2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Анужин,   

улсын яллагч Э.Оюундарь,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 97 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507000000104 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суудаг боловч *******, ******* тоотод оршин суух хаягтай,

Урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/59 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД:/

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж нь 2,75%, цусан дахь спиртийн агууламж нь 2.3%-тай байхдаа Налайх дүүргийн *******, зам дээр “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Ч.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2 шил архи уусан. Миний буруу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох” байр суурьтай. Хавтаст хэргээс 2025 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх 5/, согтолтын зэрэг хэмжсэн драгер багажийн тэмдэглэл /хх 7/,  авто тээврийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх 22/, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/59 дугаартай шийтгэвэр /хх 32-34/,  цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх 21/, гэрч Ц.гийн мэдүүлэг /хх20/,  шүүх шинжилгээний шинжээчийн 2923 дугаартай  дүгнэлт /хх 15-17/,  яллагдагч Ч.*******гийн мэдүүлэг /хх 54/  зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ч.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж нь 2,75%, цусан дахь спиртийн агууламж нь 2.3%-тай байхдаа Налайх дүүргийн *******, зам дээр “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.*******гийн өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн хэрэгцээндээ унаж ашигладаг юм. Тухайн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай найз н. манай гэрт ирж, бид хоёр хамт манай гэрт буюу Налайх дүүргийн ******* тоотод 0,5 литрийн шилтэй архинаас 2 шилийг хувааж уусан ба би тээврийн хэрэгслээ манайхтай ойрхон амьдардаг хүргэн н.ын хашаанд аваачиж тавих гээд н. хажуудаа суулгаад өөрөө тээврийн хэрэгслээ жолоодон хашаанаас гарч явсан. Замд явж байхад машины дугуй хагарсан байхаар нь тээврийн хэрэгслээ замын хажуу руу гаргаж байрлуулж тавьсан. Тухайн үед нэлээн согтуу байсан тул болсон үйл явдлаас өөр зүйл санахгүй байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. 2024 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр тал/

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.гийн өгсөн: “…Тухайн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагт би Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах тоотод байрлах гэрээсээ гараад ойролцоох дэлгүүрийн урд тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаасаа бууж дэлгүүр орох гэсэн чинь ертөнцийн зүгээр баруун талаас цагаан “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай хажуугаар явж өнгөрөөд явган хүний зам даваад жижиг жалга руу орчихсон. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн хойд талын 2 хаалга онгойж хаалганаас нь 2 эрэгтэй хүн унасан. Тэгтэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаа жолооч нь хүчтэй хаазлаад тухайн жалганаас гарч ирээд хүүхдийн тоглоомын саадны хажууд очиж шарваад маш хурдтай өгсөж явж байгаад буцаж бүтэн эргэж нөгөө унагаасан хоёр хүн дээрээ ирээд тэр хоёр хүний бараан хувцастай хүнийг нь машиндаа суулгаад нөгөөхийг нь унасан газар нь үлдээгээд ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж 30-40 метр явж байгаад зогсож хоёулаа машинаасаа бууж ирээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед жолоочийн хаалганаас саарал цамцтай эрэгтэй хүн шал согтуу бололтой гуйвсан гарч ирээд нөгөө залуутайгаа маргалдаад байхаар нь би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуу байна гэж бодоод цагдаагийн байгууллагын 7023102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирж тухайн хүний тээврийн хэрэгслийг үлдээгээд өөрийг нь авч явсан. Би тухайн тээврийн хэрэгсэлд байсан хүмүүсийг танихгүй урьд өмнө харж байгаагүй. Согтуу юм шиг байхаар нь иргэнийхээ үүргийг биелүүлж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед цагдаад дуудлага өгөхдөө тээврийн хэрэгслийнх нь дугаар машины марк зэргийг хэлж байсан. Одоо бол сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх 10 дугаар тал/

 

3. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх 4 дүгээр тал/

 

4. Согтолтын зэрэг хэмжих драгер багажаар хэмжиж үзсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 7 дугаар тал/

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГО0325/2923  дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “******* эр” гэж хаягласан цуснаас 2.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-17 дугаар тал/

 

6. Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн “... “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч ******* *******...” гэх лавлагаа, /хх-ийн 22 дугаар тал/,

 

7. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/59 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 32-34 дүгээр тал/,

8. Жолоочийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.

 

 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.******* нь Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/59 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн боловч 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн дрегер багаж ашиглан шалгахад 2.75 хувийн согтолттой, цусан дахь спиртийн агууламж 2.3 промилли буюу согтолтын дунд зэрэгтэй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагыг талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх, согтууруулах ундаа мансууруулах бодисын  зүйлсийг  энэ хугацаанд хэрэглэхгүй байхыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацаагүй.  Хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гартал хэвээр үргэлжлүүлэх мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн  зардалгүй эд мөрийн баримтаар хураан авагдсан зүйлгүй” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэгт бодит хохирол шаардахгүй тул шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэм буруугийн талаар маргасан байгаа байдлыг,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэм буруутайд тооцож түүнд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 250 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ч.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Ч.*******д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/59 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолж, эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ч.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.*******д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ