2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1697

 

 

2025         7          01                                         2025/ШЦТ/1697

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Алтанзаяа, Г.Буянбадрал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Нн Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2503 00000 0110 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хэнтий аймгийн Б суманд малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ......... сум, ............... дугаар баг, .......... тоотод оршин суух хаягтай, урьд

- Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн.

А овогт Нн Г /РД:................. /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны зам, С............  ХХК-ийн хойд замд, Тоёота приус маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, 16.1-7 заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч, Б.Быг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хүний амь насыг өөрийн болгоомжгүй байдлаас болж хохироосонд буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М мэдүүлэхдээ:  “Хэлэх зүйлгүй. Хохирлоо нэхэмжилнэ” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-ийн 2 дахь тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дэх тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 10-14 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
гэрэл зургийн үзүүлэлт 1 /хх-ийн 9 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мгийн өгсөн: “... Надад тухайн ослын талаар мэдэх зүйл бол байхгүй. Тухайн осол гарсан өдрийн 15 цагийн орчимд би өөрийн төрсөн хүү Бтай Тэнгэр худалдааны төв рүү явсан. Тэнгэр худалдааны төвд миний хүү Б үсээ засуулж, шинэ жилийн баярт зориулж хүнсний зүйл авах байсан юм. Тэгээд үсчний газар хүн ихтэй байсан учир манай хүү Б үсээ засуулах гээд үсчний газар үлдэж, би Тэнгэр худалдааны төвөөс шаардлагатай хүнсний зүйлээ аваад хүүгээсээ түрүүлээд гэртээ харьсан. Намайг гэрт ороход цаг 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд би хүүгийнхээ гар утас руу залгаад ирж байна уу гэж асуух гэтэл миний хүүгийн гар утсыг өөр хүн аваад “энэ утасны эзэн байна уу” гэж асуухаар нь “наад утас чинь миний хүүгийн гар утас шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн “танай хүүхэд машинд мөргүүлчихлээ” гэж надад хэлсэн. Тэгээд би хүүхдүүд рүүгээ залгаад “Б зам тээврийн осолд орсон байна” гэж хэлчхээд эргэж хүү Бын дугаар луу залгаж миний хүүг мөргөсөн жолоочтой ярьж, жолоочоос “эмнэлэг дуудсан уу” гэж асуухад “дуудсан, арай ирээгүй байна” гэж хэлсэн. Мөн тэр жолооч миний хүүг “явган хүний гарц дээр мөргөсөн” гэж надад хэлсэн. Тухайн өдөр миний хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би сүүлд сонсож мэдэхэд манай хүү Тэнгэр худалдааны төвөөс гараад найзтайгаа уулзах гэж байсан юм байна лээ. Найзыг нь М гэх хүн байгаа. М зам тээврийн осол болсны дараа ослын газарт очиж, миний хүүг дайрсан жолоочтой уулзсан байсан. ...Миний хүү Б 1994 онд төрсөн. Миний хамгийн бага хүү байгаа юм. Барилгын инженер мэргэжилтэй. Ерөнхий боловсролын сургуулийг .... дугаар дунд сургуулийг бүрэн 11 дүгээр ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийг суралцаж төгссөн. Миний хүү хувиараа найзуудтайгаа нийлж хувийн компани байгуулах гэж байсан юм. Миний хүү урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Б хувиараа мэргэжлийнхээ дагуу барилгын ажил эрхэлж байсан. Эрүүл, саруул хүн байсан. Миний хүү Б эхнэр хүүхэд гэж байхгүй, бид хоёр хамт амьдардаг байсан юм. ...хохиролд 12 орчим сая төгрөгийн зардал гарсан байгаа байх. Баримтыг гаргаж өгнө. Жолоочоос 1,600,000 төгрөгийг өгсөн байгаа. ...жолооч буяны ажилд дууссаны дараа эхнэрийн хамт манай гэрт ирсэн. Гэрт ирээд “тохиролцъё” гэж надад хэлсэн. Би хариуд нь “би хүүтэйг хоёулхнаа амьдардаг. Миний ясыг барих ганц хүү нас барсан би гомдолтой байна. Та нартай тохиролцохгүй. Та нар тохиролцъё гэж юу яриад байгаа юм бэ, би өмгөөлөгч авсан байгаа. Та нар бас өмгөөлөгч авах байлгүй дээ” гэж хэлсэн. Гомдолтой байна. Бодит учирсан оршуулгын зардлаа нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 511.5 д заасны дагуу тогтоолгож авна. ... Би жолоочоос “явган хүний гарцаар гарч байгаа хүнийг хардаггүй юм уу” гэж асуухад жолооч “гарцаар гарч явсныг нь би харсан, миний урдуур гарцаар гараад өнгөрчих шиг боллоо гэж бодоод би цааш явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17 дахь тал/,

Б.Бын нас барсны бүртгэл /1 хх-ийн 18 дахь тал/

Хохирлын баримт хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 19 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мгийн эзэмшлийн Хаан банк дахь 50....................  дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 64 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Оийн өгсөн: “... Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Б сумаас Улаанбаатар хот орохоор нөхөр Г, охин Э нутгийн танил эмэгтэй Энхнаран, түүний охин нарын хамт Тоёота приус 20 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 12 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг манай нөхөр Г жолоодоод би урд зорчигчийн суудалд суугаад, Энхнаран хойд суудлын баруун талд, голд миний охин Э, Энхнарангийн охин зүүн талд суугаад явсан. ... Налайх дүүргээс Улаанбаатар хот руу шинэ замаар явсан. Налайхын шинэ зам руу ороод явж байх үед нь хотод байдаг охинтойгоо утсаар чат бичээд утас руугаа хараад явж байтал манай машин юм мөргөх шиг түс хийх чимээ гараад болоод манай нөхөр “хүн мөргөчихлөө” гэж хашхираад дараа нь тээврийн хэрэгслийнхээ тоормосыгыг огцом гишгэж тээврийн хэрэгслээ зогсоосон. Би яг юу болсоныг бол хараагүй. Машинаас буухад манай нөхөр зам хөндлөн гарч байсан явган зорчигч мөргөсөн байсан. Манай нөхөр явган зорчигчийн гарыг базаад “амьд байна, эмч дуудаарай” гээд байсан. Тэгэхээр нь би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй эмнэлэг ирээд мөргүүлсэн явган зорчигчийг “гэмтлийн эмнэлэг авч явна” гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү хамтдаа явсан. Гэмтлийн эмнэлэг рүү явж байх замдаа түргэн тусламжийн эмч мөргүүлсэн явган зорчигчид тариа, дусал хийж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээнд хүргэж өгсөн. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад өглөөний 05 цаг 30 минутын орчимд нас барсан. Би нөхрийн хамт гэмтлийн эмнэлэг дээр явган зорчигчийн ар гэрийнхэнтэй хамт байсан. ... Тоёота приус-20 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл. Миний эзэмшлийнх. ... би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 68, 71 дэх тал/,

Гэрч Ч.Мгийн өгсөн: “... Би 2024 оны 12 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байхад өдрийн 16 цагийн орчимд талийгаач Б “танай гэрт яваад очъё. Танай 2 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөнгөө тантай уулзаж ажил ярья” гэж утсаар залгасан. Тэгээд оройн 17 цагийн орчимд “Тэнгэр худалдааны худалдааны төвийн үсчинд үсээ засуулчхаад очно” гэж ярьсан. Тэгээд дахин оройн 18 цагийн орчимд “үсээ засуулчихлаа, одоо автобусанд суугаад яваад очъё” гэж ярьсан. Тэгээд 19 цаг 10 минутад талийгаач Б “Хангамжийн буудал буюу Улиастай гүүрний автобусны буудал дээр ирж байна, та гэрээсээ гараад намайг тосож аваарай” гэж залгасан. Талийгаач Б нохойноос маш их айдаг учраас намайг “тосож аваарай” гэж залгасан. Тэгээд би Быг утсаар залгаснаас хойш 5 орчим минутын дараа гэрээсээ гараад талийгаач Быг тосож авахаар гарсан. Гэрээсээ гарахдаа би гар утсаа үлдээгээд гарсан юм. Тэгээд манай гэрийн урд талд байдаг Бын буух автобусны буудал руу алхаж явсан. Тэр үед цаг ойролцоогоор 19 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би явганаар явсаар байгаад төв зам дээр ирсэн. Төв зам дээр ирэхэд замын хойд талын хотын Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогссон байдалтай, машины урд талд зам дээр хүн хэвтэж байсан ба тээврийн хэрэгслийн жолооч нь бололтой эрэгтэй хүн хэвтэж байсан хүний дэргэд гарыг нь барьчихсан сууж байсан. Би юу болсон юм бол гээд очиход манай хуурай дүү Б ухаангүй байдалтай амьсгаатай хэвтэж байсан. Тэгэхээр нь би дэргэд нь гарыг нь бариад сууж байсан эрэгтэй хүнээс “юу болсон бэ, энэ миний дүү байгаа юм” гэж асуухад, “энэ хүнийг таньдаг бол ар гэрийнхийг нь дуудмаар байна, холбоо барих утасны дугаар байна уу” гэж надаас асуусан. Би тухайн үед гар утсаа гэртээ орхисон байсан учраас талийгаачийн ээжийн утасны дугаарыг талийгаач Бын гар утаснаас харж хэлж өгсөн. Би Быг мөргөсөн жолоочоос юу болсон талаар асуухад “гэнэт урдуур хүн гараад ирсэн, тэгээд л ийм зүйл болчихлоо” гэж надад хэлсэн. Талийгаач Б ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлийн буюу хотын төвөөс Налайх орох чиглэлийн автобусаар явж ирсэн. Манай гэр осол гарсан газрын ертөнцийн зүгээр хойд талд нь байдаг юм. Тэгэхээр тээврийн хэрэгслийн жолооч талийгаач Быг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөдлөн гарч байх үед нь явган хүний гарц дээр мөргөсөн байх ёстой. Тухайн зам нь дундаа бетонон өндөр хаалттай буюу тусгаарлах зурвастай. Тийм учраас талийгаач Б бетонон хашлага давах юм уу, эсхүл өөр газраар зам хөндлөн гарах ямар ч боломжгүй. Зөвхөн явган хүний гарцаар л гарах боломжтой юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн

453 дугаар шинжээчийн

  1.Амь хохирогч Б.Бын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын дагз ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн тийш доошоо лямбда заадас дагаж салаалж үргэлжилсэн дагзны том нүх хүрсэн, зүүн чулуулаг ясыг дайрч урагшаа турк эмээл хүрч зүүн дунд хонхор луу салаал төгссөн хугарал, хатуу хальсан доор дух, зулай, нимгэн гүйцэт биежээгүй гялалзсан, шингэн цусны хольц бүхий хар хүрэн өнгийн цусан хураа, их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун чамархайн хуйхны шарх, цус хуралт, зулгаралт, цээжний зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, баруун гуя, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байх ба хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

3.Амь хохирогчийн биед архаг хууч өвчин тогтоогдоогүй.

4. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5. ГССҮТ-ийн өвчний түүхэнд 2024 оны 12 дугаар сарын 30-ны 05 цаг 36 минут амьсгал зүрх зогсож нас барав гэжээ.

6. Дөрөвдүгээр бүлгийн цустай байна.

7. ГССҮТ-ийн үндэсний төвд 1 хоног эмчилгээ хийгдсэн тул цусан дахь согтолтын зэргийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /1 хх-ийн 79-91 дэх тал/,
 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1141058502 дугаар шинжээчийн “...зүүн урд талын хол ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн гэж үзэж байна. ...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd, хол дээрээ 6600cd... Зүүн урд талын хол ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 98-102 дахь тал/

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0000078 дугаар Мөрдөгчийн магадалгаа /1 хх-ийн 106-107 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт бичиг /121-125 дахь тал/

Гэрч Г.У-ын өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 127 дахь тал/

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр шилжүүлсэн баримтын хуулбар /1 хх-ийн 129-132 дахь тал/

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1 хх-ийн 133 дахь тал/,

            Шүүх хуралдаанд хохирол төлсөн 9 хуудас баримт,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЕТО825/1595 дугаартай шинжээчийн

1. Г-гийн М /РД:............./-ийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /2 хх-ийн 4-6 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь Тоёота приус маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, 16.1-7 заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч, Б.Быг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөртэй холбоотой прокурорын хувьд нотлох баримтын шаардлага хангасан хохирлын баримтуудыг үнэлж тогтоосон 8,409,000 төгрөгийг төлсөн байна. Сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэг тогтоосон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр бодож 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 15,173,400 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал: “Миний үйлчлүүлэгч сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгож гуравдугаар зэргээр тогтоосон. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хохирол учирсан байна уу гэдгийг тогтоож байгаа асуудал байна. Үүнийг үнэлэхтэй холбоотойгоор Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд 122,958,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 511.5 дугаар зүйл зааснаар “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байдаг. Дээрх сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох аргачлал нь бусад төрлийн гэмт хэрэгт учирсан сэтгэцийн гэмтлийг хөнгөн хэлбэрээр үнэлэх журам байгаа. Хүний амь нас хохирсон гэмт хэрэгт хэрэглэхгүй гэж Улсын Дээд шүүхийн тайлбарт байдаг. Хуулиас илүү журам байх боломжгүй. Монгол Улсын эрэгтэй хүний дундаж наслалт 67,92 буюу 68 байдаг. Дээрхээс болоод үндэсний статистикийн хүрээлэнд тодорхой дурдагдсан байдаг. Иймд талийгаачийн дундаж насыг тооцоход 37,26 гэдэг дүн гарч байгаа. Энэ нь дээрх үнийн дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр бодоод 5 дахин нэмэгдүүлэхэд 122,958,000 төгрөг гарч ирж байгаа юм. Дээрх дүнгээр сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Үүнийг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Иргэний хуулийн 499.4 дүгээр зүйлд зааснаар “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн байх тул хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. О-ийн мэдүүлэгт “...Машин миний нэр дээр байдаг. Би хохирлыг төлж барагдуулна” гэсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс “энэ үнийн дүнг зөвшөөрч байна уу” гэхээр “зөвшөөрч байна” гэж байгаа тул нотлох баримт нэг бүрчлэн судлаагүй. Талийгаачийн ажил явдалд гарсан төлбөрийг бүрэн дүүрэн нэхэмжлэх боломжгүй. Маш их хэмжээний зардал гарна. 49 хоногт зарцуулагдсан зардал энд огт ороогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Нэгэнт дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрч байх тул оршуулгын зардлын зөрүү болох 2,760,486 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч гэм хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй байх тул зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан 8,404,070 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн. Энэ оршуулгын зардал бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн талаар хохирогч өмгөөлөгч 122,958,000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан түр зуурын эсвэл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх, хохирогчийн сэтгэцэд учирсан эмнэлгийн энгийн сэтгэцийг шинжилгээгээр заавал тогтоосон байх ёстой” гэж заасан байдаг. Үүний дагуу өмнөх шүүх хуралдаан дээр 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж 3 дугаар зэргээр учирсан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай хуулийн 3 дугаар зэрэглэл нь 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй нэмэгдүүлсэнтэй тэнцэх сэтгэцэд учирсан хохирлыг төлүүлэх журам байж байгаа. Тэгэхээр энэ 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулах талаар улсын яллагч санал гаргаж байна. Манай талаас 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүгээр гаргуулж өгнө үү. Нэгэнт дүгнэлт гарсан тул дүгнэлтэд тохирсон байдлаар гаргах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны зам, С.............  ХХК-ийн хойд замд, Тоёота приус маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, 16.1-7 заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч, Б.Быг мөргөж, амь насыг нь хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь Тоёота приус маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, 16.1-7 заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч, Б.Быг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь

 

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх 2/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
гэрэл зургийн үзүүлэлт /хх 9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-гийн: “Тэгээд би хүүхдүүд рүүгээ залгаад “Б зам тээврийн осолд орсон байна” гэж хэлчхээд эргэж хүү Бын дугаар луу залгаж миний хүүг мөргөсөн жолоочтой ярьж, жолоочоос “эмнэлэг дуудсан уу” гэж асуухад “дуудсан, арай ирээгүй байна” гэж хэлсэн. Мөн тэр жолооч миний хүүг “явган хүний гарц дээр мөргөсөн” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх 17/,

Б.Б-ын нас барсны бүртгэл /хх 18/

Хохирлын баримт хүлээн авсан тэмдэглэл /хх 19/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Оийн: “Налайхын шинэ зам руу ороод явж байх үед нь хотод байдаг охинтойгоо утсаар чат бичээд утас руугаа хараад явж байтал манай машин юм мөргөх шиг түс хийх чимээ гараад болоод манай нөхөр “хүн мөргөчихлөө” гэж хашхираад дараа нь тээврийн хэрэгслийнхээ тоормосыг огцом гишгэж тээврийн хэрэгслээ зогсоосон. Манай нөхөр явган зорчигчийн гарыг базаад “амьд байна, эмч дуудаарай” гээд байсан. Тэгэхээр нь би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад өглөөний 05 цаг 30 минутын орчимд нас барсан” гэх мэдүүлэг /хх 68, 71/,

Гэрч Ч.М-гийн: “Тэгээд 19 цаг 10 минутад талийгаач Б “Хангамжийн буудал буюу Улиастай гүүрний автобусны буудал дээр ирж байна, та гэрээсээ гараад намайг тосож аваарай” гэж залгасан.Төв зам дээр ирэхэд замын хойд талын хотын Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогссон байдалтай, машины урд талд зам дээр хүн хэвтэж байсан ба тээврийн хэрэгслийн жолооч нь бололтой эрэгтэй хүн хэвтэж байсан хүний дэргэд гарыг нь барьчихсан сууж байсан. Би юу болсон юм бол гээд очиход манай хуурай дүү Б ухаангүй байдалтай амьсгаатай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 73/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн

453 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 79-91/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1141058502 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 98-102/

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0000078 дугаар Мөрдөгчийн магадалгаа /хх 106-107/

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр шилжүүлсэн баримтын хуулбар /хх 129-132/

            Шүүх хуралдаан хохирол төлсөн 9 хуудас баримт,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЕТО825/1595 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 4-6/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хариуцах арилгах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар Эрүүл Мэндийн Даатгалын санд учирсан 1,345,550 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* нь Эрүүл Мэндийн Даатгалын санд төлсөн /хх-ийн 204 дэх тал/, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мд 8,409,000 төгрөгийг төлсөн байна.

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЕТО825/1595 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-т Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж,

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн  биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу гуравдугаар зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 660,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу шүүгдэгчээс 15,173,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.М-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилээр хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын журамлан 3 жилийн хугацаагаар тэнсэж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх

 

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Буянбадрал: “Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэл санааны байдал хүнд боловч шүүгдэгчийн ар гэр байгаа. Хүний амьдралд олон зүйл тохиолддог. Заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэсэн байр суурийг өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлж байгаа. Гэсэн хэдий ч тэнсэх боломжгүй гэж үзэж байна. Өмнө хувийн байдал нь зам тээврийн ослоос болж хүний амь насанд хүнд хохирол учруулсан байдаг. Иймд 1-3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардлыг бүрэн төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгчид хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Тохиолдлын байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Тухайн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 төрлийн ялын санкцитай. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай тул зорчих эрх хязгаарлах ял энэ хүний ажил хийх аргыг нь хязгаарлах юм. Ажил хийх нөхцөл байдал хангагдсанаар хохирол төлөх нөхцөл байдал нээгдэнэ. Миний үйлчлүүлэгч 2009 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба тухайн хариуцлагын хугацаа дууссан. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал. Хохирол төлсөн нөхцөл байдал, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлин 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг ялыг шүүгдэгчийн оршин суух хаяг болох Хэнтий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******ийн №.........дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хавсаргасан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Н-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг өөрийн оршин суух Хэнтий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-оос 15,173,400 /арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-д олгосугай.

 6. Ялтан *******-т хяналт тавих үүргийг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.  

            7. Энэ хэрэгт хураагдан ирсэн *******ийн №.........дугаартай жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

             8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МӨНХТУЯА