2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Буянзаяа,   

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 94 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507001570093 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******, ******* тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

*******ийн ******* /РД:*******/

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны оройн 22-23 цагийн хооронд ******* Туулын гүүрний замд дахин согтуугаар ******* улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би тэр өдөр гэр бүлийн хүнтэйгээ муудаад явж байхдаа нэг танилтайгаа таарсан. Тэгээд 1 дүгээр хорооны тэнд байдаг голын дэргэд зогсож байгаад машин дотроо хоёр том пиво уусан. Тэр хүнээс салаад гэртээ харихгүй Тэрэлж ээжийнхээ гэрт очоод амрах санаатай явж байгаад замдаа цагдаад баригдсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох” байр суурьтай. Хавтаст хэргээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, шинжээчийн дүгнэлт /хх 13-15/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 18/, жолоочийн лавлагаа /хх 21/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Баривчлах төвийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний 01/139 дугаартай албан бичиг /хх 48/, шийтгэвэр /49-50/, яллагдагчийн мэдүүлэг /31-32/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны оройн 22-23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.31%/ ******* Туулын гүүрний замд дахин согтуугаар ******* улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******н өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Налайх дүгээр хороонд зүс таних гэх залуутай таараад дэлгүүр орж Нийслэл нэртэй 2 литрийн 2 том пиво аваад бид хоёр ******* улсын дугаартай акуа маркийн аспалтан саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ******* Бааст голын тэнд хоёр том пиво хувааж уусан. Тэгээд пиво ууж дуусчхаад Налайх дүүргийн 4 дүгээр хороо орно намайг хүргээд өгөөч гэхээр нь би бааст гол халиатай болохоор машин явахгүй гэсэн чинь тэр алхаад яваад өгсөн. Тэгээд би Тэрэлж рүү ээжийн дүүгийн гэрт очиж амаръя гэж бодоод ******* Тэрэлжийн гүүр өнгөрөөд Боса дэлгүүрийн тэнд машинтай явж байхад замын цагдаа зогсоогоод хэлтэс рүү авч яваад хэлтэс дээр ирээд намайг драгер багажаар үлээлгэхэд 2.31 хувь гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар тал/

 

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 06 дугаар тал/

 

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/2011 дугаар: “Шинжилгээнд “Б.******* 2025.02.23” гэж хаяглан ирүүлсэн хуруу шилтэй цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 2.9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цасан дахь 2.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 14 дүгээр тал/

4. Эрх бүхий албан тушаалтны жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “...Б.******* (*******)-г согтуурал хэмжих багажаар шалгахад 2.31 хувьтай байсныг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18, 23 дугаар тал/

5. Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн жолоочийн лавлагаа мэдээлэл  /хх-ийн 21 дүгээр тал/

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Баривчлах төвийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/139 дугаар “... овогтой ******* нь  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.2-т заасны дагуу 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсныг биечлэн эдэлж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан болно.” гэх албан бичиг /хх-ийн 48 дугаар тал/,

 

          7. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/389 дугаартай шийтгэвэр /хх-ийн 49-50 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.

 

 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/389 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн боловч 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн дрегер багаж ашиглан шалгахад 2.31 хувийн согтолттой, цусан дахь спиртийн агууламж 2.9 промилли буюу согтолтын хүнд зэрэгтэй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагыг талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах. Дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр буюу 6 хороогоор хязгаарлах саналтай байна. Хэрэгт шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэгт бодит хохирол шаардахгүй тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэм буруугийн талаар маргасан байгаа байдлыг,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэм буруутайд тооцож түүнд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 250 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд урьд тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолж, эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ