| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2010017631121 |
| Дугаар | 2021/ДШМ/396 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/396
Т.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Т.Мийн өмгөөлөгч Б.Батсүх,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Мийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2010017631121 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
................, 19...... оны ... дугаар сарын .....-ны өдөр ............ аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... дүүргийн ........... дүгээр хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;
Т.М нь 2018 оны 10 дугаар сард “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд гэх газар 15 айлын газар зарна, 1 сарын дараа гэрчилгээ нь гарна, би газрын наймаа хийдэг, олон жил газар зарж байна, найдвартай” гэж газар үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Б.Болор-Ундрахаас 6.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сард Б.Ганчөдөрөөс 2.000.000 төгрөг, Г.Энх-Амгалангаас 2.000.000 төгрөг тус тус бэлнээр, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б.Дэлгэрбаяраас 2.000.000 төгрөг, Б.Баянжаргалаас 2.000.000 төгрөг, Б.Баянмөнхөөс 1.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Д.Мандахбаяраас 300.000 төгрөг тус тус өөрийн Хаан банкны 5063166003 дугаарын дансаар авч, нийт 15.300.000 төгрөгийг залилж авсан,
2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өлзийт хороолол-120 мянгат чиглэлийн автобусанд зорчиж явахдаа иргэн П.Номингийн гээгдүүлсэн “Redmi 9T” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 649.824 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...............ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг 1 хоногт дүйцүүлэн 1 сарын хорих ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Т.Мийн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь хохирогч П.Номинд “Redmi 9T” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул хохирогч П.Номинд төлөх төлбөргүй, хохирогч Д.Мандахбаярт 100.000 төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Мөөс 15.200.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Болор-Ундрахад 6.000.000 төгрөг, хохирогч Б.Ганчөдөрт 2.000.000 төгрөг, хохирогч Г.Энх-Амгаланд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрбаярт 2.000.000 төгрөг, хохирогч Б.Баянжаргалд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Баянмөнхөд 1.000.000 төгрөг, хохирогч Д.Мандахбаярт 200.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Т.М би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогч нарт хохирлыг төлж, хохиролгүй болгохоо илэрхийлсэн байдаг. Би 2017 оноос хойш цусны эсийн хорт хавдарын тунгалгийн булчингийн хорт хавдрын 3 дугаар зэрэгт орсон, хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувийн алдагдалтай хүний асаргаанд орж, хүнд өвчтэй байнгын эмчилгээ хийлгэдэг байсан. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүх хурлаар хорих ял авч, хорих ангид хоригдсоноос хойш биеийн байдал маань муудаж хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж, биеийн байдал маш муу байна. Өнөөдрийн байдлаар цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Анхан шатны шүүх миний өвчний талаарх нотлох баримтууд хавтаст хэргийн 101 дүгээр хуудас, 107 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байхад уг нотлох баримтуудыг үнэлж намайг хүнд өвчтөй байгаа хувийн байдлыг минь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу ялаас чөлөөлөх, эсхүл гурвал жил хүртэл хугацаагаар тэнсэх боломжтой байсан. Миний өвчин Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтдаг хүнд өвчин. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.Мийн өмгөөлөгч Б.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хэрэгт шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаарх баримт авагдсан. Цагдан хорих 461 дүгээр ангид байх явцдаа коронавирусын халдвар авсан нь уг хорих ангийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Үндсэн хуульд заасан амьд явах эрхэд нь асуудал үүссэн. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, тунгалгийн булчирхайн хорт хавдартай, унаж татдаг өвчтэй, коронавирусын халдвар авсан учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нь 7 удаагийн үйлдлээр 7 хохирогчид 15.300.000 төгрөгийн хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйлд заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл тодорхой хэмжээгээр хохирлоо төлөх боломжтой байсан. Тэнсэж хянан харгалзахад хор уршгийг арилгасан байхын шаарддаг. Шүүгдэгч нь өвчний улмаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Т.Мийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Т.Мт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ. Дээрх нөхцөл байдал нь:
Хохирогч Д.Мандахбаярын “...2018 оны 10 дугаар сарын үед Т.М ахын гэрт тоолуурын заалт бичиж байхад тэрээр “15 айлын хоосон газар байна, авах хүн байна уу, ямар нэгэн асуудал байхгүй чи харин авах хүн олоод ирэх юм бол би чамд хоёр айлын газар үнэгүй өгнө. Би газрын наймаа хийдэг. Олон жил газар зарж байна” гээд цүнхнээсээ газрын бичиг цаас үзүүлээд байхаар нь би итгээд ажлынхаа хүмүүст хэлсэн. Т.М ахтай уулзаж 15 айлын газрыг очиж үзсэн юм. Тэгэхэд хоосон газар байсан бөгөөд Т.М ах “мөнгөө өгчих юм бол гэрчилгээг удахгүй гаргаад өгнө” гэж байсан. Манай ажлын Баянжаргал, Дэлгэрбаяр, Энх-Амгалан, Ганчөдөр, Болор-Ундрах нар газар авахаар болж нэг хүн 2 айлын газар авна гэж байсан. Нэг айлын газрын мөнгө 1,000,000 төгрөг гэж Т.М ах хэлж байсан. Т.М ах надад үнэгүй газар өгнө гэж байсан боловч хүнд зүгээр газар өгч болдоггүй юмаа лус савдаг тахина гэж хэлээд 300.000 төгрөг надаас авсан. Би мөнгөө дансаар шилжүүлсэн. Т.М ах манай ажлын хүмүүсээс мөнгө авснаас хойш алга болж гэртээ байхгүй, утсаа авахгүй алга болсон. ...”[1] гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Ганчөдөрийн “...Т.М нь олон айлын газар байгаа гэж байсан. Манай ажлын хүмүүст Т.М нь зарна гэсэн газраа зааж үзүүлсэн бөгөөд эрүүл тэгш газар байсан болохоор би 2 айлын газар авахаар болж нэг айлын газрын мөнгө 1,000,000 төгрөгөөр тооцож, нийт 2,000,000 төгрөгийг бэлнээр ажлынхаа гадаа машин дотор нь өгсөн юм. Газрынхаа гэрчилгээг сарын дараа гаргаад өгнө гэж ярьж байсан. ...”[2] гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Дэлгэрбаярын “...2019 оны 1 дүгээр сард манай ажлын газрын Д.Мандахбаяр гэж залуу Хан-Уул дүүргийн Гавжийн шанд гэж газар бөөнөөрөө нийлж газар авах уу гэсэн. Т.М гэдэг хүнтэй очиж уулзан газар үзэхэд хоосон эрүүл газар заагаад “энэ газрыг зарна, гэрчилгээг асуудалгүй шууд гаргаж өгнө” гэж байсан. Нийт 15 айлын газар үзүүлсэн. Би хоёр айлын газар авахаар тохиролцож, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Т.Мийн 5063166003 дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл авсан тухай баримт, газрын цэгийг тодорхойлсон баримт өгч байсан. Газрын гэрчилгээг 1 сарын дараа гаргаж өгнө гэж байсан. ...”[3] гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Баянжаргалын “...Би 2019 оны 1 дүгээр сарын үед манай ажлын Д.Мандахбаяр нь “Т.М гэдэг хүн газар зарна” гэж байна гэсэн. Т.Мтэй уулзахад “олон айлын газар байгаа” гэж байсан. Т.М нь зарна гэсэн газраа зааж үзүүлсэн бөгөөд эрүүл тэгш газар байсан болохоор би 2 айлын газар авахаар болж нэг айлын газрын мөнгө гэж 1,000,000 төгрөг гээд нийт 2,000,000 төгрөгийг бэлнээр ажлынхаа урд талд Д.Мандахбаярын машин дотор өгсөн юм. Газрынхаа гэрчилгээг сарын дараа гаргаад өгнө гэж ярьж байсан. Т.М гэдэг хүн өөрийгөө олон жил газрын наймаа хийсэн, найдвартай асуудалгүй гээд байсан болохоор үнэхээр итгэсэн. ...”[4] гэсэн мэдүүлэг,
хохирогч Г.Энх-Амгалангийн “...2019 оны 1-2 сарын үед манай ажлын Мандахбаяр нь Мөнхтөмөр гэдэг хүн газар зарна гэж байна гэж хэлсэн. Мөнхтөмөр гэх хүнтэй уулзахад олон айлын газар байгаа гэж байсан. Мөнхтөмөр зарна гэсэн газраа зааж үзүүлсэн бөгөөд эрүүл тэгш газар байсан болохоор би 2 айлын газар авахаар болж нэг айлын газрын мөнгө гэж 1,000,000 төгрөг гээд нийт 2,000,000 төгрөгийг бэлнээр ажлынхаа урд талд Мандахбаярын машин дотор нь өгсөн юм. Тэгээд газрынхаа гэрчилгээг сарын дараа гаргаад өгнө гэж ярьж байсан. Мөнхтөмөр гэдэг хүн өөрийгөө олон жил газрын наймаа хийсэн, найдвартай асуудалгүй гээд байсан болохоор үнэхээр итгэсэн. ...”[5] гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Баянмөнхийн “...Миний төрсөн ах Б.Баянжаргал нь хамт ажилдаг хүмүүстэйгээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд гэх газарт газар авах гэж байна. Т.М гэж хүнтэй уулзаад үз гэхээр нь Т.Мтэй уулзахад “газар байгаа, чи мөнгөө л өгчих юм бол асуудалгүй газрын гэрчилгээг гаргаад өгнө” гэсэн. Би 1,000,000 төгрөгийг Т.Мийн 5063166003 тоот дансанд 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл одоо болтол газрын гэрчилгээ гараагүй байна. ...”[6] гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Болор-Ундрахын “...Т.М гэх хүн “Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын замын урд талд Гавжийн шандад 6 айлын газар байгаа зарна” гэхээр нь би 4 айлын газар авахаар нийт 6,000,000 төгрөгийг Мөнхтөмөрт 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкнаас бэлнээр авч өгсөн юм. Т.М нь “газрын гэрчилгээг удахгүй гаргаад өгнө. Хан-Уул дүүргийн Газрын албанд таньдаг хүн байгаа, асуудалгүй газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэсэн юм. 2019 оны 1 сарын үед уулзаж газраа заалган авч тэмдэглэгээ хийж байсан. Тэгээд Т.Мөөс “газраа авъя” гэхэд согтуу “одоо газар гарахгүй” гэж хэл амаар доромжлох болсон юм. Би нийт 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...”[7] гэсэн мэдүүлэг,
хохирогч П.Номингийн “...13 цагийн орчимд “Өлзийт 120 мянгат” гэсэн автобусанд сууж Буянт-Ухаа 2 хороололд буугаад гар утсаа алга болсон байхыг мэдсэн. Би хамгийн сүүлд гар утсаараа “120 мянгат Өлзийт” гэсэн автобусанд суугаад 99135037 гэсэн дугаар руу залган ээж рүүгээ ярьж байсан. Буугаад буудал дээр байх “Хуушуур” гэсэн хаягтай газар орж хуушуур захиалаад төлбөрөө төлөхөөр цүнхээ үзэхэд цахилгаан нь онгорхой гар утас байхгүй болсон байсан. Би автобусны араас явж Айдсын даваа орчим гүйцэж зогсоогоод утсаа үзсэн боловч байгаагүй. Цүнхнээс өөр зүйл алдагдаагүй. Миний гар утас “Redmi 9T” гэсэн загварын цэнхэр өнгийн, цэнхэр өнгийн гэртэй, шилэн наалт нь ирмэг хэсгээрээ бага зэрэг цуурсан утас байсан. ...”[8] гэсэн мэдүүлэг,
гэрч М.Тэгштөмөрийн “...Тухайн өдөр манай аав автобусанд явж байгаад нэг утас олсон, ашиглахад жаахан хэцүү юм байна гээд Самсунг утсаар солиод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тухайн утсыг нь авч яваад орой нь хадам ээж Болормаагийн утсаар сольж өгсөн юм. Ааваас авсан гар утас нь “Redmi” загварын гар утас байсан. ...Тухайн утсыг манай хадам ээж Болормааг барьж байхад цагдаагаас дуудаад утсыг нь хурааж авсан гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Д.Мандахбаяр, Б.Баянжаргал, Б.Баянмөнх нарын Хаан банкны депозит дансны хуулга /хх 66, 71, 80/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 164/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Т.Мийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 10 дугаар сард “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд гэх газар 15 айлын газар зарна, 1 сарын дараа гэрчилгээ нь гарна, би газрын наймаа хийдэг, олон жил газар зарж байна найдвартай” гэж газар үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Б.Болор-Ундрахаас 6.000.000 төгрөг, Б.Ганчөдөрөөс 2.000.000 төгрөг, Г.Энх-Амгалангаас 2.000.000 төгрөг, Б.Дэлгэрбаяраас 2.000.000 төгрөг, Б.Баянжаргалаас 2.000.000 төгрөг, Б.Баянмөнхөөс 1.000.000 төгрөг, Д.Мандахбаяраас 300.000 төгрөг, нийт 15.300.000 төгрөгийг залилж авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өлзийт хороолол-120 мянгат чиглэлийн автобусанд зорчиж явахдаа иргэн П.Номингийн гээгдүүлсэн “Redmi 9T” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас 649.824 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Т.М “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.
Шүүгдэгч Т.М нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, хохирол төлөгдөөгүй байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.
Харин хавтаст хэргийн 107 дугаар талд шүүгдэгч Т.Мийн тунгалгийн булчирхайн хорт хавдар өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр авагдсан байх бөгөөд шүүгдэгч Т.М нь цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа коронавирусын халдвар авсан талаарх эрүүл мэндийн тодорхойлолтыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүх хуралд гаргаж өгсөн ба эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан зохицуулалтад хамаарч байна.
Иймд шүүгдэгч Т.Мийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, түүний гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэх” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтын “Шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “Шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг 1 хоногт дүйцүүлэн 1 сарын хорих ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Т.Мийн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг 1 хоногт дүйцүүлэн 1 сарын хорих ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Т.Мийн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Мт оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Мт оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мийн гаргасан “...хорих ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ