Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2017/0291

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0291

         Улаанбаатар хот

 

 

Т.Амартүвшингийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагваханд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0098 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0098 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Амартүвшингийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 105 дугаар авто зогсоолын өмчлөх эрхийн 000098087 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Т.Амартүвшинг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.Амартүвшингийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 105 дугаар авто зогсоолын Ү-2206013896 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай      4 дүгээр зүйлийн 4.3-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно” гэж заасан. “Капитрон банк” ХХК-тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй бөгөөд хүчин төгөлдөр байна. Харин Т.Амартүвшингийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөрт тооцоогүй байна. Түүнчлэн Т.Амартүвшин нь өмчлөх эрхээ бүртгүүлэх хүсэлтийг бүртгэлийн байгууллагад 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө гаргаж байгаагүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 21 дүгээр зүйл, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэж байгаагүй болно. Иймд Капитрон банкы барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр байгаа тул эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд гэж үзэх бөгөөд Т.Амартүвшин өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу Капитрон банкаас улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл авах ёстой. Ийм зөвшөөрлийг Капитрон банк өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 тоот албан бичгээр “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 44а, 44б, 44в, 44г тоот байруудыг битүүмжилсэн байна.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар “Мфикскапитал” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5580 дугаар шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 20.1.2, 20.1.4-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан, 24 дүгээр зүйлийн 24.9-д тус тус заасан. Гэтэл эрх бүхий байгууллагаас уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсөн, эрхийг сэргээсэн, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, Т.Амартүвшинг өмчлөгчөөр бүртгэхийг даалгасан нь хууль зөрчсөн шийдвэр байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх “Мфикскапитал” ХХК нь уг маргаан бүхий 105 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, бүртгэл үнэн зөв хийгдсэн гэж дүгнэсэн атлаа уг авто зогсоолын өмчлөх эрхийн 000098087 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК давж заалдах гомдолдоо: “... Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Амартүвшин мэдүүлэг гаргах үед авто зогсоолын улсын бүртгэлд Капитрон банкны барьцааны эрх 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн бүртгэлтэй байсан болно. Ийнхүү барьцааны эрх хууль ёсны дагуу бүртгэлтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зохицуулалтын дагуу Т.Амартүвшин нь уг барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд хуульд заасан журмын дагуу барьцаалагч этгээд болох Капитрон банкны зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж, түүнийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх үүрэгтэй байна.

Нөгөө талаараа хуулийг хэлбэрэлтгүй сахиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага болох бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг дагуу барьцаалагч этгээдээс зөвшөөрөл авч, мэдүүлэгт хавсаргаж өгөхийг шаардах үүрэгтэй юм.

Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс уг асуудалд чухам ямар үндэслэлээр буруу тохож, хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох 44в байрны 105 тоот автомашины зогсоолын өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарч, хөдөлгөөнд нь хязгаарлалт хийх тусгай тэмдэглэл хийсэн учир бүртгэх боломжгүй хэмээн тайлбарлаж байхад уг асуудалд ямар ч дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Хуульд заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн байхад хөдөлгөөн хийсэн тохиолдолд бүртгэлийн байгууллага эргээд хууль зөрчсөн үндэслэлээр буруутгах боломжтой байхад шүүхийн зүгээс уг асуудалд огт дүгнэлт өгөхгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллагыг хууль зөрчиж бүртгэл хийхийг даалгаж шийдвэрлэж буй нь буруу байна.

Шүүхийн зүгээс Т.Амартүвшин болон “Мфикскапитал” ХХК нарын хороонд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 44в байрны 2 тоот 132 м.кв 4 өрөө орон сууцыг 1 гаражийн хамт 12.000 ам доллараар худалдан авахаар тохиролцож 193 дугаар гэрээг байгуулж, үнийг бүрэн төлснөөр Т.Амартүвшинг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон мэт тайлбарлаж байгаа нь буруу юм.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 4 дүгээр зүйлийн 4.2-т зохицуулсан.

Дээрх зохицуулалт нь нэгдүгээрт талууд үл эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл байгуулсан байх, хоёрдугаарт уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн байхыг шаардаж байна. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс ялгаатай байдлаар хуульчилж өгсөн. Хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх гэрээ байгуулагдаж, үнийг бүрэн төлснөөр үүсгэхгүй, харин хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсдэг.

Гэтэл шүүхийн зүгээс Т.Амартүвшин болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх гэрээг байгуулснаар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, зохих журмын дагуу бүртгүүлсэн барьцааны эрхээс өмнө үүссэн гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаас харахад шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон шийдвэр гарсан үеэс өмчлөх эрх үүсэхээр зохицуулагдсан байна. Т.Амартүвшингийн өмчлөх эрхийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01397 дугаар захирамжийн үндсэн дээр үүссэн гэж үзнэ.

Харин Капитрон банкны барьцааны эрх 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн бүртгэлтэй байсан учир барьцааны эрхийг бүртгүүлсэн үеэс хууль ёсны дагуу Т.Амартүвшингийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээс өмнө үүссэн гэж үзнэ. Гэтэл шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг анхааралгүйгээр, гуравдагч этгээдийг буруутгаж буй нь буруу байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан байх тул ... улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ийнхүү шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн атлаа хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг буруутгаж, даалган шийдвэрлэхдээ уг хуулийн зохицуулалтыг эсрэгээр нь буруу тайлбарлаж буй нь ойлгомжгүй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0098 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Амартүвшин нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 105 дугаар авто зогсоолын Ү-2206013896 дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн 000098087 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр Т.Амартүвшинг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.Амартүвшингийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анх гуравдагч этгээд “Мфикскапитал” ХХК-ийн өмч болох зээлээр санхүүжүүлэн барих Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд байрлах, 5 блок 120 айлын орон сууцны барилга, 29.000 м.кв газар, дэд бүтцийн хамт, 7.000 м.кв 205 автомашины гараж, Б.Батхүүгийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхон, 17 тоот 3 өрөө орон сууц, гаражийн хамт, нийт 1.748.380.000.00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг “Мон Лотус” ХХК-ийн захирал Г.Бямбаа нь “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/143 дугаар барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд барьцаалсан гэх нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Т.Амартүвшингийн “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу худалдан авсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44В байрны 1 дүгээр орц, 1 давхрын 2 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 105 тоот авто зогсоолыг “Мфикскапитал” ХХК нь 2010 онд маргаан бүхий авто зогсоолыг улсын бүртгэлийн Ү-2206013896 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн 000098087 дугаар гэрчилгээ гаргуулан авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Капитрон банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан байх бөгөөд эдгээр нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Дээрх авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Т.Амартүвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг “Мфикскапитал” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01397 дугаар захирамж байгаа хэдий ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Мфикскапитал” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Тодруулбал, 2010 онд бүртгэлийн байгууллагаас тус компанийн гаргасан мэдүүлгийг үндэслэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, иймд дээрх бүртгэлтэй холбогдуулан хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой.

Харин эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд тэрхүү зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тодорхойлж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй бөгөөд шүүхийн зүгээс мөн ийнхүү бүртгэхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлгүй юм.

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг хориглосны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44В байрны 105 тоот авто зогсоолыг Т.Амартүвшингийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 105 авто зогсоолын Ү-2206013896 дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн 000098087 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр Т.Амартүвшинг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.Амартүвшингийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0098 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Амартүвшингийн “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 105 тоот авто зогсоолын Ү-2206013896 дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн 000098087 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр Т.Амартүвшинг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.Амартүвшингийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                    ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

                    ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР