Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/395

 

 

 

Ц.Цад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Цад холбогдох эрүүгийн 2103000000015 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.............., 19...... оны ...... дугаар сарын ............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ......... дүүргийн .......... дугаар хороо, ...........дугаар гудамжны ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;

Ц.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 4 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингаравын замд “Тоёота Рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэл ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Б.Эрдэнэчулууны жолоодож явсан “Тоёота Приус-20” маркийн 38-80 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Эрдэнэчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Т.Ариунзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..................ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Цад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах гэм хорын хохирлын болон нотлох баримтаар нотлогдож ирүүлээгүй зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Ц.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ туйлын их харамсаж, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, мөрдөн байцаах явцад хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж ямар нэгэн хүндрэл учруулаагүй. Өндөр настай ээж болон дүүгийн хамт амьдардаг бөгөөд ганцаараа ажил хийж ээж, дүү хоёртоо тус дэм болдог байсан. Цаашид ээж, дүү хоёр минь хүнд байдалд үлдсэн. Өмнө нь би гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй. Энд хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгосон бөгөөд дахин гэмт хэрэг болон зөрчил гаргахгүй гэдгээ амлаж байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд миний дээрх хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв тогтвортой мэдүүлдэг ба хийсэн үйлдэлдээ маргадаггүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй болно. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.Ц нь эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг ба тэрээр автомашин засвар хувиараа ажиллуулан хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэж, гэр орныхоо амьжиргааг залгуулдаг байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагуудыг шүүгдэгч Ц.Цын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж хангаж байгаа бөгөөд дээрх хуулийн заалтыг хэрэглэхэд хуулиар хориглосон нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймээс шүүгдэгч Ц.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгалд орж нэг хүний биед хөнгөн, нэг хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирол төлбөрөө барагдуулсан боловч Ц.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Цад холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын замд 2020 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 4 цаг 30 минутын үед “Тоёота Рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэл ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Б.Эрдэнэчулууны жолоодож явсан “Тоёота Приус-20” маркийн 38-80 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Т.Ариунзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад  нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, магадлалын үндэслэл болгов. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Т.Ариунзаяагийн “...Цэрэнбатын машинд орж суухад Ихбаяр буугаад машиндаа суухдаа өөр газар очиж зогсоё гээд хөдлөөд араас нь Цэрэнбат машинтайгаа хөдлөөд засмал руу ороод хурдлаад явахаар нь хурдаа багасга гэж хэлэхэд тоохгүй Ихбаярын машиныг гүйцээд явж байгаа харагдсан, тэгээд тас түс гээд хүчтэй чимээ гарч осол болсон. Сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан.”[1] гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулууны “...Би “Тоёота Приус-20” маркийн 38-80 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон Дүнжингаравын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд замын 1 дүгээр эгнээнд явж байхад өөдөөс нэг машин эсрэг талын 2 дугаар эгнээнд явж байгаад гэнэт өөдөөс чиглэж ирээд эгц урдаас мөргөсөн. Осол болох үед хэсэг шоконд орж машин хажуу тийшээ шарваад замын хажуу руу гарч хөндлөн зогсохоор нь утсаараа цагдаа болон түргэн тусламжийн байгууллагад мэдэгдсэнээс хойш 20 минут орчмын дараа түргэний эмч ирж намайг машинаас буулгаад шууд эмнэлэг рүү авч явсан. ...”[2] гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Пүрэвжаргалын “...2.5 литрийн савлагаатай 3-4 пиво болон нэг шил 0.5 граммын  архи гаргаж хувааж уугаад шөнө гараад Цэрэнбат замаараа нэг байрны гаражаас машинаа унаж гарч хээр очиж зогсоод хэсэг байж байгаад Ариунзаяа гэртээ харихаар болж Цэрэнбатын машинд  суугаад үлдэгдэл пиво уугаад салцгаасан. Маргааш нь Ариунзаяа руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба дараа нь холбогдож ярихад аваарт орсон гэдгээ хэлсэн. ...”[3] гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 233 дугаартай “...Т.Ариунзаяагийн биед баруун түнхний үений мултрал, духны шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.”[4] гэх,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 232 дугаартай “...Б.Эрдэнэчулууны биед тархи доргилт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.”[5] гэх дүгнэлтүүд,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “...“Тоёота Рав 4” маркийн 57-15 УАН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн. ...”[6] гэх магадлагааг тус тус нотлох баримтад тооцлоо.

Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 110/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Цыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Цын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэл ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Б.Эрдэнэчулууны жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Эрдэнэчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Ариунзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд: ... Ц.Цыг “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэж тогтоосон боловч тухайн хэргийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах”, 11 дэх хэсгийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс Ц.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул ял оногдуулахад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Ц.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 

 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ

 

 

[1] /хх 42-43/

[2] /хх 46-47/

[3] /хх 56-57/

[4] /хх 84-85/

[5] /хх 89-90/

[6] /хх 94-95/