Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01950

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/01950

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 

 

Нэхэмжлэгч: Сонгино Хайрхан дүүрэг 00-р хороо Ө х 00 байр 00 тоотод оршин суух Б овогт Т А /РД: 000/-ын нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо М 0 гудамж 000 тоотод оршин суух Т овогт Д У /РД:000/-д холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний төлбөрт 1,912,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 45,550 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Д.Уг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А би 2014 оны 11-р сарын 30-ний өдөр хүүгүйгээр 1,275,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан.

 

 

 

Гэвч Д.У нь гэрээний үүргээ зөрчиж одоог хүртэл мөнгөө төлөхгүй байна. Гэрээний 3 дахь хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцно гэж заасны дагуу үндсэн зээл болох 1,275,000 төгрөгийн 50 хувь болох алданги 637,500 төгрөг нийт 1,912,500 төгрөгийг хариуцагч Д.У гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч Д.Уг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр хүүхдийн хамт Т.А эзэмшлийн нийтийн байранд нүүж орсон. Манай нөхөр эдний байрны жижүүрээр сард 300,000 төгрөгийн цалинтай орсон, би өөрөө 00-р сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан.

 

Т.А нь манай нөхрийн 2 сарын цалинг өгсөн тэрнээс хойш цалин өгөөгүй, бүтэн нэг жилийн хугацаанд 600,000 төгрөгийн цалин л авсан.

 

 

 

Т.А нь Солонгос улсаас хуучин юм оруулж ирж зардаг түүнээс нь би 255,000 төгрөгийн эд зүйлийг хугацаа заалгүйгээр төлөхөөр худалдаж авсан болохоос энэ хүнээс би бэлнээр нэг ч төгрөг зээлж аваагүй. Би Т.А зээлийн гэрээ байгуулсанаа огт мэдээгүй, гэрээний талаар надад тайлбарлаж өгөөгүй нэг удаа дуудаад энэ баримтан дээр гарын үсэг зур гээд хүчээр зуруулсан.

 

Бид хоёрын хооронд хийгдсэн 2014 оны 11 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу би нэг ч төгрөг Т.А аваагүй гэхдээ баримтанд гарын үсэг зур гээд зуруулсан.

 

 

Т.А нь нийтийн байранд амьдарч байсан айлын түрээсийн мөнгийг манай нөхрийг авч идсэн гэж надаас нэхэх ёсгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

 

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Д.У холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 1,912,500 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

Хариуцагч Т.А нь Д.У зээлийн гэрээгээр мөнгө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1.275.000 төгрөгийг хүүгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан хоёр тал гарын үсэг зурсан байна.

 

 

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

 

 

Зохигчдын хооронд дээрхи зээлийн гэрээний дагуу 1,275,000 төгрөгийг хариуцагч Д.У нь бэлнээр болон дансаар хүлээн аваагүй болох нь нэхэмжлэгч Т.А Эдний нөхөр манай нийтийн байрны галч, жижүүрээр ажиллаж байхдаа айлуудын өгсөн байрны түрээсийн мөнгийг хувьдаа ашигласан, эд зүйл худалдаж авсны үнийг төлөөгүй тул нотариат орж ийм баримт үйлдсэн гэх, хариуцагч Д.У Т.А баримтанд гарын үсэг зур гээд зуруулсан би энэ мөнгийг аваагүй харин Солонгосоос оруулж ирсэн эд зүйлийг зээлээр худалдаж авсан. Манай нөхрийн төлөх мөнгийг би төлөх ёсгүй гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч Т.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 

 

Нэхэмжлэгч Т.А хариуцагч Д.У нарын хооронд зээлийн гэрээний зүйлийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчид зээл шаардах эрх үүсээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Т.А нэхэмжлэлтэй хариуцагч Д.У 1,912,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.А улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 45,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ