Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

                                2025/ШЦТ/162

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Тулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн

Шүүгдэгч: Ү.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Үын Дт холбогдох 25120011630127 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, А аймгийн Б сумын З баг, Эний .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Үын Д, /РД:.../

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Б сумын нутаг, Х гэх газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор шинэс төрлийн хуурай модноос ойн цэвэрлэгээний зориулалтаар 4м3хэмжээтэй галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэх “АРА, М2504005” гэсэн сери, дугаартай эрхийн бичиг авсан боловч тус зөвшөөрлийн бичигт заасан модны шинж чанараас өөр буюу байгалийн жамаараа газарт унасан, цаашид амьдрах боломжгүй болсон унанги модноос бус босоо, шинэс төрлийн 2 ширхэг модонд огтлолт хийж, нийт 14 ширхэгт хэсэгчлэн тайрч бэлтгэн, ...АРН улсын дугаартай “Nissan Vanette” маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 132.699 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ү.Д нь Ааймгийн Б сумын нутаг, Х гэх газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор шинэс төрлийн хуурай модноос ойн цэвэрлэгээний зориулалтаар 4м3хэмжээтэй галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэх “АРА, М2504005” гэсэн сери, дугаартай эрхийн бичиг авсан боловч тус зөвшөөрлийн бичигт заасан модны шинж чанараас өөр буюу байгалийн жамаараа газарт унасан, цаашид амьдрах боломжгүй болсон унанги модноос бус босоо, шинэс төрлийн 2 ширхэг модонд огтлолт хийж, нийт 14 ширхэгт хэсэгчлэн тайрч бэлтгэн, ...АРН улсын дугаартай “Nissan Vanette” маркийн тээврийн хэрэгслээр А аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 132.699 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Гэрч СЦгийн “...Б сумын иргэн Ү.Д гэх хүн надаас Т багийн Х гэх газраас 2025 оны 03 дугаар сард галын түлээний модны 4м3 мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. ...Тамир багийн Х гэх газар нь ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. ...Иргэн ойд галын түлээний мод бэлтгэхдээ ойн цэвэрлэгээний зориулалтаар босоо мод унагаахгүй, гишүү, унанги модноос бэлтгэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/,

             Гэрч Д.Өгийн “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би бичиг үсэг мэднэ. ...Ү.Д гэх хүн манай нөхөр байгаа юм. Манай нөхөр Ү.Д 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэртээ галын түлээний мод бэлтгэхээр явсан. Хаанаас бэлтгэсэн талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн эзэмшлийн, миний нэр дээр бүртгэлтэй байдаг ...АРН улсын дугаартай, цагаан өнгийн “1Ч|55ап \/апеИе” маркийн тээврийн хэрэгслээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/,

             Хууль бусаар бэлтгэсэн гэх мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө зэргийн зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 66-67 хуу/,

             Иргэний нэхэмжлэгч Н.Бийн “...Байгал орчинд учран хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

            АРА, М2504005 гэсэн сери, дугаартай, ойн цэвэрлэгээний зориулалтаар 4м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 7 хуу/,

            35 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18 хуу/,

           ...АРН улсын дугаартай “Nissan Vanette” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 19-22, 95 хуу/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29 хуу/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн АРХ0325/119 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43 хуу/,

            Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-49 хуу/,

            Яллагдагч Ү.Дийн “...Миний ачаа дүүрэхгүй болохоор нь босоо мод унагаж машины тэвшийг дүүргэсэн. Би босоо мод унагаж болохгүй талаар мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ү.Д нь А аймгийн Б сумын нутаг, Х гэх газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор шинэс төрлийн хуурай модноос ойн цэвэрлэгээний зориулалтаар 4м3хэмжээтэй галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэх “АРА, М2504005” гэсэн сери, дугаартай эрхийн бичиг авсан боловч тус зөвшөөрлийн бичигт заасан модны шинж чанараас өөр буюу байгалийн жамаараа газарт унасан, цаашид амьдрах боломжгүй болсон унанги модноос бус босоо, шинэс төрлийн 2 ширхэг модонд огтлолт хийж, нийт 14 ширхэгт хэсэгчлэн тайрч бэлтгэн, ...АРН улсын дугаартай “Nissan Vanette” маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 132.699 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Дийг мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ү.Дийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд 132,699 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 132,699 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,

Мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан. 

 

Шүүгдэгч Ү.Д нь ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр 398,097 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ү.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Ү.Д нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ү.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Мөн шүүгдэгч Ү.Дт оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ү.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-62УБГ улсын дугаартай “Ванетта” маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Өлзиймаагийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч Д.Өлзиймаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул “Nissan Vanette” маркийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Мөн хэрэгт битүүмжлэгдсэн болон, эд мөрийн баримтаар хураагдсан шинэс төрлийн  2 ширхэг 14 ширхэгт хэсэгчлэн тайрсан, 1,209 мкуб хэмжээтэй мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн, хуучин, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн банкны тагтай, цагаан өнгийн  цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ү.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Үын Дийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 62 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож, шүүгдэгч Ү.Дээс ...АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, шинэс төрлийн  2 ширхэг 14 ширхэгт хэсэгчлэн тайрсан, 1,209 мкуб хэмжээтэй мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хуучин, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн банкны тагтай, цагаан өнгийн  цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ү.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ү.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР