| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, шүүгч Д.Наранцэцэг, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,
Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Г холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........................................................
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн А сумын * дүгээр багт оршин суух Д.Ц гэрийн гадаа хохирогч Ю.Т үл ялих зүйлээр шалтаглан "Анхаатай муудаж байхад авч явсан" гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараа цохиж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар түүний цээжин тус газарт хутгалсны улмаас түүний биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, зүүн эгэмний шарх, доод уруулын шарх, цээжний цус хуралт, зүүн дээд 1 дүгээр, баруун дээд 1 дүгээр шүд булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний ганхаа, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20** оны 12 дугаар сарын 20-ны өдөр бойн дээр хэдэн бог хийчхээд Ц нь ирсэн. Ц ах нь хөдөө яваад тэмээ бариад хүлээж өгөөч гээд гуйгаад Ж, А гурвуулаа хөдөө явж айл дээр очиж тэмээ барьж хүлчхээд айлд орж хоол идчихээд айлд 1 шил архи уучхаад Ц нь хүргүүлсэн. Ц нь бүгдээрээ согтуу ирээд унтаж байсан. 22 цагийн алдад Түвшинбат шил архитай ирээд дуудсан шил архиа хувааж уугаад яг юунаас болж муудсаныг би мэдэхгүй байгаа. Гэрт муудсан гээд байдаг би өөрөө сайн мэдэхгүй байгаа...” гэв.
Хохирогч Ю.Т “…архи ууж дууссан бие засах гээд гарсан чинь Г миний араас гарч ирэн “өдөр ирэхэд чинь А муудаж байхад авч явлаа" гэж хэлээд миний ам хэсэг рүү цохихоор нь би яагаад намайг цохиж байгаа юм гэсэн чинь Г өөрийнхөө цэнхэр өнгийн "Бонго" маркийн машиныхаа араар орох шиг болсон, удалгүй машиныхаа араас гарч ирэн миний цээжний баруун талд Г цохих шиг болсон чинь гэнэт цээж, гэдэс хэсгээр халуу дүүгээд явахаар гараараа тэмтрээд үзсэн чинь цус гарсан байхаар нь Г чи намайг хутгалчихлаа гэсэн чинь Г миний цээж хэсгийг гараараа цамцаараа дарсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
Гэрч Э.Б “...20** оны 12 дугаар сарын 21-ний өдрийн оройны 23 цаг 10 минутад над руу "********" гэсэн дугаараас Н гэх хүн залгаад /манай гэрт хоёр хүн хоорондоо муудаад зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу ганцаараа А сумын * дүгээр баг, Эрүүл мэнд төвөөс ертөнцийн зүгээр урагш 10 метр зайд байх, Ц гэх айлд очиход, хашаагүй айлын гэрийн зүүн талаар тойрон хоёр эрэгтэй хүн хойш гарч ирэхээр нь тэр хоёр хүн дээр очсон чинь нэг эрэгтэйгийнх нь футболк цус болсон, түшүүлэн алхан эмнэлгийн зүг явж байхаар нь тэр хоёр хүний хамт эмнэлэг очсон. Юу болсон талаар асуухад, тэр хоёр эрэгтэй бид хоёр хоорондоо маргалдсан, хоёр биедээ гомдол санал байхгүй гэж ярьж байсан. Футболк нь цус болсон эрэгтэйг эмнэлэгт байхдаа нэрийг нь асуухад Т гэж байсан, Т футболкийг эмч нар тайлсан чинь цээжний зүүн дээд талд хурц юмаар зүсүүлсэн шинэ шархтай байсан, мөн хоёр шүд нь унасан, бие нь нэлэнхийдээ цус болсон байсан. Т нь эмнэлэгт цуг ирсэн эрэгтэй Г гэх хүнтэй муудаж маргалдсан гэж байсан. Т хоёр шүд унасан, дээд, доод уруул нь сэтэрсэн, цээжний зүүн дээд хэсэгт хурц иртэй юмны шархтай байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),
Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай шинжээчийн "...Ю.Т биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, зүүн эгэмний шарх, доод уруулын шарх, цээжний цус хуралт, зүүн дээд 1 дүгээр, баруун дээд 1 дүгээр шүд булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний ганхаа, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ... Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ... Учирсан цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. ... Учирсан зүүн эгэмний шарх, доод уруулын шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Учирсан цээжний цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний ганхаа, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дүгээр тал),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р тал),
- Д аймгийн нэгдсэн эмнэлгийн 20** оны 12 сарын 22-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ө.Гт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “..Шүүгдэгч Ө.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.Г нь хохирогч Т эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатад шинжлэн судалсан нотлох баримт, мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тулд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг түүний хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс 5 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол нөхөн төлбөр байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 972,500 төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй. Шүүгдэгч Ө.Г нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор шүүгдэгч Ө.Гыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд “Ө.Г нь Ю.Т-н бие махбодод хүнд гэмтэл учруулсан нь шүүх хуралдааны явцад ойлгогдож байгаа тул гэм буруутай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ө.Г-ын өмгөөлөгч Ж.Х гэм буруугийн шүүх хуралдаанд “...Хохирогчид учирсан хохирол гэмтэлд Г-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой. Гэхдээ азаар хохиролд учирсан гэмтэл нь хүнд гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа боловчиг эдгэрэлт хурдан шуурхай явагдаад ямар нэгэн хүндрэлгүйгээр эдгэсэн нөхцөл байдал байдаг юм. Эдгээр нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй. Анхнаасаа гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө нөхөн төлж байгаа байдал нь энэ хүнийг гэм буруудаа хандаж байгаа хандлагыг нь харуулж байгаа учраас Эрүүгийн хуульд заасан боломжит нөхцөл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэхэд ямар нэгэн байдлаар харшлах зүйл алга гэсэн ийм байр суурьтай байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ө.Г-т аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн А сумын * дүгээр багт оршин суух Д.Ц-н гэрийн гадаа хохирогч Ю.Т үл ялих зүйлээр шалтаглан "А муудаж байхад авч явсан" гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараа цохиж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар түүний цээжин тус газарт хутгалсны улмаас түүний биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, зүүн эгэмний шарх, доод уруулын шарх, цээжний цус хуралт, зүүн дээд 1 дүгээр, баруун дээд 1 дүгээр шүд булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний ганхаа, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ө.Г-ын шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ю.Т, гэрч Э.Б, Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Г-ын хохирогч Ю.Т эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Ө.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгохоор, зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж Эрүүгийн хуульд хуульчлан тайлбарласан болно. Хутга нь аливаа биетийг устгах гэмтээх зориулалттай эд зүйлд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэсэн” гэсэн объектив талын шинжийг, шүүгдэгч Ө.Г-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч Ю.Түвшинбатын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан шүүгдэгч Ө.Г-ыг гэм буруутайд тооцох дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож “Ө.Г нь Ю.Т-н бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь шүүх хуралдааны явцад ойлгогдож байгаа тул гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэрэгт авагдсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримттай нийцэж үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд гэрчийн мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй, худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г нь хохирогч Ю.Т-н хутгалсан эсэхийг санахгүй байна гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй.
Прокуророос шүүгдэгч Ө.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Ж.Х нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Ю.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ө.Г-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ө.Гт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх хуулийн заалтыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ө.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.Г нь хохирогч Т-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатад шинжлэн судалсан нотлох баримт, мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тулд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг түүний хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс 5 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол нөхөн төлбөр байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 972,500 төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй. Шүүгдэгч Ө.Г нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор шүүгдэгч Ө.Г-ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ө.Гын өмгөөлөгч Ж.Х эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Гэм буруугийн хувьд маргаангүй. Харин Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуулийн 6.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасны дагуу Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний 3/2-оос багагүй яг ял оногдуулах гэдгийг хэрэглэх бүрэн боломжтой байдал хавтаст хэрэгт суух нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн ийм байр суурьтай оролцож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ө.Г-ын өмгөөлөгч Ж.Х гаргасан “хохирогч Ю.Т хохиролыг бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ө.Г нь хохирогч Ю.Т-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5 000 000 /таван сая/ төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохиролыг нөхөн төлсөн;” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Ө.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Ө.Г нь мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ю.Т-н нэхэмжилсэн 5 000 000 /таван сая/ төгрөг буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ө.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ө.Г-ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэгт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч М овогт Ө Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ө.Г-т 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Г-т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
ШҮҮГ Д.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ