Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/03890

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/03890

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххххххх тоот, Х ХХК-ийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххххххххх тоот, Т Констракшн ХХК-д /РД: ххххххххххх/ холбогдох

93.234.553 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, О.Ариунжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Б.Одбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, О.Ариунжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ХХК нь Т Констракшн ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 16-086 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хууль болон бусад хууль тогтоомжуудыг үндэслэн харилцан тохиролцон байгуулсан.

Тус Х ХХК-иас Т Констракшн ХХК нь Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Саммит Вилла Б5 блокд ашиглах зорилгоор булан, хэв, тулаас, труба гэх мэт барилгын туслах материал нийт 2.515 ширхэг бараа материал түрээслэн авч үйл ажиллагаагаа явуулсан.

Барилгын туслах материал түрээслэх гэрээний нийт төлбөр, барааны эвдрэл гэмтлийн төлбөр, худалдсан барааны үнэд нийт 69.067.569 төгрөг төлөх ёстой бөгөөд үүнээс 2016 оны 7 дугаар сарын 7, 8, 19, 20-ны өдрүүдэд нийт 6.911.200 төгрөг төлсөн.

Хариуцагч Т Констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр болох 62.156.369 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувиар алданги төлнө, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Түрээсийн гэрээний нийт төлбөрийг хавсралт 2-т зааснаар авах бөгөөд уг төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд /дансаар, бэлнээр/ шилжүүлэх ба үүнд нэмэгдсэн өртгийн албан татварын үнэ ороогүй болно гэж заасан.

Иймд хариуцагч Т Констракшн ХХК-иас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт түрээслэсэн 2.515 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 57.962.869 төгрөг, бараа материалын гэмтлийг засварласан зардал 4.193.500 төгрөг, алданги 31.078.184 төгрөг, нийт 93.234.553 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т Констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүхэд гаргасан тайлбартаа:

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Т Констракшн ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Манай Т Констракшн ХХК нь Х ХХК-тай барилгын туслах материал түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т Констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд 83.8-д компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх удирдлага байна гэж заасан ба тус компанийг үүсгэн байгуулагдсанаас хойш гүйцэтгэх захирал нь буюу тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь О.Отгонжаргал гэх хүн байгаа.

Гэрээнд С.Нэмэхбаатар гэж хүн гарын үсэг зурсан байгаа бөгөөд энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн үү, төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан байна. Т Констракшн ХХК нь Баянзүрх дүүрэгт Төгс Амгалан хотхонг, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах, Хөшигтийн хөндийд буюу 2 газар барилга барьж байгаа.

Тус компанийн захирлууд С.Нэмэхбаатар гэж хүнийг танихгүй, тамга тэмдэг хэрхэн дарагдсаныг мэдэхгүй байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй.

Энэ гэрээний хариуцлагыг хэн хүлээх бэ гэдгийг нэхэмжлэгч тал сайн ухамсарласан байна. Гэрээний үр дагаврыг Т Констракшн ХХК хариуцна гэж С.Нэмэхбаатар тайлбарлаж байсныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т Констракшн ХХК-д холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 93.234.553 төгрөг тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2.515 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 57.962.869 төгрөг, бараа материалын гэмтлийг засварласан зардал 4.193.500 төгрөг, алданги 31.078.184 төгрөг/

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т Констракшн ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан түрээслүүлэгч Х ХХК нь түрээслэгч Т Констракшн ХХК-д гэрээний хавсралт 1, 2-т буюу хэргийн 25, 31-34 дүгээр тал дах жагсаалтад заагдсан хэлбэр, загвар, хэмжээ, тоо, ширхэг, түрээслэх үнийг нь тусгасан барилгын туслах материалыг түрээслэхээр харилцан тохирчээ.

Дээрхи гэрээг түрээслүүлэгч Х ХХК-ийг төлөөлж ерөнхий захирлаас олгосон итгэмжлэлийн дагуу менежер М.Мөнхзул, түрээслэгч талаас буюу Т Констракшн ХХК-ийг итгэмжлэлийн үндсэн дээр С.Нэмэхбаатар нар байгуулсан гэсэн байна.

/ХХ-ийн 4-6, 25, 31-34 дугаар тал/

 

Дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т Констракшн ХХК-иас:

-гэрээний дагуу 69.067.569 төгрөг /түрээсийн төлбөр 61.498.569 төгрөг, эвдрэл гэмтэл засварласан зардал 4.193.500 төгрөг, борлуулсан барааны үнэ 3.375.500 төгрөг/

-Төлсөн 6.911.200 төгрөг /2016.07 сарын 7, 8, 19, 20-ны өдрүүдэд түрээсийн төлбөрт төлсөн 5.968.200 төгрөг, барааны үнэд төлсөн 943.000 төгрөг/

-69.067.569 төгрөг-6.911.200 төгрөг=62.156.369 төгрөг, мөн түүний алданги 31.078.184 төгрөг, нийт 93.234.553 төгрөгийг нэхэмжилж байна.

/ХХ-ийн 12-14, 26-27 дугаар тал/

 

Хариуцагч Т Констракшн ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-тай түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, эрх бүхий этгээд байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байна.

 

Гэрээний хавсралт 1-д түрээслүүлэх бараа, материалын үнийн жагсаалт, 2-т түрээслүүлэх бараа материалын хэлбэр, загвар, хэмжээ, үнэ төлбөрийг тодорхойлсон ба нэхэмжлэгч Х ХХК нь гэрээний хавсралт 1, 2-т заасан буюу тоо, хэлбэр, хэмжээтэй бараа материалыг хариуцагч буюу түрээслэгч Т Констракшн ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 7, 8, 18, 19, 21-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн хэмээн зарлагын баримт үйлджээ.

/ХХ-ийн 31-34 дүгээр тал/

Мөн гэрээний хавсралт 4 буюу хэргийн 28-30 дугаар талд бараа, материалыг түрээслүүлэх хугацааг сунган, уг бараа материалыг ашиглах хоног, үнэ, ашигласан хугацаа, түрээслэсэн барааны тооцоог үйлдэн хавсаргажээ.

/ХХ-ийн 28-30 дугаар тал/

 

Түрээслэгч нь 2016 оны 7 дугаар сарын 7, 8, 18, 19, 21-ний өдрүүдэд түрээслүүлэгч талд түрээслэхээр хүлээлгэн өгсөн барилгын туслах материалуудаа гэрээний хавсралт 3-т заасан ёсоор 2016 оны 10 дугаар сарын 29, 2016 оны 10 дугаар сарын 30, 2016 оны 11 дүгээр сарын 6, 2016 оны 11 дүгээр сарын 8, 2016 оны 11 дүгээр сарын 9, 10, 11-ний өдрүүд, мөн 2017 оны 3 дугаар сарын 30, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд тус тус хүлээн авсан талаараа баримт үйлдэн баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 34-39 дүгээр тал/

 

Түрээслэгч байгууллага түрээсийн төлбөрт 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 1.480.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 1.488.200 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд тус бүр 1.500.000 төгрөг, нийт 5.968.200 төгрөг,

-Урт дэгээ 1.050 ширхэг, 1 ширхэг нь 280 төгрөг, бүгд 294.000 төгрөг,

-богино дэгээ 1.700 ширхэг, 1 ширхэг нь 220 төгрөг, бүгд 374.000 төгрөг,

-түгжээ богино 21.000 ширхэг, 1 ширхэг нь 75 төгрөг, бүгд 1.575.000 төгрөг,

-Тай-20 1.550 ширхэг, 1 ширхэг нь 190 төгрөг, бүгд 294.500 төгрөг,

-Тай 25 400 ширхэг, 1 ширхэг нь 220 төгрөг, бүгд 88.000 төгрөг,

-Тай 60 1.500 ширхэг, 1 ширхэг нь 500 төгрөг, бүгд 750.000 төгрөг, нийт 3.375.500 төгрөгийн бараа материал худалдан авснаас 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 943.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно.

/ХХ-ийн 12-14 дүгээр тал/

 

Хариуцагч Т Констракшн ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-тай түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэх боловч барааг хүлээн авч үйл ажиллагаа явуулан тодорхой хэмжээний түрээсийн болон худалдан авсан барааны үнийг төлж байсан, мөн бараа материалыг 2016 оны 10 дугаар сарын 29, 2016 оны 10 дугаар сарын 30, 2016 оны 11 дүгээр сарын 6, 2016 оны 11 дүгээр сарын 8, 2016 оны 11 дүгээр сарын 9, 10, 11-ний өдрүүд, 2017 оны 3 дугаар сарын 30, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд буцаан хүлээлгэн өгсөн, компанийн тамга ашиглан гэрээ байгуулсан гэх асуудлаар урьд өмнө маргаж, энэ талаараа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй зэргээс үзэхэд хариуцагч талын тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

 

Гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Гэрээний үйлчлэх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл байна гэсэн хэдий ч талууд барааг хүлээлгэн өгч, хүлээн авсан талаархи баримт буй тул гэрээн дэх уг заалт төдийлэн ач холбогдолгүй.

 

Хэргийн 31-34 дүгээр тал дахь буюу гэрээний хавсралт 1, 2-т заасан тоо, хэлбэр, хэмжээний дагуу хариуцагч Т Констракшн ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 7, 8, 18, 19, 21-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн бараа материалын түрээсийн үнийг гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Түрээсийн гэрээний нийт төлбөрийг хавсралт 2-т зааснаар авах бөгөөд уг төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд /дансаар, бэлнээр/ шилжүүлэх ба үүнд нэмэгдсэн өртгийн албан татварын үнэ ороогүй болно гэж заасны дагуу түрээслэгч буюу хариуцагч тал төлөх байжээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т Констракшн ХХК-ийг 23 төрлийн бараа материал эвдэлсэн, уг эвдрэл гэмтлийг засварлахад 4.193.500 төгрөг зарцуулсан гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаархи баримтаа ирүүлээгүй тул уг мөнгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Хариуцагч Т Констракшн ХХК гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч Х ХХК алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувиар алданги төлнө,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн алдангийг тооцов.

/Гэрээний үлдэгдэл төлбөр 62.156.369 төгрөг-4.193.500 төгрөг=57.962.869 төгрөг,

алданги 28.981.434 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/, нийт 86.944.303 төгрөг.

 

Иймд хариуцагч Т Констракшн ХХК-иас 86.944.303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.290.250 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т Констракшн ХХК-тай барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр тул Т Констракшн ХХК нь гэрээний дагуу хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд дээрхи гэрээний улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хариуцагч нь холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч талд 2018 оны 5 дугаар сарын 16, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болно.

 

Хариуцагч Т Констракшн ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул хариуцагч талын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан ба энэ өдрийн хуралдаанд хариуцагч тал ирцтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Т Констракшн ХХК-иас 86.944.303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.290.250 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 624.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Констракшн ХХК-иас 592.671 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН