Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/03808

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/03808

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххх, А Монгол ХХК-ийн /РД: хххххххххххххх/,

Хариуцагч: ххххххххххххххтоот, В Девелопмент ХХК-д /РД:ххххххххххх/ холбогдох

150.468.000 тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дөлгөөн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А Монгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А Монгол ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14-4/31 тоот, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 15-4/7 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж 180.420.000 төгрөгийн бетон зуурмагийг хариуцагч В Девелопмент ХХК-д нийлүүлсэн.

Худалдагч болох А Монгол ХХК нь гэрээнд заасан чанар, стандартын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх үүрэгтэй ба 1 м3 М250 маркийн бетон 206.000 төгрөг, 1 м3 М300 маркийн бетон 229.000 төгрөг, 1 м3 М150 маркийн бетоныг 138.000 төгрөгөөр нийлүүлсэн ба худалдан авагч В Девелопмент ХХК нь гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.

Хариуцагч В Девелопмент ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 27.154.100 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 162.000 төгрөг, нийт 107.334.100 төгрөгийг төлсөн.

Од ХХК-д ажилчдын байрны урьдчилгаанд өгөх 27.154.100 төгрөгийг хариуцагч В Девелопмент ХХК нь тус компанид төлсөн болно.

В Девелопмент ХХК-тай байгуулсан дээрхи 2 гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Захиалагч нь нийлүүлэгчид төлөх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 30-ны дотор, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны дотор захиалагч талд бүрэн төлнө гэж заасан.

Хариуцагч талын ирүүлсэн баримтаас үзэхэд В Девелопмент ХХК-ийн тодорхой хувийн хувьцааг Гангар инвест ХХК эзэмшдэг юм шиг байгаа юм. Хариуцагч тал 72.518.900 төгрөгийн төлбөртөө Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Батлан хамгаалахын сургууль орчимд Гангар инвест ХХК-ийн барьсан 3 өрөө орон сууцыг авахыг санал болгосон ба манай компани уг байрны чанар, өрөөний зохион байгуулалт, орон сууцны талбайн үнэ зэрэгтэй холбоотой уг байрыг төлбөртөө аваагүй болно.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрхи 2 гэрээний дагуу төлөх бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 100.258.000 төгрөг, алданги 50.210.000 төгрөг, нийт 150.468.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь Од ХХК-д төлбөрийг төлсөн тул үндсэн төлбөрөөс уг мөнгийг хасаад 73.085.900 төгрөг, алданги 36.542.950 төгрөг, нийт 109.628.850 төгрөгийг хариуцагч В Девелопмент ХХК-иас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 40.839.10 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байгаа гэв.

 

Хариуцагч В Девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бат-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компанийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах их сургууль орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4/31 тоот, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 15-4/7 тоот 183.232.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг худалдах, худалдан авах тухай гэрээг А Монгол ХХК-тай байгуулсан ба нийт 178.889.636 төгрөгийн бетон зуурмаг худалдан авсан.

Гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр буюу байгууллага хоорондын дансаар, түүнчлэн А Монгол ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 14-2-90 тоот албан хүсэлтийг үндэслэн 27.334.100 төгрөгийг Од ХХК-д төлөх өглөгийн дүнгээс хасан тооцуулж нийт 107.334.100 төгрөгийг А Монгол ХХК-д төлж барагдуулсан.

Манай компанийн хувьд нийт 178.889.636 төгрөгийн бетон зуурмаг худалдан авсан төдийгүй 107.334.100 төгрөгийг бүрэн төлж 71.555.536 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож шийдвэрлэсний дагуу орон сууцаар орлуулан төлж барагдуулахаар 51.42 м.кв орон сууцыг хувь нийлүүлэгдчийн хурлын шийдвэрээр олгосон байдаг.

Иймд нэхэмжлэлд дурьдсан үлдэгдэл төлбөр 100.258.000 төгрөг, алданги 50.210.000 төгрөг, нийт 150.468.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй ба 71.555.536 төгрөгийг 2 талын харилцан тохиролцсоноор орон сууцаар орлуулан төлж барагдуулах саналтай байна гэжээ.

 

 

Хариуцагч В Девелопмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А Монгол ХХК-йн нэхэмжлэлтэй хэрэгт 2014 оноос хойш манай компанид бетон зуурмаг нийлүүлсэн баримтыг гарган өгчээ. Эдгээр баримтуудыг санхүүгийн хувьд хүчинтэй баримтууд гэж үзэхгүй ба 2 талаас тооцоо нийлсэн акт гарч хүчин төгөлдөр болно. Зарим баримтуудад гарын үсэг зурагдаагүй байна.

Манай компани 2015 оны 2 дугаар сард А Монгол ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээний тооцоог нийлж дуусгасан ба нийт 80.000.000 төгрөг бэлнээр, мөн Од ХХК-д 27.154.100 төгрөг А Монгол ХХК-ийн өмнөөс төлсөн.

Дээрхи 2 гэрээний дүн 183.232.000 төгрөг ба манайх 178.889.636 төгрөгийн бетон зуурмаг хүлээж авсан. Манай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарч эднийд үлдэх төлбөртөө Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороон дахь Гангар Инвест ХХК-ийн барьсан барилгыг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд байр нь байгаа гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А Монгол ХХК нь хариуцагч В Девелопмент ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150.468.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 100.258.000 төгрөг, алданги 50.210.000 төгрөг/

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрхи гэрээний үндсэн төлбөрт 73.085.900 төгрөг, алданги 36.542.950 төгрөг, нийт 109.628.850 төгрөгийг нэхэмжилсэн ба 40.839.150 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч А Монгол ХХК нь хариуцагч В Девелопмент ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч А Монгол ХХК нь худалдан авагч В Девелопмент ХХК-д м250 маркийн бетон зуурмаг 270 м3-ыг, 1м3-ыг нь 206.000 төгрөгөөр, м300 маркийн бетон зуурмаг 502 м3-ыг, 1м3-ыг нь 229.000 төгрөгөөр, нийт 170.578.000 төгрөгийн барааг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу нийлүүлэхээр,

худалдан авагч бүтээгдэхүүний үнийг гэрээний 3.3-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохирчээ.

/ХХ-ийн 5-10, 90-95 дугаар тал/

 

Мөн дээрхи гэрээний талууд дахин 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч А Монгол ХХК нь худалдан авагч В Девелопмент ХХК-д м300 маркийн бетон зуурмаг 42 м3-ыг, 1м3-ыг нь 229.000 төгрөгөөр, м150 маркийн бетон зуурмаг 22 м3-ыг, 1м3-ыг нь 138.000 төгрөгөөр, нийт 12.654.000 төгрөгийн барааг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу нийлүүлэхээр,

худалдан авагч бүтээгдэхүүний үнийг гэрээний 5.4-т зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр, мөн гэрээний 6.2-т зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алданги төлөхөөр харилцан тохирчээ.

/ХХ-ийн 11-14, 96-99 дүгээр тал/

 

Дээрх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ бүрт талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

/ХХ-ийн 5-14, 90-99 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч А Монгол ХХК нь гэрээ ёсоор хариуцагч В Девелопмент ХХК-д бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн хэмээн баримтуудыг ирүүлжээ.

/ХХ-ийн 19-80 дугаар тал/

 

Хариуцагч буюу худалдан авагч В Девелопмент ХХК нь дээрхи 2 гэрээний дагуу худалдан авсан барааны үнэд 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр, мөн нэхэмжлэгчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14-2-90 тоот хүсэлтийг үндэслэн Од ХХК-д 27.154.100 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 162.000 төгрөг, нийт 107.334.100 төгрөг төлсөн гэж хэн аль нь кассын орлогын болон зарлагын баримт, төлбөрийн даалгавар, тус бүрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн байна.

Хариуцагч В Девелопмент ХХК нь барааны үнэд төлсөн мөнгөний талаар маргаагүй бөгөөд гагцхүү үлдэх төлбөрийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ Амгалан хорооллын 520 дугаар байрны 51.42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нийт 86.899.800 төгрөгт тооцон бартерийн нөхцлөөр төлөх хүсэлтэй гэж тайлбарласан ба хүлээн авсан барааны чанартай холбоотой маргаагүй болно.

/ХХ-ийн 15-16, 86-89, 100-104, 112-116, 117-120 дугаар тал/

 

Нэхэмжлэгч А Монгол ХХК нь хариуцагч В Девелопмент ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ Амгалан хороолол дахь 3 өрөө орон сууцыг гэрээний дагуу төлөх төлбөртөө тооцохыг санал болгож байсныг үгүйсгээгүй бөгөөд гагцхүү уг байрны чанар, зохион байгуулалт, орон сууцны талбайн үнэтэй холбоотойгоор хүлээн зөвшөөрөөгүй гэж тайлбарласан бөгөөд уг орон сууц нь одоо хариуцагч талд байгаа хэмээн хариуцагч тайлбарласан болно.

 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 6.2-т Захиалагч нь нийлүүлэгчид төлөх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алданги төлнө гэж тус тус заасан бөгөөд худалдан авагч В Девелопмент ХХК гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

 

Хариуцагч В Девелопмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 талаас тооцоо нийлсэн акт гараагүй тул бетон зуурмаг хүлээлгэн өгсөн гэх баримтууд санхүүгийн шаардлага хангаагүй гэж байгаа боловч 72.518.900 төгрөгийг уг 2 гэрээний үлдэгдэл төлбөрт төлөхтэй холбоотой маргахгүй гэж тайлбарласан болно.

/ХХ-ийн 15, 16 дугаар тал/

 

Хариуцагч В Девелопмент ХХК худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул дээрхи 2 гэрээний дагуу нэхэмжлэгч буюу худалдагч А Монгол ХХК алданги тооцсон нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч В Девелопмент ХХК нь нийт 180.420.000 төгрөгийн бараа худалдан авч гэрээний төлбөрт 107.334.100 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр нь 73.085.900 төгрөг болох нь талуудын шүүхэд ирүүлсэн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан болон харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 16, 88-89, 112-115 дугаар тал/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн алдангийг тооцов.

/Барааны үнэ 73.085.900 төгрөг,

Алданги 36.542.950 төгрөг,

Нийт 109.628.850 төгрөг.

 

Иймд хариуцагч В Девелопмент ХХК-иас 109.628.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Монгол ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан ба хариуцагч тал 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй буюу төлбөр төлөхтэй холбоотой 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 52 тоот хүсэлтийг нэхэмжлэгч талд гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэгч талын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болохыг дурьдлаа.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч талд 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр, хариуцагч байгууллагын захирал Л.Бат-Амгаланд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагч талд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацааг олгох үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч В Девелопмент ХХК-иас 109.628.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Монгол ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А Монгол ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 910.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В Девелопмент ХХК-иас 706.095 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Монгол ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН