Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 63

 

В.Ё-гын нэхэмжлэлтэй, Оюуны өмч,

 улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Х.Батсүрэн

                                       Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хууль бус дүрмийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь тус компанийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч, тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0675 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0782 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Т.Б нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, гуравдагч этгээд Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0675 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ё-гын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...“А” ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хууль бус дүрмийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч тухайн захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О-гий гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0782 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан В.Ё-гын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “А” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээр Д.Б-г бүртгэсэн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасныг зөрчиж магадлал гаргасан гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгчийн зүгээс тендерт оролцохын тулд компанийн хувьцааг 50/50 хувиар эзэмшихээр дүрэмдээ өөрчлөлт оруулсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрдөг, иймд дүрмийн өөрчлөлтийн талаарх бүртгэл тухайн үед нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн дүнд хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна” гэжээ. Тухайн үед нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үр дүнд хийгдсэн зүйл бол зөвхөн тендерт оролцохын тулд компанийн дүрмийг өөрчилж сонгон шалгаруулалтад оролцсон боловч сонгон шалгаруулалт амжилтгүй болсон. Ингээд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн гол утга учир болсон тендерт оролцож ялах итгэл үнэмшил байсан боловч бүтэлгүйтсэн учир хүсэл зоригийн илэрхийлэл туйлдаа хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл тендерт оролцох хүсэл зориг байсан болохоос компанийн 50 хувийн эзэмшигчээр Д.Б-г Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй байхад дүрмийн өөрчлөлтийн талаарх бүртгэл тухайн үед нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн дүнд хийгдсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь болсон үйл баримтыг гуйвуулж бичсэн дүгнэлт болжээ.

4. Нэхэмжлэгч В.Ё нь 2009 оны бүртгэлийг 2017 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Б-гын гаргасан нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн нь үнэн юм. 2009 оны бүртгэлийг Д.Б нь тендерт оролцохоор хийсэн байсан компанийн дүрмийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болохыг тухайн үед нэхэмжлэгч В.Ё мэдээгүй байж байхад дахин 2010 онд сонгон шалгаруулалт зарлагдсан. Улмаар нэхэмжлэгч нь 2010 онд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцохдоо “Т” ХК болон иргэн Д.Б, Б.Д нарын 4 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон.

5. 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “А” ХХК-ийн дүрмийг баталсан. Дахин баталсан дүрмээр компанийн 32.5 хувийн хувьцааг В.Ё, 32.5 хувийн хувьцааг Д.Б, 15 хувийн хувьцааг Б.Д, “Т” ХК-ийн захирал С.Г нь 20 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр дүрэм үйлдсэн. Гэтэл энэ хугацаанд Д.Б нь 2009 оны компанийн дүрмийг үндэслэж, хууль бусаар бүртгүүлсэн бүртгэлийг нуух санаатайгаар өөрөө бүх бичиг баримтыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч В.Ё нь дээрх хууль бус бүртгэлийг мэдмэгцээ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан.

6. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь зөвхөн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан дүрэм болон түүнтэй хамааралтай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдтэй холбоотой асуудал нь “гэмт хэргийн шинжтэй байх тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн” гэсэн албан бичгийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. Нэхэмжлэгч В.Ё нь Д.Б-г компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн эсэхийг 2010 онд мэдээгүй болох нь тухайн үед Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл, гомдол гаргаж байгаагүйгээр батлагдана. Мөн дээр дурдсанчлан 2010 оны бүртгэлийг Д.Б нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн тул тэрээр мэдэх боломжгүй байсан зэрэг дээрх нөхцөл байдлууд тулгарсан тул анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа 2009 оны бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

7. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар илт хууль бус бүртгэлээ хүчин төгөлдөр бус болгохоор хүлээн зөвшөөрөх байтал үүнийгээ үгүйсгэж, шүүх түүнийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь үнэнд үл нийцнэ. Мөн хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа хангалттай, хууль зүйн үндэслэлтэйгээр нотолж чадаагүй, улсын бүртгэлээс гол нотлох баримт болох компанийн баталгаажсан дүрэм байхгүй байхад гуравдагч этгээдээс гарч ирсэн үнэн эсэх нь тодорхой бус баримтад хууль зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг гаргасан нь ойлгомжгүй байна.

8. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гаргах асуудал нь дэс дараатай хийгддэг ажлууд бөгөөд Д.Б-г хувьцаа эзэмшигчээр бүртгэх бүртгэл хийгдээгүй байхад тэрээр компанийн хувьцаа эзэмшигчийн эрхээр компанийн дүрэм баталсан нь агуулга, логикийн хувьд анхнаасаа хуурамч байсан гэдэг нь батлагдсан ба шүүх үүнийг анхаарахгүй орхигдуулсан. Хэдийгээр С.Э нөхөр В.Ё-д өөрийн эзэмшлийн хувьцаагаа бэлэглэх гэрээ хийсэн боловч түүнийг хувьцаа эзэмшигчээс хассан бүртгэл улсын бүртгэлд хийгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл хуулийн шаардлагын дагуу С.Э-г хувьцаа эзэмшигчээс хасах тухай улсын бүртгэл хийгдээгүй байхад Д.Б орж ирсэн бол энэ талаар шийдвэрлэсэн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт В.Ё, С.Э нар гарын үсэг зурах ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй байгаа Д.Б-гын нэрийг бичиж, гарын үсгийг зурсан “А” ХХК-ийн дүрэм гэх хуурамч баримт нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хувийн хэрэгт бус гуравдагч этгээд Д.Б-д хадгалагдаж байсан ба уг баримтад үндэслэн шийдвэрээ гаргаж байгаа нь тус газрыг батлаагүй, хуурамч компанийн дүрмээр улсын бүртгэл хийж болохыг зөвшөөрсөн, цаашид энэ жишгээр ажиллаж болохыг зөвшөөрсөн шийдвэр ...хэмээн үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 14.5-д “захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” байсан бөгөөд тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” тохиолдол хамаарахгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

10. Мөн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн тохиолдолд хамаарна хэмээн тайлбарлаж маргасан бөгөөд анхан шатны шүүхээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2009 оны “А” ХХК-ийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн, зөв үнэлсэн шийдвэр болсон юм.

11. Мөн дээрх бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн /2003 оны/ тухай хуулийн 22 дугаар зүйл болон Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2003 оны 182 дугаар тушаалаар батлагдсан “Нөхөрлөл, компани, хоршоо, төрийн /орон нутгийн/ өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”-ын холбогдох заалтыг зөрчөөгүй, баримт бичгийн бүрдүүлбэрийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн бүртгэсэн үйлдлийг буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон, давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

13. Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн алба нь /тухайн үеийн нэрээр/ “А” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус компанийн захирал В.Ё-гын гаргасан хүсэлт, “УБ-05 маягт”-аар гаргах “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдөл, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, компанийн дүрэм, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч /нэмэгдсэн/-ийн анкет, хувьцаагаа шилжүүлж, компанийн үүсгэн байгуулагчаас /гарч/ буй хувьцаа эзэмшигчийн өргөдөл, хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн “А” ХХК-ийн хувьцааны 50 хувийг В.Ё-гын нэр дээр, 50 хувийг Д.Б-гын нэр дээр бүртгэжээ.

14. Нэхэмжлэгч В.Ё нь “...зорчигч тээврийн сонгон шалгаруулалтад Д.Б-тэй хамтарч оролцохоор сонгон шалгаруулалтын шаардлагын дагуу компанийн дүрмийг өөрчилж, 2 үүсгэн байгуулагч 50/50 хувиар хувьцаа эзэмшихээр баталсан нь сонгон шалгаруулалтын материалд зориулж байгуулсан дүрэм, Д.Б компанийн дүрмийг хууль бусаар бүртгүүлсэн, бүртгэлийн байгууллага нь бидний гарын үсэг зурагдаагүй, баталгаажаагүй дүрмийг үндэслэн, хувьцаа шилжүүлсэн гэрээ, хэлцэлгүй байхад ...бүртгэл хийж хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргасан байна.

15. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ; ...баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж зааж, 22.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3 дахь хэсгийг баримтална” гэж зааснаар тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага нь /хуулийн 15 дугаар зүйлд заасан/ бүртгүүлэх өргөдлийг гаргах эрхтэй этгээдийн нэг мөн байна.

16. “А” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал В.Ё нь “УБ-05 маягт”-аар гаргах өргөдөл, “бүртгүүлэх тухай” хүсэлтэд гарын үсгээ зураагүй гэж маргаагүй, шүүхээс томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4063 дугаар дүгнэлтээр эдгээрт зурагдсан гарын үсэг нь В.Ё-гын өөрийнх нь бичсэн болох нь батлагдсан, иймээс “Д.Б хууль бусаар бүртгүүлсэн” гэх түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.

17. Нөгөө талаар, Компанийн тухай хуулийн /1999 оны/ 17 дугаар зүйлийн 17.4-т “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийг шинэчлэн найруулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 17.8-д “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзвэл “сонгон шалгаруулалтын материалд зориулж байгуулсан дүрэм” гэх боловч уг дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол хүчин төгөлдөр болохгүй учир “сонгон шалгаруулалт”-д оролцох хүсэлтэй “А” ХХК нь өөрчилсөн дүрмээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр тухайн сонгон шалгаруулалтад оролцох /сонгон шалгаруулалтын шаардлагыг хангахгүй/ боломжгүй нь илэрхий юм.

18. Эндээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаарх 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн улсын бүртгэлийг 2017 оны 4 дүгээр сар хүртэл мэдээгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.5-д “захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ...илт хууль бус болох, ...нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан, илт хууль болох “захиргааны акт”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “шинж”-ээр тодорхойлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болохоор заасан байна.

20. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримтаас үзвэл, “дүрмийн өөрчлөлт”-ийг ерөөс бүртгүүлэхгүй байх, өөрөөр хэлбэл бүртгэлийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааралгүй, харин сонгон шалгаруулалтаар шалгараагүйгээс нэхэмжлэгч “бүртгүүлэх”-ээр гаргасан хүсэл, зоригоо “буцаах”-аар болсонд холбогдож, “бүртгэл”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

21. Ийнхүү нэхэмжлэгч нь бүртгэлийг мэдэж байсан ч тухайн үед шүүхэд хандаагүй нь мөн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн гаргасан уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасанд нийцсэн байна.

22. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О хяналтын журмаар “нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үр дүнд хийгдсэн зүйл бол тендерт оролцохын тулд дүрмийг өөрчилсөн, тендерт ...бүтэлгүйтсэн учир хүсэл зоригийн илэрхийлэл туйлдаа хүрч чадаагүй, ...дүрмийн өөрчлөлтийн бүртгэл нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дүнд хийгдсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, болсон үйл явдлыг гуйвуулж дүгнэсэн, 2009 оны бүртгэлийг нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сард мэдсэн нь үнэн, ...Д.Б компанийн хувьцаа эзэмшигчийн эрхээр компанийн дүрэм баталсан нь ...анхнаасаа хуурамч байсныг нотолно, үүнийг шүүх анхаараагүй,... С.Э-г хувьцаа эзэмшигчээс хассан бүртгэл улсын бүртгэлд хийгдээгүй байсан, ...компанийн хуурамч дүрмээр улсын бүртгэл хийж болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан” гэх үйл баримт дурдсан, тухайн маргаанд хамааралгүй асуудлаар гаргасан гомдлыг, гуравдагч этгээд Д.Б-гын хяналтын журмаар “...давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлд 54.1.8-д заасан заалтыг хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

23. Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан гуравдагч этгээдийн гомдлуудыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0782 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ