Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 433

 

Ө.А, С.Х, Х.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Ө.А-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам,  нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 642 дугаар магадлалтай, Ө.А, С.Х, Х.Х нарт холбогдох 201504000274 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.А-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жагалбай овогт Ө-н А,  

2.Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 40,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 1 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар хорих ял болгон тогтоож, сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ители овогт С-ны Х,

3. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Барах Сүйндик овогт Х-ны Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.А, С.Х, Х.Х нарыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ө.А-г 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.Х, Х.Х нарыг тус бүр 1 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, тэдний хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Х.Х-ын эзэмшилд бүртгэлтэй 24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.А-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүгч шүүгдэгч Ө.А-т ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдлыг халсан байх тул шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ хэмээн дүгнэсэн байх бөгөөд Ө.А нь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар тодорхойлогдож байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнд ял шийтгэлийг биеэр эдлүүлсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, 1-5 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно” гэж хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж хуульчилжээ. Шийтгэх тогтоолд Ө.А, С.Х, Х.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан байх бөгөөд энэ нь хохирол төлбөргүй болохыг батлан харуулсан байна. Холбогдсон гэмт хэрэг нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг хэдий ч ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Учир нь шүүгдэгч Ө.А нь бусдын гуйлтыг дамжуулан, өг гэсэн эд зүйл буюу шонхор шувуудыг хүргэж өгсөн бөгөөд тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж анхнаасаа гэм буруугаа хүлээсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер 80” загварын автомашиныг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж дүгнэж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Хуульд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон байхыг шаардсан байх бөгөөд дээрх 24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер 80” загварын автомашин нь иргэн Х.Х-ын өмчлөлийн хөдлөх хөрөнгө болох нь эрх бүхий байгууллагын баримтаар нотлогдож байна. Дээрх автомашин Ө.А-ын өмчлөлд байдаггүй, тэрээр зөвхөн ашигласан болох нь харагдаж байна. Мөн хураан авсан тээврийн хэрэгслийг хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхийн аль нэгийг заасан байх ёстой байжээ. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан бөгөөд гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх шаардлагагүй байтал давж заалдах шатны шүүх дээрх эд хөрөнгийг хураан улсын орлого болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Иймд шүүгдэгч Ө.А-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж, 24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер 80” загварын автомашиныг иргэн Х.Хайнарт буцаан олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэг нотлогдсон, хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Хэргийн зүйлчлэл зөв, ял тохирсон. Шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Х.Х-ын эзэмшлийн 24-82 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер” загварын автомашиныг улсын орлого болгосон нь зөв бөгөөд энэ машины тухайд Х.Х-ын өмчлөлийн машин биш болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ машиныг шонхор зөөхийн тул Араб хүний мөнгөөр 12,000,000 төгрөгөөр Б гэгчээс худалдаж авсан бөгөөд гадаад хүний нэр дээр машины гэрчилгээ гарахгүй тул Х.Х-т 100 ам.доллар өгч уг машины гэрчилгээг түүний нэр дээр гаргуулсан байдаг. Мөн эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгт А, О, А, Х, Х нарыг шалгаад хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ гэмт хэрэгт ашигласан машин тул улсын орлогод хураасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.А-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн  Ө.А, С.Х, Х.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ө.А нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16,000,000 төгрөгөөр тогтоосон, нийт 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүй С.Х, Х.Х нараар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэхэд нь тэдгээрийн үйлдэл, оролцоог хуваарилах замаар зохион байгуулж, С.Х, Х.Х нартай бүлэглэн Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч Х.Х, С.Х нар нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Ө.А-тай бүлэглэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16,000,000 төгрөгөөр тогтоосон, нийт 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг анхан шатны шүүх Х.Х-т буцаан олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх улсын орлого болгож өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах зохицуулалттай нийцэхгүй байна гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Ө.А, С.Х, Х.Х нарыг бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хянан хэлэлцсэн бөгөөд Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн боловч 24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг хил нэвтрэхэд үйлдэлдээ ашиглаагүй болохыг тогтоожээ. Уг автомашинаар Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар тогтоолоор гадаад оронд гаргахыг хориглосон, нийт 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийн тулд тээвэрлэн авч ирсэн гэх боловч энэ хэрэг шүүхээр хэлэлцэгдээгүй тул шүүх уг гэмт хэргийг үйлдэхэд 24-83 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч хураах боломжгүй юм. 

Гэмт хэргийн эд мөрийн баримт нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйлс бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст зохих эзэмшигч, байгууллагад шүүхийн шийдвэрээр шилжих учиртай билээ.  

Иймд шүүгдэгч Ө.А-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлын “24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг иргэн Х.Х-т буцаан олгох” тухай хэсгийг хүлээн авч, магадлалын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.А-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршгийн хэмжээг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 642 дугаар магадлалын “24-83 ХЭҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсан” өөрчлөлтийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН