| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/1162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1399 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************** овогт **************гийн **************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510003230269 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 9 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, 45 дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*************/, ************** овогт **************гийн **************.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “**************” караокены гадна **************тай маргалдаж улмаар түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 2 дугаар хурууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ “Би тухайн хүний цээж, нуруу руу хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нүүр хэсэгт нь бол цохиогүй. Камерын бичлэгийг авах гэсэн боловч хохирогчийн найз охин тус буудалд ажилладаг учраас бичлэг устчихсан байсан.” гэв.
Гурав: Эрүүгийн 2510003230269 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ийн өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 04:00 цагийн үед би “CU” орох гээд хүн хүлээгээд “**************” гэх караокены үүдэнд зогсож байсан. **************гын үүдэнд 2 эмэгтэй, 2 эрэгтэй зогсож байсан. Нэг залуу нь ирээд машинаа холдуулчих гэсэн. Миний машин ямар ч машин таглаж тавиагүй байсан. Тэгээд би уучихсан байсан болохоор машинаа барьж болохгүй гэдгээ учирлаад хэлтэл нөгөө залуу чи ямар пээдгэр бацаан бэ ахын дүү машины холдуул гэж хэлсэн. Миний машины хойд талын машин нь таглаад тавьчихсан байна, тэр машин руугаа залга гээд хэлтэл утсаа авахгүй байна гээд над руу уурлаад байсан. Тэгээд над руу наалдаад тулаад духаараа ойртоод байсан болохоор нь би унагаах гээд хавирсан. Тэгтэл тэр хүн унаагүй. Тэгээд хажууд нь байсан эмэгтэйтэй нийлээд намайг цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэйг нь түлхсэн чинь цаанаас нь нэг залуу ирээд намайг унагаагаад дөрвүүлээ нийлээд миний дээрээс дэвссэн. Тэгээд нэлээн дэвсээд би болиоч ээ гэхэд зогсохгүй байсан. “**************” дотор байсан хамгаалагч хүмүүс гарч ирээд салгасан. Тэгээд би шууд цагдаа руу залгасан...Би хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ын өгсөн: “Би тухайн үед эхнэр, хүүхэд, манай эхнэрийн дүү охин, мөн түүний найз залуутай хамт 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмүүн” буудал гэх газраас гараад машин руугаа явсан. Тэгээд тухайн буудлын хажуу талын зогсоол дээр байсан манай эхнэрийн машиныг зогсоол дээрээс би унаад гаргах гэтэл миний ард талд зогсоолын гарц хаагаад тавьсан цагаан өнгийн “crown” машин зогссон байсан. Би машинаа унаад ухраад явах гэтэл нөгөө машины эзэн машиныхаа гадна жолоочийнхоо хаалгыг онгойлгосон байдалтай цаашаа бөхийсөн байдалтай байж байсан. Тэгээд би машинаа холдуулаач гээд хэлэхэд нөгөө хүн чадахгүй би та нарын ажилтан уу янхны ал минь гэж манай эхнэр эхнэрийн дүүг тэгж хэлсэн. Тэгээд би машинаасаа буугаад тухайн хүний цагаан өнгийн “crown” машин дээр очиход 25-35 насны туранхай 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн ганцаараа байсан. Тэгэхээр нь машинаа холдуулаач гээд хэлэхэд нөгөө хүн миний урдаас намайг ална гээд байхаар нь тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд нөгөө эрэгтэй хүн над дээр шууд ирээд миний зүүн гарын гадна куртикны ханцуйнаас бариад намайг унагаах гэж оролдсон. Тэгээд би унаагүй цаашаа гээд түлхэх үед миний ард байсан манай охин уйлахаар нь би охин руугаа эргээд явж байх үед нөгөө залуу миний зүүн гар талд зогсож байсан манай эхнэрийн дүү **************ийг нөгөө залуу шууд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед манай эхнэрийн дүүгийн найз залуу болох ************** нь найз охиноо өмөөрөөд тухайн залуутай ноцолдож зууралдсан нэг харахад нөгөө согтуу залуу газар хэвтсэн. ************** нөгөө залуугийн цээж хэсэг рүү нь миний харахад 1-2 удаа өшиглөж байсан. Тэгээд би хүүхдээ уйлаад байхаар нь машинд суулгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн эргээд нөгөө зодоон болж байгаа газар руу очих үед тухайн хоёр охин хоёр тийшээ салсан байсан. Түүнээс хойш ямар ч зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ийн өгсөн: “Тухайн өдөр манай нөхөр болон охин дүү дүүгийн найз залуу, бид хэд Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмэн Таур” гэх буудлаас гарсан. Тэгээд тухайн буудлын гадаах машины зогсоол дээр байрлуулсан байсан машиндаа суух гэж байхад машины гарах гарцыг цагаан өгийн “crown” машин хаагаад зогссон байсан. Тэгээд тухайн машины жолооч машиныхаа гадаа зогсож байгаад машинаа түгжээд цааш явах үед нь манай нөхөр “чи машинаа холдуулаач” гэхэд нөгөө машины жолооч цаанаас “юу гээд байгаа пизда вэ” гээд ирсэн. Манай нөхрийн шилэн хүзүүнээс нь шууд зуураад авсан. Тэгээд манай нөхрийг баруун хөлөөрөө дэгээдэх үед манай нөхөр унаагүй тогтсон. Тэгээд манай нөхөр өөрөөсөө түлхээд холдуулах үед манай эмэгтэй дүү наад талд зогсож байсан. Тухайн үед манай дүү “болиоч ямар муухай залуу вэ” гэж хэлээд салгах гээд очих үед нөгөө залуу шууд манай дүүгийн хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед манай дүүгийн найз залуу нь машиныхаа ард талд юм хийж байгаад шууд хараад найз охин дээрээ хүрч ирсэн. Тэгээд нөгөө залуутай манай дүүгийн найз залуу “чи муу яасан даварсан гар вэ, эмэгтэй хүн цохилоо” гэж хэлээд араас нь хөөцөлдсөн. Тухайн машины залуу нь гүйж байгаад замын хажуу талын бордюр руу дагзаараа саваад унасан. Тухайн үед цас орж байсан халтиргаа их байсан. Тэгээд манай дүүгийн найз залуу унангуут нь тухайн хүний гэдэс рүү нь 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал)
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1068 дугаартай “**************ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
6. Хохирогч **************ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаархи баримт (хавтаст хэргийн 54-55 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **************ийн өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**************” караокены дотроос би ах, эгч, найз охин, эгчийн хүүхдийн хамт 4 давхраас бууж явах замд доод талын 1 давхарт нь “Тэлмүүн” буудлын угтах үйлчилгээн дээр нь байдаг охинтой хамт тухайн **************гэх залуу согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн байсан хүн хамт зогсож байсан бөгөөд хажуугаар нь бид хэд гараад явсан. Тэгээд 04 цагийн үед манай найз охин, эгч, ах нарын хамт өөрийн машинаар гэртээ харих гээд машинаа халааж байх үед өөр хүмүүс машин таглаад гарах боломжгүй зогссон байсан. Тухайн машинуудын жолооч руу залгахад утсаа авахгүй байж байх үед буудлаас **************гэх залуу ганцаараа гарч ирээд өөрийн машинаа асаагаад байсан. Тэгээд удалгүй араас нь найз охин нь гарч ирээд тухайн хоёр хүн цаашаа хамт явсан. Тэгээд манай ах болох ************** нь **************т хандаж машинаа холдуулаад өгөөч гээд хэлэхэд нөгөө залуу нь чадахгүй би чиний ажилтан уу гэж хэлээд найз охины хамт машинаа орхиод цааш явсан. Тэгэхээр нь манай ах, **************гэх хүний ардаас нь орилоод машинаа холдуулаад өгөөч гэж хэлчхээд өөрийн машин руугаа явсан. Тэгэхэд **************гэх хүн буцаж ирээд манай ахтай муудалцаад манай ахыг хөлөөрөө хавирч үзсэн. Манай ах унаагүй байж байтал эгч ************** нь орилоод хашхираад намайг дуудсан. Би яваад очтол манай найз охин болох ************** нь цохиулсан байдалтай нүүрээ дараад сууж байсан. Тэгэхээр нь би шууд гүйж очоод **************тай барьцалдаж зууралдаад эхэндээ бид бие биеэ оноогүй хий цохиж байсан. Мөн гадаа дөнгөж нойтон цас орсон байсан. Тэгээд **************цасан дээр халтираад газар унахаар нь би тухайн хүний цээж болон нуруу хэсэг рүү 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөж дэвссэн. Харин өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал)
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
************** нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “**************” караокены гадна **************тай маргалдаж “эмэгтэй хүн цохилоо” гэх шалтгаанаар түүнтэй барьцалдаж, цохиж, газарт унахад нь дэвсэж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хурууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), хохирогч **************ийн өгсөн: “...би уучихсан байсан болохоор машинаа барьж болохгүй гэдгээ учирлаад хэлтэл нөгөө залуу чи ямар пээдгэр бацаан бэ ахын дүү машины холдуул гэж хэлсэн. Миний машины хойд талын машин нь таглаад тавьчихсан байна, тэр машин руугаа залга гээд хэлтэл утсаа авахгүй байна гээд над руу уурлаад байсан. Тэгээд над руу наалдаад тулаад духаараа ойртоод байсан болохоор нь би унагаах гээд хавирсан. Тэгтэл тэр хүн унаагүй...намайг цохиод эхэлсэн...миний дээрээс дэвссэн. Тэгээд нэлээн дэвсээд би болиоч ээ гэхэд зогсохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч **************ын өгсөн: “...нөгөө эрэгтэй хүн над дээр шууд ирээд миний зүүн гарын гадна куртикний ханцуйнаас бариад намайг унагаах гэж оролдсон. Тэгээд би унаагүй цаашаа гээд түлхэх үед миний ард байсан манай охин уйлахаар нь би охин руугаа эргээд явж байх үед нөгөө залуу миний зүүн гар талд зогсож байсан манай эхнэрийн дүү **************ийг нөгөө залуу шууд толгой хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед манай эхнэрийн дүүгийн найз залуу болох ************** нь найз охиноо өмөөрөөд тухайн залуутай ноцолдож зууралдсан нэг харахад нөгөө согтуу залуу газар хэвтсэн. ************** нөгөө залуугийн цээж хэсэг рүү нь миний харахад 1-2 удаа өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), гэрч **************ийн өгсөн: “...нөгөө залуутай манай дүүгийн найз залуу “чи муу яасан даварсан гар вэ, эмэгтэй хүн цохилоо” гэж хэлээд араас нь хөөцөлдсөн. Тухайн машины залуу нь гүйж байгаад замын хажуу талын бордюр руу дагзаараа саваад унасан. Тухайн үед цас орж байсан халтиргаа их байсан. Тэгээд намай дүүгийн найз залуу унангуут нь тухайн хүний гэдэс рүү нь 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1068 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), Хохирогч **************ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаархи баримт (хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар **************ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөн гадаа дөнгөж нойтон цас орсон байсан. Тэгээд **************цасан дээр халтираад газар унахаар нь би тухайн хүний цээж болон нуруу хэсэг рүү 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөж дэвссэн. Харин өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хэргийн хохирогч **************ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь “эмэгтэй хүнийг цохилоо” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж улмаар барьцалдаж газарт унагаж, цохих, дэвсэх зэргээр хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хурууны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос **************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч **************ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч ************** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримт хэрэгт гаргаагүй байх бөгөөд “...Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэж мэдүүлсэн байна. Шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчид удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудсаар дуудсан боловч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй.
Иймд хохирогч ************** нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.
**************т үзүүлсэн яаралтай тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 196.380 төгрөгийн зардал гарсан болох нь (хавтаст хэргийн 87 дахь тал)-д авагдсан баримтаар тогтоогдсон.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба мөрдөгч, прокуророос иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоогоогүй байна.
Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч **************т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч ************** цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************** овогт **************гийн **************ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч **************т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт ************** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ