| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/1248/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1433 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Б.Гантулга /томилолтоор/
шүүгдэгч *************,
хохирогч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************* овогт *************ын *************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508014740543 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Зээлийн *** дугаар гудамжны *** тоотод оршин сууж байгаа, урьд нь 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /РД:************* /, ************* овогт *************ын *************.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************* нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн *** дугаар гудамжны *** тоотод хохирогч *************тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зүүн өгзөг хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, булчин завсрын цусан хураа бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хэргийн зүйлчлэл гэм буруугийн маргах зүйлгүй. Хохирлыг ажлаа хийж байгаад нөхөн төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************* мэдүүлэхдээ “2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ************* гэх залуутай таараад гэрт нь очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд ************* болон түүний хоёр найзтай нь таарч согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн. Тэгсэн чинь *************, ************* нар маргалдаад хоорондоо зодолдох юм болсон. ************* сүх бариад *************ыг цохих гэхэд нь би *************ын гараас сүхийг нь аваад гаргаад шидчихсэн юм. Тэгсэн чинь араас ************* намайг хутгалсан. Би ухаан алдаад уначихсан. Нэг мэдсэн чинь *************ы гэрт түргэний эмч ирчихсэн байсан тэгээд надад оёдол тавьж өгөөд түргэний машинаараа намайг манай гэрт хүргэж өгсөн. Тухайн үед ************* бид хоёрын дунд маргасан зүйлгүй. ************* намайг эмчилгээндээ хэрэглээрэй гээд 600,000 төгрөг өгсөн бөгөөд цуг явж би томографи хийлгэсэн. Одоо биеийн байдлын хувьд бол шарх авсан газраас ногоон өнгийн зүйл шүүрээд байгаа. Хутгалагдсанаас болоод би ажлаа хийж чадахгүй байсан учраас банкны зээлээ төлөхийн тулд өөрийн амьдарч байсан гэрийг 3.500.000 төгрөгөөр зарсан. *************т гомдол бол байхгүй.” гэв.
Гурав: Эрүүгийн 2508014740543 дугаартай хэргээс.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-07 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *************гийн өгсөн: “Би өөрийн найз болох *************ын гэрт 2025 оны 02 дугаар сарын 26-ны 16 цагийн үед очсон юм. Гэтэл үл таних 2 эмэгтэй байсан ба араас ************* гээд танил маань орж ирсэн юм. Тэгээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтчихсон байсан. Тэгээд байж байтал ************* ************* хоёр муудалцаад ************* агсраад сүх бариад ************* руу дайрахаар нь би сүхийг нь булааж аваад үүд рүү нь шидчихээд гэрийнх нь хаалгыг хаагаад эргээд хартал ************* миний зүүн өгзөгний дээд тал руу нэг удаа хутгалсан. Тэгээд би *************ыг чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд ухаан алдсан. Нэг сэрсэн цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Тэгээд намайг манай эхнэрт хүлээлгэж өгөөд *************ыг аваад явсан...Миний сэтгэцэд ямар нэгэн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилуулж шинжилгээ хийлгэхгүй. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *************гийн дахин өгсөн: “Миний зүүн ташаа орчим хутгалуулснаас болж цус нь одоог хүртэл тогтохгүй бага багаар гараад байгаа. Түүнээс болоод ажил хийж чадахгүй байна. Би нарийн мэргэжлийн эмчид үзүүлж түнхний үеийн соронзон резонаст томографи үзүүлж дүгнэлт гаргуулсан. Түүгээр нэмэлт шинжилгээ хийлгэмээр байна. Би Медтравма эмнэлэгт томографи шинжилгээ өгсөн. Мөн гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд эм тариа аваад нийтдээ 2 сая гаруй төгрөгийн зарлага гарсан. Гэхдээ түүний баримт байхгүй. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.*************ы өгсөн: “Тухайн өдөр 16 цагийн үед манай найз болох *************, ************* нар *************ын гэрт ирсэн юм. Тэгэхээр нь би *************ын хажууд байдаг болохоор гэрт нь ороод бид дөрөв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд тухайн өдрийн 23 цагийн үед ************* ************* хоёр муудалцсан юм. Тэгээд тэр хоёр гэрээс барьцалдаж гарч байгаад бүдрээд гадагшаа унаад өгсөн. Тэгээд тэр хоёр эргээд ороод ирсэн чинь *************ын хамраас цус гарсан байдалтай. Харин *************гийн өгзөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь ************* бид хоёр цагдаа дуудсан. Тэгээд бид нар гэртээ байж байхад цагдаа нар ирээд *************ыг аваад явсан. Тухайн үед *************, *************, ************* нар байсан. *************, ************* хоёртой анх 2015 онд танилцаж байсан. Өдийг хүртэл найзалж байгаа сайн найзууд байгаа юм. Тухайн үед *************, *************, ************* бид дөрөв 0.75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи 4 шилийг хувааж уусан. Бид нар өндөр согтолттой байсан. Болсон явдлыг санаж байна. Учир нь би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/3846 дугаартай: “*************гийн зүүн өгзөгт зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ЕГ0525/1534 дугаартай: “*************гийн биед тухайн үед зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, булчин завсрын цусан хураа гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/2574 дугаартай: “Хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэж байна. Хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Хар өнгийн иштэй хутга дээрх цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул хүний, амьтны аль нь болох, бүлэг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0125/1132 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн дотоожинд зүсэгдэлтүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байна. Харин хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-56 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *************ын өгсөн: “...Тухайн өдөр 16 цагийн үед манай найз болох *************, ************* нар ирсэн юм. Тэгээд манай гэрийн хажууд байдаг С.************* бас манайд орж ирээд бид дөрөв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд тухайн өдрийн 23 цагийн үед ************* бид хоёр муудалцсан юм. Учир нь өмнө нь бид хоёр маргалдсан байсан юм. Тэгээд бид хоёр гэрээс барьцалдаж гарч байгаад манай гэрийн үүд газрын уруу байдаг болохоор бид хоёр гэрийн босгонд бүдрээд газар руу уначихсан юм. Тэгээд буцаад бид хоёр гэр рүү ороод би гал тогооны шүүгээн дээр байсан хутгийг аваад *************гийн зүүн өгзөгт нэг удаа хутгалсан. Тэгээд ************* цагдаа дуудсан байна лээ. ************* бид хоёр анх 2015 онд танилцаж байсан. Өдийг хүртэл найзалж байгаа сайхан найзууд байгаа юм. Архины хар гайгаар ийм асуудал үүсгэсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86 дахь тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн 37 дугаар гудамжны 81 тоот гэртээ хохирогч *************гийн зүүн өгзөгт хутгалж эрүүл мэндэд нь зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, булчин завсрын цусан хураа бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-07 дахь тал), хохирогч *************гийн өгсөн: “...************* агсраад сүх бариад ************* руу дайрахаар нь би сүхийг нь булааж аваад үүд рүү нь шидчихээд гэрийнх нь хаалгыг хаагаад эргээд хартал ************* миний зүүн өгзөгний дээд тал руу нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал), гэрч С.*************ы өгсөн: “... харин *************гийн өгзөгнөөс нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/3846 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ЕГ0525/1534 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/2574 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1132 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар *************ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд буцаад бид хоёр гэр рүү ороод би гал тогооны шүүгээн дээр байсан хутгийг аваад *************гийн зүүн өгзөгт нэг удаа хутгалсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хэргийн хохирогч *************гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь согтуугаар хамт архи уусан хохирогчийн зүүн өгзөг рүү нь хутгалж, хатгагдаж зүсэгдсэн шарх, булчин завсрын цусан хураа бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч *************гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч ************* баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ч шүүх хуралдаанд “Одоо биеийн байдлын хувьд бол шарх авсан газраас ногоон өнгийн зүйл шүүрээд байгаа. Хутгалагдсанаас болоод би ажлаа хийж чадахгүй байсан учраас банкны зээлээ төлөхийн тулд өөрийн амьдарч байсан гэрийг 3.500.000 төгрөгөөр зарсан.” гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэхээргүй байна.
Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *************аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 18 см урттай, хар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн өмд нэг ширхэг, цайвар цэнхэр өнгийн дотоож нэг ширхэг, хөвөн бамбар нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоов.
Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************* овогт *************ын *************ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. *************ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 18см урттай, хар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн өмд нэг ширхэг, цайван цэнхэр өнгийн дотоож нэг ширхэг, хөвөн бамбар нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хохирогч ************* гэмт хэргийн улмаас гарсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *************аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Хэрэгт ************* цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ