| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч М.Сэлэнгэ,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* /цахимаар/,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 66 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507000000064 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* тоотод оршин суудаг,
Урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ял,
- Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн
******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүү 9 настай Ж.*******г гал олж өгөөгүй гэх шалтгаанаар нүүр хэсэгт гараар цохиж дээд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр орой унтаж байхад намайг тийрээд унагаачихсан. Хойноос боогоод байхаар нь тохойлдчихсон. Тэгээд уруул нь цохигдчихсон. Миний тамхийг авчихсан байж магадгүй гэж бодоод тэгсэн” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хүүхдийн биеийн байдал хэвийн сургуулийн үйл ажиллагаандаа бүрэн хамрагдаж байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргийн материалаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан бүртгэл /хх 1/, насанд хүрээгүй хохирогч Ж.*******гийн мэдүүлэг /хх 11/, төрсний гэрчилгээний хуулбар болон мөрдөгчийн тэмдэглэл /хх 12-13/, гэрч М.гийн мэдүүлэг /хх 18/, гэрч М.ын мэдүүлэг /хх 20/, эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх 26-28/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 29-30/, яллагдагч Д.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх 104/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, уг 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нутаг дэвсгэрээр хязгаарлах саналтай байна. Д.*******гийн баривчлагдсан 6 хоногийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар баривчлагдсан 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногтой дүйцүүлэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү 9 настай Ж.*******г “тамхи, архи нэхэж, гал олж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
/хх 104 дүгээр тал/
/хх 11 дүгээр тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.гийн өгсөн: “…Би тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бие өвдөөд дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Тэгсэн чинь манай хүү 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой М.ын гар утсаар залгаад аав намайг зодоод байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагын 7049102 дугаарын утас руу өөрийнхөө гар утсаар залгаад Д.******* хүүхдээ зодоод байна гэж дуудлага өгсөн...Аав намайг хөлөөрөө гэдэс рүү өшиглөөд, нүүр лүү нэг удаа цохисон гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сард хичээлээ хийхгүй байна гээд толгой руу нь гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг,
/хх 18 дугаар тал/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.ын өгсөн: “…2025 оны 02 дугаар сарын 21-ний орой гэртээ ганцаараа байж байхад *******гийн ******* гаднаас ганцаараа уйлчихсан амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд намайг та утсаа өгөөч гэхээр нь би утсаа өгсөн чинь ээжтэйгээ яриад аав намайг цохисон гэж хэлээд утсаа салгаад надад өгсөн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуусан чинь аав намайг тамхи олоод ир гэж хэлээд миний нүүр хэсэг рүү цохисон гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн... Би юу болсон талаар асуусан чинь аав намайг тамхи олоод ир гээд цохисон гэж хэлсэн. Би хэдэн удаа хаашаа нь цохисон талаар асуугаагүй” гэх мэдүүлэг,
/хх 20 дугаар тал/
5. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн НАЛ0725/129 дугаар: “Ж.*******гийн биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хх 29-30 дугаар тал/
6. Согтуурал шалгасан тэмдэглэл,
/хх 3 дугаар тал/
7. Төрсний гэрчилгээний хуулбар болон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл,
/хх 12-13 дугаар тал/
8. Яаралтай тусламжийн хуудас,
/хх 26-27 дугаар тал/
9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх 34-37 дугаар тал/
10. Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ,
/хх 38-40 дүгээр тал/
11. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 43-96 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.******* нь төрсөн хүү болох насанд хүрээгүй хохирогч Ж.*******гийн биед гэмтэл учруулсан нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд зодуулсны улмаас насанд хүрээгүй хохирогчид дээд уруулд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 129 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Ж.*******гийн биед хөнгөн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Д.*******гийн холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар нийт 48 цагийг хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийх ялыг 252 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ