| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/1247/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1439 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************** овогт **************н **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510015190532 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, авга ахын хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Баянхошууны * дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн * дугаар хорооны Баялаг хотхоны ***** тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:******************/, ************** овогт **************н **************.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************** нь 2025 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************** дэлгүүрийн хаалгыг эд зүйлээр цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр хагалж бага хэмжээнээс дээш буюу 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт “ Тэр дэлгүүрийг ажиллуулдаг ************** бид хоёр багийн найзууд бөгөөд сүүлдээ бид хоёр мөнгөнөөс болж маргалдсан байсан юм. Уг нь би тухайн үед дэлгүүрийн хаалганы шилийг нь хагалъя гэж бодоогүй юм. **************тай уулзах гээд очсон чинь хаалгаа онгойлгохгүй байхаар нь гартаа авч явж байсан өвөөгийнхөө бурхнаар дэлгүүрийнх нь шилэн хаалгыг цохисон чинь хагарчихаар нь нэмж хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд улам их хагалчихсан юм. Би тухайн үед бага хэмжээний согтуу байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулах гэсэн боловч дансаа өгөхгүй байхаар нь дэлгүүр рүү нь очиж дансыг нь хүнээр авхуулаад өнөөдөр өдөр хохирлоо шилжүүлсэн.” гэв.
Гурав: Эрүүгийн 2510015190532 дугаартай хэргээс.
Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг тоглуулж эхлүүлэхэд 01 дэх секундэд хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн куртиктэй хүн дэлгүүрийн хаалганы урд зогсож байсныг харуулав. 05 дахь секундэд хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн куртиктэй хүн дэлгүүрийн хаалганы шилийг хөлөөрөө удаа дараа өшиглөж хагалж байсныг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч **************ийн өгсөн: “Би “**************” групп ХХК-ний ерөнхий менежерээр ажилладаг ба манай байгууллагын “**************” хүнсний дэлгүүрт 2025 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагт дэлгүүрээ хаагаад байж байтал эхнэрийн найз болох ************** дэлгүүрийн гадаа цоожтой хаалга татаад зогсож байсан. Тэгээд би хоёр худалдагч охиндоо цаанаас түлхүүр аваад ир гэж хэлэх хооронд ************** гартаа барьж байсан шармал бурхнаар шилэн хаалга цохиж хагалаад араас нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж дэлгүүрийн хаалгаар ороод ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай эхнэр **************ийн удаан найзалж байгаа найз нь ба ойрын хэдэн жил ойр дотно байхаа больсон. Тухайн өдөр ямар шалтгааны улмаас орж ирснийг сайн мэдэхгүй байгаа ч орж ирээд хэл амаар доромжилж байгаад гараад явсан...Үнэлгээгээр тогтоогдсон 710,000 төгрөгийг **************аас авах хүсэлтэй байна. Мөн хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
“Гранд Ассет Валью” ХХК-ийн “шилэн хаалганы үнэлгээ 710.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-36 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **************ын өгсөн: “Тус өдөр би гэртээ архи согтууруулах ундааны зүйл буюу 1 шил сөжү 1 лаазтай шар айраг уугаад найз **************ийн түрээсэлдэг гэх Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**************” дэлгүүр дээр шөнө 00 цагийн орчимд очсон. Намайг очиход дэлгүүрийн хаалгыг түгжсэн дотор нь Т.************** хоёр ажилчинтайгаа зогсож байсан. Тэгээд эхлээд хаалгыг нь тогшиход онгойлгож өгөхгүй байсан тул гартаа барьж байсан шармал бурхнаар хоёроос гурав орчим шилэн хаалгыг цохиж хагалчхаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд шилэн хаалгыг эвдэлж дотогш орсон. Дэлгүүр дотор ороод **************д дамжуулж хэлээрэй гээд хэдэн үг хэлчхээд дэлгүүрээс буцаад гараад явсан. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Би найз **************тэй уулзахаар очиж шилэн хаалгыг хагалж дотогш орсон юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ************** нь согтуугаар 2025 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**************” дэлгүүрийн шилэн хаалгыг эд зүйлээр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хагалж бага хэмжээнээс дээш буюу 710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч **************ийн өгсөн: “...эхнэрийн найз болох ************** дэлгүүрийн гадаа цоожтой хаалга татаад зогсож байсан. Тэгээд би хоёр худалдагч охиндоо цаанаас түлхүүр аваад ир гэж хэлэх хооронд ************** гартаа барьж байсан шармал бурхнаар шилэн хаалга цохиж хагалаад араас нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж дэлгүүрийн хаалгаар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), “Гранд Ассет Валью” ХХК-ийн “шилэн хаалганы үнэлгээ 710.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-36 дахь тал) үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн **************ын яллагдагчаар өгсөн: “...эхлээд хаалгыг нь тогшиход онгойлгож өгөхгүй байсан тул гартаа барьж байсан шармал бурхнаар хоёроос гурав орчим шилэн хаалгыг цохиж хагалчхаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд шилэн хаалгыг эвдэлж дотогш орсон. Дэлгүүр дотор орчхоод **************д дамжуулж хэлээрэй гээд хэдэн үг хэлчхээд дэлгүүрээс буцаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
“Смарт” дэлгүүрийн шилэн хаалгыг хагалсан нь шүүгдэгч **************ын эд зүйлээр цохих, хөлөөрөө өшиглөсөн санаатай үйлдлийн улмаас үүссэн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 710.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хяналтын прокуророос шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч **************ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгчээс 710.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ган-Эрдэнийн данс руу 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн Хаан банкны цахим гүйлгээний мэдээллийн баримт гаргасныг үндэслэн бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч **************ыг “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
**************ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой боловч хэргийн байдлаас үзэхэд түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” юм.
Иймд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “**************ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан 710.000 төгрөгийн хохиролоо нөхөн төлсөн, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй юм.
**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж байна.
************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************** овогт **************н **************ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. ************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ