудын зөрүүгүй хугарал, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун шанааны төвгөр, зүүн чихний дэлбээнд зулгаралт хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.Т.Мийн биед учирсан зүүн 3, 4, 5, 7, 8-р хавиргуудын зөрүүгүй хугарал хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод 1-р шүдний сулрал хохирол нь дан дангаараа болон хавсарч Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх хохирлууд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирлууд тул бүгд нийлээд хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 97-100/,

Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ХОВ0825/068 дугаартай “...Хохирогч Т.Мийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 109-111/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 17/, Т.Мөөс 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл /хх 18/, Мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 23-26/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч Л.Бын “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

1.3. Шүүгдэгч Л.Бт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Л.Бын хохирогч Т.Мийн нүүрэн тус газарт цохисон, цээж рүү өшиглөж дарж унасан үйлдэл хохирогчид учирсан эрүүл мэндэд зүүн 3, 4, 5, 7, 8-р хавчиргуудын зөрүүгүй хугарал, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун шанааны төвгөр, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Бын үйлдлийн улмаас хохирогч Т.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Т.Мд хохирол төлбөрт 6,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Шүүгдэгч Л.Б нь хохирол төлбөрт 6,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.

Хохирогч Т.М нь “...6,000,000 төгрөгөөс өөр нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн байна.

Хохирогч Т.М нь шүүгдэгч Л.Бын үйлдлийн улмаас эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ авсны улмаас эрүүл мэндийн даатгалын санд 34,000 төгрөгийн хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч нь өнөөдрийн байдлаар эмчилгээ, үйлчилгээний зардалд 33,924 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Л.Б нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 34,000 төгрөгийг төлсөн болох нь Хас банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг төлсөн, хохирогчтой эвлэрч хохирол төлбөрт 6,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн  байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

5. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овогт Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 700 /долоо/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 34,000 төгрөгийн төлбөрийг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Л.Б нь хохирогч Т.Мд хохирол төлбөрт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дотор төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ