Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/373

 

Ц.С, Н.Н, М.Б, Д.М,

Э.Б, Б.Б, Д.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

            шүүгдэгч Н.Н, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Бум-Аюуш,

            шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

            шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбат,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.Н, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Бум-Аюуш, шүүгдэгч Э.Б.ийн өмгөөлөгч С.Энхбат, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт холбогдох эрүүгийн 1723000710536 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..............., 19........ оны ...... дүгээр сарын ...........-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ....... настай, ............., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “...............” ХХК-д гэрээт харуул хамгаалалтын ахлах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл ............., эхнэр, хүүхдийн хамт ......... дүүргийн ....... дугаар хороо, ...................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн 29 дүгээр хороо, 119А байрны 300 тоотод түр оршин суух хаягтай,

1992 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            1996 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйлийн 2, 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            1998 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2002 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 сар 8 хоногийн хорих ялаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:Т................/;

2. .............., 19.......... оны ............... дугаар сарын 12-ны өдөр ............аймгийн .............. суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “....................” ХХК-д ахлах геологичоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

3. .........................., 19........ оны ...... дугаар сарын .............ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “................” ХХК-д механикаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. дүүргийн ...........дүгээр хороо, ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.....................;

            4. ........................., 19....... оны ...... дугаар сарын ..............-ны өдөр ............. аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, ................ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “....................” ХХК-д Баяжуулах үйлдвэрийн ахлах оператораар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сумын, Буга багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

            5. ................., 19.............. оны ........... дугаар сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “.................” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 15-09 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

            6. .................., 19.......... оны .........дугаар сарын ................-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын техникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “......................” ХХК-д мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 13-Б-5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

7. ......................., 19......... оны ....... дүгээр сарын ..................-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “.....................” ХХК-д камер хянагчаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 34 дүгээр гудамжны 5а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 119А байрны 300 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, алтны баяжмал хулгайлж, 441.169.941 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Н, М.Б, Д.М, Д.Х тус бүрд 3 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Ц.Сд 4 жил хорих ял, шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрд 5 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Соёл-Эрдэнийн цагдан хоригдсон 419 хоногийг, шүүгдэгч Н.Нын цагдан хоригдсон 209 хоногийг, шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон 270 хоногийг, шүүгдэгч Д........ийн цагдан хоригдсон 328 хоногийг, шүүгдэгч Э.Б.......ийн цагдан хоригдсон 290 хоногийг, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 322 хоногийг, шүүгдэгч Д.Хийн цагдан хоригдсон 372 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б тус бүрээс 58.771.242 төгрөгийг гаргуулж, хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-нд 57.646.242 төгрөгийг, “Нуман-Алтай” ХХК-нд 1.125.000 төгрөгийг олгохоор, шүүгдэгч Д.Мэс 36.271.242 төгрөгийг гаргуулж, хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-нд 35.146.242 төгрөгийг, “Нуман-Алтай” ХХК-нд 1.125.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.С, Д.Х тус бүрээс 3.625.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-нд 2.500.000 төгрөгийг, “Нуман-Алтай” ХХК-нд 1.125.000 төгрөгийг, шүүгдэгч М.Б, Н.Н тус бүрээс 1.125.000 төгрөгийг гаргуулж, “Нуман-Алтай” ХХК-нд тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 9 ширхэг компакт диск, 4 ширхэг хард диск, 4 ширхэг залгуур, 1 ширхэг рапортын дэвтэр зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Мөнгөнцэцэгийн нэр дээр бүртгэлтэй Y-2201030111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119А байрны 300 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, Ц.С, Д.Х нарын хохирлыг төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэгт шалгагдаж байх хугацаандаа аль нэг хуулийн шатанд ямар нэг саад учруулж байгаагүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Гэм буруугийн тал дээр би анхнаасаа огт маргаагүй, шударгаар хэргээ хүлээж, хохирол төлбөрөө төлсөн. Би одоо 49 настай, 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хоолойн хүнд өвчний улмаас хагалгаанд орсон. Өдрөөс өдөрт хоолойн өвчин маань хүндэрч байгаа. Монголд эмчлэх боломжгүй, амьсгал боогдох эрсдэлтэй. Өвчний картаа шүүхэд өгсөн. Нэг гэмт хэрэгт гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрыг хамтад нь шийтгэсэн. Гэмт хэрэгт оролцсон оролцоог тус бүрт нь нарийвчлан шалгаж тохирох ялыг оноож өгнө үү. Эхнэр Д.Х нь анхнаасаа гэмт хэрэгт үгсэн тохиролцож шууд оролцох оролцоо байхгүй. Өөрийн нөхөр болох Соёл-Эрдэнэ намайг гэмт хэрэгт холбогдохоос хамгаалсандаа гэмт хэргийг нуун дарагдуулсан нь үнэн. Уг гэмт хэргийг үйлдэж хууль бусаар олж авсан 70 сая төгрөгөөс 47 сая төгрөгөөр орон сууц худалдан авах, нэр шилжүүлэх үйлдлийг миний заавраар гүйцэтгэсэн юм. Давж заалдах шатны шүүхээс чин сэтгэлээсээ хүсэхэд миний эхнэр болох Д.Хийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн цаашдын амьдралын байдлыг харгалзан үзэж, гэмт хэрэгт оролцсон үйлдэлд нь тохирох ялыг оноож өгнө үү. 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Д.Х нь уурхайд камер хянагчаар ажиллаж байхдаа камер тасарч, алтны баяжмал хулгайлсан цаг минутыг рапортын дэвтэртээ маш тодорхой бичсэн байдаг. /3хх 36/” гэв.

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруутай үйлдэл дээрээ маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Дээд шатны шүүхэд гомдол гаргаагүй. Хохирол төлбөрийн хувьд битүүмжлэгдсэн Москва хорооллын 29 дүгээр хороо, 119А байрны 300 тоот 2 өрөө байрыг хохирогч компани болох “Баян айраг эксплорэйшн” ХХК-д шилжүүлж хохирол төлбөрийг барагдуулж тохиролцсон. Хохирогч компаниас гомдол саналгүй. Д.Х миний нийт цагдан хоригдсон биеэр ял эдэлсэн хугацаа 372 хоног болсон. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 543 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. Уг ялыг 407 дугаар нээлттэй хорих ангид 2019 оны 8 дугаар сарын 12-нд хувиарлагдан очоод ажил хийж, ажлын 40 хоногоор шагнуулж, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ялаа өөрийн биеэр бүрэн эдлээд суллагдсан. Хорих 407 дугаар ангид ажиллаж хүмүүжихдээ ямар нэгэн сахилга зөрчлийн шийтгэл гаргаагүй. Хорих ангиас зохион байгуулдаг олон сургалтанд хамрагдаж, их олон зүйлийг мэдэж, сурч, ойлгож, ухаарч авсан. Хавтас хэрэгт 407 дугаар ангиас явуулсан материал бичиг байгаа. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрийн биеэр эдлээд суллагдсан байхад намайг нэг хэрэг дээр дахин яллаж, ял нэмж эрх зүйн байдлыг минь дордуулсанд маш их гомдолтой байна. Нөхөр Ц.С нь энэ хэргийн оролцогч бөгөөд мөн ял нэмүүлсэн байдаг. Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр болохоор бидний ажил амьдралд их хүнд тусч байна. Нөхөр Ц.С нь монголд эмчлэгдэх боломжгүй хоолойны хүнд өвчин туссан. 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хоолойны хүнд хагалгаанд орсон. Нөхөр бид хоёр өөрсдийн хийсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухаарч ойлгон цаашид зөв замаар, зөв бодлоор үргэлж хичээж амьдрах болно. Бид хоёр хийсэн хэрэгтээ их гэмшиж, харамсаж явдаг. Цаашид өөрийн энэ алдаан дээрээсээ суралцаж сайн эхнэр, сайн ээж, сайн охин, сайн эгч, сайн найз байж, нийгэмд эзлэх өөрийн байр сууриа олж төлөвшиж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, зөв үлгэр дууриал үзүүлж, үргэлж хичээж амьдрах болно. Иймд миний гэр бүлийн цаашдын ажил амьдрал, хувийн байдлыг минь харгалзан үзэж, гэрэлт ирээдүйд минь итгэл үзүүлэн миний биеэр эдлээд суллагдсан 1 жилийн ялыг минь хэвээр үлдээж өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байна.” гэв.

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг 411 дүгээр хорих ангид эдэлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 357 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан. 5 сар 8 хоногийг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудсан цаг тухай бүрт биеэр очин бүртгүүлж уг хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн дуусгасан. Гэвч надад холбогдох хэргийг ял эдэлж дууссан хойно Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан явдал нь миний эрх зүйн байдлыг дордуулж, дахин ял оногдуулж байгаад гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа өмнөх 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэн суллагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаартай захирамжийг харгалзан үзэлгүй ял эдэлж дууссан хугацааг цагдан хоригдсон гэж үзэн хүндрүүлэн яллаж байгаад гомдолтой байна. Өмнө нь оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдоогүй байхад нэг гэмт хэрэгт 2 удаа ял оногдуулж байгаад гомдолтой байна. Би өмнө нь дээд шатны шүүхэд ямар нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял шийтгэлээ эдэлж дууссан байсан. Мөн анхан шатны шүүх ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, ямар нэгэн санал, гомдолгүй, нэг удаагийн үйлдэлтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр хүндрүүлэн ялласан явдалд гомдолтой байна. Миний бие эхнэр болон бага насны 1-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Айл гэрийн нөхөр, аав хүний хувьд өрх гэрээ өөд нь татах, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, ирээдүй хойчийг хариуцан явах нь миний үүрэг хариуцлага юм. Гэр бүлийн аз жаргал бол элэг бүтэн байх явдал юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, өмнө нь ял эдэлсэн байдалд дүйцүүлэн суллаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2 жилийн хорих оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг 1 жил болгож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хорих ялыг 401 дүгээр ангид эдэлж байгаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор хорих ялаас чөлөөлж суллагдсан. 2020 оны 1 дүгээр сард миний хань төрж амаржин бүл нэмсэн. Миний ууган хүү Б.Хаш-Эрдэнэ нь 7 настай, төрөлхийн сонсголгүй бөгөөд 29 дүгээр сургуулийн сонсголгүй хүүхдийн ангид суралцдаг ба эцэг эхийн байнгын асаргаанд байдаг. 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хоригдох хүртэл эхнэр хүүхдээ асран халамжилж, ажил төрөлөө хийж гэр бүлдээ сайн хань, сайн аав явлаа. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр суллагдаж 1 дүгээр сарын 25-нд хоригдох хүртэл уул уурхайн компанид механик инженерийн албан тушаалд ажиллахдаа Дундговь, Дархан, Сэлэнгэ аймгуудын хүдэр боловсруулах үйлдвэрийн өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл энэ гэмт хэрэгт хамт холбогдсон Б.Б, Э.Б нар нь 2019 онд Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, 2020 онд хэрэг мөрдөн байцаалтын шат руу буцаасан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хянан хэлэлцэж надад 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Улсын Дээд шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон ч 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3 дугаартай захирамж хүчин төгөлдөр байна. Хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй. 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний өмнө нь биеэр эдэлж суллагдсан 1 жилийн хорих ялын хугацааг цагдан хоригдсон хоног болгон өөрчлөн дахин 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь учир дутагдалтай. 2017 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 14.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно” гэсэн хуулийн заалт байхад дахин хорих ялаар шийтгэж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад маш их харамсаж байна. Миний эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдээ асран хамгаалан гэртээ байдаг. Том хүү төрөлхийн сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд миний бие ажил хийж гэр бүлийнхээ амжиргааг залгуулдаг. Иймд урд биеэр эдэлж суллагдсан ялыг хэвээр үлдээж суллан өгч, гэр бүлдээ халамжит хань, сайн аав байх эрхээр минь хангаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй ““Баян айраг эксплорэйшн” ХХК-д хяналтын камерийн инженерээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа хамт олныхоо идэвхи чармайлттай, нэр хүндтэй, алдаа дутагдал гаргалгүй ажилдаа дуртай тууштай ажиллаж амьдралдаа хүрэлцэхүйц өндөр цалинтай байсан. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр уг хэрэгт холбогдолтой гэж үзэн нээлттэй хорих ангид 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс 315 хоногийг 421, 405 дугаар хорих ангиудад биеэр ял эдэлж байгаад Улсын Дээд шүүхээс уг хэргийг прокурорт буцаах шийдвэр гарсаны дагуу 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр батлан даалтаар суллагдсан. Миний бие ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Эхнэр 2020 оны 9 дүгээр сард борлуулалтын компанид ажилд орсон. Миний бие 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь гэр бүлийн минь амьдралд, сэтгэл санаанд, санхүүгийн байдалд маш хүндээр тусч, мөн корона вирусийн улмаас эхнэрийн ажил үе үе зогсож, түрээс болон цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрч өр зээл хүүхдийн мөнгөний хооронд амьдарч байна. Иймээс эрх зүйн байдлыг минь болон дэлхий дахиныг хамарсан аюулт цар тахалын өнөөгийн байдлыг харгалзан үзэж, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдрах боломж олгож ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.С, Д.Х нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг анх шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 тоот шийтгэх тогтоолоор Д.Хид 1 жилийн хорих ял, Ц.Сд 2 жилийн хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байсан бөгөөд энэ шийдвэрт шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, ялыг биечлэн эдэлж байсан бөгөөд хэргийн зарим оролцогч, тухайлбал шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь гэм буруугаа эс зөвшөөрч удаа дараа гомдол гаргасны улмаас хохирлын байдлыг дахин тогтоох талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэрэг прокурорт буцаагдсан боловч энэ хэрэгт хийгдсэн өмнөх ажиллагаанд зарчмын шинж чанартай өөрчлөлт ороогүй, шинээр нэмж нотлох баримт цуглараагүй, өмнө гарсан шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулснаас өөр ямар нэгэн ял шийтгэлийг хүндрүүлэх баримт нэмж цуглараагүй байхад хэргийг дахин шийдвэрлэхдээ улсын яллагчийн гаргасан яллах саналаар шууд хүндрүүлэн ял оноож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч Доржхандын Хэнчбишийн хувьд маш чухал нэг нөхцөл байдлыг орхигдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Учир нь, Д.Х нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүтэн эдлээд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хугацаа дуусч суллагдсан /баримт нь 9хх 171/ болох нь тогтоогдож байгаа бөгөөд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны тогтоол гарахаас өмнө уг ялаа эдэлж дууссан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан хууль хэрэглээний эргэлзээтэй байдал зайлшгүй мөн бөгөөд нэмж 2 жил 6 сарын хорих ял оноох ноцтой нөхцөл байдал бий болоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, шүүхээс оноосон ял шийтгэлд ямарч давж заалдах болон хяналтын гомдол санал гаргалгүйгээр ялыг бүрэн эдэлж дууссан байдлыг анхан шатны шүүх илтэд орхигдуулсанд гомдолтой байна. Мөн адил шүүгдэгч Ц.С нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч биечлэн эдэлж байсан бөгөөд уг ялаас 419 хоногийн ялыг эдлээд байсан нь хэргийн баримтаар нотлогддог. Эрүүл мэндийн байдлын хувьд эмчилгээгүй улаан хоолойн өвчтэй болохоо нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа бөгөөд өмнөх ял дээр нэмж хүндрүүлэн ял оногдуулах ямар нэгэн ноцтой байдал, баримт авагдаагүй байхад хувийн болон эрх зүйн байдлыг илтэд дордуулан шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна. Шийтгэх тогтоолд /тогтоолын 40 дүгээр хуудасны доороосоо 10 дахь мөрөнд/ анхан шатны шүүхийн шүүгч худал зүйл бичиж оруулсан байна. Д.Х нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүтэн эдлээд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хугацаа дуусч суллагдсан баримт 9 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудсанд байгаа талаар өмгөөлөгч ярьсныг хохирол төлсөнтэй холбоотой баримт байгаа мэтээр ярьсан гэж илтэд худал зүйл оруулсан ноцтой алдаатай байгаа нь шүүгч энэ баримтыг огт үзээгүй, ач холбогдол өгөөгүй, ямар баримт байгааг мэдэхгүй, судлаагүй, дүгнээгүй болохыг харуулж байна гэж үзнэ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т заасан зөрчил болно. Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн энэ хэрэгт хийгдсэн өмнөх мөрдөн шалгах ажиллагаа, өмнөх шүүхийн дүгнэлтээс өөр зарчмын эрс тэс шинж чанартай өөрчлөлт ороогүй, шинээр нэмж нотлох баримт цуглараагүй, өмнө гарсан шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулснаас өөр ямар нэгэн ял шийтгэлийг хүндрүүлэх ноцтой баримт цуглараагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Хид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулан шийдвэрлэх, шүүгдэгч Ц.Сд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 тоот шийтгэх тогтоолоор оноож байсан 2 жилийн хорих ялыг оногдуулж хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Н.Н, М.Б нарын өмгөөлөгч Л.Баярсайхан  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 тоот тогтоолоор 1 жил хорих ял, М.Б нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 743 тоот магадлалаар хохирлоо бүрэн төлсөн учир 1 жил хорих ял шийтгүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 357 тоот Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Н.Ныг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” /10хх 98-100/, 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ХМШЗ/03 тоот Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “М.Бийг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” /10хх 120-121/ захирамжууд нь Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 577 тоот тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан бөгөөд одоо болтол энэ шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Учир нь, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өмгөөлөгч Ц.Монголын зүгээс гаргасан гомдлын хариуг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 2/383 тоотоор өгсөн байх ба хэргийн материал прокурорт 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн үед шилжиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Н, М.Б нар нь оногдуулсан ялыг хуулийн дагуу бүрэн эдэлж дуусгасан. Н.Н, М.Б нарын хувьд хяналтын журмаар гомдол гаргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн ба прокурорын яллах дүгнэлтэд зүйлчлэлийн талаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй, шинээр ямар нэгэн гэмт хэрэг илрээгүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хувийн болон ар гэрийн байдлуудыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэхгүй байх үндэслэл байхгүй байгаа юм. Н.Н, М.Б нар нь анхан шатны шүүх хуралдаан дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.125.000 төгрөгийг бэлнээр нь авч ирсэн боловч хохирол хүлээн авах талаас ирээгүй тул шүүх хуралдааны дараа “Нуман Алтай” ХХК-д бүрэн хүлээлгэн өгч баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Одоо ямар нэгэн хохирол, төлбөргүй болно. Дээрх баримтуудаас анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял онооно.” гэж заасныг зөрчиж, Н.Н, М.Б нарт хорих ял оногдуулсан нь тодорхой харагдаж байна. Энэ нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл болж байна. Иймд Н.Н, М.Б нарт 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч нар төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, ар гэрийн нөхцөл байдлаар хүнд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон зэргийг анхаарч үзнэ үү” гэв.

Шүүгдэгч Н.Н, М.Б нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхээс “шийтгэх тогтоолын 42 дугаар талд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхээс тухайн хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч нарт дээрх байдлаар ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нэр бүхий шүүгдэгч нарт энэхүү зүйлийг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш гэж дүгнэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалтыг баримталж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль ёсны зарчмын гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Шударга ёсны зарчимын нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх заалтуудыг удирдлага болгон хэрэглэх боломжтой нөхцөл байдал байсан төдийгүй шүүхээс заавал хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалт нь аль хуулийн аль зүйл ангид заасныг шүүх хэрэглэсэн нь тодорхойгүй ийм зохицуулалт одоогийн мөрдөгдөж байгаа хуульд байхгүй болно. Зүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 5, 6.7 дугаар зүйлийг миний үйлчлүүлэгч нарт хэрэглэх дараах үндэслэлүүд тогтоогдож байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь дараах нотлох баримт, үйл баримт, үндэслэлээр тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Н.Н, М.Б нарыг анхнаасаа гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч байгууллагаас тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан, бага насны 1-3 хүүхэдтэй, М.Б нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 отны 7 дугаар сарын 23-ны өдрийн 741 дугаартай магадлалаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд миний үйлчлүүлэгч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 577 дугаартай тогтоол гарах хүртэл анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хорих ялын 6 сар 22 хоног /Н.Н/ Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад , 8 сар 23 хоног /М.Б/ хорих 401 дүгээр ангид биечлэн эдэлсэн байна. Хорих ангиудаас үлдсэн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон нотлох баримтууд /10хх 99-121/ авагдсан байх бөгөөд хоригдол нар нь гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх төлбөргүй, ял эдлэх хугацаандаа тус байгууллагын аж ахуй, гадна талбайн цэвэрлэгч, тогооч зэрэг хөдөлмөр эрхлэн тодорхой хоногуудаар урамшуулагдсан, ноцтой зөрчил гаргаагүй, хорих ангиас зохион байгуулсан сургалт хүмүүжлийн, хууль эрх зүйн сургалтуудад хамрагдсан, албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэг зэргээр зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, оногдуулсан ялын 2/1-ээс дээш хувь эдэлсэн байх тул хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоохоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ХМШЗ/03 дугаартай захирамж зэрэг нотлох баримтаар бэхжүүлэгдсэн байна. Суллагдсанаас хойш Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялаар дахин шийтгэгдэх хүртэл ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдолгүйгээр ажил хөдөлмөр эрхлэн нийгэмд эзлэх байр сууриа олж, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүйгээр шүүх хуралд оролцсон болно. Дээрх хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байхад шүүхээс хэрэглээгүй, үйлчлүүлэгч нарын маань эрх зүйн байдлыг нь дордуулан ял шийтгэл оногдуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй байх нь харагдаж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгч байна. Шүүгдэгч М.Б ял шийтгэлийг эдэлж гарснаас хойш шийтгэх тогтоол хэрэгжих хүртэл “Соёолон интернейшнл” ХХК-д механик инженерээр ажиллаж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллах хугацаандаа өөрийн мэргэжил мэдлэг, инженерийн ур чадварт тулгуурлан техник тоног төхөөрөмж угсралтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд санал, санаачилга гарган ажилладаг шилдэг инженер болохыг тодорхойлсон тодорхойлолт 1 хувь, шүүгдэгч Н.Нын хувьд түүний эцэг, эх 70 настай бөгөөд эмнэлгийн баримт, хүүгийнхээ талаар тодорхойлсон тодорхойлолт, хүсэлт зэргийг гаргаж өгч байна. Уг хүсэлт, тодорхойлолтод Н.Нын 1-12 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй 4 хүүхдээ асардаг. Н.Н эхнэр, 4 хүүхдээ асрахаас гадна 70 настай эцэг, эхээ давхар асардаг. Н.Нын эхийн “миний хүү гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа” гэх тодорхойлолт, эх нь архаг чихирийн шижин, бамбайн хам шинж, астм болон цагаан мөгөөрсөн хоолойн хүнд хэлбэрийн өвтэй. Үүнийхээ дагуу хагалгаанд орсон. Иймд эцэг, эхээ асрах, эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх, цар тахлын үед хөл хориотой, эхнэр нь ажил хийх боломжгүй хэцүү байдалтай байгааг харгалзан үзэж шүүгдэгч нар урьд шийтгүүлсэн ялыг биеэр эдэлсэн тул уг ялд дүйцүүлж өгөхийг хүссэн ар гэрийн хүсэлт юм. Шинээр гаргаж өгч байгаа баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, 3 удаагийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр миний үйлчлүүлэгч нар гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзалгүйгээр шүүх ял нэмж оногдуулсан нь эрх зүйн байдлыг дордуулсан хийгээд үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар урьд шийтгүүлсэн ялаа биеэр эдэлж ялгүй болсон явдлыг харгалзан үзэж уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулаагүй хэрэгт цугларсан цагаатгах нотлох баримтуудыг огт авч хэлэлцсэнгүй. Нөгөө талаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг энэ хэрэгт холбогдуулж байгаа гол нотлох баримт бол шүүгдэгч М.Бийн гарын үсэгтэй бичвэр тайлбар /Зхх 115/, үүн дээр тулгуурлаж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн хохирогч Н.Батжолоо /5хх 105-106/, гэрч Д.Цэнгэл /Зхх 107/, гэрч Э.Сэлэнгээ /1хх 120-121,167, Зхх 98, 8хх 113/ нарын мэдүүлэг байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасан. Гэтэл шүүгдэгч М.Бийн гарын үсэгтэй бичвэр /тайлбар/-ийг М.Б өөрөө бичээгүй бөгөөд Терри Браун, Д.Цэнгэл, Э.Сэлэнгэ нарын сүрдүүлэг, ятганд орж Э.Сэлэнгийн бичсэн бичвэр дээр шүүгдэгч М.Б гарын үсэг зурсан болох нь нотлогддог. Шинжээчийн 2931 дугаартай дүгнэлтэд “...шинжилж буй М.Бийн тайлбар гэх хоёр хэсэг гар бичвэрүүд нь харьцуулан шинжилсэн М.Бийн бичгийн хэвийн туршилтын загвартай тохирохгүй байна” гэх дүгнэлт. /Зхх 115/ Гэрч Д.Цэнгэл, Э.Сэлэнгээ нар дээрхи тайлбарыг бичсэнээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 2-д “...гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус заасан байхад шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг хэт хүнд ялаар шийтгэсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан боловч гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл хэлбэрийн талаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ зүйл хэсгээр зүйлчилсэн нь гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогчдын оролцоо хэн нь ямар төрөлд хамаарахад дүгнэлт хийгээгүй шүүгдэгч нарыг бүгдийг нь гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн яллах дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нь шүүхийн шийдвэр бодитой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэрч Баттөр, Отгонсайхан нар “серверт гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй” гэж, шинжээчийн 3289 тоот дүгнэлтэд “сервер гадны нөлөөгүйгээр тасрах боломжтой байна” гэж дүгнэсэн, гэрч Ц.Сэлэнгэ, гэрч Сайнзаяа нарын мэдүүлэг “Баясгалан мөн юм шиг байна” эсхүл “Баясгаланг гэж бодсон” гэх гурван удаагийн илт зөрүүтэй, эргэлзээ бүхий мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерийн бичлэг дээр хүний дүрс бичлэг нь Баясгалан мөн гэхэд эргэлзээтэй, танигдах боломжгүй байдлаар гарч байгаа, бусад шүүгдэгч нараас “уурхайн энэ хэсгийн камер байнга тасарч байдаг” гэх мэдүүлэг зэрэг нь улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа нотлох баримтыг няцааж байхад дан ганц яллах талын нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үйл баримтын хувьд миний үйлчлүүлэгч Баясгаланг үйлдвэрийн гадна байрлах контейнерт орж байгаа бичлэг байхгүй, мөн шөнийн цагаар гаднах байдал нь үл мэдэгдэх \бичлэг дээрх\ хүнийг Баясгалан гэж таньж байгаа байдлын талаар гэрчүүдийн мэдүүлэг илт зөрүүтэй, эргэлзээтэй орсон гэх контейнер нь хэрэг гарсан гэх байрлалыг хяндаггүй зэрэг нөхцөл байдал нь Баясгаланг гэмт хэрэгт хамааралгүй гэх шууд нотлох баримт мөн бөгөөд энэ нь камерийн дүрсний тасралт нь дохионы кабелийн тасралтаас шалтгаалсан байх боломжтой гэсэн шинжээчийн 3289 тоот дүгнэлтээр давхар нотлогдож байдаг. 6 дугаар хавтаст хэргийн 44-55 дугаар талд миний үйлчлүүлэгч Б.Бд мөрдөгчөөс гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр баримтжуулсан мэдээ, баримтыг танилцуулж, түүнийгээ яллагдагчаар татах тогтоолынхоо үндэслэл болгож байгааг тайлбарлан гарын үсэг зуруулсан, танилцуулсан тэмдэглэл байдаг. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө мэтгэлцээний тэгш байдлыг хангах, миний үйлчлүүлэгчийг буруутгаж, яллагдагчаар татаж ял сонсгох шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа гүйцэтгэх ажлын баримт материал, мөрдөгчийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч улсын яллагч тийм баримт өмнө нь байгаагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нь мэтгэлцээний тэгш байдлын зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл   оролцогч, өмгөөлөгч нар өмнө нь танилцсан тухайн материалыг хэрэгт авхуулаагүй алга болсон эсэх талаар тодорхой тайлбарыг улсын яллагчаас гаргахгүй байгаа зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын яллагч гүйцэтгэх ажлын материал мөрдөгчийн дүгнэлттэй танилцчихсан өмгөөлөгч танилцаагүй ямар баримт, мэдээллээр миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгааг мэдэхгүй, мэтгэлцэх хууль зүйн боломжгүй юм. Шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй гэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд дурдсан боловч өмнө нь танилцуулсан энэ нотлох баримт ямар шалтгааны улмаас хавтаст хэрэгт авагдаагүй, байхгүй байгаа үйл баримтыг дүгнээгүй. Өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Баян айраг эксплорэйшн” ХХК нь Монгол улсын зохих хууль тогтоомжийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд өмчлөгч мөн эсэх улмаар энэ гэмт хэргийн хохирогч мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн байр суурийг баримтлаж байсан нь мөн давж заалдах гомдлын нэг үндэслэл болж байгааг дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах хууль зүйн үндэслэлийн дагуу миний үйлчлүүлэгч Б.Бд холбогдох хэргийг өмгөөлөгчийн гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөөс өмгөөлөгчөөрөө дамжуулан төлсөн. Уг баримт шүүхэд хүргэгдсэн байх. Би 10 гаруй хоногийн өмнө “Covid-19” өвчнөөр өвчилсөн учир гарч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд надад оногдуулсан ялаас багасгаж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар 6 хуудас баримтыг шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг “Баян айраг эксплорэйшн” ХХК-д 35.146.242 төгрөгийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой “Нуман-Алтай“ ХХК-д 1.125.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шүүгдэгчээс 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Нуман-Алтай“ ХХК-д 1.125.000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Баян айраг эксплорэйшн” ХХК-д 2.000.000 төгрөгийг төлж, хохирлын хэмжээнээс 33.146.242 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Шүүгдэгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгэгдэж хорих 441 дүгээр ангид ял эдэлж байхдаа 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүсэлт гаргасан. Хоригдол ял эдэлж байхдаа 287.999 төгрөгийн ажлын хөлс авсан. Уг ажлын хөлсөө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрт нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансанд байршуулсан. Уг мөнгийг хасаж тооцвол нийт 32.858.243 төгрөгийн үлдэгдэл төлөхөөр байна. Хэдийгээр анхан шатны шүүхээс 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан ч шүүхийн шийдвэр эрүүгийн хариуцлагын зорилготой нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Д.М 33.146.242 төгрөгийг тодорхой хэмжээний цээрлэл гэж амсаж байгаа хэдий ч 3 жил 6 сарын хугацаанд хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Харин өмнө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн атлаа яагаад шударга ёсны зарчмыг давуулж нэмж ял оногдуулж байна вэ. Нэмж ял оногдуулсан нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан “3 жил 6 сар” гэснийг “2 жил” гэж өөрчилж өгнө үү.” гэв.

            Хохирогч “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зарим өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байж үндэслэлгүй зүйл ярьж байна. Улсын Дээд шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж хэргийг буцаасан. Н.Н, М.Б нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, компанид төлөх төлбөр байхгүй тул тэдэнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хүсэлтэй байна. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн тухайд төлбөрөө төлж барагдуулж байгаа бөгөөд үлдсэн төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж, чин санаанаасаа асуудалд хандаж байгаа. Сая 2.000.000 төгрөг өгсөн. Ц.С, Д.Х нарын хувьд орон сууцаа хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч орон сууцны өмчлөл хараахан шилжээгүй байна. Б.Б, Э.Б нарын хувьд хэлэх тайлбар байхгүй тул тэдэнд холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлын тухайд энэ хэрэг өмнө нь 2 удаа шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд мэтгэлцээнийг зохих ёсоор хийсэн. Нотлох баримтаар бүрэн нотлогдсон буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг 2 удаагийн шүүх хуралдаанаар бүрэн хэлэлцэж, камерын бичлэгээр гэмт хэргийг Б.Бгийн үйлдэл оролцоогүйгээр үйлдэх боломжгүй болохыг тал бүрээс нь бүрэн тогтоосон. Иймд Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н, М.Б, Д.М, Д.Х нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн компанийн байр суурийг илэрхийлж байна. Компанийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа этгээдүүдэд нааштай хандаж байгаа.” гэв.

            Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа хэлэлцэгдэж байна. Урьд ял шийтгүүлсэн хүчин төгөлдөр шийдвэрээр оногдуулсан ялыг эдэлж дууссан гэж өмгөөлөгч нар ярьж байна. Гэвч 2019 оны 5 дугаар сарын 20-ны 543 дугаартай шийтгэх тогтоол нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 577 дугаартай тогтоолоор хүчингүй болсон. Энэ үед шүүгдэгч нарын эдэлсэн ялыг цагдан хоригдсон хоногт оруулан тооцож, эдлэх ялаас хасаж тогтоохоор шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдолдоо Ц.С, Д.Х нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн байна. Гэтэл хяналтын шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч нар гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээгээгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ зэрэгт ач холбогдол бүхий мэдүүлгийг бүрэн гүйцэд өгөөгүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн буюу тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн бага хэмжээг сонгон хэрэглэсэн гэж үзсэн. Улмаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.С, Д.Х, Н.Н, М.Б нарт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн хувьд хохирлыг төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбатаас хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, гаргасны дараа мэдсэн тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Гэвч Э.Б, Б.Б нар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, гэм буруу дээрээ маргаж оролцсон. Энэ байр суурь нь өнөөдрийн шүүх хуралдаанд хэвээрээ гэж ойлгож байна. Б.Б, Э.Б нар нь бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, алтны баяжмал хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эдгээр баримтад анх “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн гаргасан гомдолдоо хавсаргаж өгсөн тайлбарт гар, мөрийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт бусад шүүгдэгч нар болох М.Б, Н.Н, Д.М нар энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг орно. Яллагдагч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учир тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Гэтэл шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг гэмт хэрэг гарах үед Б.Бтай холбогдож ярьсан гар утасны холболтууд, камер хянагч нарын Б.Бг таньж олсон буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогддог. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт мэтгэлцээний байр суурь хангагдаагүй, магадлагаатай танилцаагүй гэж байгаа боловч энэ хэрэгт 2018 онд тухайн нотлох баримтын чанарыг алдагдуулж нууцлалыг алдаж хэрэгт хавсаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт бүрэн танилцуулсан материал 8 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр талд байдаг. Уг баримттай өмгөөлөгч танилцсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тухайн баримтын талаар ярьсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт энэ байр сууриа илэрхийлж, шүүх уг хүсэлтийг шийдвэрлэсэн. Тиймээс мэтгэлцэх эрхээр хангаагүй, мэтгэлцээний байр суурь хангагдаагүй, хэрэгт байсан баримт алга болсон байх магадлалтай гэх зүйл байхгүй. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, гэм буруудаа гэмшсэн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.Н, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Бум-Аюуш, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбат, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Тухайн хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.С нарт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн камер хянагч Д.Х ээлжнээсээ буулгүй нөхөр Ц.Стэй хамт нэг ээлжинд гарсан, хяналтын камерийн бичлэгийг түр хугацаагаар унтраах үүргийг IT Б.Б гүйцэтгэж, камер унтарсан бэлэн болсон талаар Н.Н руу ярьж, Н.Н М.Б руу ярьж камер унтарсныг хэлж, нэвтрэх боломж олгож, гэрээт харуулын ахлах ажилтан Ц.С алтны өрөөний түлхүүрийг хамгаалагч Б.Мөнхбатаас журамд заасныг зөрчин авч, Д.Мд дамжуулж, М.Б, Д.М нар нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагаас 01 цаг 15 минутын хооронд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, алтны баяжмал хулгайлж, маргааш нь Б.Батзориг, Э.Б нар нь үйлдвэрийн хашаанаас гаргаж захиран зарцуулах бололцоог бүрдүүлж, 441.169.941 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

1. Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад  нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Дээрх нөхцөл байдал нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2931 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гар бичвэрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Д.Мөнх-Эрдэнийн тайлбар бүхий гар бичвэр нь Д.Дамдинсүрэнгийн гэх бичгийн хэвийн туршилтын загвартай, Б.Энхбатын гэх тайлбар бүхий гар бичвэр нь Б.Энхбатын гэх бичгийн хэвийн туршилтын загвартай тус тус тохирч байна. Шинжилж буй М.Бийн тайлбар гэх хоёр хэсэг гар бичвэрүүд нь харьцуулан шинжилсэн М.Бийн бичгийн хэвийн туршилтын загвар болон Д.М, Б.Энхбат нарын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй байна. ...”[1] гэх дүгнэлт,

шүүгдэгч Ц.Соёл-Эрдэнийн “Нямбаяр тухайн хэрэг гарахаас 2 хоногийн өмнө уулзаад “ах алтны өрөөнөөс жаахан баяжмал гаргах гэсэн юм та туслаач, түлхүүр аваад өг гэж хэлсэн”, ...“тэгээд Нямбаяр “өнөө орой түлхүүрээ аваад өгөөрэй 3 минут болно” гэж хэлсэн. ...Түлхүүрээ аваад офиссын бие засах өрөөнд хүлээж байх үед Мөнх-Эрдэнэ орж ирээд түлхүүр аваад гараад явсан. Урьдаас Мөнх-Эрдэнэд түлхүүр өгөөрэй гээд Нямбаяртай тохирсон байсан. Мөнх-Эрдэнэ түлхүүр аваад гарсны дараа Энхбат орж ирээд бие засах өрөө рүү орсон. Энхбаттай юм яриагүй. ...хөлийн чимээ гарахаар нь бие засах өрөөнөөс гарахад Мөнх-Эрдэнэ маш хурдан ирээд түлхүүр өгсөн. ... Би түлхүүрээ аваад шалган дээр очсон намайг 00 дотор байхад утас дугараад Хэнчбиш “бүх камер тасарчихлаа” гэж хэлсэн. Нямбаяр 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд надруу утсаар залгаад “за болчихлоо та ирээд хувиа ав. Хүн бүрийн 35.000.000 төгрөг болсон. Хэрэг гарахаас өмнө би Нямбаярт “манай эхнэр Хэнчбиш гараа нь камерын хяналт дээр байгаа учраас би 2 хүний хувь авна шүү.”[2] гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Н.Нын “Батзориг бид хоёр анх хоорондоо ярилцаж байгаад хэрэг үйлдэх санааг гаргасан. Жаахан баяжмал авч болох уу гэж хоорондоо яриад Соёл-Эрдэнэ ахтай уулзаад алтны өрөөний түлхүүрийг авсан, Мөнх-Эрдэнэ дотор нь ажилладаг тул Мөнх-Эрдэнээр зохицуулъя, камерийн бичлэгийг Баясгалангаар зохицуулсан. Баясгалан камерыг унтраасан. Баясгалан надруу камер унтарсан гэж утсаар ярьсан. Энхбат үйлдвэрийн оператор хүн камерын талаар мэдэхгүй. Камерыг мэддэг хүн нь унтраасан.”[3] гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Бийн “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичсэн гар бичмэл бий. Тухайн өдрийн өглөө нь би Бат-Эрдэнэтэй цуг алтны баяжмалыг авч гарсан. Бат-Эрдэнэ тухайн үедээ мэдээгүй ч гарах үед мэдсэн. Машины арын багажинд хийсэн. Тухайн үед иймэрхүү юм болно гэдгийг Бат-Эрдэнэ мэдэж байсан. Алтны баяжмалыг хулгайлах оролцооны асуудал дээр байгаагүй боловч баяжмалыг авч кемпээс машинаар гарахад мэдсэн. Камерыг тухайн үед унтарсан уу, тасарсан уу гэдгийг мэдэхгүй байна, камер асуудалгүй болсон гэж хэлсэн. Бат-Эрдэнэ, Баясгалан нар мөнгөө авсан.”[4] гэсэн мэдүүлэг зэрэг нь тус тус дангаараа яллах үндэслэл болохгүй ч, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-32/, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 33-48, 49-51/, гэрч Э.Сэлэнгэ, Ц.Сайнзаяа нараар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл /8хх 117-121, 124-126/, анхан шатны шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, тухайн гэмт хэрэг гарсан газар буюу “Баян айраг эксплорэйшн” ХХК-д Юнителийн сүлжээнээс өөр утасны сүлжээ байдаггүй бөгөөд тухайн өдөр бусад өдрүүдэд шүүгдэгч нарын хоорондоо ярьсан дугааруудын жагсаалт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

          2. Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх  хуралдаанаар мэтгэлцээнд тэгш эрхтэй яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдсон тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарыг бүлэглэн  бусдын эд хөрөнгийг нууцаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, алтны баяжмал хулгайлж 441.169.941 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан үнэлгээний 2019 оны 03 дугаар сарын 07-ны 19/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

Алдагдсан баяжмал нь мөнгөний уусмалыг салгасны дараа хатаах зууханд хийхийн өмнөх тэргэнцэрт шүүж авсан алтны нойтон баяжмал байсан. Баяжмал алдагдсан алт, мөнгө баяжуулалтын технологийн дамжлагыг схемээр тайлангийн 32 болон 35-р хуудсанд харуулсан. Тухайн үеийн буюу уг хэрэг гарсан хугацаанаас өмнө болон дараах саруудыг хамруулан нийт 5 сарын нойтон, хуурай баяжмалын хэмжээ, алт хайлалтын мэдээ болон Монгол банкинд тушаасан алтны мэдээ, тоо баримтыг “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-аас авч ашигласан. Уг баримтаас харахад 5 сарын нийт нойтон баяжмал дахь алтны агууламж 30.33%-тай байна.

Тухайн хэрэг гарсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нийт баяжмалын хэмжээ 680 кг, үүнээс нойтон баяжмалаас гарсан нэг хэсгийг хатаах зууханд хийгээд үлдсэн баяжмалаас алдагдсаны дараах 291 кг нойтон баяжмалаас Монгол банкинд тушаасан алтны агууламж 28.6% байсан. 2017 онд баяжмал алдагдсан 9-р сарын өмнөх болон дараах 6,7,10,11-р сарын үр дүнд үндэслэн нойтон баяжмал дахь агуулга нь 30.33%-иас агуулгын хувийн зөрүүг тооцвол 1.7%-ийн зөрүү байна. Энэ зөрүүнд үндэслэн алдагдсан нойтон баяжмалын хэмжээг тооцвол баяжмалын хэмжээ нь 17.3 кг байна. Өөрөөр хэлбэл 291 кг- 28.6% бол 1.7%-д ногдох нойтон баяжмалыг тооцвол 1 кг гарсан бөгөөд тухайн өдрийн алтны агуулгын 28.6%-иар тооцвол 4.94 кг алт алдагдсан гэж үзэж байна. Ингэж сонгохдоо тухайн саруудын үр дүнгийн мэдээний болон туршилт судалгааны үр дүнгээс харахад сонгож авсан саруудын мэдээнд үндэслэн гарсан нойтон баяжмалын хэмжээ 17.3 кг гарсан, харин туршилтын үр дүнг 5 интервалаар /савны дүүргэлтийг 100, 75, 60, 50, 40 хувиар/ нарийвчлан гаргахад 50 хувийн дүүргэлттэй байхад нойтон баяжмалын хэмжээ илүү үндэслэлтэй гэж үзэн нийт 17.05 кг нойтон баяжмал алдагдсан бөгөөд түүнд агуулагдах 4.37 кг алт байсан гэж үзэж хохирлыг тооцож байна.

Тухайн хэрэг гарсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн алт хайлалтаар гарсан алтыг “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол банкны албан ханш 100.954 төгрөг 22 мөнгөөр тооцон нийт 4.37 кг алтны үнэ 441.169.941 төгрөгний хохирол учруулсан гэж дүгнэж байна” гэжээ.

Дээрх дүгнэлтийг нэмэлт ба дахин шинжилгээгээр байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК, “Байгаль-Экологи” ХХК, “Тост-Элс” ХХК нарын хамтарсан 1/45 дугаартай “...Тус дүгнэлт нь таамаглалд үндэслэсэн гэж үзэхгүй байна. Учир нь тухайн хэргийн үеэр алдагдсан баяжмалын хэмжээ, алтны хэмжээ, хохирлын үнэлгээг ойролцоо хугацааны саруудын дундаж хэмжээ болон алдагдсан үеийн хэмжээний ялгаварт үндэслэн тооцоолж гаргасан нь тодорхой бодит тоо, математик тооцоололд суурилсан учраас бүрэн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзлээ. ““Баян айраг эксплорэйшн” ХХК-иас алдагдсан алт агуулсан баяжмалын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй байна. “Баян айраг эксплорэйшн” ХХК-иас алдагдсан алтны хэмжээ, хохирлыг тогтоосон нь үндэслэлтэй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй.”[5] гэж тогтоожээ.

Шинжээч Б.Цэвээндарийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Ажиглалтын арга, туршилтын арга, дүн шинжилгээ хийх арга гэх зэрэг аргуудыг ашиглаж эдгээр баяжмал болон түүнд агуулагдсан алтны хэмжээг тодорхойлсон. Тухайн хэрэг гарахын өмнөх болон хойд 5 сарын дүн мэдээн дээр үндэслээд тухайн өдрийн 680 кг нойтон баяжмал байснаас нэг хэсгийг нь хатаах зуухруу хийчихээд нэг хэсэг нь үлдсэн байсан. Алдагдсаны дараа 281 кг нойтон баяжмал байсан. 281 кг баяжмалыг Монгол банкинд тушаахад нийт 28.6 сорьцтой буюу алтны агууламжтай байсан. Тухайн 5 сарын мэдээн дээр үндэслэхээр 30.33 хувийн агууламжтай байсан. Үүн дээр 1.7 гэсэн зөрүү гарч ирж байгаа. Энэ зөрүүн дээр үндэслээд алдагдсан баяжмалыг тодорхойлсон. Энэ нэг дэх арга нь. Хоёр дахь арга нь компани дээр туршилт хийж үзсэн. Тухайн алдагдсан баяжмалыг тодорхойлоход сонгон авсан үндсэн 4 сав байсан. Яагаад 4 сав сонгосон бэ гэхээр тухайн үйлдвэр дээр химийн бодис хадгалах болон тос тосолгооны 4 саваар туршилт хийж үзсэн. Үлдсэн хэсгийг хэмждэггүй байсан. 7, 8, 9, 10, 11 сарын байгууллагын мэдээн дээр үндэслээд тодорхойлсон. Тодорхойлоход 17.3 кг баяжмал алдагдсан. Гэтэл бидний туршилтаар 17.5 кг баяжмал алдагдсан гэж гарч ирсэн буюу 50 хувь нь байх боломжтой гэж үзсэн. Шар канистр буюу камерийн бичлэг тасрахаас өмнө шар канистрийг хүн барьж орсон байдаг. Шар канистр 18 кг хэмжээтэй. Дүүргэхэд 36.1 кг баяжмал байсан. Тухайн хэрэг гарсан өдөр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн алт хайлалтаар гарсан алтыг “Баян-айраг Эксплорэйшн” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол банкны Эрдэнэсийн санд тушаасан баримтад үндэслэн, тэр өдрийн Монгол банкны албан ханш 100.954 төгрөг 22 мөнгөөр тооцон нийт 4,37 кг алтны үнэ 441,169,941 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж байна. ...”[6] гэсэн мэдүүлэг,

гэрч М.Төрмандахын “...алдагдсан баяжмал нь нойтон баяжмал буюу шүүлт хийсний дараа, хатаалт явуулахад бэлэн болсон баяжмал байсан. Дэлгэрэнгүй тайлбарлах юм бол тухайн нойтон баяжмалын хатаах зууханд хийж усыг нь ууршуулсны дараа хайлуулахад бэлэн болсон баяжмал байсан гэсэн үг. Баяжмалыг хатаасны дараа хайлуулах зууханд хийж өндөр температур /целсийн 1500 градус/-т хайлуулж гулдмайлуулдаг. Ууршуулах бол асуудалгүй. Хайлуулахад гадуур худалдаалдаг зориулалтын алт хайлуулах жижиг тогоонууд байдаг, мөн хийн гагнуур ашиглаж хайлуулж болно, ингэж хайлууллаа гэхэд алтны хэмжээ, сорьц өөрчлөгдөх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг тус тус өгчээ.

Шүүгдэгч нарын мэдүүлгээр “20 литрийн сав арай дүүрээгүй, алтны баяжмалын талыг нь хатаах зууханд хийсэн, хавтас хэрэгт зураг нь харагддаг” гэсэн мэдүүлэг, гэрч М.Төрмандах, Б.Цэвээндарь болон гэрч Ц.Соёлчимэгийн “тэр баяжмалаас нь 5 шанагыг хутгаж авсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин зэргээр хохирлын тооцоог гаргаж, нийт хохирлын хэмжээг алтны үнэ болох 441.169.941 төгрөгийн хэмжээнд тооцож үзэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг нотолсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

4. Шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Д.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Харин шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь анхан шатны шүүх хуралдааны явцад үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй боловч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Channel 15_20170928005728.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийг 01:07:54-01:13:22 секундын хооронд хяналтын камерын дүрсний дохионы кабелийн тасралт гадны нөлөөнөөс болсон гэдгийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3289 дугаартай шинжээчийн дүгнэлтээр баталсан, мөн үйлдлээрээ хамтран оролцсон бөгөөд гэрч Ц.Сайнзаяагийн шүүх хуралдаан өгсөн мэдүүлэгт “бичлэг тасрахаас өмнө гутлын мөр нь гарчихсан байсан. Баяжмал хутгадаг хутгуур эсрэг талруугаа харчихсан байсан, мөн гишгүүрийг хөдөлгөчихсөн байсан. Серверийн өрөө рүү Баясгалан 22 цагаас хойш орсон, үүрийн 04 цагт гарч явсан. Серверийн байрлуу харсан камер байдаг.” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Баттөрийн “Тухайн цаг хугацааг нь санахгүй байна. 23 цаг гэхэд би ихэвчлэн унтсан байдаг. Баясгалан бол хөлбөмбөг үзнэ гээд 1 удаа 23 цагийн үед гарч явсаныг мэдэж байна. Харин он сар өдрийг нь сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Отгонтайваны “Ер нь бол Баясгалан хөлбөмбөг үзнэ гээд 2-3 орой гарч байсан. Яг 23 цагт гараад 04 цагт ирж байсныг мэдэхгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баясгалан бид хоёр ажлаар Доной нисэх буудал явахад урьд шөнө хөлбөмбөг үзээд унтаж чадаагүй гээд нойрмог бололтой байсан.” гэсэн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь тус тус бүрэн нотлогдож байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон гомдолдоо шүүгдэгч Баясгалан нь “өглөө 06 цагаас 18 цаг хүртэл ажилласан. Ажлаа дуусгаад цагийн хуваарийн дагуу амарсан, IT нарын өрөө рүү ороогүй” гэж мэдүүлсэн боловч дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр гэртээ амарч байсан, гэрээс гараагүй гэх үйлдэл нь няцаагдаж байна.

Шүүгдэгч Э.Б нь  М.Бтой хамт маргааш нь “Баян-Айраг” ХХК-ийн өмчлөлийн LV3 гэдэг уурхайн дугаартай Ланд-80 загварын автомашиныг ашиглан компаний хашаанаас нь гаргасан, Э.Б нь шүүгдэгч нарын хамт хулгайлах гэмт хэргээ үйлдэх талаар өмнөх өдөр нь ярилцаж тохиролцож байхад хажууд нь байсан, тухайн үед М.Бтой үйлдвэрийн хашаанаас хамт гарахдаа алтны баяжмалыг хулгайлсан, хамт хашаанаас гаргалцаж байгаагаа лавтай сайн мэдэж байсан хулгайлах гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн, Э.Б, Б.Баясгаан нар нь гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг хуваалцаж авсан байдал, гэрч Б.Мөнхсоёлын “2017 оны 07 сарын эхээр наадмын өмнө байх. ...Тэгээд Бат-Эрдэнэтэй уулзахад “уурхайгаас алт гарах боломж байна. Надад найдвартай хүмүүс байгаа. Хамтран ажиллая. Чиний зүгээс хамгаалалтын албаны зүгээс л аргалах асуудал байгаа. Ер нь урьд нь уурхайгаас хүмүүс алт гаргадаг байсан байх. Асуудалгүй болж бүтнэ. Уурхайгаас алт гаргах асуудалд хамгаалалтын албыг чи аргалчихвал миний зүгээс бусдыг нь зохицуулна. Найдвартай хүмүүс байгаа гэж ярьсан. Тэр үед би амыг нь дагуулж яриад ажил дээр очиж ярьж хөөрөе гэж хэлээд өнгөрсөн. Дахиж Бат-Эрдэнэтэй энэ талаар уулзаж ярилцсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний оролцооны хэлбэр нь гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүйгээр хангалттай тогтоогдсон гэж үзэн шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Бг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.

             Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон тохиолдолд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцооны хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

             Шүүгдэгч Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зарим шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлсөн, тэдний хувийн болон эрүүл мэндийн байдал, хохирогч талаас гаргасан тайлбар зэргийг харгалзан тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зохистой хэмжээгээр тус бүрийн 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь тэдний гэм бурууд тохирно гэж үзэж, шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.Н, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Бум-Аюуш, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбат, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан “Нуман-Алтай” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн зардлыг гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах холбогдох заалтыг баримтлаагүй байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.С нийт 494 хоног, Н.Н нийт 287 хоног, М.Б нийт 348 хоног, Д.М нийт 406 хоног, Э.Б нийт 368 хоног, Б.Б нийт 400 хоног, Д.Х нийт 450 хоног тус тус цагдан хоригдсон хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.Н, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Бум-Аюуш, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбат, шүүгдэгч Б.Б нарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Н, М.Б, Д.М, Д.Х тус бүрд 3 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Ц.Сд 4 жил хорих ял, шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрд 5 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Н, М.Б, Д.М, Д.Х тус бүрд 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Ц.Сд 3 жил хорих ял, шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрд 4 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.Н, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Бум-Аюуш, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энхбат, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.М, М.Б, Н.Н нар нь “Нуман-Алтай” ХХК-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус бүр 1.125.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нийт 494 хоног, Н.Н нийт 287 хоног, М.Б нийт 348 хоног, Д.М нийт 406 хоног, Э.Б нийт 368 хоног, Б.Б нийт 400 хоног, Д.Х нийт 450 хоног тус тус цагдан хоригдсон хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

 

[1] /3хх 115/

[2] /5хх 155-157/

[3] /11хх 195/

[4] /11хх 196/

[5] /9хх 244-245/

[6] /8хх 232-233/